sonin.mn
Ярилцлагын эхний хэсэг: 
 
 
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, НҮБ-ын мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвайтай Халх голын байлдааны талаар ярилцлаа.
 
 
 
-Хилийн зөрчил, будлиан, мөргөлдөөний хэлбэр агуулгын талаар тодруулж болох уу. Үүний гол буруутанг Манж Готой холбож ярьдаг. Тэгж үзэх шалтгаан юунд оршиж байгаа юм бэ?
 
-Монгол, Манжийн хооронд улсын хилийн аюулгүй байдал хэрхэн үүсч хөгжсөнийг би өмнө нь ярьсан. Энэ бүхнийг Манжийн тал мэдэхгүй байх үндэс байхгүй. Монголын Буйр нуур, түүний зүүн, баруун хэсэг, Халх гол Монголынх биш харин Манжид харьяалагдана гэдэг санаагаар бодит байдлыг мушгин гуйвуулж, япончуудыг ятгаж өдөөсөн хүчин бол Манж Гогийн удирдлагатай холбогдохгүй байхын аргагүй. Ийм логик хандлагаас авч үзэхээр улсын хилээ манаж хамгаалахаар авсан Монголын талын бүх арга хэмжээг япончуудын тал үзэхдээ монголчууд Манжийн нутагт өнгөлзөн халдаж орсон хэрэг болон хувирч байгаа юм. Манжийнхан Японы цэргийн дэмжлэгтэйгээр манай улсын хилийн халдашгүй дархан байдалд халдах боллоо. Би тэдний хэдэн зуун хил зөрчигч, хорлон сүйтгэгчдийг дурдалгүйгээр зөвхөн өдөөсөн зэвсэгт халдлага түрэмгийллээс хэдэн жишээ дурдая. Манжийн цэргүүд япон цэргийн дэмжлэгтэйгээр 1935 оны нэгдүгээр сарын 24-нд Халх голын сүмийн орчим салаа морин цэрэг оруулан манай хилийн ажилтан, офицер Дондов, ахлагч Янжив нарын амийг хөнөөж, сүмийг эзлэн авлаа. Мөн оны арванхоёрдугаар сарын 19-нд батальон шахам хүчээр, дараа нь 1936 оны гуравдугаар сарын 24-нд мөн давуу хүчээр Булан дэрсний харуул, мөн өдөр Буйр нуурын загасны үйлдвэр, мөн сарын 29-нд Адаг дулааны хилийн харуулууд руу довтлон улсын хилээс манай хилчдийг шахан зайлуулах оролдлого хийсэн боловч Монгол Ардын хувьсгалт цэргийн хүчинд бут цохигдсон байна.
 
Буйр нуур, түүний баруун хэсэгт багтах чухал чиглэлүүдийн газрыг эзлэн авах тагнуул, байлдааны ажиллагаа хосолсон тусгай ажиллагаанд Манж, Япон ялагдав. Тэд “Монголыг ийм хүчтэй цэрэгтэй байсан”-ыг тооцсонгүй гэж тэмдэглэн үлдээжээ. Гэхдээ дайсны энэ ажиллагаа тодорхой, алсын зорилготой байлаа. Үүнийг 1935-1937 онд үргэлжилсэн Монгол, Манжийн хоорондох хилийн хэлэлцээрийн үр дүнгээс үзэхэд тодорхой харагддаг. 
 
-Хэлэлцээрийн явцад Манжийн тал манай цэргийг хилээс Тамсагбулаг, Баянтүмний зааг хүртэл татахыг шаарддаг. Эс бөгөөс бид цэргийн хүчээр бут цохино гэж сүрдүүлдэг биз дээ?
 
-Тийм ээ. Манай тал шаардлагыг хүлээн авч хилийн районоос Монгол Ардын хувьсгалт цэргийн үндсэн хүчийг татаж 1937 оны эцсээс хилийн цэргийн анги салбаруудаар хил манах үүрэг гүйцэтгүүлсэн. Энэ нь үр дүнгээ өгч, цаг хугацааны хувьд хожсон тал бий. Гэвч хэлэлцээр хийх болсон шатгаан, түүнийг тасалдуулсан үйл явц нь Японы цэргийн зүгээс урьдаас бодсон төлөвлөгөөтэй ажиллагаа байсан юм билээ. 2005 онд Улаанбаатарт хэвлэгдсэн “Номонханы дайн” гэдэг номыг судлаач Авид туурвисан байна. Энэ түүхэн сурвалжаас эш татья. Хэлэлцээр тасалдсантай холбогдуулан Японы тал дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд Монголын төлөөлөгчдийн дотор Зөвлөлтийн хүн байсангүй. Гадаад байдал нь тусгаар тогтнож, өөрийгөө мэдэх улс юм байна. Гэвч тэд хуралдааны үед үргэлж Манжуур дахь Зөвлөлтийн Элчин сайдын яаманд очдогийг нь бодвол бүрэн тусгаар улс биш юм. Зөвлөлт бол Монголын ар тал нь юм байна. Зөвлөлт Монголын харилцаа нь Япон Манжтай адил юм.
 
Хоёрдугаарт, Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн нь Манжийн төлөөлөгчдөд ямар ч нөхөрсөг байдал гаргасангүй (хэлэлцээрийн завсарлагаар Монголын төлөөлөгчдөд кино үзүүлжээ. Харанхуйгаар хэн нэгэн этгээд Монголын төлөөлөгчдийн нэгэн эрхэмд Манжуур дахь цэргийн байрлалыг харуулсан зурвасыг нууцаар атгуулсан байдаг. Хэлэлцээр дээр Монголын төлөөлөгчид эсэргүүцэл илэрхийлж зурвасыг Манжийн талд өгч, өдөөн хатгалгыг зогсоохыг шаардсан байна. Ш.А).Тэднийг татах арга байхгүй байлаа. Манжийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүний доторх Монгол үндэстний хооронд хайр сэтгэлгүй хандаж байв. Энэ хоёр аймаг (Халх ба Барга)-ийн түүхийг үзвэл эртнээс одоог хүртэл эвлэрсэнгүй.Гуравдугаарт, хилийн мөргөлдөөнийг ганцхан зэвсгийн хүчээр шийдвэрлэж болно. Монголд ямар ч бодит бус зүйл тавьж болохгүй. Тэвчээртэй, хүлээцтэй, идвэхтэй бэлтгэх хэрэгтэй. Иймээс Квантуны цэргийн үзснээр “Манжуурын хуралдаан нь цэргийн талын урьдчилан тавьсан зорилгоо биелүүлжээ” гэж тэмдэглэсэн байна.
 
-Их сонин, аль аль талдаа сургамжтай баримт байна. Халх голын асуудлыг энхийн аргаар шийдвэрлэх боломж алдагдаж, бүх юмыг зэвсгийн хүчээр шийдвэрлэх зам руугаа оржээ?
 
-Тэгж үзэж болно. Нөхцөл байдал ийм дүгнэлт хийхээс өөр аргагүй болгодог. Японы цэргийн удирдлага Манж Монголын хэлэлцээрт оролцсон Манжийн төлөлөөгчдийн тэргүүн, хойд Хянганы дарга Линшэн, Линшэнийн дүү Хянганы хойд сэргийлэн хамгаалах цэргийн штабын дарга, хурандаа Фулин, Линшэнийн хүргэн Хянганы хойд мужийн цагдаагийн дарга Цүндэ нарт Монгол, Орост ээлтэй, Япон Манжийг эсэргүүцдэг гэдэг хилс хэрэгт ял тулгаж цаазалсан байна. Энэ цагаас эхлэн Халх голын хэрэгт Манж биш япончууд тэргүүлэх үүрэгтэй оролцох болжээ. Монгол Манжийн хил Халх голын цаад талаар биш Халхын голоор байсан мэт газрын зураг үйлдэн цэргийн түрэмгийлэл үйлдэхэд эрчимтэй бэлтгэж эхэлсэн байдаг. Түүнд 1936 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Берлинд “Герман Япон комуннист, интернационализмыг эсэргүүцэх хэлэлцээр”-т гарын үсэг зурсан явдал таагүй нөлөөлөв. Уг баримт бичигт “Хэлэлцээр байгуулсан нэг тал Зөвлөлтэй мөргөлдөөн гарсан үед нөгөө тал нь Зөвлөлттэй ашигтай явдал хийж болохгүй” гэсэн заалт нөхцөл байдлыг дэвэргэхэд ташуур өгсөн гэж зарим судлаач үздэг. Оргүй ч биш байх.
 
-Энэ үеийн Монголын талын нөхцөл байдал ялангуяа, цэрэг дайны бэлтгэл хэр байв?
 
-Асар уудам нутагтай, хүн амын хөгжил дэвшлээ хангаж, тусгаар тогтнолоо бэхжүүлэх, эдийн засгийн бааз сууриа бататгаж амжаагүй байсан манай улсын хувьд хүнд туссан юм билээ. Зүүн өмнөд хил хязгаар ялангуяа, Халх гол, Буйр нуурын чиглэлд онцгой анхаарч, хил хязгаарыг бэхжүүлж, батлан хамгаалах чансааг бэхжүүлэхийн тулд нам, төр, засгаас бололцоотой, шаардлагатай бүхнийг урьдчилан дэс дараатай авсан байна. Хэрэв цэрэг улс төрийн нөхцөл байдал хурцдаж аюул, заналхийллийн байдалд шилжвэл холбогдох арга хэмжээг 1936 оны БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан гэрээний хүрээнд эртнээс хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа амжилттай хэрэгжих боломж бүрдсэн байв. Шаардлагатай үед Зөвлөлт, Монголын цэргийн нэгдсэн командлал бий болгох хувилбар бэлэн болсон байлаа. Монгол Улсын Хэнтий, Дорнод, Дорноговь, Улаанбаатарт байрласан Оросын анги нэгтгэлүүд Монгол Ардын хувьсгалт цэрэгтэй хамтарч харилцан туслах бэлтгэл ажиллагаа жилээс жилд бэхжиж байлаа.
 
Японы түрэмгийлэл заналхийллийн шатанд шилжих үеийг харгалзан тэдгээр бүлэглэл Дорнодын чиглэлд шилжин байрласан байдаг. Учир нь юунд оршиж байсан бэ гэвэл Монгол, Зөвлөлтийн цэрэгт улсын хил давах зорилго байгаагүй. Зөвхөн улсын хил хязгаарын аюулгүй байдлыг хангах эрх ашгийг голлон анхаарч байсан учраас Японы талаас түрэмгийлэл үйлдэхдээ шалтаг болгон ашиглах таагүй байдал бий болгохгүйг чухалчлан үзэж байсанд оршино.
 
1939 оны тавдугаар сарын 11-ний өдөр Манжийн 600 морин цэрэг бүхий ангиуд нисэх онгоц, их буугаар дэмжүүлэн хилийн 24 дүгээр отрядын VI  заставын хэсгээр түрэмгийлэн халдаж, олны нэрлэдгээр зарлаагүй дайн дэгдээсэн байна. Дайсан амжилттай няцаагдав.
 
Яг энэ үед буюу 1939 оны тавдугаар сарын 21-нд Дотоод яам, Улсын аюулгүй байдал хариуцсан комиссарант Л.П.Бериягаас И.В.Сталин, В.М.Воршилов нарт илгээсэн нууц мэдээнд “Улаанбаатарт 1887 оны долдугаар сарын 5-наар өдөрлөсөн газрын зураг олджээ. Тэр зурагт БНМАУ-ын хилийг Халх голын зүүн талаар тогтоосон нь хилийн талаар гарсан өмнөх хувилбаруудыг үгүйсгэж байна” гэж талархалтай тэмдэглэсэн байлаа. Энэ зураг нь Халх голын умард хэсэг Улаангангаас авахуулаад Халх голын зүүн тал (одоогийн Монгол Улсын хил)-аар Монгол Баргын хооронд тогтоосон хилийг овоо түүний хоёр талаар байрласан Монгол Баргын хилийн харуулууд нэг бүрийг газрын зурагт оруулж, нэр байршлыг нь бичиж заасан байлаа. Өөрөөр хэлбэл, миний өмнө өгүүлсэн газрын зураг байжээ. Энэ баримт олдсоныг Манж, япончууд Монгол Улсын хил Буйрын наад талаар, Халх голоор байсан мэт ард түмэн, дэлхийг төөрөгдүүлсэн Квантуны армийн үйлдлийг няцааж, харин Монголын хил Халх голын зүүн хэсгээр тогтоож баталгаажсан байсныг нотолсон түүхэн баримт байсан учраас И.В.Сталин, В.М.Воршилов, Л.П.Берия нарын зүгээс зоригтой шийдвэр гаргаж хэрэгжүүлэх бололцоо олгожээ. ЗХУ-ын талаас Японд бодит байдлыг мэдэгдэж Халхын голоор түрэмгийлэл үйлдсэний хариуцлагыг Японы тал хүлээх ёстой гэдгийг тууштай мэдэгдэн эсэргүүцэл илэрхийлсэн түүхтэй. Зөвлөлт, Монголын цэрэг байлдааны ажиллагааг саадгүй явуулах орон зай эрх зүйн хувьд баттай нотлогдсон учраас улсын хилээр цөмөрсөн дайсныг Монголын нутаг дэвсгэрт бут цохиж, улсын хилийг хэвийн байдалд нь сэргээх нь нэг ёсны эрх зүйн шударга үндэс болон тавигдсан байна.
 
-Халх голд болсон түүхэн үйл явдлаас хойш 80 жил өнгөрлөө. Энэ хугацаанд түүхийн судалгааны олон бүтээл, гадаад дотоодын олон хэлээр туурвиж олон нийтэд хүрсэн. Та Халх голын байлдааны ажиллагааг хамгийн товчоор илэрхийлье гэвэл юу хэлэх вэ?
 
-Түүхийг ард түмэн цус, хөлсөөр бүтээдэг их нандин үзэгдэл. Түүхийг эрдэмтэн судлаачид туурвидаг. Түүх ялангуяа, цэргийн урлаг, хилийн урлагийн түүхийг үнэн зөв, бодит байдлаар гаргаж бичих нь их чухал. Түүнд обьектив, субьектив олон хүчин зүйл эерэг болон сөргөөр нөлөөлдөг. Та цаг хугацааны тухай ярилаа. Тэр үед 20-25 насны залуучууд манай эх орон ард түмний зол жаргалын төлөө Монгол Улсын дархан хилийн төлөө тулалдаж, амь эрсэдсэн баатрууд хэдэн араваар тооцогдоно. Амьд сэрүүн үлдсэн нь эдүгээ 100 нас даваад жилээс жилд хорогдсоор байна. Монголчууд есөн үеэрээ бахархдаг. Энэ байр сууринаас авч үзвэл Халх голын байлдаан, тулалдаанд эр зориг, баатарлаг гавьяа байгуулсан алдартнуудыг дурсан бахархагдагсдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэх нь зүйн хэрэг. Ялангуяа, ачааны хүндийг үүрсэн Зөвлөлт, Оросын баатарлаг ард түмний өгөөмөр тусламж, түүний үр дүнгээр Монголын ард түмэн бахархдаг. Халх голын байлдаан, тулалдааныг багтаасан байлдааны ажиллагаа, түүний үр дүнг Оросын цэргийн тайлбар толь, бусад түүхэн эх үүсвэрт үндэслэн товчоор илэрхийлэхийг хичээе.
 
Манжийн хатгаасаар Японы цэргийнхэн 1932-1939 оны хавар хүртэл улсын хил дээр цэргийн өдөөн хатгалгыг тасралтгүй үйлдсээр байлаа. Энэ тухай зарим баримтыг өмнө нь дурдсан. Үүний дээр Квантуны арми 1936 оны зургадугаар сарын 27-ны өдөр 147 нисэх онгоцоор манай хилээс дотогш 100 гаруй км нэвтэрч Тамсагбулаг орчмын нисэх онгоцны буудлыг бөмбөгдөж мөн Баянтүмэнд аюул учруулсан байна.
 
Үүний эсрэг Орос, Монголын талаас хариу цохилт өгчээ. Хамгийн сонирхолтой нь мөн сарын 29-ний өдөр Японы цэргийн дээд командлалаас Квантуны армийн командлагч Үедэ Комакачийг зэмлэн 320 тоот тушаал гаргав. Түүнд хоёр заалт оржээ. Нэгдүгээрт, газар дээрх байлдааныг их төлөв Буйр нуураас зүүн тийш Манж Монголын хоорондуур хязгаарлана.
 
Хоёрдугаарт, Тамсагийн суурин газрыг агаараас дайрахгүй (энэ нь зөгийн үүрийг хөндсөнтэй адил). Тамсагбулаг ба Санбэйсийг бөмбөгдөх нь улсын хилийн гаднах байлдааны талбай (театр)-д багтана гэсэн байлаа. Тэндээс харахад Японы тал нөхцөл байдлыг дайны шатанд шилжүүлэхээс болгоомжилсон боловч улсын хил орчим түрэмгийлэл үйлдэх бодлого, үйл ажиллагааг урьдаас төлөвлөж бэлтгэсэн нь тодорхой байна. Японы цэрэг 1939 оны долдугаар сарын 3-ны шөнө 38 мянга гаруй цэрэг, 310 их буу, 145 танк, хуягт машинтай, 225 нисэх онгоцны дэмжлэгтэйгээр хилийн 24 дүгээр отрядын VI, VII заставын хэсгээр манай улсын эсрэг түрэмгийлэн довтолж Халх голыг гатлан эхний ээлжинд Хамар даваа, Баянцагааны нурууг эзлэн авч цаашид түшиц газраа байгуулан Зөвлөлт, Монголын цэргийн эсрэг байлдааны ажиллагааг хөгжүүлэх зорилго тавьж давшилтын үйл ажиллагааг явуулав.
Хэрэв цаг алдвал Буйр нуур, Халх гол бүхэлдээ дайсны талд алдагдах аюул занал нүүрлэсэн байна. Дайсны түрэмгийллийн эсрэг Монголын хувсгалт армиас гадна 12500 цэрэгтэй, 100 их буу, 186 танк, 266 хуягт машин, 82 нисэх онгоцтой, корпус командлагч Г.К.Жуковоор удирдуулсан 57 дугаар тусгай корпус зогсож байлаа. Долдугаар сарын 15-наас Зөвлөлт, Монголын армийн нэгдүгээр бүлэг бүрэлдэн бий болсон. Командлагчаар Г.К.Жуков, зөвлөлийн бүрэлдэхүүнд бүх цэргийн орлогч жанжин Ж.Лхагвасүрэн, бүлгийн цэргийн жанжин штабын дарга Цэрэн, их бууны командлагч, газрын даргаар Б.Цог, нисэх хүчний командлагчаар Зайсанов томилогдож эдгээр алдартнуудын удирдсан Монголын цэрэг, анд нөхдийн хамтаар гавьяа байгуулсан түүхтэй.
 
Жанжин Жуков Халх голоор цөмөрсөн дайсныг Хамар даваа, Баянцагаанд бэхжих бололцоо олгохгүй байх үүднээс цэргээ сөрөг давшилтад яаралтай оруулж гурав хоног ширүүн тулалдсаны үр дүнд Японы цэргийн түрэмгийлэгчдийг бут цохин, Халх голын зүүн эрэгт шахан гаргаж, хориглох байлдаанд шилжсэн байна. Японы тал 1939 оны долдугаар сарын 8-11-нд, мөн сарын 24, 25-нд хүчээ сэлбэн хоёр шаттайгаар давшилтад орсон ч Зөвлөлт, Монголын цэрэгт няцаагдав. Японы тал наймдугаар сарын 10-ны өдөр цэргийн бүлэглэлээ дахин өөрчилж 75 мянган цэрэг, 500 их буу, 182 танк, 300 нисэх онгоц бүхий генерал О.Риппогоор командлуулсан VI армийн бүрэлдэхүүнд оруулав.
 
Нөхцөл байдлыг харгалзан Оросын дээд командлал нэгдүгээр армийн бүлгийг 57 мянган цэрэг, 542 их буу, миномёт, 500 орчим танк, 385 хуягт машин, 515 нисэх онгоцоор хүч нэмэгдүүлж, хүчний харьцаа манай талд давамгайлах болжээ. Энэ үед Японы цэргийн VI армийн командлагч генерал Очису Риппо цэрэгтээ хандан уриалга гаргаж “Манай арми нэгэн цохилтоор тэр хулганы хөдөлгөөнийг дуусган эзэн хааны шилдэг цэргийн сүр хүчийг дэлхий даяар цууриатуулна” гэж тэмдэглэж байлаа.
 
Зөвлөлт, Монголын цэрэг өвөлд бэлтгэж байгаа дүр эсгэн дайсныг хууран мэхэлж, хориглож байгаад дайснаас урьтан 1939 оны наймдугаар сарын 20-ны үүрээр давшилтад шилжин дайсныг бүслэн авч хэд хоногийн дотор сөрөг талын цэргийг бут цохин устгаж БНМАУ-ын хилийг хэвийн хэмжээнд сэргээсэн юм. 1939 оны наймдугаар сарын 27-ны өдөр армийн нэгдүгээр бүлгийн командлагч Г.К.Жуковын байлдааны 0098 тоот тушаал гарав. Уг тушаалд хоёр заалт орсон байлаа. Үүнд БНМАУ-ын нутагт Халх голын районд довтолсон япончуудыг бүслэн авч устгалаа. Хоёрдугаарт, Армийн нэгдүгээр бүлгийн цэрэг БНМАУ-ын хилийг хамгаалахад шилжлээ гэсэн үгээр тушаалын утга агуулга илэрхийлэгджээ. Ингэж Халх голын байлдааны ажиллагаа өндөрлөв. Өдөөн хатгалга, агаарын дайралт нэг бус удаа үргэлжилсэн ч хоёр тал 1939 оны есдүгээр сарын 16-ны өдөр гал зогсов. Тэр хэцүү бэрх цагаас эдүгээ хүртэл энэ чиглэлийн хил хязгаар амар амгалангийн шинж чанараа хадгалсаар байна. Монгол, Оросын алдарт цэргийн гэгээн дурсгал үүрд мөнх орших болтугай. Мартаж болшгүй гавьяаны үнэ цэнэ энэ л юм даа.
 
Үргэлжлэл бий…
 
 Р.Оюун
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин