Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, НҮБ-ын мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвайтай Халх голын байлдааны талаар ярилцлаа.
 
-Улсын тусгаар тогтнол улсын хилтэй хүйн холбоотой гэж та ярьж байсан?
 
-Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг яаж хангадгийг Монголын дорнод чиглэлд Зөвлөлт, Монголын цэрэг үлгэр жишээчээр харуулсан нь мартаж үл болох том гавьяа. Улсын хил, хилийн орон зайтай холбож үзвэл улсын хилийн халдашгүй дархан байдал хангагдсан. Хязгаар буюу хил орчмын нутаг дэвсгэрт Монголын үндсэн хуульт ёс дэглэм, улс, нийгэм, ард түмний язгуур эрх ашиг найдвартай хамгаалагдсан. Тодруулбал, 1940 оны тавдугаар сарын 1-ний өдөр БНМАУ мөн Манж Го улсын хооронд улсын хил тогтоох гэрээ байгуулсан. 1940 оны наймдугаар сарын 25-ны өдөр Буйр нуурын умард хэсэгт байдаг Улаанганга гэдэг газраас Амралтын уул хүртэл Халх голын зүүн талаар эрт үед тогтоож байсан 210 км өргөн зурваст улсын хилийг тодотгон тогтоож БНМАУ гэсэн нэр бүхий боржин чулуун хилийн баганууд босгож, багана бүрийн байршил, газрын нэр бүхий хавсралтаар баталгаажуулсан байна. Хилийн энэ шугам нь БНМАУ, БНХАУ-ын хооронд 1962 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр байгуулсан хилийн гэрээний үндэс болж ашиглагдав. Уг гэрээ бичиг НҮБ-д зохих журмаар бүртгэгдэн баталгаажсан сайхан түүхтэй.
 
-Халх голын байлдааны ажиллагааг өдөөсөн гэмт хэрэгтэн хэн болохыг тогтоосон уу. Олон нийтийн дунд янз бүр яригддаг?
 
-Гол буруутан нь Японы цэргийн гэмт хэрэгтнүүд. Тэд ял шийтгэлийг олон улсын шүүхээс хүлээсэн.
 
 
Би олон улсын шүүх, зарим эрдэмтэн судлаачийн түүхийн бодит баримтад тулгуурлан зарим зүйлийг тодотгоё. Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүх олон улсын шүүх ажиллагаа 1946 оны тавдугаар сарын 3-наас 1948 оны есдүгээр сарын 12-ныг хүртэл үргэлжпэн явагдаж, холбогдох гэмт хэрэгтнүүдэд зохих хэмжээний ял оноосон байдаг. Тэнд БНМАУ-ын хилийн халдашгуй дархан байдал, улсын хилийн аюулгүй байдалтай холбогдсон хоёр асуудал хөндөгдөж шийдвэрлэгджээ.
 
Нэгдүгээрт, Олон улсын шүүхээс БНМАУ-ын хил гэж үзэж ирсэн газрын зургийн талаар мэргэжлийн дүн шинжилгээ хийлгэжээ. Шинжээчээр томилогдсон Японы иргэн, газрын зургийн мэргэжилтэн К.Китада, хэл шинжлэлийн ухааны профессор Ш.Хатори нар зургийг бүх талаар нь нарийвчлан шинжээд “зургийг орчин үеийн хэллэг рүү хөврүүлэхэд хилийн шугам нь Монгол, Зөвлөлтийн нотолж буй Халх голын зүүнээр байна гэдгийг баталж” байгааг нотолжээ. Үүнийг Японы нэрт эрдэмтэн Я.Футаки бас бүтээлээрээ баталсан юм. Тэр тэмдэглэхдээ “Халх голын байлдаан болоход Квантуны армийн газрынхан нь жанжин штабын дэвшүүлсэн улсын хилийн талаарх саналыг тэр чигээр нь хүлээн авч будлианыг үүсгэжээ. Японы жанжин штаб нь буруу мэдээлэлд тулгуурлан зохиосон газрын зургууд (улсын хил Халх голоор байсан гэсэн Манжийн санаархлыг хэлж байна.Ш.А)-ыг засах ажилдаа хойрго хандаж байсан. Энэ нь Халх голын дайн үүсэх нэг шалтгаан болсон гэж үзүүштэй” гэж бодит үнэлгээ өгчээ.
 
Хоёрдугаарт, Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүх ажиллагаанд БНМАУ-ын нэрийн өмнөөс дайны үед Халх голын чиглэлд хилийн 24 дүгээр отрядын VI заставын дарга байсан П.Чогдон гэрчээр оролцжээ. Шүүгчээс П.Чогдонд хандаж танай хилийн салбар хэдэн хүнтэй байсан бэ гэж асуухад Чогдон манайх 200 хүнтэй байсан гэж хариулжээ. Япончууд 1939 оны тавдугаар сарын эхээр танк, их буу, нисэх онгоц бүхий олон мянган цэргээр БНМАУ-ын хилд Номонхан, Бүрд овооны чиглэлээр түрэмгийлэл үйлдсэн талаар уншигчид нэгэнт мэдэх болсон билээ. Тэгэхээр япончууд давуу хүчээр БНМАУ-ын хилээр түрэмгийлэл үйлдсэн нь ямар ч маргаангүй нотлогджээ. Шүүгч үүнийг анхааралдаа авсан нь мэдээж хэрэг. Харин П.Чогдонгийн заставын 200 орчим хүнтэй байсан гэдгийн хувьд тодотгох шаардлагатай. Энэ үед застав 20-30 орчим хилчинтэй байсан. Харин заставын хүчийг нэмэгдүүлэх зорилгоор хил халхлалтын манай улсын VI морьт дивизийн XVII хорооны хоёрдугаар суман, мөн Ч.Батаа даргатай хүнд пулемётын салаа, түүнчлэн Оросын цэргийн мотобригадын хуягт рот, их бууны батарей оролцсон ахлах дэслэгч Быковын удирдсан салбар хилийн 24 дүгээр отрядын VI, VII заставт хүч хавсран оролцсон зүй тогтолтой арга хэмжээг хамтатган тооцож хэлсэн байх гэдэг сэтгэгдэл надад төрдөг. Бас нэг баримт нэмэрлэхэд илүүдэхгүй байх гэж бодож байна. Мөнөөх эрдэмтэн Я.Футаки 1991 онд “Японы армийн Монголын талаар явуулсан бодлого” гэдэг өгүүлэлдээ “Номонханы 1939 оны дайнаар Япон Монголын цэргийн мөргөлдөөн дээд цэгтээ хүрсэн бөгөөд санамсаргүй байгаагүй. 30-аад жилийн тэртээгээс эхэлсэн Японы Монголыг эзлэх гэсэн бодлого байсан. Номонханы дайн Монголын газар нутаг дээр болсныг мартаж болохгүй” гэсэн байна.
 
-Японы түрэмгийлэгчид Халх голын зэвсэгт тэмцэлд үй олноор хөнөөх бактерлогийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгагддаг. Энэ хэр үнэнтэй вэ?
 
-Бактерлогийн зэвсгийг дэлхийн I дайнд өрсөлдөгч талууд анх ашигласан түүхтэй.
 
Манжид байрлалтай Японы 731 дүгээр ангийн хөнөөх зэвсгийг Халх голын зүүн хэсэг дэх тулалдаанд Зөвлөлт, Монголын цэргийн эсрэг ашигласан баримт цөөнгүй байдаг. Энэ ангийн хошууч Икари, Окари, Цүнёшике нар Халх голд завиар явж 20.5 кг хижиг, холер, эсэргэнэ, томуу, хамрын яр гэсэн өвчний бактери хаясан байжээ. Тэр нь нохой бөөс, хулгана, шумуул гэсэн цус сорогчоор дамжин хөнөөл учруулдаг байна.
 
1949 оны арванхоёрдугаар сарын 25-30-ны өдөр Квантуны армийн командлагч О.Ямада, хүн мал эмнэлгийн дарга бусад гэмт хэрэгтэн бактерлогийн зэвсгийг Зөвлөлт, Монгол, Хятадын цэрэг, гэмгүй номхон иргэдийн эсрэг бэлтгэж хэрэглэсэн ял оноож, гэмт хэрэгтнүүдэд оноосон ялыг Хабаровын олон улсын шүүхэд хүлээж, ял шийтгэл эдэлсэн байна.
 
-Халх голын тулалдаанд Оросын хилчид оролцсон мэдээ байдаг. Та үүнийг сонирхож үзэв үү?
 
-Сонирхож судалсан.
 
Айл хүний амь нэг, Саахалт хүний санаа нэг гэдэг. Монгол, Оросын хилчид 1727 оноос буюу одоогоос 290 жилийн тэртээгээс сайн андын ёсоор харилцан тусалж ирсэн гайхамшигтай түүхтэй. Хүнд бэрх цагт Оросын өндөр мэргэжпийн офицер, генералууд бидэнд тусалж, Монголын хилчдийг орчин үеийн мэдлэг, туршлага, зэвсэглэл, техниктэй болоход гар татаж байгаагүй, шалгарсан нөхөр, андууд гэж хилчид бахархаж, баярлаж явдаг.
 
Халхын голын 24 дүгээр отрядын хэсгээр дайсан довтолсон мэдээ авсан тэр үеэс Бериягийн тушаалаар Хиагт, Мангут, Даурын хилийн отрядоос тус бүр нэг рот авч, хошууч Булыга захирагчтай шилдэг хилчдийн тусгай батальон байгуулагдаж 1939 оны долдугаар сарын 25-ны өдөр, найман өдөр 2000 гаруй км аян замыг туулан Тамсагбулагт ирээд мөн сарын 11-ны өдөр Халх голын тулалдаанд шилжин орсон байдаг. Энэ отряд мэргэжлийн хилчдийн хувьд Монголын хилчдийн араар, завсраар байлдаан, тагнуул хосолсон үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ I армийн бүлгийн командын байр зэрэг онц чухал 10 газрыг бие даасан 10 салаагаар хамгаалж гавьяа байгуулж, командлалын тушаал шийдвэрийг онцгой сайн гүйцэтгэсэн түүхтэй. Энэ анги нь дайныг төгсгөл болгоод 1939 оны аравдугаар сарын 13-ны өдөр Халх голын 24 дүгээр отряд дээр цугларч Монгол, Оросын хилчдийн ялалтын хамтарсан цуглаанд оролцон 24 дүгээр отрядын удирдлага, хамт олноос дурсгалын улаан тугийг гардан авч, хилийн цэргийн командлагчийн мэндчилгээ, талархлыг хүлээж, мөн сарын 16-ны өдөр Эрээнцав-Даурын чиглэлээр баяр баясгалантайгаар нутаг буцсан түүхтэй. Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлын төлөө 30 хилчин амь насаа хайргүй өргөж, 47 хилчин шархдан, 300 гаруй баатарлаг хилчин Орос, Монголын төрийн дээд шагнал хүртжээ. Батальоны захирагч хошууч Андрей Евстафьевич Булыга эх орны II дайнд ЗХУ-ын баруун ба өмнөд хэсэг тухайлбал, Балт орчим, хожим Дундад Азид дивиз командлан гавьяа байгуулан хошууч генерал цол хүртэж, Азербайджаны Дотоод явдлын сайдын албыг амжилттай хашиж явсан бөгөөд Монгол, Оросын ард түмний найрамдалт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан гавьяатай билээ. Энэ ялдамд тэмдэглэхэд Хиагтын хилийн отрядын гавьяаг мөнхөлж Монгол Улсын цэргийн гавьяаны одонгоор шагнасан юм.
 
-Халх голын байлдааны ажиллагаанд оролцсон Монгол, Оросын цэргийн хүчний талаар хоёр улс онцгой анхаараагүй бол бодит байдалд таагүй нөлөөлөх аюул байсан гэж зарим судлаач ярьж, бичдэг?
 
-Түүхэн баримт түшье.
 
Халх голын дайнаас таван жилийн өмнө буюу 1934 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр ерөнхий сайд Гэндэнг И.В.Сталин хүлээн авч нөхцөл байдлыг сонирхов. Тэгээд зөвлөгөө болгож танайх төсвийнхөө 60-70 хувийг батлан хамгаалах хэрэгцээндээ, армидаа зориулахыг хичээ. Хэрэв дутвал бид таван жилийн хугацаанд жил бүр зургаан сая рублиэр туслая. Арми бол нэгдүгээрт, хамгаалах хэрэгсэл болдог.
Хоёрдугаарт, Соёл түгээх газар болдог. Гуравдугаарт, төр улсын үзэл санааг түгээх газар болдог. Дөрөвдүгээрт, арми боловсон хүчин бэлтгэдэг. Тиймээс хүчтэй армитай байх зайлшгүй хэрэгтэй. Бид ингэж үзэж байгаа.Та бүхэн юу гэж үзэх нь танай хэрэг. Танайх 12 мянгаас доошгүй морьт цэрэгтэй байж болно. Сургагчид хэрэгтэй бол бид өгье. Танайх хүчтэй армитай болбол хүчтэй улс болно. Тэгээд та бүхнийг тоодог болно гэсэн байв. 1936 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Сталин жанжин Дэмидийг хүлээн авчээ. Уулзалт дээр Дэмид “Манайх 12600 хүнтэй дөрвөн дивиз, дөрвөн тусгай хороо, хуягт бригад, авто бригад, мөн холбооны ангитай. Бүгд 15700 хүний бүрэлдэхүүнтэй” байгааг танилцуулсан байна. Чухам хэдий хэмжээний хүч хэрэгсэл Халх голын тулалдаанд оролцсоныг мэргэжлийн судлаачид хэлэх байх. Миний үзэж байгаагаар Дэмид жанжны хэлснээс гадна дайчилгаагаар илүү ч хүчин оролцсон байхыг үгүйсгэхгүй. Миний ойлголтоор Халх голд дайсныг няцаах, сөрөг давшилт хийх, хориглон хамгаалах, бүслэх, дайран устгах бүх ажиллагаанд манай зэвсэгт хүчин хэний ч өмнө нүүр улайхгүй, хэзээ ч мартагдашгүй гавьяа байгуулсныг баттай хэлэх байна. Орос, Монголын цэргийн I бүлгийн командлагч Монгол Улсын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуков Монгол цэргийн гавьяаг үнэлж “Монголын дайчид Зөвлөлтийн цэргийн байлдааны гайхамшигт амжилтуудыг магтан зоригжуулж байсан бол Зөвлөлтийн цэрэг түүнээс дутуугүйгээр Монголын цэрэг, дарга нар (энд хилчид ч хамарч байгаа нь мэдээж хэрэг.Ш.А)-ын баатарлаг гавьяагаар бахархаж байлаа” гэж өгсөн үнэлэлт үеэс үед дамжигдан дурсагдах үнэлгээ байх гэж бодож байна. Энэ бол дэлхийд дурсагдах Монгол, Оросын ард түмний мөнхийн бахархал байх болно.
 
Дайнд оролцсон бүх дайчид Монгол, Оросын дээд шагнал хүртсэн. Монголын зэвсэгт хүчний эгнээнээс маршал Х.Чойбалсан, Ж.Лхагвасүрэн, Б.Цог, Л.Дандар, Гонгор, Шагдарсүрэн, Нянтайсүрэн, Экей гэсэн олон баатар төрөн гарсан.
 
-Зөвлөлтийн цэрэг Халх голын байлдааны ажиллагаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг хүн олон?
 
-Хүний сайныг ханилан байж мэддэг. Морины сайныг унан таньдаг гэдэг. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг үнэтэй сургамжийг мартах эрх бидэнд үгүй.
 
Монгол, Оросын ард түмний зүс царай өөр ч сэтгэл зүрх нь яах аргагүй нэг л юм билээ. Бусдын аз жаргалын төлөө сайн нөхрийгөө аюулаас аварч, өөрийгөө эрсдэлд оруулж, золиослоход бэлэн байдаг тийм өгөөмөр сэтгэлт баатарлаг ард түмэн хаана байна гэвэл Оросыг л хэлнэ. Халх голын дайнд ч тэд хамгийн аюултай чиглэлд түрүүлэн тулалдсан. Туслах чиглэлд нь манай үндсэн хүчин тулалдсан. Монголчуудад итгээгүйдээ биш. Байлдах чадвар Монгол цэрэгт дутна гэж үзээгүй. Эх нутагт нь урилгаар ирж, эх орон, ард түмнийх нь язгуур эрх ашгийг хамгаалах гэж ирээд, тэднийгээ эрсдэлд оруулж, амь насыг нь алдах аюулаас аварч хамгаалах л гэсэн орос хүний жудаг, сэтгэл зүрхний илрэл байсан хэрэг. Надад тийм сэтгэгдэл төрдөг. Дайн бол хүсээд байх зүйл биш. Нэгэнт татагдан орсон л бол гарах хоёр гарцтай. Нэг нь ялалт, нөгөө нь ялагдал. Өөр зам байхгүй. Халх голын байлдааны хүнд хөнгөнийг тэрхүү дайнд оролцсон цэрэг эрчүүд л мэднэ. Өөр хэн ч төсөөлөхгүй. Тэр үеийг жишин үзэхэд агаарын нэг бөмбөг унасан газартаа 200-400 метрт байгаа хүн, техникийг устгана. Их буу, миномёт болон танкын сум 100-200 метр, гар гранат давшилт, хориглолтын зориулалтаас шалтгаалан 25-100 метр орчим эргэн тойрныг хөнөөнө. Халх голд хоёр талаас 1000 шахам нисэх онгоц, хэдэн мянган танк, хуягт, их буу, миномёт оролцсон. 100 гаруй мянган пулемёт, автоматын завсар, зайгүй давтагдсан галын дор цэрэг эрчүүд тулалдсан байдаг. Тэндээс амьд гарахад бэрх. Харин Орос, Монголын баатарлаг эрчүүд ийм л хүнд нөхцөлд ялалт байгуулсан түүхтэй. Ялалт байгуулсан гавьяагаар дайнд оролцсон бүх дайчид төрийн дээд шагнал хүртэж, бүрэн бус мэдээгээр улсын баатар 70 гарч, бараг бүх анги нэгтгэлүүд нэрэмжит шагнал хүртсэн мэдээ байдаг.
 
Хохирол үзээгүй юм бишээ. Оросын хэдэн мянган интернационольч баатарлаг хөвгүүд эх орондоо эргэж очоогүй. Энд нойрсож байгаа. Г.К.Жуков байлдааны ажиллагааны үр дүнг И.В.Сталинд илтгэхэд “Байлдаанд морин цэрэг нь их буу, онгоцны цохилт, дайралтад өртөмтгий байлаа” гэсэн байдаг. Байлдаанд оролцсон, амь үрэгдсэн Японы цэрэг Касавара ар гэртээ бичсэн захиа нь үлджээ. Тэнд “Хүний хөл хүрээгүй энэ газарт гуравдагч орон яах гэж оров оо. Энэ байлдаан чухам ямар аймшигтайг би үгээр ч, үзгээр ч дамжуулан өгүүлж чадахгүй нь. Нэн шинэ түүх ийн хэдэн өдрөөр үргэлжилсэн аймшигт тулалдааныг үзээгүй гэж хэлж болох байна” гэсэн байлаа. 1939 оны аравдугаар сард хэвлэгдсэн Японы “Асахи” сонины тэргүүн өгүүлэлд “Монголын хээр тал манай зүрх зоригтнуудын хүүрээр хучигдав. Олж авсан сургамжийг хатуу санах хэрэгтэй” гэж нийтлэл бичиж олон нийтэд сонордуулсан байлаа.
 
-Халх голын байлдааны ажиллагаа улсын хил дээр, хил орчмын нутагт болсон учраас цэргийн ба хил шинжлэлийн ухааны хөгжилд ямар сургамж үлдээсэн гэж судлаачийн хувьд үздэг вэ. Монголын хилчид энэ ажиллагаанд хэрхэн оролцсон бэ?
 
-Оросын эрдэмтэд Халх голын байлдааны ажиллагаа нь дайсны томоохон цэргийн бүлэглэлийг бүслэн устгах зорилготойгоор авиац, танк, их бууг өргөн ашиглан явуулсан туршлагаар цэргийн урлагийн хөгжпийг баяжуулсан гэж үзэж дэлхий нийтийн толь бичигт тэмдэглэсэн байдаг. Миний хувьд байлдааны бүх ажиллагаа Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах зорилготой, хил орчмын нутаг дэвсгэрт явагдсан байлдааны ажиллагаа учраас бусдаас онцлогтой. Өөрөөр хэлбэл, хил шинжпэлийн ухаан, түүний урлагийг хөгжүүлэхэд улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангаж улсын хил манах, хамгаалах, улсын хилээр цөмөрсөн гадаадын түрэмгийллийг няцаан устгаж улсын хилийг хэвийн хэмжээнд нь сэргээн тогтоох онол практикийн хүрээнд бэлтгэн явуулсан Монгол, Оросын хамтын цэргийн тусгай ажиллагаа. Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, улсын хил хамгаалах стратеги, бүс нутгийн хил хамгаалах урлаг, тактикийн хөгжилд мартахын аргагүй хувь нэмэр оруулсан гавьяатай үр дүн гэж үздэг.
 
Түүний ач тус зөвхөн Монгол, Орос улсад төдийгүй бүс нутаг, даян дэлхийд үлгэр жишээч, сургамжтай, шудрага, түүхэнд бас орчин үед ач холбогдолтой гэж хэлэх баттай үндэслэл агуулгад нь хадгалагддаг. Яагаад гэвэл улс байсан цагт хил байна. Улсын хил байсан цагт манах хамгаалах мэргэжлийн хилчид мөнх байна. Энэ эрх зүй зөрчигдвөл улс ард түмэн аюул заналд өртөнө. Өөрөөр хэлбэл, улсын хилийн аюулгүй байдал зөрчигдөнө. Даамжирвал улс үндэстэн орших, эс оршихын дэнсэн дээр очно гэсэн үг. Сургамж нь энэ л юм. Халх голын хэрэг явдал үүсэхэд манай тал алдаж эндсэн явдал бий. Тэр нь 1937 оны эцсээс засагдсан. Тэгэхдээ цаг алдсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Энэ тухай би өмнө нь  ярьсан санагдаж байна. Японы цэргийн түрэмгийлэгчдээс манай улсын эсрэг явуулсан уршигт үр дагавар нь Монголын зүүн өмнөд хил хязгаарыг найман отряд, 200 орчим хилийн харуул, салбараар хамгаалахад хүргэсэн. Халх голын байлдааны ажиллагаанд хилийн 24 дүгээр отряд, түүний салбарууд ялангуяа, VI, VII застав оролцон гавьяа байгуулсан. Гавьяа байгуулагчид төрийн дээд шагнал хүртсэн. Тэднээс П.Чогдон, С.Төмөрбаатар, Э.Шийлэг, Н.Жамбаа, Д.Гуулин гэсэн баатрууд төрсөн. Мэргэжлийн хилчин судлаачид, түүхчид энэ талаар олон бүтээл туурвисан, эдүгээ ч арвижуулан бичиж алдаршуулсаар байгаа учир дэлгэрэнгүй бичих нь илүүц биз ээ.
 
-Халх голын дайн дууссан. Талууд тус тусдаа үйл ажиллагааг ялангуяа, сөрөг талынхаа үйлдлийг задлан шинжилж дүгнэлт сургамж авсан байх. Та энэ талаар сонирхсон уу?
 
-Сонирхсон. Энэ их чухал асуудал. Олон бүтээл, эх сурвалж гарсан. Одоо ч бичиж байгаа. Цаашид ч ярих байх. Би судалснаа зах зухаас нь ярья.
 
И.В.Сталин байлдааны ажиллагаанд Японы цэрэг үүргээ хэрхэн биелүүлж байгааг дайн дууссаны дараа Жуковоос сонирхжээ. Жуков “Японы цэрэг сахилга батыг сайн сахиж, тушаалыг чанд биелүүлнэ. Ялангуяа, хамгаалж хориглон байлдахдаа их сайн. Цэрэг, түрүүч нарын мэдлэг сайн. Бууж өгнө гэсэн ойлголт тэдэнд бараг байхгүй. Гэдсээ хүүлж үхэхийг юман чинээнд бодохгүй. Жинхэнэ цэрэг дайчид гэж хэлж болохоор байлаа” гэж хариулжээ.
 
1939 оны арваннэгдүгээр сард Японы хуурай замын цэргийн командлал Номонханы хэрэг явдлыг хамтын хүчээр задлан шинжилж, манай талын цэргийн ажиллагаанд найман дүгнэлт өгчээ. “Тэд мэргэн буудах тул бараг сум тоолно. Халх голын баруун өндөрлөгөөс буудсан их бууны сум нь оновчтой бөгөөд борооны усан мөндөр мэт цутгана. Тэд ар талын хүчээ сайн бэлтгэжээ. Номонханы хэрэг явдлын үеэр баатарлагаар байлдаж үлгэр жишээ үзүүлж байгаа хүмүүс нь нам эвлэлийн гишүүд байна. Энэ нь Зөвлөлт, Монголын цэргийн нэг онцлог. Шөнө дайраад хориглолтын бэхлэлтийг цөмлөхөд тэд ухарахгүй тулалдсаар байна. Цэрэг, дарга нар нь дээд удирдлагын тушаал өгөөгүй цагт огт ухрахгүй юм. Зөвлөлт, Монголын цэрэг зоригтой, баатарлагаар дайран довтлох цог хийморьтой юм. Ямар ч үед зэвсэг техникээ чадварлаг, үр дүнтэй хэрэглэх, ашиглахыг байлдааны үндсэн зарчим болгожээ. Түүний нийтлэг жишээ нь их буу, танк нисэх онгоцны хамтарсан байлдаан юм. Цэргийн ийм хамтарсан байлдааны хүч нь үнэхээр хүмүүсийг цочроож байна. Энэ нь манай цэрэгт үнэхээр хүнд тусч байлаа” гэж бичжээ. Үүний зэрэгцээ 1939 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Мүгдэн хотод Манжуурын Хянганы бүлгийн удирдлага Японы 30 гаруй ноёд, мэргэжилтнийг оролцуулан Номонханы хэрэг явдлыг задлан шинжилж дүгнэлт гаргажээ. Тэнд “Хянганы цэрэг байлдаж чадсангүй. Түүнийг үгүй хийх хэрэгтэй Хянганы цэрэг оргон зайлахдаа гэр рүүгээ зугатав. Гэвч Японы зарим батальон шиг суман даяараа дайсанд бууж өгөөгүй. Монгол хүн бол Хятадаас итгэлтэй байна. Бидний байлдах бодлого алдаатай байна. Монгол хүнээр Монголыг цохиулах нь зохисгүй юм байна” гэсэн дүгнэлт гарч байжээ. Ер нь манайх ч гэсэн ялалтаас гадна ирээдүйд алдахгүй байхын тулд үйл ажиллагаандаа алдаж эндсэн юм байвал сургамж авч л байх ёстой юм. Яагаад гэвэл амьдрал бол тэр аяараа сургамж авах сайн арга ухаан, хүн бодит байдалд үр дүнд дөрөөлж ухаан бодол, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжпүүлэх, суралцах, хүмүүжих эх булаг болдог.
 
-Та 1953 онд татан буугдсан Халх голын отрядыг 1975 онд сэргээн байгуулах даргаар ажилласан юм билээ. Энэ талаар сонирхуулаач?
 
-Отряд дахин байгуулагдсаны хувьд жаахан тодотгож ярья. Монголын зүүн хязгаарт Халх голын чиглэлд хилийн аюулгүй байдал зохих журмаар хангагдсан. Гэвч манай улсын баруун хязгаар тухайлбал, Байтаг уулын чиглэлээр гадаадын түрэмгийлэгчид зэвсэгт халдлага өдөөсөн. Иймээс туршлага бэлэн байдлыг нь харгалзан Халх голын отрядыг штаб, бэлтгэл хүчний хамт баруун хязгаарт шилжүүлсэн байдаг. Отряд үүргээ нэр төртэй гүйцэтгээд 1953 онд татан буугдсан. Гэвч 1960-аад оноос эхлэн манай улсын хил тогтоогдож аюулгүй байдлыг хангах шаардлага гарсан байдаг. Намайг Дорноговь аймгийн хилийн 0129 дүгээр ангид даргаар ажиллаж байх үед хилийн ба ДЦХЭГ-ын дарга, дэслэгч генерал Б.Цэдэн-Иш яаралтай дуудлаа. Би тухайн үед нөхдийнхөө хамт Байгалийн чанад дахь хилийн цэргийн тойргийн туршлагаар сургалтын иж бүрэн төв байгуулсан юм. Уг төв дээр хилийн эрлийн ажиллагаанаас шууд байлдааны ажиллагаанд шилжих сэдвээр хээрийн сургуулийг зохион байгуулж байлаа. Орой нь галт тэргээр гараад өглөө буугаад газрын дарга дээр оров. НАХЯ-ны орлогч сайд, газрын дарга генерал Б.Цэдэн-Иш мэндлээд НАХЯ-ны сайдын 1975 оны тавдугаар сарын 16-ны өдөр гарсан 271 тоот тушаалыг надад гардуулав. Отряд байгуулах Засгийн газрын шийдвэртэй. Нөхцөл байдлаас шалтгаалан энэ онд тухайлбал, 1975-1976 оны сургуулийн жилийн өмнө багтаан улсад тушаах ёстой. Отрядын даргыг Баябазарт өг. Яаралтай Халх гол руу гар. Цас орж хүйтэн унахаас өмнө амжуул. Эрт хүйтэрдэг газар гэдгийг санаарай гэв. Би яаралтай Халх гол руу гарч нөхцөл байдалтай танилцаад нөхдөө цуглуулан команд штабын сургуулийн хэлбэрээр төлөвлөгөө боловсруулж, шуурхай ажиллан 1975 оны аравдугаар сарын эцсээр хошууч генерал Д.Намсрайжав даргатай улсын комисст ажлыг онц дүнтэй хүлээлгэн өгөв. Комиссын дарга “Та нар гурван жилд дийлэхгүй ажлыг 3-4 сард багтаалаа” гэж манай хамт олонд баяр хүргэж байлаа. Ингэж 1975 онд манай анги комендатураас отряд болж улсын хилийн аюулгүй байдал найдвартай хангагдах нөхцөл бүрдсэн юм. Түүнд нөлөөлсөн гол хүчин зүйлүүд дотроос нам төрөөс отряд байгуулахад онцгой анхаарч, шаардагдах арга хэмжээг шуурхай авсан. Халх голд үлгэр жишээч сум, сангийн аж ахуйн барилга байгууламжийг иж бүрнээр барьж байсан Королев даргатай барилгын трест гүн туслалцаа үзүүлсэн. Мэдээж шинээр томилогдсон Монгол Улсын хөдөлмөрийн баатар Арьяа даргатай сум, сангийн аж ахуйн техник хэрэгсэл үр ашгаа өгсөн. Монгол Улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, цэргийн гавьяаны болон цэргийн гавьяаны улаан тугийн одонт хилийн 0198 дугаар ангийн улс, нийгэм, ард түмний өмнө байгуулсан гавьяа мөнх, түүний эгнээнээс Монгол Улсын дөрвөн баатар төрсөн. Монгол Улсын баатар П.Чогдон, С.Төмөрбаатар нарын нэрэмжит застав мөн төрийн дээд одонгоор шагнуулж, эдгээр анги салбар нь мянга мянган хилчдийн эр зориг, алдар гавьяа, улс нийгэм, ард түмний язгуур эрх ашгийн төлөө зүтгэх эх орончдын үлгэр дууриал болсоор байна.
 
Үргэлжлэл бий…
 
Түрүүч нь: 
 
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин