Жил бүр мод тарих өдөрлөг болдог. Ерөнхийлөгч хүртэл очоод нэг мод суулгаад ус хийгээд орхидог доо. Харин бүх нийтээрээ түүнийг нь дэмжээд гүйгээд байгаа юм бол алга л байна. Үнэндээ ч дараа нь хэрхэн арчлах нь мэдэгдэхгүй газар суулгац аваачиж тариад нэмэртэй юу даа. Түүнээс гадна өөрөө очиж арчилж байна гэвэл өнөөдөр нийслэл хотод амьдарч байгаа ихэнх иргэдэд тийм зав, боломж байхгүй. Тийм болохоор л жил бүр өдөрлөг зохиодог ч хот маань ногоон төгөл болохгүйл байна. Гэхдээ мод тариад түүнээсээ сэтгэл ханамж аваад явдаг хүн олон л байдаг юм билээ.
 
Ер нь тэгээд явдал чирэгдэл багатай болж өгвөл ганц далайлтаар бүрэн сэтгэл ханамж авчих ажлыг зохион байгуулбал ямар вэ. Тухайлбал хүмүүс цахим орчинд тардаг хүнд өвчтэй хүүхдүүдийн зургийг тавиад тусламж хүссэн данс руу нь мөнгө гуйвуулдаг юм билээ. Ийм аргаар хүнд өвчтэй хүүхдийн зургийг ашиглаж мөнгө олдог хүйтэн сэтгэлтэй хүмүүс ч олшроод байгаа л гэх юм. Үүнээс хүмүүс утсаа аваад мөнгө шилжүүлээд сайхан сэтгэгдэлтэй үлдэх боломжийг ашиглах дуртай байгаа нь анзаарагдаж байна.
 
Үүнийг нь ашиглаад тухайлбал Туул голд загас үржүүлэх ажлыг зохион байгуулж болно. “Хөлөг” группын захирал Б.Алтаншанд хотоос холгүйхэн хиймэл нууранд хилэм загас үржүүлдгийг олон хүн мэддэггүй шиг билээ. Заавал хилэм ч яахав хэн нэг нь голын усанд тавьчих загас үржүүлж болно шүү дээ. Түүнээс нь хүмүүс худалдаж аваад л голд тавьчихдаг байг. 
 
Залуу хосууд зугаалангаа голын усанд загас тавьдаг маршрут гаргасан ч болно. Нэг нэг жараахай голд тавих аян өрнөвөл олон хүн дэмжих байх даа. Түүний дээр өөрийнхөө загас тавьсан голд дараа нь бохир хийх, машин угаахад ч сэтгэл нь өвдөнө. Энэ мэтээр байгалиа хайрлаж болж байна. Өөр ч олон санаачлага бодоод байвал бий л байх.
 
Ж.Баяр
Эх сурвалж: "Нийслэл таймс"