СӨҮЛ, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /Reuters/. Дрон нисгэсэн явдалд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён харамсаж буйгаа илэрхийлснийг Пёньяны эрх баригчид “цагаа олсон ухаалаг алхам” хэмээн сайшаасан нь сүүлийн жилүүдэд дайсагнасаар ирсэн Өмнөдийн талтай эвлэрч магадгүйн дохио боллоо.
Ерөнхийлөгч Ли Жэ Мён өмнө нь Умард Солонгос руу дрон нисгэсэн хоёр тохиолдлыг Засгийн газрын бодлогыг зөрчсөн иргэдийн үйлдэл гэж дүгнээд, үүнийг улс орныхоо эсрэг бослого гаргасан явдал гэж тодорхойлжээ.
Өмнөдөөс нисгэсэн дронууд агаарын хилийг нь зөрчсөн гэдгийг Пёньян мэдэгдээд, ноцтой өдөөн хатгалга үйлдсэн хэмээн Сөүлийг буруутгаж, тэдгээр дронуудыг буудаж унагасан гэсэн байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон мэдэгдэхдээ, Сөүлийн энэхүү алхмыг засгийн газар өндрөөр үнэлж байна хэмээгээд "нөхцөл байдалд уужуу тайван ил тод хандаж байгаагийн илрэл" гэж тодорхойлжээ.
Пёньяны эдгээр хариу мэдэгдэл нь "хамгийн ихээр дайсагнагч улс" гэгдэх Өмнөд Солонгосын эсрэг сүүлийн жилүүдэд хийж байсан хатуу ширүүн мэдэгдлүүдээс нь тэс өөр байлаа.
Мөрдөн шалгах явцад дрон нисгэсэн хэрэгт Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны ажилтан болон цэргийн алба хаагч холбоотой болох нь тогтоогдсон, тэд БНАСАУ-ын эсрэг өдөөн хатгалга явуулахыг хориглосон Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж Ли Жэ Мён мэдэгдсэн байна.
Өнгөрсөн зургаадугаар сард үүрэгт ажилдаа орсон тэрбээр хариуцлагагүй үйлдлээс болж хурцадмал байдал үүссэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд, энх тайван бол хоёр талын хөгжил цэцэглэлтийн гол үндэс гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл0