sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд суурьшлын бүсийн газар өмчлөл 86.4 хувьтай байгааг Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.
Гэр бүлийн хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацаа энэ оны тавдугаар сарын нэгэнд дуусгавар болох бөгөөд хугацааг сунгуулах хүсэлтийг иргэд газар зохион байгуулалтын газарт хүргүүлжээ. Дээрх хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл иргэд газраа  үнэгүй өмчлөх боломж бүрдэх юм.
Дашрамд дурдахад Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны Өндөрхаан уул байршилд сонгогдсон иргэдийн газрын байршлыг Бурхантын аманд шилжүүлэх шийдвэр гарчээ.  Учир нь эртний соёлын биет дурсгалуудыг хамгаалах зорилгоор Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгээс иргэдэд дээрх газрыг  суурьшуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасны дагуу ажил өрнөж эхэлжээ. Тодруулбал дээрх байршилд сонгогдсон 376 иргэний газрыг шилжүүлэх шийдвэр гарсан аж.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг