ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөхөөр ажиллаж асан Дандарын Гонгор хэмээх Төв аймгийн Авдарбаян сумын харьяат өвгөнтэй ярилцлаа. 86 настай гэхэд хүнгэнэсэн чанга дуутай, алхаа гишгээ нь чанга, эрч хүчтэй хүн юм. Хийморьтой эр юмдаа гэх бодол өөрийн эрхгүй төрсөн.

-Таны намтар уншигчдад сонин болов уу. Энэ сэдвээс ярилцлагаа эхлэх үү?

-За би Төв аймгийн Авдарбаян сумын хүн. 17 дугаар жарны шороон луу жил төрсөн. Мэргэжлийн хувьд гэвэл эхлээд Цэргийн ерөнхий сургууль дүүргэж, ардын армиас гараагаа эхэлсэн. Цэргийн салбарт 10 гаруй жил ажилласан. Харин дараа нь Москвагийн Эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгссөн. Засгийн газарт референт, Улсын төлөвлөгөөний комисст хариуцлагатай нарийн бичгийн дарга, Материал, техник хангамжийн хорооны орлогч дарга, Москвад Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн Нарийн бичгийн дарга нарын газарт шинжээч, ЗХУ-/хуучнаар/ дахь Монголын Элчин сайдын яаманд зөвлөх зэрэг ажил эрхэлж байлаа.

-Шууд л ярилцлагынхаа гол сэдэв рүү орьё. Үргэлж эрүүл саруул амьдаръя гэвэл юуны өмнө ямар дэглэм баримтлах хэрэгтэй вэ?

-Өмнөө тавьсан зорилготой байнга хөдөлмөрлөж, дэг журамтай байж, зөв хооллож, уужуу тавиун сэтгэж, уур уцаарыг тэвчиж, хүнд байнга туслаж, хүмүүсээс баяр талархалын үг сонсч, сайхан энерги хуримтуулж явах хэрэгтэй. Ялангуяа тэтгэвэрт гарсан хүмүүс "Би хөгшин хүн” гэсэн шиг биеэ гаргуунд нь хаяж болохгүй. Залуучуудтай нөхөрлө. Тэднээс эрч хүчтэй энерги ялгардаг юм. Залуу хүмүүст ч гэсэн настайчуудын амьдралын туршлага хэрэгтэй шүү дээ.

-Таныг гаднаас чинь хараад эрүүл мэндийн хувьд асуудалгүй юмаа гэж хэлэхээр байна шүү.

-Би одоо 83 настай. Эмнэлэгт хэвтэж үзээгүй гэвэл чи гайхна даа. Өөрөө өөрийгөө л удирдаж явсны ач шүү дээ. Бага залуугаасаа л өмнөө тавьсан зорилготой, түүн рүүгээ өөдрөг сэтгэлээр тэмүүлж ирлээ. Миний сэтгэлийн их хүч чадлыг элдэв өвчин эмгэг дийлээгүй гэсэн үг. Дандаа саин сайхныг мөрөөддөг, үргэлж хөдөлмөрлөж, биеийн тамираар хичээллэж, бусдад сайн зүйл хийхийг сэтгэлийн их хүч чадал гэж ойлгож болно. Тийм ч учраас би залууст хандаж бусдад тусалж бай гэж захидаг юм. Хүний тусыг ойлгодоггүй хүн байдаг л даа. Тэр хамаагүй, чи туслаж байх нь л чухал. Тэгэхлээр эрүүл саруул, урт удаан амьдаръя гэвэл нэгдүгээрт, сэтгэлээр өөдрөг, тэмүүлэлтэй байх ёстой. Хоёрдугаарт, зөв хооллож хэвших хэрэгтэй, Гуравдугаарт мэдээж хөдөлгөөн.

-Зөв хооллолт гэж таныхаар юу юм бэ?

-Юуны өмнө хоолныхоо хэмжээг тохируулахыг зөв хооллолт гэж би ойлгодог. Ямар ч хоолыг цадталаа идэх хэрэггүй. Хүн ер нь хагас өлсгөлөн явснаар муудахгүй. Дотор эрхтэн эрүүл байх л хамгийн чухал.

-Та махан хоол хэр зэрэг иддэг вэ?

-Иднээ. Гэхдээ сая хэлсэн шиг ходоод гэдсээ дүүртэл идэж байгаагүй. Залуугаасаа бага хэмжээгээр идээд сурчихсан юм. Жишээ нь буузыг таваас илүү идэж үзээгүй. Одоо ч гэсэн хуушуур идмээр байвал өдөрт 2 ширхэг байхад боллоо. Миний тогтмол иддэг хоол гэвэл ерөөсөө цагаан будаа, хөц будаа.

-Нойр хоолоо зохицуулаагүйгээс хүний бие амархан хямардаг гэлцдэг. Та санал нийлэх үү?

-Хүний сүр жавхаа, эрүүл мэнд, мах мариа, ухаан бодол, ой санамж, хүч чадал, тамир тэнхээ гээд цөмөөрөө нойртой холбоотой. Үдшийн 22 цагаас нэг их хэтрүүлэлгүй унтаж, өглөө 6-7 цагт босч байвал тогтмол нэг цагт босч, унтаж хэвшинэ. Орчин цагт залуучууд баар, цэнгээн, үзвэр, тоглоом хөөцөлдөөд шөнөжин зугаацаж, үүр цүүрээр гэртээ ирж өдөржин унтах, ажилтай нэг нь нойртой нойргүй ажилдаа явах нь олон болжээ. Хүн байгалийн жам ёстой тэрсэлдэх нь туйлын буруу шүү дээ.

-Ямар орон дээр унтвал сайн бэ?

-Хүн сэрүүн, харанхуй ерөөнд нимгэн зөөлөн хувцастай, хөнгөвтөр хучилгатай, хатуу тэгш орон дээр унтах нь зөв. Хүний зүрх цээжний зүүн талд байдаг тул баруун талаар хэвтэж унтахад зүрхний даралт чөлөөтэй байж, цусны эргэлт чөлөөтэй явагдаж, зүрхний үйл ажиллагааг хөнгөвчилж өгдөг. Мөн элэг хэвлийн баруун талд байршдаг тул баруун талаараа хэвтэж унтах үед үлэмж хэмжээний цус элгэнд очиж, элэгний үйл ажиллагааг сайжруулан цаашид ходоодонд сайн нөлөө үзүүлдэг.

-Эрүүл аж төрөхөд орчин ахуй их нөлөөтэй гэж ярьдаг...

-Хүрээлэн буй орчноос гадна хүн өөрөө цэвэр цэмцгэр явах ёстой. Юуны өмнө амны хөндийн ариун цэвэртээ анхаарч цаг ямагт шүдээ угааж цэвэрлэж, амаа байнга зайлж явах нь явах нь чухал. Хүний амны өндийд 100 гаруй бичил биетэн үүрлэж шүдний завсрын 1 мм, шоо дөрвөлжин зайд 100 сая нян оршиж байдгийг шинжлэх ухаан тогтоосон. Тэгэхлээр ам хамраа сайтар угааж явахгүй бол тэр олон нян ходоод гэдсэнд орж өвчлүүлнэ шүү дээ. Мөн гаднаас орж ирээд гар нүүрээ заавал угааж бай. Хот газрын өлөн шороо, тоос, автобус унаа, байшин барилгын бариул үлэмж бохир байдгийг  мартаж болохгүй. Хээр талын эрүүл агаар, цэцэг ногоо үнэртдэг цэвэр сайхан орчинд салхи татуулан давхиж явдаг хедөөгийн хүсүүстэй адилгүй бохир орчинд аж төрж яваагаа санаж байвал эрүүл мэндэд тустай. Зуны цагт хөнгөн нимгэн хувцастай яваа үедээ нийтийн унаанд бусдын сууж байсан халуун суудалд яаран бүү суу. Хүний халуун суудлаас, ялангуяа охид бүсгүйчүүд аль болох зайлсхийж явах нь ихээхэн учиртай.

-Та хувьдаа ямар дасгал хийдэг вэ?

-Хүн өдөр бүр өөртөө санаа тавьж биеийнхээ эд эрхтэн, үе мөчиндөө тохирсон хөдөлгөөн хийж байвал эрүүл энх, жаргалыг эдэлж явах болно. Би дорно дахины амьдралыг тэтгэх 16 санамжийг амьдралынхаа мөрдлөг болгосон хүн шүү дээ. Түүнийгээ та бүхэндээ ч хуваалцая.

1. Үсээ үргэлж илээрэй: Өглөө босоод л 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш, урагш нь илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд хурууны өндөгний аясаар цочирч толгой тархи, оюун ухаан сэргэн даралт буурна.

2. Нүдний дасгал: Санаа сэтгэлээ тайвшруул. Нүдээ хагас аньж нар зөв баруун зүүн, дээш доош нь аажуухан эргэлдүүл. Дараа нь нүдээ огцом нээж, дээрх үйлдлээ давт. Үүнийг тус бүр 10 удаа хий. Энэ нь нүдний чилээг гаргаж харааг хурцлах, толгой эргэх, нүд эрээлжлэхээс хамгаална.

3. Хэлээ түүншиндээ хүргэх: Хэлнийхээ үзүүрийг дээш болгон тагнайн хонхорхойд хүргэн дээш доош хөдөлгөхөд шүлс элбэгшинэ. Энэ дасгал хоолны дуршлыг өдөөж, шингэцэд сайнаар нөлөөлнө. Шүд бэхжүүлэхийн хамт ам цангах, хатах, залгиур хоолой өвдөх, буйл өрөвсөхөөс сэргийлнэ.

4. Шүлсээ залгих: Хятад эмнэлэгийн сударт шүлсийг ариун ус, хар шүүдэр гэж нэрлэсэн байдаг. Жавжаараа шүлсээ сорж, амаа дүүргээд арав хувааж залги. Ингэвэл ам цэвэршиж залгиур хоолой буйлны үрэвсэл, шарх сэдрэхээс сэргийлнэ.

5. Шүдээ товших: Уруулаа жимийж, анхаарлаа төвлөрүүлэхэд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо тэгш зуун товшино. Энэ дасгалыг хэдийчинээ олон хийх тусмаа сайн. Шүдний евчнөөс сэргийлснээр шүд бөхижнө. Хятадад шүдээ еглөе бүр 36 удаа товшвол үхтэл шүд унадаггүй гэсэн хууч яриа бий.

6. Дагзаа няслах: Хоёр гарынхаа алгаар чихээ таглан дарж долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж чихний ар дагзанд няслахад бөмбөр цохих шиг сонсогдоно. 36 удаа няслана. Тэгээд чихээ тагласан гараа огцом авч амраагаад буцааж дээрхи нясалгааг 16 удаа хий. Ингэхээр толгой тархи сэргэж, ой тогтоох, санах ухаан сайжирч, сонсгол сайн болно. Мөн толгой эргэх, өвдөх, чих шуугих болон чихний элдэв өвчнөөс сэргийлнэ.

7. Морь харахдаа бүү яар: Аль ч хэлбэрээр бие засахдаа амаа хамхин шүдээ зууж, хэлнийхээ үзүүрийг тагнайнхаа хонхорт хүргэж бай. Мөн хараагаа эгц болго. Тамхи татах, ярихыг тэрхэн үед тэвч. Тэгээд амьсгалаа жигд чөлөөтэй авч гаргаж анхаарлаа төвлөрүүлэн тайван сууж бие зас. Ном сонин уншиж болохгүй.

8. Өглөө бүр эвшээ: Үс, нүд, хэл, шүлс, дагз няслах дасгалуудыг хийсний дараа биеэ сулруулан анхаарлаа төвлөрүүлж хамраараа агаар татан хэвлийгээ дүүргээд, толгойгоо өргөж, амаа ангайлган эвшээж, амьсгалаа гарга. Үүнийг 12 удаа давтахад уушигны үйл ажиллагаа сайжирна.

9. Үе мөчний дасгал: Гараа мөрөөрөө хойш урагш савчин эргүүлж, хөлөө хойш урагш нь өшиглөх маягаар гар хөлийнхөө булчин шөрмөсөө цочроож тэнийлгэ. Мөн бүсэлхий, ууц нуруугаараа гэдийж бөхийн, баруун зүүн тийш хазайж хуян шар усаа тарааснаар үе мөчний өвчнөөс сэргийлж, уян налархай байлгахад тус болдог.

10. Нуруугаа дулаан байлга: Нуруугаа цаг уурын байдалд тохируулан үргэлж дулаан байлга. Хоёр гарынхаа алгыг үрж халаагаад ууц нуруугаа сайтар ил. Мөн ил галд халаа. Ийм үйлдлүүд нуруу хөших, хэвлийн хөндийд янз бүрийн өвчин тусах, үе мөчний хууч хөдлөхөөс сэргийлнэ.

11. Нүүрээ байнга илж бай: Гарынхаа алгыг үрж халаагаад дух хацар, самсаагаа бүхэлд нь дээш доошгүй зугуухан хэд хэдэн илж бай. Өдөрт хоёроос доошгүй удаа хийвэл сайн.

12. Арьсаа илж бай: Биеийнхээ арьсыг хэсэглэн боломжийнхоо хэрээр арваас доошгүй удаа өдөр бүр илж бай. Арьсны нүх сүвүүд тэлж, ядаргаа тайлагдаж, нойр хүрэх таатай байдлыг үүсгэнэ.

13. Цээжээ арчиж бай: Цээжиндээ иллэг хийж, зөөлөн алгадаж бай. Тэгвэл зүрхний ажиллагаа эрчимжиж, цээж давчдах, зүрх дэлсэх, хатгуулах, зүрхний титэм судас өвдехөөс сэргийлнэ.

14. Хэвлийгээ агшааж тат: Биеэ сулруулж анхраалаа төвлөрүүлэн хамраараа амьсгал авч, бага хэвлий буюу давсгаа зугуухан агшааж тат. Энэ байдлаа хэсэг барьсны дараа амьсгалаа гарган биеэ сулла. Энэ дасгалыг арваас доошгүй хийх хэрэгтэй. Үр дүнд нь давсаг бөөрний ажиллагаа сайжирна.

15. Хэвлийдээ иллэг хийж бай: Орондоо байхдаа хүйсээ тойруулан зөөлөн иллэг хий. Чингэхдээ хоёр тийш нь ээлжпэн илж, зөөлөн дарж базал. Ийм маягаар 10-15 удаа ил. Ингэвэл орчны цусан хангамжийг сайжруулж, ходоод гэдэсний агшиж сунах, өрөвсөх өвчнөөс сэргийлнэ.

16. Хөлийн тавхайн өлмий талаас гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт эрүүл мэндийг хангах, амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Алгаа үрж бүлээцүүлээд тэр цэг дээрээ өдөрт арван удаа дарж илж байвал хөл ямагт дулаан байж, сэтгэл тайвширч, элэг бөөрний ажиллагаа сайжирч, толгой эргэх, чих шуугих, нойр алдах, зүрх дэлсэх дарат ихсэх, хөл өвдөх зэргээс сэргийлнэ.

-Үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Хүн оюун ухаанаа сайжруулахын тулд яах ёстой юм бол, таныхаар?

-Ой тогтоолт муудах, сэтгэх чадвараа алдана гэдэг бол ерөөсөө мөхөл. Ийм байдалд хүрэхгүйн тулд байнга ном уншиж байх хэрэгтэй. Уншдаггүй хүн сэтгэдэггүй юм шүү. Харамсалтай нь сүүлийн үеийн залуус маш бага уншдаг болж. Интернетээс авсанг богинохон мэдээлэлдээ сэтгэл ханаад байна уу даа. Үгүй шүү. Даацтайхан бүтээл унших хэрэгтэй.

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"