sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британи, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хоёр улсын төрийн далбаагаар чимсэн гал тэрэг Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд өнөөдөр хөдөллөө.
Ойн хүрээнд Их Британи Улсын элчин сайдын яам, ‘’Улаанбаатар Төмөр Зам’’ ХНН-тэй хамтран Улаанбаатар-Сэлэнгэ; Улаанбаатар-Замын-Үүд зэрэг чиглэлд энэ сарын 19-21-ны өдөр аялахаар төлөвлөсөн байна. 
 
 
Их Британи Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Филип Малон, “Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баяр энэхүү аяллаар өндөрлөж байна. Энэ хүрээнд Их Британи Улсаас ирсэн төлөөлөл орон нутагт ажиллаж, хүүхэд залууст дэлхийд боловсролын салбараар тэргүүлэгч Их Британид тэтгэлэгтэй суралцах боломжийг таниулах, мэдээлэл өгөх ажлыг хийнэ. Хоёр улс инновацилаг, далайцтай харилцаж буйг илэрхийлэхээр энэхүү өвөрмөц аяллыг санаачилсан юм” гэв.
Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль дээр  маргааш болох ‘’Британи боловсролын нээлтэй хаалга‘’-ний өдөрлөгийн үеэр, Чевнинг тэтгэлэгт хэрхэн хамрагдах, IELTS-н шалтгалт өгөх, Их Британийн их дээд сургуулиудад суралцах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
Мөн Сэлэнгэ аймагт нутгийн удирдлагуудтай уулзахаас гадна Британи үүлдэрийн мал аж ахуй эрхлэгчтэй уулзана. Зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус худалдааг хязгаарлах төслийг ‘’Гаалийн Ерөнхий Газартай’’ хамтран хэрэгжүүлэгч ‘’Лондонгийн Амьтан Судлалын Хүрээлэнгийн’’ багийнхан төслийн уулзалтууд хийх аж.
 
 
Монгол Улс Их Британи улстай 1963 оны нэгдүгээр 23-ны өдөр дипломат харилцаа тогтоож байв. Үүнээс жилийн дараа Британи улс ЭСЯ-аа Улаанбаатар хотноо нээж байсан бол манай улс 1969 онд Лондон хотноо ЭСЯ-аа байгуулж байжээ. 
 
 
C Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг