sonin.mn

•Хүүхэд мэдсэн сурснаа хэрэглэх нөхцөлийг гэрийн орчинд бүрдүүл.

Унтахаар хувцсаа эвхэж байхад нь урамшуулах, өөрөө хувцсаа сонгож өмсөхөд нь туслах, хүүхдээрээ жимс, ногоо угаалгах, хамтдаа хогоо шүүрдэх, оймс, хамрын алчуураа угаах санаачилгыг дэмжих, аяга тавгаа хураах, угаах, хүнсний торыг эвхүүлэх гэх мэт ажилдаа хүүхдээрээ туслуул.

Ингэснээр та хүүхдэдээ ажилд дуртай, хөдөлмөрч, санаачлагатай, тусч хүн болон төлөвшихөд нь тус дэм үзүүлнэ.

•Хүүхдэдээ өөрөө өөртөө үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж, боломж олго. Хүүхэд гараа угаах, шүдээ цэвэрлэх үед угаалтуур нь хүүхдийн өндөрт тохирсон намхан, эсвэл тохирох гишгүүртэй байх, мөн оо, сойз, саван, гар нүүрийн алчуур нь хүүхдийн гар хүрэх түвшинд байрласан байна. Хүүхдийн гадуур хувцсаа өлгөх өлгүүр нь хүүхдийн нурууны түвшинд байх, аяга угаах, ширээ цэвэрлэх зэрэг ажлыг хийх үедээ өмсөх хормогчтой болго. Оймс, нусны алчуур зэргийг угаах тусгай саван түмпэн зэргийг та хүүхдэдээ бэлтгэж өгөөрэй. Хэрэв угаалга хийх үедээ ус асгах, орчноо бохирдуулах тохиолдол гарвал түүнийгээ өөрөө цэвэрлэх боломж олгон шалны жижиг алчуур бэлтгэж өгвөл зүгээр.

•Хүүхдээ хүндэтгэж харилц. Хүүхдийг албадан аливаа зүйлийг хүчээр хийлгэдэггүй, хүсэл сонирхолыг нь анхааран сонсдог, өөрийн санаа бодлоо тулгахгүйгээр өөрийгөө ойлгуулан учирлан ярьдаг байх. Зарим үед шийдвэрлэхэд бэрх асуудал тохиолдвол заавал хүчээр албадан шийдвэрлэх бус, хойшлуулан хүүхэд тайвширсаны дараа ярилцаж байгаарай.

•Үг, хэллэгээ хяна. Та хүүхэдтэйгээ ярилцах, харилцах үедээ тэднийг айлгах, сүрдүүлэх, дарамтлах үг хэллэгээс зайлсхийгээрэй. Унтахгүй бол мангас ирнэ гэх мэт. Өөрт боломжгүй байгаа зүйлдээ тухайн үед л аргацааж, худлаа амлалт өгөхгүй байх, худлаа ярихгүй байх. "Чамайг уйлахаа болихгүй бол ээж нь явлаа шүү" гэх мэт аргыг бүү хэрэглэ.

•Хүүхдэдээ цаг гарга. Өдөрт ядаж 5-10 минут ярилцах цаг гарган, яриа өрнүүлээрэй. Ангид болсон үйл явдал, найзынх нь тухай, үзсэн хичээлийн тухай болон та өөрийн ажлын талаар тухайн өдөр юу хийснээ ч хүүхэдтэйгээ ярилцаж болно. Ингэснээр хүүхэд би том болсон байна, аав ээж намайг тоож байна гэж баярлан, танд илэн далангүй ханддаг болно. Таны энэ үйлдлээс хүүхэд өөрийгөө хайрлах хайрыг мэдэрч байдаг.

•Хүүхдээ байгаагаар нь хар, хүлээн зөвшөөр. Өөрийн хүүхдийг амжилт, чадварыг бусад хүүхэдтэй харьцуулахгүй, зөвхөн өөрийн хүүхдийн байсан түвшингээс юу нь хэрхэн өөрчлөгдөж, ахиж байгааг ажиглаж, түүнийг нь дэмжиж, чадахгүй байгаа зүйлд нь туслан урамшуулж байвал хүүхдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.

•Өөрөө үлгэрлэ. Эцэг эх хүүхдээ үг яриа, үйл хөдлөлөөрөө үлгэрлэн дагуулдаг. Цэцэрлэг, сургуулиас нь хоцроохгүй байх, эцэг эхийн хуралд цагтаа очих, хүүхдийнхээ дэргэд багшийг нь муулахгүй байх, харилцах дэвтрийг нь үзээд гарын үсгээ зурах, хүүхдэд хэрэгтэй гэсэн зүйлийг багшийн хэлсэн цаг тухайд нь авчирч өгөх зэрэг нь хүүхэд цагийн мэдрэмжтэй, аливаад хариуцлагатай хандах төлөвшлийн суурийг та тавьж байгаа хэрэг. Та хүүхдээ хэрхэн хүндэлж байгааг ч тэд эндээс харж танаас суралцаж байдаг.

Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин