sonin.mn

Энэ удаагийн дугаартаа “9009”, “Хувь тавилангийн ээдрээ” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд чадварлаг тоглож үзэгчдийн танил болсон “Эмоци”продакшны жүжигчин Г.Эзэнмөнхтэй ярилцлаа.

-Ихэнх уран бүтээлчид он солигдох торгон мөчийг ажлаа хийж яваад угтдаг. Таны хувьд энэ жил шинэ оноо хаана, хэрхэн угтсан бэ?

-Шинэ оныг ажлаа хийж яваад л угтлаа. Ард түмнээ баярлуулж яваад гэдэг шиг л /инээв/.

-Энэ шинэ жилийн баяраар “Эмоци” продакшны бэлтгэсэн хөтөлбөрүүд үзэгчдийг уйдаасангүй. Бараг л телевизийн суваг болгоноор танай хөтөлбөрүүд гарч байлаа?

-Манай продакшн хоёрдахь шинэ жилээ хамтдаа угтлаа. Хоёр шинэ жилээр үзэгчиддээ баярт зориулсан хөтөлбөрөө хүргэлээ. Үзэгчид ам сайтай байгаад баяртай байна. Харамсалтай нь өөрөө тухтай үзэж амжсангүй.

Орой болгон байгууллагуудын шинэ жилийн баяр, хүлээн авалтыг хөтлөөд завгүй л байлаа. Өглөө гараад төрийнхөө ажлыг, орой нь урлагийнхаа ажлыг хийж явсаар байгаад л таарлаа даа /инээв/.

-Анх “Эмоци” продакшныхантайгаа анх хэрхэн холбогдсон бэ?

-С.Тэмүүжин бид хоёр Соёл урлагийн их сургуулийг Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийнхаа удирдлаган дор нэг ангид төгссөн л дөө. "Маск" продакшны жүжигчин Э.Алдар, Г.Чулуунцэцэг, “Х-түц” продакшны жүжигчин А.Туяа, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Д.Ганцэцэг бид хэд хамт төгсч байлаа.

Тэмүүжин бид хоёр “Боловсрол" суваг телевизийн “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит кинонд хамт ажилласан. Тэр үеэр “Эмоци” продакшн байгуулагдах гэж байсан. Энэ үеэс л хамтарч ажиллаж эхэлсэн дээ.

-Продакшны ажлынхаа хажуугаар “Монгол шуудан” ТӨХК-д ажилладаг юм билээ. Яг ямар алба хашиж байна?

-“Монгол шуудан” ТӨХК-ийн Бизнес, хөгжлийн хэлтсийн Зар сурталчилгаа, идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.

-Давхар ажлаа хэрхэн амжуулж байна вэ. Тоглолтын үеэр их завгүй болдог байх?

-Амжуулна даа. Боломжгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Ид тоглолтын бэлтгэлийн үеэр жаахан хүндрэл гарна. Ихэнхдээ л оройгоор бэлтгэлээ хийнэ дээ. Ажлын хамт олон маань ч их сайн ойлгодог.

-Хамгийн анх ямар уран бүтээлээр үзэгчидтэй уулзаж байв. Миний санаж байгаагаар “9009” уран сайхны кино байх?

-2009 онд “Nехt студи “9009” нэртэй уран сайхны кино хийсэн. Энэ кинонд анх тоглосон. Харин дэлгэцийн олон ангит киноны хувьд “Хувь тавилангийн ээдрээ” анхных байлаа. Дараа нь “Эмоци” продакшныхаа хийсэн “Гурван найз” олон ангит кинонд ажилласан.

-“Эмоци” продакшн шинэ тоглолтоо үзэгчдэд хэзээ хүргэх гэж байна?

-Бусад продакшнууд шилдгийн шилдгүүд гээд тоглож байх шиг байна. Манай продакшн байгуулагдсанаасаа хойш дөрвөн тоглолт хийсэн байна. Ирэх гурав юмуу дөрөвдүгээр сард тавдахь тоглолтоо хүргэнэ.

-“Гурван найз” олон ангит киноны хоёрдугаар бүлгийг хийж байгаа гэж сонссон?

-Зураг авалт энэ сарын сүүлээр эхлэх байх. Кино зохиол бэлэн болсон байгаа. Одоохондоо нууц хэвээр нь үлдээе.

-Сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлийн санал хэр ирж байна вэ. Хэрхэн хүлээн авч байна?

