ОХУ, БНХАУ хориг тавьсан тул Ормузын хоолойд үүссэн нөхцөл байдлын талаарх Бахрейн улсын санал болгосон тогтоол батлагдаагүй тухай НҮБ-ын цахим хуудсанд өчигдөр мэдээлжээ. Тогтоолын төслийг 11 улс дэмжсэн бол Пакистан, Колумб улсууд түдгэлзсэн байна.
“Ормузын хоолойгоор дамжих далайн тээврийн чөлөөт байдлыг хангах, худалдааны хөлөг онгоцуудыг хамгаалахад чиглэсэн уялдуулан зохицуулсан үйл ажиллагааг дэмжих шаардлагатай байгааг уг тогтоолын төсөлд дурдсан”-ыг НҮБ-ын хэвлэлийн мэдээнд онцолжээ.
НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгч В.Небензя-гийн мэдэгдсэнээр, ОХУ, БНХАУ хоёр хамтран өөр нэгэн тогтоолын төслийг өргөн барих ажээ. НҮБ-д суугаа БНХАУ-ын Байнгын төлөөлөгч Фү Цун мэдэгдэхдээ, Ормузын хоолойн талаарх Бахрейны тогтоолын төсөл нь нэг талын байр сууринаас буруутган шүүмжилсэн, дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого мөн гэлээ. АНУ-ын зүгээс “соёл иргэншлийг устгана” гэж заналхийлж буй үед ийм тогтоолыг батлах нь хуурамч дохиог өгөх болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тогтоолыг батлаагүй явдалд харамсаж байгаагаа Бахрейны Гадаад харилцааны сайд Абдуллатиф бин Рашид Аль-Заяни илэрхийлжээ.
Тогтоолын төсөлд Иранд хандан олон улсын өмнө авсан үүрэг амлалтаа биелүүлж, хөрш орнуудынхаа эсрэг дайралтаа зогсоохыг уриалсан гэдгийг сайд дурдсан байна. НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Майк Уолц мэдэгдэхдээ, Персийн булангийн орнуудыг АНУ дэмжиж байгаа бол Орос, Хятад хоёр тэдгээр орнуудыг айлган сүрдүүлэхийг оролдож буй дэглэмийг дэмжлээ гэжээ.
Б.Адъяахүү
Лхагва - 04 сарын 08,
2026
Сэтгэгдэл0