Арын сайхан хангай нутгийн Хайрхан сум үнэхээр үзэсгэлэн төгөлдөр, өнгө хосолмол хараа мэлмий булаам нутаг амой. Ой хөвчид нь халиу буга урамдаж, хээр талаар нь тарвага зурам хошгирон дуугарч гүйлдмой. Хөндий хөвөөгөөр нь адуун сүрэн багширч, агт морьд янцгаан, сүргийн эзэн сарлагын бух эрэг шөргөөн бярыг үзүүлэн, сүрийг бадраан дүнхийн хөшилдөж хэрж зогсоно.

Монголын бух урамдан хоёр нүдээ алаглан эргэлдүүлж, урд хоёр хөлөөрөө газар онгилон дэвсэлж, сүүлээ хондлой дээрээ шарван хаяж хирж зогсоно. Хонин сүрэг нь уул толгод сархиагаа дагаад идээшилж, хот айлуудын танан цагаан гэрийн яндангаас аргалын хөх утаа чанх өөдөө цойлон суунагласан үзэсгэлэн төгөлдөр эл нутагт даян аварга Чимэд-Очир 1916 онд Цэрэндоржийн ууган хүү болон мэндэлсэн бөлгөө.

Тэрээр хүүхэд ахуйгаасаа хурга, ишиг хариулж, унага даага сургаж, хурдны морь унаж, үеийн хүүхэд залуустай барилдаж ноцолдон ноололдож, олон дээл урж тасдан, олон гутлын ул ханзалж хаясан бяртаны нэг бөлгөө.

Түүний эцэг Цэрэндорж хүүдээ нутгийнхаа Бэгз хэмээх уран гартнаар зодог шуудаг хийлгэж өмсгөж, монгол улсын заан /1935/ Банзар /Банзрагч/ хэмээх бөхөд шавь оруулан бөхийн эрдэм ухаанд суралцуулан гарын ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж бөх болох алдарын дардан замыг нь нээж өгсөн болой.

Тэрээр тасралтгүй 3 жил дасгал сургууль нууцаар хийж хар хөлсөө гоожуулан хөдөлмөрлөсөөр улсын баяр наадамд анх 1938 онд барилдаж тав даван начин цол хүртэж түүндээ урамшин 1944 онд 9 давж түрүүлэн арслан цол хүртэж 1945 онд 7 давжээ.

1946 оны улс хувьсгалын 25 жилийн ойд 1024 бөх барилдаж, гурвын даваанд Дорногвийн бөх Дашийн Ухнааг, дөрөвт Булганы Бадарчийг, тавд Чүлтэмийг, зургаад Сэлэнгийн "боохой" Данзан арсланг, долоод Баян-Өлгийн Д.Абдигаашийг, наймд Цэвээнравдан арсланг, есийн даваанд Самбуу заантай тунаж барилдан давж улсын улам нэмэх аварга цол хүртсэн болой.

Мөн 1948 онд зургаа давж "даяар дуурсах" чимэг нэмсэн амой. 1950 оны Улс хувьсгалын 29 жилийн ойгоор 512 бөх барилдахад даян аварга Ц.Чимэд-Очир гурвын даваанд Сэлэнгийн Жадамбын Дамбийг, дөрөвт Архангайн Дамбийг, тавд Сэлэнгийн Жамцыг, зургаад Архангайн Хөхөө начинг, долоод Нисэхийн Лувсанг, наймд Самданжигмэд арсланг, есөд Чүлтэмсүрэн арсланг давж Даян аварга цол хүртсэн бөлгөө.

1951 онд 8 давж шөвгийн дөрөвт үлдэн "Бат хүчит" чимэг нэмсэн байна. 1952 оны Улс хувьсгалын 31 жилийн ойн баяр наадамд 512 бөх барилдахад гурвын даваанд Нисэхийн /сальчин/ Сүхдоржийг, дөрөвт Архангайн з.б У.Мижиддоржийг /у.арс/, тавд Булганы Бүрэгхангайн Навааны Гончигжанцанг, зургаад Булган аймгийн Жанчивдорж зааныг, долоод хотын коминдантийн Дарийн Дамдинг цэвэр орхиж хуучин цол чимэг дээрээ "Улс даяар дуурсагдах" чимгээр мялаалгажээ.

1953 онд 7 давж шөвгийн дөрөвт үлдэн "Хурц шаламгай, шалгарсан хүчит", 1957 онд тав давж "Харилтгүй хүчит" цол нэмсэн амой.

Цол нь: Даян аварга. Чимэг нь: 2 удаа үзүүрлэж даяар дуурсах, бат хүчит, улсын даяар дуурсах, хурц шаламгай шалгарсан хүчит, харилтгүй хүчит.

Үзүүрт үлдсэн Чимэд-Очир зүүн хөлийг минь хуурамч хавираад хэрвээ хөлөө арагш нь сөхрүүлэх гээд байгааг ажигласан болохоор анаж байгаад хавирсан хөлийг нь зүүн гараараа шүүрч хаяна гэж бодож байтал Даян аварга маань миний өмнө ирж солгой ташаагаа тавин өрж, миний бодлыг сарниулан амжиж билээ.

Бид хоёр сэнжгэндээ хурууны үзүүр шургахтай үгүйтэй халалцаж эхэлсэн юм. Гэтэл даян аварга хавирахад нь би хөлийг нь отож байгаад авлаа даа. Тэр хөлөө ахиулж яргалаа, хариуд нь дэгээ ороов. Тийм ч хэцүү биш байлаа. Ингэж даян аваргыг хөнтөрч арай чамай газардууллаа. Даян аварга сандрахдаа миний гарыг бадайртал тийрч бараг мэдээ алдуулах дөхөж билээ.... хэмээн Архангай аймагт уригдан очиж уулзалт хийхдээ дархан аварга Түвдэндорж гуай бахархан ярьж байсныг Архангайчууд мартаагүй буй заа.

Даян аварга Ц.Чимэд-Очир ид барилдаж байх үедээ 198 см орчим өндөр, 100 кг жинтэй, гүзээлээгүй гургирдуу, хөрслөг, хүрэн бор царайтай хүдэр эр байжээ. 1985 онд бурханы оронд заларч одсон аж.

Бөх сонирхогч лам Ш.Гантөрөм