sonin.mn
Минималист Э.ЭНХТӨГСТЭЙ ярилцлаа.
 
Та ярилцлагын эхэнд өөрийгөө танилцуулна уу?
 
Би 25 настай. “Хас” банканд харилцааны менежерээр ажилладаг.
 
Минималист амьдралын хэв маяг гэж чухам юу болох талаар уншигчдад товчхон ойлголт өгөхгүй юу?
 
-Өөрт хамааралтай бүхий л зүйлүүдийг эмх цэгцтэй, цомхон байлгах мөн түүнээсээ бие болоод сэтгэлийн таашаал, амар амгаланг мэдрэхэд минималист амьдралын зорилго оршдог. Энэ зорилгодоо хүрснээр та ямар нэгэн зүйлд түүртэж, төвөгшөөхгүй хөнгөхөн амьдрахаас гадна материаллаг эд зүйлсээс аз жаргалыг хайхаа больдог онцлогтой.
 
Бүх зүйл гэдэгт...
 
-Таны гэр оронд байгаа эд хогшил, автомашин, зуслангийн байр, найз нөхөд, хоол хүнс, техник хэрэгсэл, сэтгэл зүй, эрүүл мэнд гээд бүхий л зүйл багтдаг. Сэтгэлгээ ч мөн хамааралтай байдаг юм шүү.
 
Хэзээнээс минималист хэв маягаар амьдарч эхэлсэн бэ?
 
-Яг дөрвөн жилийн өмнө нэг найзаасаа ийм амьдралын хэв маяг байдаг гэдгийг сонсож байсан. Олон зүйлээс болж стрест ордог байсан надад их сонирхолтой санагдаж билээ. Би минималист амьдралын хэв маягийг удаан хугацаанд судалсан л даа. Та өнөөдөр онцлог, ач холбогдлыг нь ойлгоод маргааш шууд минималист амьдралын хэв маяггай болно гэвэл өрөөсгөл. Бага багаар л дасах хэрэгтэй.
 
Минималист болох зайлшгүй хэрэгцээ, шаардлага танд тулгарсныг ойлгосон байх нь ...
 
-Ийм амьдралын хэв маягтай учрахад би оюутан байсан. Дарханд гэр маань байдгаас шалтгаалж Улаанбаатар хотод байр түрээсэлж амьдардаг байлаа. Ерөнхийдөө эндээс л бүх зүйл эхлэлтэй. Богино хугацаанд айлаас айл дамжин нүүдэл хийдэг байсан надад их хэмжээний эд хогшил байгаа нь заримдаа үнэхээр галзууруулах шахдаг байсан гэхэд хилсдэхгүй. Анх яах учраа олохгүй бүгдийг нь чирээд л нүүхээс өөр аргагүйд хүрдэг байв. Дээр хэлсэнчлэн минималистуудын талаар судлах явцдаа өөрөө түүндээ гүн автаж, донтсон гэж хэлж болно. Ингэснээр өмсдөггүй хувцсаа дүүдээ явуулж, хэрэггүй эд хогшлоо зарж эхэлсэн. Өөрөөсөө холдуулж, өөртөө хамааралгүй болгох гэж л тэр шүү дээ. Энэ тийм ч амар байгаагүй. Үнэтэй авсан эсвэл дурсгалтай зүйлсээ хаях нь гол харлуулах шиг л болдог байв. Хамгийн үнэтэй зүйлс нь олон жил хичээллэж, тоглосны хүчинд авсан сагсан бөмбөгийн тэмцээнүүдийн маш олон медаль, шагнал байсан юм. Азаар медаль, шагналуудаа хаялгүй Дарханд байх гэртээ хадгалж чадсан шүү.
 
Эд зүйлсээ цомхотгож багасгах үед танд ямар мэдрэмж төрдөг байсан бэ?
 
-“Ганц бие залуу байж ус буцалгагч, будаа агшаагч, плитка, тогоо, шанага зэрэг ийм их юмаар юугаа хийдэг хүүхэд вэ” хэмээн түрээслэгч байрны эзэн ч зэмлэж байсан удаатай. Гэхдээ байрны эзний зөв байсан юм.
 
Хувцас хэрэглэлээс эхэлсэн цомхотгол яваандаа их цэвэрлэгээ болж хувирсан. Хэрэгтэйг нь хүнд өгч, хэрэггүйг нь хаяснаар маш их стресс бухимдлаас салж байгаагаа аажимдаа мэдэрсэн. Өөрөөр хэлбэл бага багаар аз жаргалыг мэдэрч эхэлсэн.
 
Энэ бол 2016 оны 7 дугаар сард ирсэн үр дүн. Тухайн үед надад бугуйн цаг, нарны шил гэх мэтийг багтаагаад надаас хамааралтай эд зүйлсийн тоо ердөө 68 болж багассан юм.
 
Дэлхийн бусад улс орнуудын минималистуудын тухайд...
 
-Хамгийн хүчтэй төлөөлөгчид гэвэл Японы Фума Сазуки, Мэри Кондо нар. Тэд өөрсдийн амьдралын хэв маяг, амьдралаас авч, мэдэрч байгаа аз жаргалын талаар болон хэрхэн өөрчлөгдөж чадсан тухайгаа ном болгон хэвлүүлж тэр нь сая саяар борлогдсон юм билээ. АНУ-д нийгэмд өөрсдийн байр сууриа эзэлсэн, танигдсан минималистууд бас бий. Ер нь улс орон бүрт л ийм амьдралаар амьдрах гэж зорьж, сонирхож байгаа залуус цөөнгүй байдаг байх. 
 
Өөрт төрсөн мэдрэмжээсээ бусадтай хуваалцах тухай бодож эсвэл оролдлого хийж байсан уу?
 
-Одоогоор хүнд нөлөөлсөн зүйл байхгүй. Гэхдээ надад төрсөн мэдрэмжээс хуваалцахыг хүсэж байвал чадах чинээгээрээ туслахыг бодолгүй яах вэ. Найзууд минь заримдаа яаж ийм амьдралаар амьдраад байгаа талаар асуудаг. Тэдэн дунд гэр бүлтэй хүн ч бий. Амьдралын минь туршлага хүрэхгүй учраас зөвлөгөө, шинэ санаа өгөхүйц сувгуудтай л холбож өгдөг. Нөгөө л нэртэй төлөөллүүд, тэдний хөтөлдөг нэвтрүүлгийг үзэхийг санал болгодог гэх үү дээ.
 
Тантай ихэвчлэн материаллаг зүйлсээс ангижирсан талаар ярилцлаа. Та сэтгэхүй болон сэтгэлгээ ч хамааралтай гэсэн шүү дээ ...
 
-Өөрийн бодол, оюун санаа, ойр тойрны хүрээлэл, цахим ертөнцийг ч бас минималист болгон өөрчлөхийг оролдож эхэлсэн. Нэн тэргүүнд фэйсбүүкийн 5000 найзаа 700, 2500 гаруй дагагчаа 600 болгож багасгасан. Мөн элдэв худал, ташаа мэдээлэл тараадаг бүхий л пэйж хуудсуудыг дагахаа больсноор тодорхой үр дүнд хүрсэн юм.
 
Цахим хаягтаа зөвхөн өөрийн таних ойр дотнын хүмүүс хүмүүсээ найзаар үлдээж чадсанаар тэдэнтэйгээ холбоотой мэдээллийг л түлхүү авч эхэлсэн. Энэ нь надад маш таатай сэтгэгдэл төрүүлэх болов. Мэссэнжэрээсээ хэн нэгний цахим хаягийг хайх гэж удаж, түүртдэгээ ч больсон гэх мэтээр стресс надаас холдож байгааг мэдрэх сайхан.
 
Дараа нь гар утасны контакт, зургийн цомог, тэмдэглэлүүдээ бүрэн цэвэрлэж дууссан.
 
Ажлын байрандаа ч бас цомхотгол хийсэн байх...
 
-Гэртээ болоод өөртөө маш тухтай орон зайг бий болгож гайхалтай мэдрэмжийг авсан ч түүнийгээ ажил дээрээ очоод алдаж байгаагаа анзаарлаа. Тиймээс дахиад л сурсан зангаараа ажлынхаа бүх шүүгээ, өөрт хамааралтай хувийн хэргүүдийг санаандаа хүртэл эмхэлж цэгцэлсэн. Харин ингэснээр ажлын байран дээрх хөглөрсөн, учир нь олдохгүй их материалуудыг дагаад асар их стресс байдаг гэдгийг ойлгосон шүү. Их цэвэрлэгээ өөрчлөлт, шинэчлэлтийн дараа маш тайван, амгалан байдлыг мэдэрч эхэлсэн, гэртээ хариад яаж тэр олон хувцас, аяга тавгийг угаах вэ гэж өөрийгөө стресстүүлэхээ ч больсон гэсэн үг.
 
Монголчуудын нүүдэлчин амьдралын хэв маяг бараг л минималист юм биш үү ...
 
-Яах вэ. Үхэр тэргэнд ачаа хөсөг, гэрээ тэр чигт нь ачаад нүүчихдэг гэхээр тийм байж болох талтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд минимализм гээд үзэл суртал болгоод философи талаас нь янз бүрээр л ярьдаг юм билээ.
 
Харин эмээ, өвөө, өтгөс буурлуудын маань захиас л их ойр санагдсан шүү. Эмээ маань “Авсандаа аваад орохгүйгээс хойш ийм их эд хогшилтой байгаад яах юм бэ, тийм учраас илүү дутуу хог новшийг цуглуулаад хэрэггүй” гэж захидаг бас сургадаг байсан. Буддизмын гол үзэл баримтлал болох бүх зүйл хоосон чанартай гэдэгтэй агаар нэгэн мэт санагддаг.
 
Монголд ямар сувгуудаас минималист амьдралын хэв маягийг талаар мэдээлэл авч болох вэ?
 
-Миний мэдэхийн стилист П.Оюунтөгс гэж эмэгтэй “Oyu Wore” гэсэн пэйжийг хөтөлдөг. Монголдоо бас л том төлөөлөл, мундаг эмэгтэй. Мөн Minimalism&Me гэсэн пэйж бий.
 
Гурван жилийн өмнө танд хамааралтай эд зүйлс 68 байсан бол одоо хэд болсон бэ?
 
-Хоолны аяга, цайны аяга, халбага, савх тус тус нэг ширхэг. Мөн өрөөнд маань гудас давхарлаж зассан ганц ор л бий. Өөр ямар ч эд хогшилгүй амьдарч байна. Хувцасны тухайд тоо ширхэг нь 10 дотор багтаж байгаа ч одоогийн байдпаар хэн ч намайг нэг хувцсаа байнга өмсдөг гэж хэлээгүй шүү. Дашрамд минималист амьдралын хэв маяг таныг цөөн хувцсаар өөрт тохиромжтой хувцаслах чадварт ч сургах болно.
 
 
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин