sonin.mn
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Авто худалдааны цогцолборын эхний ээлжийг энэ сарын сүүлчээр нээх гэж байна. Өнөөдөр ажлын хэсгийнхэн Авто худалдааны цогцолборын явцтай газар дээр нь очиж танилцсан юм.
 
Цогцолборын эхний ээлжинд 6000 гаруй автомашины зогсоолыг байрлуулах учиртай. Тэгвэл энэ ажил бүрэн дуусчээ. Одоогоор улсын комисст хүлээлгэн өгсөн. Дүгнэлтийг нь хүлээж байгаа гэх мэдээллийг тус цогцолбороос өгсөн юм.
 
Харин явган хүний замын ажил хүлээгдэж байгаа аж. Мөн 22-ын товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.5 км хатуу хучилттай замын ажил дуусчээ. Ингээд үндсэндээ ажил жигдэрсэн учраас энэ сарын сүүлч гэхэд нээхээр бэлдэж байгаа гэв.
 
 
Тус цогцолбор нь автомашины худалдаа, сэлбэг хэрэгсэл гээд цогц үйлчилгээг иргэдэд хүргэнэ. Нийслэлд төвлөрсөн автомашины олон захуудыг уг цогцолбор руу нүүлгэнэ. Цаашлаад орон нутгаас ирж буй автомашинууд нийслэл рүү орохгүйгээр шууд цогцолбор руу ирэх замыг шийдсэн аж. Ингэснээр нийслэлийн толгойны өвчин болсон замын түгжрэлийг бууруулах алтан боломж хэмээн албаныхан харж байгаа юм.
 
Нийслэлийн замын түгжрэлийг бодитойгоор сааруулж, иргэдэд автомашинтай холбоотой цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлнэ гэх утгаараа уг цогцолборын хүлээлт их бий хэмээн албаныхан тайлбарласан. Энэ хүрээнд цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтад л гэхэд 20 тэрбум төгрөгийг зарцуулсан.
 
Автохудалдааны цогцолбор нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 130 га талбайд байрлана. Автохудалдааны цогцолборын хувьд Нарантуул захаас долоо дахин том байх юм. Энд 11 мянга гаруй суудлын болон жийп, 1100 гаруй автобус, хүнд даацын автомашины худалдаа, сэлбэг хэрэгслийн 300 орчим павьюлон, үйлчлүүлэгчдийн 1500 орчим зогсоол, автомашины туршилтын талбай 4.4 га талбайд байрлана.