sonin.mn

Есдүгээр сарын 19-ний орой “Торгоны зам дэлхийг холбоно, гэрэл сүүдрийн урлаг Чан-анийг гэрэлтүүлнэ” уриан дор Торгоны замын олон улсын XIII кино наадам БНХАУ-ын Шааньши мужийн Ши-ань хотноо нээгдлээ. Энэ удаагийн кино наадмын хүрээнд “Алтан торгоны зам” шагналын шалгаруулалт, олон улсын солилцоо ба салбарын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн инновац ба шинэ хэлбэрийн бизнесийг хөгжүүлэх, кино үзвэр болон соёлын үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй хүргэх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна.



Олон улсын хамтын ажиллагаа, зохиогчийн эрхийн арилжаа, кино ба аялал жуулчлалын уялдаа, технологийн шинэчлэл зэрэг чиглэлээр “Бүс ба Зам”-ын кино үйлдвэрлэлийн хөгжлийн яриа хэлэлцээ, хиймэл оюун ухаанаар контент бүтээх технологи буюу AIGC ба кино, телевизийн салбарын солилцоо, 2026 оны Ши-аний олон улсын виртуал бодит байдлын кино долоо хоног зэрэг мэргэжлийн олон арга хэмжээ зохион байгуулна. Кино наадмын үеэр 400 гаруй киног үзэгчдэд толилуулахын зэрэгцээ соёлын сэдэвчилсэн паркууд, худалдаа үйлчилгээний цогцолборуудтай хамтран “кино +” олон талт шинэ үйл ажиллагааг хөгжүүлэх гэнэ.


Түүнчлэн энэ удаагийн кино наадам анх удаа “хүндэт зочин оронтой гүнзгий хамтран ажиллах механизм” бий болгож, Египетийг хүндэт зочин орноор урьжээ. Үүний хүрээнд кино үзвэр, сэдэвчилсэн яриа хэлэлцээ зохион байгуулж, Торгоны замын олон улсын кино наадам болон Каирын олон улсын кино наадмын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна. Ингэснээр Хятад, Египетийн кино урлагийн хамтын ажиллагаа, солилцооны шинэ талбарыг бүрдүүлэх гэнэ.




Торгоны замын олон улсын XIII кино наадмыг Хятадын Төв Радио Телевиз, Шааньши мужийн захиргаа, Фүжянь мужийн захиргаа хамтран зохион байгуулж байна. Торгоны замын олон улсын кино наадам 2014 онд анх байгуулагдсан бөгөөд “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах хүрээнд зохион байгуулдаг олон улсын соёлын солилцооны арга хэмжээ юм. Тус наадам нь Хятад болон гадаадын кино урлагийн хөгжлийн ололт амжилтыг бүх талаар танилцуулж, кино үйлдвэрлэлийн солилцоо, хамтын ажиллагааны гүүр болж, Хятад, гадаадын кино уран бүтээлчдийн салбарын томоохон уулзалт, олон нийтэд хүртээмжтэй соёлын баяр болохыг зорьдог гэнэ.


Г.Бямба