Түгшүүрийн дохио хангинамагц ярьж суусан хүн маань түргэн авч, хаалгаар гарч одов. Би ч, гэрэл зургийн аппаратаа шүүрч аваад араас нь гарахад гал сөнөөгчид машиндаа суугаад хөдөлж байх нь тэр. Нүд ирмэхийн зуурт юу болоод өнгөрөв дөө л гэж бодож зогслоо. Энэ удаагийнх алба хаагчдын бэлэн байдал шалгах түгшүүрийн дохио байсан тул төдхөн бид яриагаа үргэлжлүүлэв.
 
-Сая хэдэн минутад бэлэн болоод гарав?
 
-50 орчим секунт. Бид өвлийн улиралд 54, зуны улиралд 45 секунтэд бэлэн болоод гараашаас гарах нормативтай.
 
-Юу болоод онгөрөв өө, гэмээр санагдлаа шүү?
 
-Байлдааны хувцас, хэрэглэлээ 11 секунтэд өмсөж амждаг хэмээн ярих залуу бол Улаанбаатар ГУА-ийн гал сөнөөгч Дорждэрэмийн Саруул-Ирээдүй. Таван жил яг л ингэж түгшүүрийн дохиогоор түргэн авч, байнгын бэлэн байдалд байх дайчин эр “Түгшүүрийн дохио дуугарах бүр зүрх палхийгээд, хаана юу болов гэж хамгийн түрүүнд, бодож амждаг” гэж билээ. Түүний гал сөнөөгч болсон зам нэлээд тойруу. Төмөр замын тосгонд, төмөр замчны гэр бүлд өсч өндийж, нийслэлийн 73 дугаар дунд сургуулийг дүүргэжээ.
 
Дунд сургуульд спорт хөөсөн, урлагт ч гүйсэн элдэвтэй хүүхэд байж. Хөнгөн атлетик, хөлбөмбөг, сагсаар хичээллэнэ. Мөн реп бүжгийн “AIR ZONE” хамтлагийн гишүүн. Реп бүжгийн улсын таван удаагийн аваргын шагналтай хүн чинь урлагийн хүн болохсон гэж бодох ч аргагүй. Гэвч хажуугаар нь аав ээж шигээ төмөр замчин болохсон гэх бодол зурсхийнэ.
 
Ер нь, хүүхэд ахуйн хүсэл мөрөөдлийн хязгааргүй далайд чиггүй л хөвж явсан аж. Гэтэл дээрээ хоёр ах, гурван эгчтэй айлын отгон хүү харин сурагчийн ширээнээс босмогцоо хилийн дээс алхаж, газар үзнэ, нүд тайлна, хэл сурна гээд “том юм ярьж” үүрнээсээ жигүүрээ дэлгэн нисэх нь тэр. Тэгэхэд УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн ангид насаараа ажилласан аав Б.Дорждэрэм, ээж Р.Батчулуун нар хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг “хазаарлах” гэсэнгүй. Аав нь, ер барагтайд үг унагадаггүй гүдэс хүн. Д.Саруул-Ирээдүй Орос Монголын хооронд ирэн очин хэдэн жил болж, дараа нь Чехэд сургуульд орохоор хэлний бэлтгэлд суужээ.
Гэвч нэг л болсонгүй, гэрээ санаад ч байх шиг сэтгэл нь тогтсонгүй. Ингээд төрлөх эх орон, төрсөн гэртээ нэг мөр иржээ. Бараг таван жил ингэж явахдаа тэр “өөрийгөө хайж” явсан ч байж болох. Гэртээ ирээд жил шахам болоод байтал нэг өдөр ээж нь “Галын цагдаа болохгүй юм уу. Курс нь эхлэх гэнэ” хэмээсэн нь их содон сонсогдов. “Галын цагдаа” гэсний учрыг төдий л ойлголгүй ЦХА-ны Харуул хамгаалалт, гал сөнөөгчийн 45 хоногийн курсэд суралцжээ. Тэр мөчөөс л өнөөх “Галын цагдаа”-гийн албанд дурлах болов. Курсээ төгсөөд жил орчим ажлын байр гарахыг хүлээж, суурин харуулаар ажлын гараагаа эхлүүлжээ. Гэхдээ өнөөх хүсэл мөрөөдөл нь жилийн дараа л биелжээ. Хүсснээрээ ч хүрдэг алба биш байж. Жилийн хугацаанд хариуцсан ажлаа сайн хийж, бас албаныхаа марш тактикийн уралдаан тэмцээнд хэн болохоо харуулах шалгууртай ажил юмсанж. Ингэж нүүдлийн шувуу шиг нисэж бууж явснаа тогтож, ээжийнхээ чиглүүлснээр төмөр замын хүн долоход нь аав нь бас илт дэмжиж сайшаасангүй дуугүй л байсан гэдэг. Гэхдээ аав нь дотроо "Болж дээ, миний хүү" гэж бодсон нь лавтай биз ээ. Д.Саруул-Ирээдүйг “Гал сөнөөгчийн ажил арай л гоё санагдсан” гэхэд нь “Юу...улаан гал руу яваад орох гоё гэж үү. Илүү эрсдэлтэй биш үү?” гэж “түншихэд” инээгээд “Эр хүний хүч чадал, эр зоригийг сорьдог ажил болохоор л...” хэмээв. Ийн ярихдаа нүүрэнд нь эрхгүй инээмсэглэл тодорч, нүд нь очтох нь идэрхэн залуугийн цаана хүүхдэрхүү  гэгээхэн ертөнц байх шиг мэдрэмж төрлөө.
 
Юм л бол “Манай ах нар...” гээд хамтран зүтгэгчдээ магтана.
 
-Намайг анх гал сөнөөгч болоход А.Болдбаяр ээлжийн ахлагчтай, гал сөнөөгч Б.Цэрэндорж, жолооч У.Бат-Эрдэнэ, Э.Бямбажав нар угтаж авсан. Тэднээсээ ихийг сурсан. Өдөр бүрийн дасгал сургуулилтад өөрөө ч мэрийдэг байлаа. Анх удаа Зорчигчийн вагон депод нүүрс шатаж байна гэх дуудлагад гарч байлаа. Харин хамгийн их түгшээсэн дуудлага бол өнгөрсөн  жил “Улаанбаатар зүтгүүрийн депод илчит тэрэгний секцэд гагнуур хийж байгаад гал алдлаа” гэсэн дуудлага байсан. Хэрэв галын тархалт нэмэгдсэн бол тэр орчин галын аюултай онцгой объект учраас юу болохыг таашгүй. Тиймээс их хичээж, тактик, техникийн алдаа гаргахгүй ажиллах чухал байлаа. Ер нь, төмөр замын ГУА-ийн сөнөөгчид бид мэргэжил нэгтнүүдээсээ юугаараа давуу болоод ялгаатай гэхээр төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, онцгой объектод гал гарахад бүх онцлогийг нь мэдэх учир хаанаас нь ямар арга техникээр хурдан хугацаанд унтраах вэ гэдэгт мэргэшсэнд байдаг. Хотын галынхан ил зүтгүүрийн бүтэц, онцлогийг нарийн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр би өөрийнхөө ажил мэргэжлээрээ бахархдаг” хэмээв. Одоо тэр Э.Отгонбат ээлжийн даргатай бүрэлдэхүүнд нэгийн номер энэ тэдний мэргэжлийн хэллэг бололтой гал сөнөөгчийн үүргийг гүйцэтгэдэг байна. Хоёрын номер гал сөнөөгч М.Мөнхтулга, бүр жолооч Д.Нямтайван, Г.Ганбат, моторчин Б.Батболд нартай мөр зэрэгцэн ажиллаж байна. Нэгийн номер гал сөнөөгч гэдэг нь галын фронтын эхэнд ажиллана бүр гэсэн аж.
 
Тэр гал сөнөөгчөөс гадна тамирчин хүн. Гал унтраах техникийн олон төрөлт спортын зэрэггэй, дэд мастерын болзол хангаад байгаа аж. Алба байтугай,  хот, улсын хэмжээнд үнэлэгдэх тамирчин юм байна. Улс болон нийслэлийн аваргаас хүрэл медаль хүртсэн нь мэргэжил нэгтнүүдийн дунд чансаа өндөр яваагийн илрэл. Тиймдээ ч тэр энэ жил улсын шигшээд орох санал хүлээж авчээ. Гэвч тэрбээр “Аав” болоод тун байх удаагүй тул энэ удаад өнжихөөр болсон гэнэ. Аав хүн болсон гэснээс хорвоод мэндлээд сар ч болоогүй нярай охин, нялх биетэй эхнэрээ орхиод марш тактикийн тэмцээний бэлтгэлээ хангахаар анги дээрээ байрлачихсан гэнэ. “Гэргий минь гомдож л байгаа байхдаа, тэмцээндээ амжилт гаргаад очно доо” хэмээсэн. Тангараг өргөсөн дайчин эрсийн хүлээсэн үүрэг иймээс хойш яалтай.
Д.Саруул-Ирээдүй гэх энэ залууг нэр шиг нь сайхан ирээдүй хүлээж буй нь мэдээж. Нэр гэснээс тэрбээр аавыгаа бидэнд шүлэг шиг нэр хайрласан гэж ярилаа. Түүний хоёр ах Саруулхан, Саруултөгс, харин эгч нарыг нь Шүрэнцэцэг, Шүрэнтунгалаг, Чаминцацрал гэнэ. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олдог гэдгийн адил төмөр замчин гэр бүлийн хүүхдүүд ч нэр төрөө эрхэмлэн яваа нь гарцаагүй. Түүний том эгч галт тэрэгний үйлчлэгчээр ажилладаг юм байна. Харин Д.Саруул-Ирээдүй өнгөрсөн онд МЗХ-ны “Эр зоригийн алдар” медалиар энгэрээ мялаажээ. Ёстой л тэдэнд дүйх сайхан шагнал. Өөрөө ч сэтгэл огшуун өгүүлсэн. Мөн 2018 оны ажил, спортын амжилтаараа ЦХОБА-ны аваргын шагнал хүртжээ.
 
Тэрбээр, “Хүн зорилготой л байх ёстой. Энд ээлж өнгөрөөх гэж ирэх биш. Өөртөө тодорхой зорилго тавьчихаад түүндээ хүрэхийн тул өдөр бүр хичээх ёстой. Энэ жил аавын үүргээ биелүүлэх гээд хойшлуулсан ч улсын шигшээ багт багтаж, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргахыг хүсэж байна” гэв. Мөн “Хүнд сурсан мэдсэн зүйл хэзээ ч илүүддэггүй юм билээ. Харин сурч мэдээгүй зүйл дутдаг байж магад. Миний хувьд багаасаа спорт, бүжгээр хичээллэж байсан нь энэ ажил алба, спортод амжилт гаргах үндэс болсон байхыг үгүйсгэхгүй. Галын спортод эв дүй, хөдөлгөөний эвсэл их шаарддаг” гэж ярьсан.
Эцэст нь, албаны болон ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн, дасгалжуулагч багш, ээлжийн дарга У.Ууганбаатартаа “Баярлалаа” гэж хэлснийг минь заавал бичээд өгөөрэй. Мөн ЦХОБА-ны нийт биеч бүрэлдэхүүн, ангийн хамт олондоо Монгол цэргийн өдрийн баярын мэндийг хүргэе гэлээ.
Ийнхүү түүнтэй уулзаад буцаж явахад цаг, хором, мөч бүрийн үнэ цэнийг жинхэнэ утгаар нь мэддэг, мэдэрдэг мэргэжил гал сөнөөгч юм даа. “Эх орон эр цэргээ 1000 өдөр тэжээж, нэг өдөр хэрэглэдэг” гэсэн үг бий. Тэрбээр, гал түймэр, гамшиг осол хүсэх зүйл биш, гарахгүй л бол сайн. Гэхдээ хэлж ирдэггүй, хийсч ирдэг эрсдэлд бид хэзээд л бэлэн байх учиртай хэмээсэн. Ингэж бодохоор энэ алба эр хүний хүч чадал, эр зоригийг шалгахаас гадна хүн чанарыг ч шалгадаг байх бодол түүнтэй ярилцах зуур зурсхийсэн билээ.
 
Б.Гүнжинлхам
Эх сурвалж: "Ган зам" сонин