sonin.mn
-Зэвсэгт хүчин хэмээх их айлын хаалгыг ижийтэйгээ хамт татсанаас хойш өдгөө 25 намрыг ардаа орхижээ. Ижийтэйгээ гэж хэлсний учир нь эмч болох хүсэлтэй намайг цэргийн хүн болж ээжийнхээ мөрөөдлийг биелүүл хэмээн ятган байж цэргийн сургуульд шалгалт өгүүлж энэ албанд хөл тавиулсан билээ. Өөрийнхөө биш ээжийнхээ хүсэл мөрөөдлийг гүйцээж ажил, мэргэжлээ сонгосон гэдгийг одоогийн залуус сонсвол бас сонин л байх болов уу. Гэхдээ тэр үеийн бидний хүмүүжлийн нийтлэг жишиг тийм байжээ.
 
Идэр есийн хүйтэнд ч, хавар намрын хавсаргад ч, халуун зун ч тэвчээр шалган байх тэр үеүдэд ээждээ би дотроо гомддог байлаа. Эрх танхил охиноо эрчүүдийн хуаранд амьдарч чадна гээд орхисон болохоор тэр шүү дээ. Гучин килограмм ачаа үүрэн гүвээ даваа даван гүйхдээ ээждээ би гомддог байлаа, өөрөөс шалтгаалаагүй ч өрөөлөөс шалтгаалан шийтгүүлж зэмлүүлэх, өрөөсөн чихээ хүйтэнд хайруулж, өмссөн гуталдаа хөлөө холгуулах, өрөөл бусдад гүтгүүлэх ч өдөр олон байлаа. Тэр болгонд би ээждээ гомддог байлаа. Тэгэхдээ би өнөөдрийг хүртэл өөрт нь хэлээгүй... Учрыг нь саяхан оллоо. Ардын хүүхдэд хичээл заалаа, ангийн багш нэрийг авлаа, англи хэлийг шимтэн сурлаа, америк нисгэгчидтэй ном хаялцлаа, Африкийн халуун наран дор арван сарыг ажрахгүй өнгөрөөлөө, авралгүй ядуу нутаг оронд ажил амжуулан үүрэг гүйцэтгэлээ, буун дуун дор амьдарч байхдаа бусдад бас тусалж явлаа, үндэстэн бүхэн холхисон өргөөнд өөрийн өрөөтэй байж үзлээ, өрөөлийн соёлд хурдан дасаж усыг нь ууж ёсыг нь дагалаа, ажил үйлсэд алдаа гарсан ч аажуу тайвнаар учрыг оллоо, хүний газар хань болсон, хэцүү цагт дэм болсон хэдэн сайхан нөхөдтэй боллоо, алдаж, оносон амьдрал дунд амраг хань, алаг үртэй боллоо, амьдрал надад бүгдийг өгчээ, алдаа оноотой, амжилт бүтээлтэй нь бүгдийг өгчээ.
Тэртээх 25 жилийн өмнө тэнгэрлэг ижийтэйгээ хамт хаалгыг нь татсан тэр л өргөөнд өнөөдрийн офицерыг, тодруулж хэлбэл хурандаа эмэгтэйг дээрх дүрслэл бүхэнтэй бүтээх ид шид байжээ, тэр шидийг түрүүлж харах уужуу ухаан ээжид минь байжээ. Одоо би тандаа гомдохгүй таныгаа бас гомдоохгүй...
Зарим эрсийн хатуу хэмээн шантардаг тэр алба руу арван хэдхэн настай охин орж эх орныхоо төлөө амиа өгөхөөс айхгүй хэмээн тангараг өргөн түүндээ бат итгэлтэй зогсож байгаа өнөөдрийн өөрийгөө хараад бахархах сэтгэл төрж ээждээ би баярлаж сууна.
 
Эндүү үг хэлж ээжийгээ би гомдоож явсан
Эндэж хэлсэн үг минь элгийг тань эмтэлсэн бол өршөөгөөрэй
Зөрүү үг хэлж зөндөө их уйлуулсан
Зөрж хэлсэн үг минь зүрхийг тань зовоосон бол уучлаарай ээж ээ
Амьд бурхан минь байхад амьдралд бид алзахгүй ээ.
 
 
ҮБХИС-ийн ЦНС-ийн ЭШСА-ны дарга, хурандаа Г.Болор: