Эх орноороо бахархах сайхан. Энэ ер нь хамгийн сайхан бахархал байх аа. Гэвч бахархах, бахархаад бардамнаж ярихад учир байна. Өнөөдөр уул усны нэртэй төрийн бус байгууллагууд “шантааж” хийдэг гэгдээд нэр муутай болж. Үнэхээр ч бусдыг айлгаад жаахан юм салгачих гээд явдаг нөхөд байдаг л юм. Тэд эх орныг дэндүү өмчилж, бүр дургүй хүртэл “эх орон” гэж хашгичиж байдаг.

Тиймээс л эх орондоо хайртай хүн эх орон гэж ярьж явахаасаа зовоод байгаа тал анзаарагдах юм. “Миний сайхан эх орон бол..." гээд ярихад л хамгийн эхэнд энэ хүн согтуу байна уу гэсэн өнгөөр харах жишээтэй. Тиймээс энэ үгэнд тэмцэгчид маань жаахан харам байгаасай.

Үгүй бол юм болгонд нааж орилсоор байгаад үг төдий үнэ цэнэгүй зүйл болох нь. Мөн аль болох л малчин харагдаж байвал эх оронч харагддаг гэх үзэл тогтох гээд байна шүү. Гэтэл өнөөдөр хүн амынх нь арав хүрэхгүй хувь нь мал маллаж байгаа ч жилд зургаан сая толгойгоор өсч байна. Өнгөрсөн жилийн тооллогоор жаран сая мал тоологдож.

Ийм байхад бүгдээрээ уул усандаа очиж амьдрах гэвэл мянгат малчдын хамжлага болсон ч ихдэнэ шүү дээ. Тиймээс төв суурин бараадсан боловсролтой, чинээлэг хүмүүсээ эх нутагтаа элэггүй мэтээр харуулах нь үндэстнээ хувааж л байгаа хэрэг. Аль л аятайхан яваа нь “урвагч” болж дууслаа. Тоотой хэдэн “салбадай”-нуудаас бол улс орноороо бахархахдаа ч ой гутдаг болох нь.

Эрэлхэг нь дэндүү өвөг дээдсийнхээ үлдээсэн “Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай” эх орныхоо тухай хааяа ярихдаа элэг доог болмооргүй л байна шүү.

Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс"