(Сэрэмжлүүлэг)

Байгаль экологийн нэгэн эрсдэлт үзэгдэл болох аадар бороо ба мөндрийн улмаас үүсэх үерийн гамшгийн талаар энд товч өгүүлэхийг зорив. Дэлхийн бүс нутгуудад жилд орох хур тундасын нийлбэр хэмжээг мм-ээр хэмждэг. Тропикийн бүс ба их далай тэнгист ойр орших газруудад хур борооны давтамж өндөртэй байдаг тул жилд орох хур тундасын хэмжээ 1000 - 3000 мм хүрнэ. Зарим онцлог газруудад 5000 - 10000 мм хүрэх ч бий. Далай тэнгисээс алс хол төв азийн өндөрлөгт орших Монгол нутгийн хур тундасын хэмжээ хангай ба говийн бүс нутгаас хамаарч 100 - 300 мм-ийн хэмжээнд хэлбэлзэнэ.

Монгол орны агаар мандал температурын их хэлбэлзэлд орших тул хур борооны давтамж цөөн боловч нэгж хугацаанд орох усархаг аадар бороо элбэг тохионо. Агаар мандал дахь мөсөн талст ба усны дуслаар бүрдсэн үүлс температур ба салхины үйлчлэлээр нэгдэн нийлэх ба  саринан бутарч байдаг.

Их өндөрт нэгдэн нийлж жин нь нэмэгдсэн мөсөн талстууд өөрийн жингээр доошлох замдаа усан дуслуудтай нэгдэн томорч бороо болон газарт бууна. Зарим нь буух замдаа дээш өгсөх халуун агаарын урсгалын нөлөөгөөр дахин ууршиж хийн байдалд шилжинэ. Хэрэв хэсэг бусаг бөөгнөрсөн үүлс салхины үйлчлэлээр өөр хоорондоо их хэмжээгээр нийлэн нэгдэж байвал дуслын хэмжээ газарт буутлаа улам томорсоор аадар бороо ба мөндөр болох магадлал  өндөрсөнө. Агаар мандал их халж хөөрөх хөдөлгөөн нэмэгдсэний улмаас үүлс хоорондын шилжилт (конвекц) улам нэмэгдэж борооны дуслын хэмжээ 5 мм, мөндрийн хэмжээ 5 -10 мм - т хүрэх нь бий. Энэ нь ургамлуудын үндэс нахиаг сүйтгэж хөрс шороог урсган одох их үерийн эрсдлийг үүсгэнэ. Хэрэв аадар бороо ба мөндөр орж байгаа бүс нутаг газар зүйн рельеф нугачаа ихтэй бол үерийн усны урсацын хүч улам нэмэгдэж гамшгийн байдалд хүргэнэ. Эрт дээр үеээс малчин Монголчууд байгаль цаг уурын ааш араншинг шинжин ажиглаж түүнд зохицон амьдарч ирсэн тул зуны цагт үер усны аюулаас сэргийлж дэнж дэвсэг газарт зусаж хэвшижээ. Харин орчин үеийнхэн маань хот тосгод  ба дэд бүтэцийн барилга байгууламжийг бүтээн байгуулахдаа байгалийн аадар бороо,үер усны эрсдлийг дутуу тооцоолсноор гамшгийн давтамж ба хор хөнөөл улам нэмэгдсээр байна. Үүний ойрын нэг жишээ нь Баян-Өлгий аймгийн төв Өлгийд хоёр жил дараалан болсон их үер болно. Хот байгуулалт, дэд бүтцийн байгууламжуудыг барьж байгуулахдаа  аадар бороо хэдэн цагийн үргэлжлэлтэй ороход хэдий хэмжээний ус хуримтлагдах, хөрсний аадар бороо шингээх хувь хэмжээ, тухайн газар орны налуугийн өнцгийн хэмжээ зэргийг ус цаг уур ба геоморфологийн  хамтарсан судалгаа явуулж хэрэгжүүлэх нь аадар бороо, үер усны гамшгаас урдчилан сэргийлэх бодит хүчин зүйл болно.

 

Л.Лхагва