-Ирэх нь ирж л байна. Ямар хүмүүс хийж байгаа, кино зохиол ямар байна вэ гэдгээсээ шалтгаалаад л хариу өгч байна. Сүүлийн үед маш олон кино гарч байна шүү дээ. Тааралдсан болгонд орж ажиллахыг бас хүсэхгүй л байна.

-Дэлгэцийн уран бүтээлд орж ажиллахад продакшны зүгээс хориглох асуудал гарах уу. Эсвэл зөвшөөрдөг үү?

-Энэ тал дээр нээлттэй, чөлөөтэй. Ер нь тоглолтын үеэр ч жүжигчдээс юу хиймээр, яамаар байгааг нь асууж, санал солилцдог. Маш сайн дэмждэг шүү.

-Яагаад заавал хошин урлагийг сонгож, тэр дундаа “Эмоци” продакшнд харьяалагдах болов оо. Театрыг сонирхсонгүй юу?

-Сургуулиа төгсөөд театрт орно гэж бодож л байсан. Театрын хоёр гурван уран бүтээлүүдэд гэрээтэйгээр орж ч байсан. Гэхдээ би өөрөө хошин урлагт илүү дуртай байсан л даа.

-“25 дугаар суваг” телевизийн “Дуэт & Дуэль” нэвтрүүлгээр дуулах ур чадвараа харуулаад авлаа шүү дээ?

-Дуулах дуртай. Манай аав, ээж хоёр их сайхан дуулдаг хүмүүс байдаг. Урлагийн хүмүүс биш л дээ. Энэ нэвтрүүлэгт орох санал өмнө нь бас ирж байсан юм. Цаг зав гарахгүй байсаар орж чадаагүй. Харин энц жилийнхэд нь оролцлоо.

“Монгол шуудан" ТӨХК-ийн хамт олон, гүйцэтгэх захирал Ц.Батсайхан, “Эмоци” продакшны хамт олон маань их дэмжсэн. Ялагч болсондоо баяртай байна. Хамт олондоо, мөн намайг дэмжиж байсан үзэгчдэд баярласнаа хэлэх нь зүйтэй болов уу.

-Энэ тэмцээнээс гадаадад аялах эрхээр шагнуулсан шүү дээ. Шагналын эрхээ хэзээ эдлэх гэж байна?

-Харин ээ. Цагаан сарын дараа л болох болов уу.

-“Эмоци” продакшн дэлгэцийн уран бүтээл хийж байгаа. Мөн тоглолтуудаа үзэгчдэд хүргэж байна. Одоо драмын жүжиг тавих болов уу гэсэн хүлээлт үзэгчдийн дунд байгаа байх?

-Тийм бодол байгаа шүү. Гэхдээ хараахан болоогүй байх. Энэ 2015 онд маш их ажил төлөвлөсөн байгаа. Европын орнуудаар аялал тоглолтоор явах төлөвлөгөө бас гарчихсан байгаа.

-Ингэхэд та хаана төрж, өссөн хүн бэ?

-Би уг нь Улаанбаатар хотод төрсөн. Гэхдээ Дорноговьт өссөн. Миний хүүхэд нас тэнд л өнгөрсөн дөө. Сүүлд манайх Замын-Үүд рүү нүүсэн.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүү байв?

-Дунд сургуулийн сурагч байх үеэсээ л урлагт дуртай байлаа. Шинэ жилээр алиалагч болдог байлаа.

-Урлагийн мэргэжил сонгох шийдвэр гаргахад гэрийнхэн нь хэрхэн хүлээн авсан бол?

-Шууд л зөвшөөрсөн. Эргэлзээ ч байгаагүй. Анх Замын-Үүдээс ганц чемодантай хувцсаа бариад л оюутан болохоор хотод ирж байлаа. Тухайн үед бөгсөө давсан урт үстэй хүүхэд байлаа.

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин М.Түвшинхүү ахаар бэлдүүлж Соёл урлагийн их сургуулийн элсэлтийн шалгалтад орсон доо. Эхний шалгаруулалтын дүн гарч тэнцсэн хүүхдүүдийн нэрс гарчихсан байлаа.

Өөрийнхөө нэрийг хайгаад хайгаад олдоггүй ээ. Цаана нь тэнцсэн хүүхдүүд баярлалдаад л. Би ч одоо ингээд өнгөрлөө. Замын-Үүдэд очиж 69 барихаас гэж бодоод л зогсч байлаа. Тэгээд дахиад хартал дээрээсээ хоёрдугаарт миний нэр байж байдаг байгаа. Ингэж л сургуульдаа орж байлаа даа.

А.Халиун

Эх сурвалж: "Нийслэл таймс"