sonin.mn

Олон хүний ам дамжсан гуанзны аяга тавагнууд бид гомдол гаргаж байна. Яагаад биднийг сайн угааж цэвэрлэхгүй байгаа юм бэ?
Түрүүн нэг эгч хоол идээд цадаад гарсан дараа нь нэг ах орж ирээд хоол захиалахад намайг угаах ч үгүй ганц арчаад л хийгээд өгчихөж байгаа юм даа. Ингэж болохгүй биз дээ? Тэр эгчийн аман дээр нь шарх гарчихсан тэгээд энэ муухай бактерууд надад наалдчихсан байхад хүртэл угаачихгүй. Хөөрхий энэ ах тэрийг нь ч мэдэлгүй надаас хоол идчихлээ. Энэ миний буруу биш шүү, ахаа. Уг нь биднийг зориулалтын шингэнээр халуун усанд 3 дамжлагатайгаар угаах ёстойг энэ гуанзныхан мэдсэн ч хэрэгжүүлдэггүй бололтой. За харин ч энэ удаад хоолны үлдэгдэл наалдаагүй байна гээч заримдаа үнэхээр ичмээр хоолны үлдэгдэл наалдсан байдаг шүү. Тэгээд хүмүүс ямар муухай аяганд хийчихсэн юм гээд л намайг л... Хяналт шалгалт ирэх сургаар л нэг юм цэвэрлэгдэж авах юм даа. Болдог бол дандаа ирж байгаасай.

С. Солонго
Эх сурвалж:”Алтан Чагнуур”