Миний нэг танилын хүүхэд арваннэгэн сартай. "Байна уу” гэж хэлд орсон байх юм. Эцэг, эх нь түүний дэргэд байнга л утсаар ярьж байдгаас тэр л дээ. Утас харангуутаа орилж нэхээд өгөнгүүт бараг дагзандаа наачихаад “байн, байн” гээд байх. Жижигхэн булцгар тэр амьтныг тэгж байхыг харах өхөөрдмөөр ч нөгөө талаас гунигтай ч юм шиг.
 
Ер нь өнөө цагийн эцэг, эхчүүд хүүхэддээ хүүхэлдэйн кино эхлүүлж өгчихөөд амрахыг боддог болсон. Эсвэл гар утас бариулаад л хүүхэд чимээгүй таг болдог. Үүнийг зарим хүн хөгжил дэвшилтэй холбож байж болох зүйл гэдэг ч эцсийн дүндээ хүн гэдэг амьтан л юм шүү дээ. Тэр нялх амьтад гурван нас хүрээд л солонгос сериалд нэвт орчихож байна. Таван настай хүүхэд компьютер нээгээд хүссэн тоглоомоо эхлүүлчихдэг боллоо. 
 
Тэдний бяцхан тархи ядралын туйлыг үзэж байна шүү дээ. Том хүн биш тул тэд чинь ядрах, цадах хоёрыгоо мэддэггүй юм. Гэтэл жаран чавганцын ажил хийж булчин шөрмөсөө чангаруулж байх насандаа гар утас ширтээд суудаг болов. Тиймээс хүүхэддээ хайртай хүний сонголт бол тэднийг технологийн дэвшлүүдээс хол байлгах явдал мөн. 
 
Ядаж зургаан нас хүртэл нь холдуулах хэрэгтэй. Тэгээд дараа нь утас бариулж болмоор. Ганц сарын дотор л бүгдийг нь ухаад мэдчихнэ шүү дээ. Бидний багад чихэр өгөхдөө ээж минь их л гар татуу ханддаг байж билээ. Хайрын дээд тэр хүнд чихэр өгөөгүйнх нь төлөө их гомддог байж дээ. Өнөөдөр эргээд харах нь зөв зүйл хийж байсанд нь баярлах шиг. 
 
Бид эрүүл саруул сайхан өссөн байна. Хүчтэй бяртай, эрүүл чийрэг эрчүүд болжээ. Түүн шиг хүүхдээ өвдөхөөс нь өмнө хайрлаж эхлэмээр байна. Үлгэр уншуулж түүнийгээ төсөөлж өссөн нь яавч “candy crash”-аас дор байгаагүй юм шүү.
 
Ж.Баяр
Эх сурвалж: "Нийслэл таймс"