Амьдралын хэв маяг, орчин нөхцөл, эрхэмлэх үнэт зүйлс эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй цоо шинэ цаг үед оюутан залуучууд маань суралцаж байна. Тухайн оюутны амьдралаа яаж зохицуулж байгаа нь тэдний амьдралын хэв маяг болдог.

Оюутан залуучуудын амьдралын хэв маягийн бодит байдал, баримтуудад дүн шинжилгээ хийхэд ихэнх оюутны амьдрал зохион байгуулалтгүй эмх цэгцгүй байгааг гэрчилдэг.

Тухайлбал: Зохисгүй хоололт, нойр дутуу байх, хөдөлгөөний идэвхгүй байдал, бие бялдрын сул хөгжил, өдрийн дэглэм баримталж сураагүй, төлөвлөгөөгүй ажилладаг зэргээр илэрдэг.

Үүнийг тэдэнд эрүүл аж төрөх ёс - зан үйлийн тухай болон бие бялдрын боловсрол, соёлын мэдлэг дутмаг, биеийн тамир, чийрэгжилтийг амьдралын хаа өдөр тутмын хэрэгцээ болгох дадал хэвшил төлөвшөөгүй, биеийн тамир спортоор хичээллэх таатай орчин, ахуй нөхцөл бий болгох чадваргүй, мэдээлэл мэргэжлийн сургалт сурталчилгаа хомс зэрэг олон хүчин зүйлийг шалтгаан болгон дурдаж болох юм.

Нэгэн үе биеийн тамир спортыг хөгжүүлэхэд залуучуудын байгууллага хошуучлан оролцож их дээд сургуулиар дамжин шинэ залуу спортын төрлийг түгээн дэлгэрүүлдэг байсан. Тухайн үед оюутан залуучуудын амьдралын хэв маяг, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хичээл номоо давтах, давтлага зөвөлгөө авах хэлбэр одоо үеэс өөр байсан байж болох юм.

Гэтэл орчин үеийн залуучуудын амьдралд интернет тоглоом, баар цэнгээний газар, амралт зугаалгын бааз, худалдааны төв гэх мэт үйлчилгээний газарууд ихээр бий болсноор амьдралын хэв маяг өөрчлөгдсөн байна.

Эрүүл амьдралын хэв маяг нь хувь хүний хөдөлмөрийн болон нийгмийн идэвхи, сэтгэл санааны тогтвортой байдал, ажиллах чадварын өсөлт зэрэг нийгэм соёлын таатай бичил орчинг бий болгодог. Эрүүл аж төрөх хэв маягт оюутны өөрийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэгдсэн тодорхой үйлдлүүд ордог.

Үүнд: хувийн зохион байгуулалт, өдрийн дэглэм баримтлах, эрүүл мэндээ сайжруулахад чиглэгдсэн үйлдлүүд, амьдралын төрөл бүрийн зуршлууд ордог. Оюутны амьдралын буруу зуршлууд нь оюутны эрүүл мэнд, ажиллах чадварт сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон байна.

Бүх зуршлуудыг 100% гэж үзвэл нойр дутуу байдал нь 24-30%, зохисгүй буруу хоололт нь 10-16%, хөдөлгөөний дутмагшил нь 15-30% гэх мэтээр тус тус нөлөөлдөг. Амьдралын ийм буруу зуршлын сөрөг үр дагавар нь хичээлийн жилийн сүүлээр оюутны өвчлөлийн тоо нэмэгдэх, ажиллах чадвар сулрах, идэвх санаачлагагүй байх зэргээр илэрдэг.

Энэхүү буруу зуршил нь "4-5 жилийн турш буюу оюутны их сургуулиа төгсөх хүртэл үргэлжилнэ гэж үзвэл оюутны ажиллах чадварт бодит хор нөлөө үзүүлэх" нь дамжиггүй.

Тухайлбал: Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх сорил"-ын дүнгээс харахад 2011 оны жилийн эцсийн байдлаар 15-34 насны нийт залуучуудын бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорилд хамрагдсан залуучуудын 80.2%, 2012 оны жилийн эцсийн байдлаар 583.983 хүн хамрагдсанаас 61.5 хувь, 2013 оны эхний 11 сарын байдлаар 211.822 хүн хамрагдсанаас 92.3 хувь нь тус тус "С" буюу түүнээс доош үнэлэгдсэний зэрэгцээ цэргийн насны залуучуудын 44.4 хувь нь бие бялдрын хөгжлийн үзүүлэлтээр цэргийн албанд тэнцэхгүй буюу хангалтгүй байсан байна.

Түүнчлэн МУИС-ийн Орхон сургуулийн 200 оюутнаас авсан тус сорилын дүнгээс харахад 1-р курст байхдаа өгсөн. Оюутнуудын бие бялдрын ерөнхий хөгжлийн сорилын үзүүлэлтийг 100% гэж үзвэл, 2-р курстээ 91,9%, 3-р курстээ 83,1%, 4-р курстээ 75,8% хүртэл тус тус буурсан үзүүлэлттэй байв.

Дээрх бодит үзүүлэлтүүдийг үндэслэн дүгнэлт хийвэл манай улсын хүн амын бие бялдрын чийрэгжилтийн түвшин нилээд доогуур үзүүлэлтэй байгаа харагдаж байна. ЕБСургууль болон их, дээд сургууль дахь биеийн тамирын хичээл нь суралцагсдын эрүүл мэндээ хамгаалах, бие бялдраа чийрэгжүүлэх эх үндэс болж чадахгүй байна гэсэн  дүгнэлтэд хүрч болохоор байгаа бөгөөд бид тэдэнд эрүүл амьдрах арга ухаан, хэв маяг, дадал зуршил хэвшүүлээгүйтэй холбон тайлбарлаж болох юм.

Хувь хүний амьдралын хэв маягийг бага наснаас нь эхлэн сургалтын байгууллага, гэр бүл, хүрээлэн байгаа орчиноор нь дамжуулан чадвар дадал төлөвшүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Эрүүл амьдралын хэв маяг нь хувь хүний хөдөлмөрийн болон нийгмийн идэвхи, сэтгэл санааны тогтвортой орчин, ажиллах чадварын өсөлт зэрэг нийгэм соёлын таатай бичил орчинг бий болгодог.

Иймд эрүүл амьдралын хэв маягийн хүрээнд оюутны эрүүл мэндээ сахин хамгаалах хариуцлага нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг байх ёстой. Учир нь "Эрүүл биед саруул ухаан оршино" гэдгээр эрүүл чийрэг бие бялдартай сэргэлэн цовоо шинэ залуу боловсон хүчин эх орноо хөгжүүлнэ.

Эрүүл амьдралын хэв маягийн үндсэн элементүүдэд эрүүл ахуйн сахилга бат, өдрийн дэглэм, хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх, муу зуршлаас татгалзах нь хувь хүний зорилтод үйлдлүүд, харилцааны соёл болон хамт олны дунд биеэ авч явах соёл, бэлгийн зан үйл гэх мэт зүйлүүд багтдаг.

Амьдралынхаа хэв маягийг тодорхой төлөвлөгөөтэй зохион байгуулснаар түүний өдөр тутмын амьдрал нь эмх цэгцтэй, үүний үр дүнд бие бялдрын хувьд эрүүл, өв тэгш болж хүмүүждэг. Эрүүл амьдралын хэв маягийг дагаж мөрдснөөр тухайн хүнийг хүрээлэн байдаг сөрөг үйлдлүүдээс (шаардлага, шүүмжлэл, муу зуршил гэх мэт) хамгаалж, нэгэн төрлийн бат бэх хана болж байдаг.

Эцэст нь дүгнэхэд Оюутан эрүүл амьдралынхаа хэв маягийг өөрийн санаанд тохируулан байнга өөрчилж шинэчилж, шинээр бүрдүүлж болно. Эрүүл амьдралын хэв маяг нь ямар үнэт зүйлийг бий болгож, нийгмийн ямар хэрэгцээг хангаж байгаа, хувь хүний хөгжилд ямар ахиц гарч буй зэргээр илэрхийлэгдэнэ.

Бодит амьдралын хэв маяг болон субъект харилцааны системийн хооронд зөрчил гарч ирдэг ба энэ зөрчлийг арилгах явцад амьдралын хэв маягийн өөрчлөлт шинэчлэлт нь төгс төгөлдөр болох процесс явагддаг.

Оюутан хүн яаж амьдарч байна гэдэг нь чухал боловч үүний зэрэгцээ юуны төлөө амьдарч, юугаар бахархаж, юуны төлөө тэмцэж байгаа нь мөн чухал байдаг.

Амьдралын хэв маяг нь үнэт зүйлс, ертөнцийг үзэх үзэл, нийгмийн болон амьдралын туршлагаас ихээхэн хамаардаг байна. Иймээс бид хүүхдийг бага наснаас нь эхлэн дасгал хөдөлгөөн хийх, эрүүл мэндээ хамгаалах, бие бялдраа чийрэгжүүлэх, өдрийн дэглэм,  үйл ажиллагааны төлөвлөгөөг зохиох амьдралын өдөр тутмын хэв маягийг бий болгоход нь туслах хэрэгтэй байна.

Энэ цаашлаад өөрийнх нь болон гэр бүл, найз нөхөд, хамт олны эрүүл амьдралын хэв маяг болж өргөжих боломжтой. Эрүүл чийрэг бие бялдар нь жаргалтай амьдралын үндэс юм. Эрүүл чийрэг бие бялдрыг системтэй, төлөвлөгөөтэй дасгал хөдөлгөөнөөр бий болгоно.

Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийхэд амьдралын эрүүл хэв маяг хамгаас чухал. Учир нь биеийн тамирын спортыг амьдралынхаа нэгэн хэсэг болгож байж амжилтанд хүрдэг төдийгүй хөдөлгөөний дутагдалд орсноор үүсэн бий болдог төрөл бүрийн эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Хүүхэд залуучууд маань өдөр тутмын амьдралдаа өөрийн үзэл бодол, хийж буй үйлдэл бүрээрээ, санал санаачлагаараа, бусдадаа үлгэр дууриалал болж биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг идэвхтэй дэмжин тогтмол хичээллэж идэвхтэй амьдралын эрүүл хэв маягийг дагаж мөрдөх нь юу юунаас чухал байна.

Энэ нь тухайн хүний өөрийнх нь эрүүл энх урт насалж, ихийг хийж бүтээж зорьсондоо хүрэхэд хамгийн хэрэгтэй зүйл юм.  Оюутан, залуучуудын сайн дурын болон төрийн бус байгууллагууд нь идэвх санаачлагатай залуусыг дэмжин өөрийн оршин суугаа газар, ажиллаж, сурч байгаа орчиндоо шинэ залуу спортын төрлүүдийг сурталчилах, олон нийтийг түүнд татан оролцуулах ажилд бүтээлчээр оролцож идэвхтэй амьдралын эрүүл хэв маягийг баримтлаж бусдыгаа уриалах нь ихээхэн чухал байна.

Р.Гантулаг /магистр, МУИС-ын Орхон сургууль/
Эх сурвалж: "Багш" сонин