sonin.mn

Хаа газрын хар ажилчдын амьдрал адилхан юм даа гэсэн бодол вьетнамчуудын шуугиан тариад байгаа зургуудыг хараад бодогдож байлаа. Түрээсийн нийтийн байрны жижиг өрөө эсвэл машин засварын газрынхаа тоостой буланд чадлаараа л “тансаглаж” байгаа бологтой юм. Тийм орчинд мах шарж, пиво уугаад инээчихсэн зогсож байгааг нь харахаар Солонгост яваа манайхан ямархуу байдаг бол гэсэн гунигтай бодол төрсөн шүү.

Харваас бараг вьетнам болов уу гэмээр нэг охиныг нь монгол гээд л шуугиад байна. Магадгүй л байх. Гэхдээ ийм хэдэн зураг хараад вьетнамчуудыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлээд элдэв муугаар хэлээд байгаа нь бид вьетнамчуудад дургүйд байгаа юм биш. Ерөөсөө л бид жаахан ч гэсэн өөрөөс нь жаргалтай харагддаг эсвэл жаргалтай мэт санагдсан бүх зүйлд дургүй шүү дээ.

Өөрсдөө машинаа аятайхан засчихаж чаддаг бол вьетнамчууд, байшингаа барьчихдаг бол хятадууд ирэхгүй. Харин атаархаж бол чадаад байна. Үзэн ядалт нь сохор, дүлий аж.

За тэгээд Увс аймгаас улсын наадамд бөх нь түрүүлбэл “муусайн увсууд" гэх. Увсыхан нь ч гэсэн тэс өөр орны хүмүүс шиг элдвийн юм санаачилж амьтны дургүй хүргэх. Заавал цэнгэлдэхэд нийтээрээ “Увс нуур” дуу дуулах шаардлага байхгүй л баймаар. Энэ мэтчилэн бидний үзэн яддаг нь зөвхөн гадаадууд биш эрлийз, казах, дөрвөд гээд үргэлжилнэ. Мөн баячуудад баян болохоор архичдадаа архичин болохоор нь дургүй билээ.

Хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлоохоор тэмүүлж буй манай орны Үндсэн хуулинд хүнийг яс үндэс, шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарлаар нь ялгаварлан гадуурхахгүй талаар тодорхой, дэлгэрэнгүй заасан байгаа. Түүнийг нэг санацгаая хө.

Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс"