sonin.mn
Монгол улсын баатар, ЗХУ-ын баатар, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа:
 
-Би Зэвсэгт хүчинд байлдагчаас генерал хүртлээ 40 гаруй жил алба хаасан. Энэ бүхий л хугацаандаа бүр тодруулбал, 1968 онд Ардын Армид байлдагч болж цэргийн тангараг өргөсөн тэр өдрөөс хойш “Улаан од”-ын уншигч болж. Одоо ч гэсэн цэргийн тухай мэдээ мэдээлэлд чих тавьж, сонирхдог хэвээрээ. Ер нь “Улаан од” сонин үе үеийн олон эрсийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэхэд, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан гэж ойлгодог. Миний мэдэхэд “Улаан од” маш хүчтэй сонин байсан. Өөрийн гэсэн хэвлэх үйлдвэр, техник хэрэгсэлтэй, олон сайн сурвалжлагчтай сонин хүчтэй байхаас ч аргагүй байх. “Улаан од”-ынхон 1981 онд сансрын хамтарсан нислэгтэй холбоотой олон сайхан нийтлэлийг уншигч түмэнд хүргэсэн. Хамтарсан нислэгээс ч өмнө хүргэж байсан. Мөн ч их уншууртай хөрөг, өгүүлэмжтэй зураг гарсан сан. “Улаан од”-ын тухай бодоход л сонин уншиж байгаа ахмад цолтой гялалзсан бор залуу насны минь төрх санаанд хамгийн түрүүнд буудаг. Тэр зургандаа хайртай.
Хоёрдугаарт, “Улаан од” өөрөө тэр чигээрээ түүхийн баримт юм. 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн болон баруун хилд болсон тулгаралтуудын үйл явдлын мөрөөр олон нийтлэл бичиж, ард түмэндээ ялалтын мэдээг хүргэж байсан түүхэн гавьяатай. Түүх юм даа. Мэдээж эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт гавьяа байгуулсан баатарлаг хөвгүүдийг алдаршуулах, өргөмжлөх ажлыг ч чамгүй гүйцэтгэсэн байх. Нөгөө талдаа зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаад зогсохгүй хүүхэд багачуудыг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд үүнд хурандаа Ж.Ядмаа, А.Баярмагнай, Б.Чантуу нар онцгой үүрэгтэй. Тэд цэрэг армийн үйл ажиллагааг ард иргэдэд сурталчилж, цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлээр залуу үеэ төлөвшүүлэхэд ихээхэн чармайлт гаргаж ажилласныг нь уншигчийн хувьд мэдэрсэн л дээ. “Улаан од” сонинд гарсан нийтлэл бүр үнэн байдаг байлаа.
Гуравдугаарт, дан ганц цэргийн сонин байгаагүй. Тэтгэвэр, чөлөөндөө гарсан ахмадууд, цэрэг армиа дэмждэг хүн бүхэн захиалж уншдаг байсан. Харин “Соёмбо” сонин Зэвсэгт хүчний анги, байгууллагуудаасаа хэтрэхгүй байна уу даа гэж хардаг. Хөрөнгө мөнгө, хэвлэх үйлдвэр, өөр бусад шалтгаан байдаг л байх. Үүнд энэ редакцад ажиллаж байгаа хүмүүсийн буруу байхгүй. Өнөөдөр нийгэм мэдээллээр цадчихсан, зөвхөн сенсаци гарвал ихэд сонирхож байна. Цэргийн сонин сенсаци хөөдөггүй, олон дугаар борлуулна гэсэн зорилт тавьдаггүй учраас иргэд захиалж уншаад байх сонирхол бага байдаг биз. Гэхдээ нэг анхаарах асуудал нь “Соёмбо” сонин ард иргэдэд хүрэхгүй байх тусмаа цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил олгох хүрээ багасах эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Ер нь нэг хэсэг цэрэг-эх оронч хүмүүжлийн талаар хэн ч яриагүй. Сайшаалтай нь сүүлийн үед ярьж, дуугардаг болсон байна. Угтаа Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэг нь цэрэг-техникийн спортыг хөгжүүлэх, цэргийн албанд мэргэжлийн хүмүүсийг бэлтгэж өгөх, хүүхэд, залуусыг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй байгууллага. Хуучин аймаг бүрт салбар нэгжтэй, цэргийн штабуудтай хамтран хүлээсэн үүргийнхээ хүрээнд иргэдийн дунд олон талт арга хэмжээг зохион явуулдаг байсан. Харамсалтай нь сүүлийн үед энэ нийгэмлэгийн дуу хоолой сонсогдохоо больж. Нийгэмлэг хаана байна, ямар үүрэгтэй ажиллаж байна, хуучин бий болгосон дэд бүтцийг яаж ашиглаж байна вэ гэдгийг та бид мэдэхгүй юм. Хэрэв миний энэ санааг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд анхаарч унших аваас нийгэмлэгт онцгой анхаарал хандуулж, цаашдын хувь заяаг нь зөв талаас нь шийдээсэй гэж хүсэх байна.
 
Дэслэгч Д.Болор
Эх сурвалж: "Соёмбо" сонин