“Өөр мэдээ” булангийн зочноор “Циркус Монголиа Хадгаа”  циркийн захирал Чулуунцэндийн Хатанбаатарыг урьж циркийн хөгжлийн талаар ярилцлаа.
 
-Таньтай энэ удаа цэвэр циркийн хөгжлийн талаар ярилцахыг хүсч байна. Ний нуугүй хэлэхэд олон нийт циркийн урлаг мөхчихлөө гэж шүүмжилдэг?
 
-Зарим хүн циркийн урлагийг зогсчихлоо, гацчихлаа, мөхлөө гэж янз бүрээр ярьдаг ч цирк ажиллаж байна. Үнэндээ цирк гэж ярих нэг өөр. Циркийн урлаг гэдэг өргөн том бүтэц, олон төрөл, өвөрмөц орчинг хамардаг. Бид энэ урлагаас холдчихоод байгаагаас биш цирк мөхчихөөд байгаа юм биш. Олон нийт циркийн урлагаар цангаж байгаа болохоос цирк явдгаараа л явж байна. Үүний төлөө хүмүүс хүчин зүтгэж, олон сайхан авьяастай залуус энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө сурч, зүтгэж учраа олцгоож явна. Бидэнд нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол циркийн урлагийг сэргээх юм. Циркийн үнэр гэж тусдаа зүйл бий. Түүнийг үгүйлж байна гэдэг хүмүүс циркт ямар дуртай, хайртай байсан. Одоо ч гэсэн тэр мэдрэмж, хүлээлт хэвээрээ байгаа мэт харагддаг. Нэг хэсэг болчимгүй хүмүүсийн алдаанаас болж циркийн урлаг зогсонги байдалд орсон болохоос буцааж сэргээх, хөгжүүлэх залуус олон бий.
 
-Та улсын циркт ажиллаж байсан. Үзэгчгүй болоод хувьчлагдсан юм уу?
 
-Би улсын циркт удаагүй. Долоон жил ажиллаад л бие даасан. Циркийн урлагийг удирдаж байсан хүмүүсийн бодлого хувь, хувьсгал талаасаа таалагдаагүй хэрэг. Нарийн яривал 1990-ээд оноос Монголын цирк хувьчлагдах нь тодорхой болчихсон. Хувьд аваачих шат нь тавигдчихсан байсан учраас мөрөө бодоё л гэж бодсон. Тэгээд ч улсын циркт өөрийн болон дээд үеийнхнээс ганцаараа үлдчихсэн байлаа. 1990-ээд онд циркийн урлаг өмнөх системээр явах гэж үзсэн. Долоо хоногийн зургаан өдөр тоглох гэж үзээд болоогүй. Тэгэхээр нь долоо хоногийн таван өдөр болгосон. Сүүлдээ дөрвөн өдөр болж, бүр амралтын өдөр тоглодог боллоо. Тэгж байтал ганц бүтэн сайн өдөр хоёр удаа, эцэст нь 14 хоногт хоёр удаа тоглодог болсон доо. Энэ бол үзэгчдийн чадвар буурахаас гадна сайн жүжигчдээ алдсантай ч холбоотой. Биднийг ид тоглож байхад циркийн байр их хүйтэн, орчин нөхцөл хэцүү байсан. 5-6 үзэгч сууж байхад 40-50-уулаа дотуур хувцастайгаа тоглодог байлаа. Ийм үед чадварлаг жүжигчид нь орхиод бололцоотой газар руу явцгаадаг юм билээ. Ганцаархнаа үлдсэн хүн чинь мөрөө бодохоос аргагүй шүү дээ. Эхэндээ нэг хүний цирк байгуулна гэж дүвчигнээд дараа нь 1997 онд Ардын жүжигчин алиа Данзангийн нэрэмжит алиалагчийн студи  байгуулж улсад хүлээлгэж өгөөд Япон руу явсан.
 
Хатуу яривал манай циркчдийн хувь заяа нь энэ юм. Цирк яагаад хувьчлагдах болов гэдгийг бодох хэрэгтэй. Үнэндээ 1990, 2000-аад оны үеийн циркийн удирдлагуудад  амин хувийн хүсэл мөрөөдөл байсан учраас хувьчилсан. Түүнээс биш надад өгчих, би авъя гэж хэн ч гүйгээгүй. Циркийг улс өөрөө хувьчилсан. Харин хэн хувьчлахад хүргэсэн бэ гэвэл тухайн үеийн удирдлагууд хүчилж өөрсдөө энэ урлагаар наадсан.
 
-Циркийн урлаг 80 жил хөгжсөн гэхээр өнөөгийн хөгжил их тааруухан. Боловсон хүчин, техникийн дэвшлээс эхлээд олон хүчин зүйл бий байх?
 
-Цирк байнга өөрчлөгдөөд байдаггүй. Жишээлбэл, аль XIX зуунд ч нугарч, 1950-1960 оны үеийн нугаралт, акробатын үзүүлбэр одоо ч хүмүүст таалагддаг. Яахав, хүмүүсийн биеийн бүтэц хөгжим чимэглэлээс эхлээд өөрчлөгдсөн зүйл бий байх. Гар, шүдэн дээрээ хоёр гурваараа хосолж нугарах зэргээр илүү чадварлаг болж хөгжөөд л байгаа юм. Товчхон хэлбэл, циркийн үзүүлбэр амьд байна. Гэхдээ илүү сайн хөгжих арга бий. Цирк өөрөө их том урлаг болохоор багахан дэмжлэг л хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдалд томруулсан сэтгэлгээгээр ажиллахад хүнд. Мөн хүний амь настай холбоотой болохоор муу техник төхөөрөмжтэйгөөр санасандаа хүртэл ажиллах боломж хомс байна. Гэхдээ л бид дэлхийн төвд аваачиж чадлаа. Өөрсдийнхөө хэмжээнд орчин цагийн хэмнэлтэй холбоод менежментээ хийж байна.
 
-Бусад салбарынхан нэгдэж тэмцээд дуу хоолойгоо хүргэдэг. Гэтэл энэ салбарт бодлого байтугай, улсын гэх тодотгол алга?
 
-Цирк бол бий. Харин циркийн урлагийг сэргээж дахин зохион бүтээе гэвэл улсын цирк байгуулахаас өөр замгүй. Улсын цирк байгуулж байж л циркийн урлаг оршин тогтноно. Бид Монголынхыг дэлхийн цирктэй нь хамт судаллаа. Хятадын акробат 3000 жилийн түүхтэй. Хот, муж болгондоо улсын цирктэй. 54 мужид улсын цирк ажиллаж байна. ОХУ 45 суурин цирктэй. Томоохон хот болгонд нь улсын цирк хөгжиж байна. Давхар хувийн, тайзны, нүүдлийн цирк нь ажиллаж л байдаг. Гэтэл манайд  цирк хийгээд байгаагаас биш жинхэнэ урлагийг сэргээх ёстой.
 
Зургаан настайгаасаа циркийн урлагтай холбогдсоны хувьд сүүлийн 20 гаруй жил тэр дундаа найман жилд нь улсын цирктэй болох талаар хүсч зорьж тэмүүлж явна. Уулзаад ярихаар 10 даргын хоёр нь сонсч, нэг нь тоодог. Бусад нь ойлголоо л гэдэг. Бодвол одоохондоо цаг нь болоогүй, хүнд үеийг давах ёстой юм байлгүй. Монголын циркийг үзэх ёстой хувь заяатай хүүхдүүд энүүхэн хэсэгт завсарлах учиртай юм байлгүй. Хамгийн чухал нь бид зогсоогүй. Монголын циркийн урлаг асах цаг ирнэ. Бид 1940-1950 онд Монголын циркийг босгосон хүмүүст өртэй. Мөн Монголын циркийн урлагийг  ийм байдал руу түлхсэн 1990-2000 оны үеийн циркийн удирдлагууд ч ялтай. Одоо улсын цирк байгуулахад оройтоогүй. Улсын циркийг бид байгуулна. Харин улс нь авч явах ёстой. Монголын хүүхэд багачууд үзэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх бахархах зүйлтэй болох ёстой. Циркийн урлагийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа залуус олон байна. Тэд бүгд улсын цирктэй болохыг хүсдэг. Улсын цирк байгуулаад, хажуугаар нь хувийнх нь ажиллаад явахад буруудахгүй. Би бол хувийн цирктэйгээ л байна. Циркийн төрөлд дэлхийн түвшинд тодорхой хэмжээгээр нэрээ авчихсан учраас улам баталгаажуулж, хөгжүүлэх үүрэгтэй.
 
-Уран нугараач, алиалагчаас эхлээд циркчдийн чанар, чадварын тал дээр та ямар бодолтой явдаг вэ. Мэргэжлийн бус циркчид хэт ол­ширлоо гэдэгтэй санал нийлэх үү?­ 
 
-Монголд циркийн урлагаар ажиллаж байгаа 1200 хүн бий. Гурван жилийн өмнө Геннисийн номонд бичүүлнэ гээд 420 нугараач нугаруулсан нь ямар их өв бидэнд байгааг харууллаа. Энэ нь нэг талдаа сайн ч нөгөө талаас нь харвал доголдолтой.  Циркийн салбарт хэн ч хамаагүй дажгүй, ашигтай юм байна гээд ороод ирж болдог. Тэгэнгүүтээ аль нэг айлын уян юм шиг санагдсан хүүхдийг хөтөлж авчраад нугаруулчихдаг. Охид багаасаа л уян налархай, хөл гараа хааш яйш нь болгосон эрх амьтад байдаг шүү дээ. Үүнийг нь уян юм байна гэж эндүүрч хүчээр нугаруулаад л циркийн багш болчихоод байна. Аливаа зүйлийг онолыг нь үзсэн, олон жилийн хүч хөдөлмөрөө зориулж зовлон жаргалыг нь өөрөөрөө туулсан хүн бусдад заах, үлгэрлэх, амжилтад хүргэх нь арай хурдан биз. Жишиж яривал онолыг нь үзэж туршлага суусан хүн л тэсрэх бөмбөг зохионо уу гэхээс мэргэжлийн бус хүн  хамаг амьтдыг дэлбэлж ална биз дээ. Үүнтэй л адил.
Хүний бие их эмзэг. Гаднаас нь хараад мэдэхгүй ч булчин шөрмөс, нуруу туруу чинь нарийн зүйл шүү дээ. Тэр бүхнийг өөрийн биеэр туулсан хүн ойлгож мэдэрнэ. Циркийн урлагийг чаддаг нь хийдэг болохоос чаддаггүй нь хурууг нь хүчээр нугалбал гэмтээнэ. Циркийн урлагийн нэрийг барьсан хүмүүс замбараагүй олон болсон нь үүнтэй л адил.
 
Зөвхөн Монголд байгаа нь 420 нугараач. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийг нийлүүлбэл ямар тоо гарахыг мэдэхгүй. Хоёр гурван төрлийн үзүүлбэр эсвэл зөвхөн уран нугараачидтай 30 минутын тоглолттой хамтлаг олон байна.
 
Улаанбаатарт 10-25 хүүхэдтэй 19, бүр 80 хүүхэдтэй уран нугаралтын студи байна гээд бод доо. Дорнод, Сайшанд, Өмнөговь, Дундговь, Эрдэнэт, Дархан, Булган, Сэлэнгэд уран нугаралтын студи байна. Гэтэл багш нарынх нь 80 хувь нь сонирхогчид байгаа нь харамсалтай.
 
-Үүнийг хэрхэн цэгцлэх вэ. Эсвэл зах зээлийнхээ жамаар шүүгдэх үү?
 
-Цирк задарч биеэ даагаад эхлэхээр 1990 оны үеийн эрээний барааны шиг чанаргүй болж байна. Гэтэл хятадын бараа цаг хугацааны эрхээр чанаржсан.  Циркийн хувьд ч гэсэн цаг хугацаа өнгөрөх тусам шигшигдэж чанартай нь үлдэнэ. Тиймээс нэгнийгээ чадахгүй байна, боль гээд байх шаардлагагүй. Харин дуртай зүйлээ хийлээ гээд цэцэг цэврүү шиг охидоор наадах хэрэггүй юм. Цирк бол амиараа нааддаг урлаг шүү дээ.
 
-Ер нь циркийн урлаг хүнд яг юу өгдөг юм бэ?
 
-Циркийн урлаг тайван бус, хөгжил буурай үед зүтгэж байгаагийн гол шалтгаан нь хойч үеийнхэнд хатуужилтай, гоо сайхан, зорилго, зоригтой байх төлөвшлийг суулгах юм. Үүнийг л циркийн урлаг хүнд өгдөг. Амьдралд хэрэгцээтэй зүйлсийг нүд, чихэнд нь ойлгуулж өгдгөөрөө циркийн урлаг онцлогтой, давтагдашгүй.
 
-Монголд ганцхан ширхэг байдаг “Монте Карло” циркийн олимпийн хүрэл алиалагч танай хамт олонд бий.  Дотоодод циркийн урлаг сайн хөгжөөгүй ч дэлхийд танигджээ?
 
-Бид дэлхийд танигдъя гэж гүйсэнгүй. Зүгээр л Монголын циркийн үнэрийг буцааж авчрах юмсан л гэж бодсон. Монголын циркийг дэлхий тоож, шилдгүүдийн дунд ажиллаж байгаагаас харвал тэр үнэр ямар нэг хэмжээгээр буцаад ирж байгаа юм болов уу. Өөрөөр хэлбэл, Ази, Европын соёлт ертөнцөд Монголын урлагийг таниулах зорилгоо биелүүлсэн. Тэд биднийг тоосон, сонирхон шимтэн үзсээр байна. Монголын циркийн урлагийг дэлхийд гаргаж ирнэ гэдэг бол нэр хүнд. Босвол том босно. Унавал нам унана. Ялангуяа, “Монте Карло”-д хэр баргийн циркчид очиж өрсөлдөж чаддаггүй. Цирк 80 жил хөгжчихөөд байхад гарын таван хуруунд багтахаар л очиж оролцсон. Замын урт ч байна, чадварын хол ч бий. Ер нь бол “Монте Карло”-д хүрэх хэцүү шүү. Монголын циркийн урлагийг хүнд нөхцөлд байгаа энэ цаг үед дэлхийд дуурсгаж чадсан нь бидний ололт, амжилт. Монголын циркийн урлаг дэлхийд дуугарч чадлаа. Европыг зургаан жил, Америкийг гурван жил “Монте Карло”-гийн ганцхан үзүүлбэрээр тойрсон нь Монголын циркийн урлагт  ховор тохиох завшаан. Одоогоор бол давтагдаагүй байна.
 
Монголд цирк тоглоход их хүнд байсан. Аль нэг шоуны үеэр ч юм уу урлагийн өөр төрөлтэй хамтрахгүй л бол яг дангаараа тоглоход циркийг сонирхдог хүн ховор. Одоо ч гэсэн бид аргачлалаа сайн олохгүй байх шиг байна. Хуучин сэтгэлгээгээр хөдөлж байж магадгүй. Гэхдээ өөрийгөө хамгаалах юм бол бололцоо муутай гэж хэлнэ. Гэтэл нөгөө талаас бололцоо олгох л юм бол ямар ч хүн хойшоо суучихдаг. Ачаа өгөх тусам зүтгээд галын шугаман дундуур дайраад л байдаг юм билээ. Доороос нь өргөс хатгаж, ширүүн бороо орох тусам хүн улам урагшаа гүйгээд байдаг. Өнөөдрийн соёл урлагийг төр, засаг хэрхэн үнэлж, харж үзэж байгаагаас үл хамаараад зүрх сэтгэлээ урлагт өгсөн хүмүүс бол цаг хугацаатай уралдаад дайраад л байдаг. Тэгэхгүйгээр цаг сайхан болж, бололцоотой болохоор хийнэ гээд суугаад байвал утгагүй. Энэ урлагт амьдралаа зориулчихаад юу үлдээх ёстой юм бэ гэдгээ бодох ёстой. Залуу насаа зориулсан циркийн урлагаа бүтэн үлдээхсэн гэж хүсдэг. Миний өмнөх, бидний үеийнхэн циркийн урлагаар дамжиж хэрхэн хүмүүжив гэдгийг хойч үеийнхэндээ амтлуулж, циркийн үнэрийг дахин авчрахсан гэж боддог. Гэтэл циркийн тэр онцгой үнэр Европын циркүүдэд байдаг. Циркийн үнэр гэдгийг хотод төрж өссөн 40-50 насныхнаас асуухад хэлээд өгнө дөө. Харин залуучуудад таавар хэвээр нь үлдээе. Задлаад хэрэггүй.
 
-Циркийн урлагийн амин сүнс нь үзүүлбэр. Таны хувьд уран бүтээлээрээ юуг илүү тод харуулах, ямар хэв шинжийг шингээхийг зорьдог вэ?
 
-Циркийн өрсөлдөөн тэмцэл дунд шилдэг үзүүлбэртэй байх ёстой. Зөвхөн хөгжим, хувцас, гутлаараа гайхуулах боломжгүй. Үзүүлэлтүүд нь гоц байх учиртай юм. Гурав эргэх ёстой бол тултал нь хийнэ. Тухайлбал, бид дөрвөн давхар овоолдог үзүүлбэрийг огт өөрөөр хийхийг хичээсэн. Том биетэй, хүчтэй эрчүүдийн уян хатан байдлыг ашиглаж монгол гэрээ циркийн биеийн дүрслэлээр үзүүлсэн. Мэргэжлийн хэллэгээр бол монгол гэрийг биеэрээ барьсан нь гайхамшиг юм. Нумраад моост унаад байгаа биз дээ. Яг үүн шиг монгол гэрийг харуулсан пирамид овоолго байдаггүй. Энэ үзүүлбэрээр дөрвөн тэмцээнд орж бүгдээс нь шагнал хүртсэн. Үзүүлбэрийг  чанартай, чадвартай байлгахаас гадна хувцас, хөгжим чимэглэл жүжигчдийн онцлог чухал. Тэмцээн жирийн тоглолтоос огт өөр  маш аюултай. Хэдийгээр гүйцэтгэл адилхан ч сэтгэл зүй үнэхээр хүнд. Бэлтгэлийн үеэр сэтгэл зүйгээ бэлдэхийг хичээдэг ч миний уяныг ч хэлэх үү. Жорлонтой л ойрхон байхгүй бол давсаг хагарчихаад байдаг. /инээв/ АНУ-ын нэг дасгалжуулагч “Тэмцээнд дахиж шавиа оруулахгүй” гэж ярьсан. Жүжигчдийг маш их зо­воо­дог учраас дэргэдээс нь хараад зог­соно гэдэг бараг боломжгүй зүйл юм.
 
-Цагаан сар, улсын баяр наад­маар урлаг, спортынхныг их шагнадаг. Шуудхан хэлэхэд циркийн урлагийг төр тоохгүй бай­гаа­гийн бас нэг илрэл нь шагнал юм биш үү? 
 
-Циркийн урлаг одоогоор бол шагналтай манатай л байна. Эхлээд оочих аяга, орох оронтой болъё. Түүний дараа төр, засаг нь үнэлж хүндэтгэх байлгүй. Монголын циркийн жүжигчид уран бүтээлчдийг нэгтгэдэг, удирддаг  дээд байгууллага нь Монголын циркчдийн холбоо гэж бий. Засгийн газрын 144 дүгээр тогтоолд Монголын циркийн урлагтай холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх, жүжигчдийн гадаад, дотоод бодлого, нийгмийн асуудлыг зохицуулахаар заасан. Хэдийгээр Монголын циркчдийн холбоо ТББ ч гэсэн үүн дээрээ дөрөөлөөд улсын цирктэй болох хэрэгтэй.
 
Гэхдээ циркчдийг огт урамшуулахгүй байгаа юм биш. Циркчдээсээ олон хүнийг Төрийн шагналд тодорхойлсон. Жилийн хугацаанд 14 хүн “Алтангадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсан. Цолонд хүрэхгүй байгаа болохоос төрийн одон медаль хүртдэг.
 
-Циркчдийг ер нь хангалттай сайн бэлтгэдэг үү?
 
-Надтай 50 гаруй уран бүтээлч хамтран ажиллаж байна. Эдний гурав нь л мэргэжлийн жүжигчин, бусад нь хүсэл сонирхлоороо нэгдэж мэргэшсэн, дагалдан хийж байгаа залуус бий. Тэд циркийн урлагийг өөрсдийн хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлөөр сурч өдий дайтай явж байна. Циркийн мэргэжлийн жүжигчнийг Хөгжим, бүжгийн их сургууль буюу Консерваторийн дэргэдэх циркийн танхимд бэлтгэдэг. Тэр ангийг гурван жилд 20 гаруй хүүхэд төгсдөг ч хаана юу хийдэг нь тодорхойгүй. Би 20 жил цирк ажиллуулахдаа гурван мэргэжлийн жүжигчинтэй л ажиллаж байна.
Манайх цэцэрлэгт хүрээлэнд нүүдлийн цирк, зуны цирк ажиллуулах гээд үзээд л байна. Одоогоор 1000 хүн суудаг. Урин дулаан цагаар хүүхдүүд цирктэй танилцаасай. Циркээр хүмүүжээсэй гэж хүсдэг. Цирк бол гэр бүлийн урлаг. Аав ээж, эмээ өвөө, ах эгч, дүү бүгд хамт суугаад үздэг. Хэнийг нь ч нас, хүйсээр хязгаарладаггүй. Гэр бүлийн бүх хүнд таашаал өгөх чадвартай өвөрмөц урлаг юм. Бид ганцхан нийслэлээр хязгаарлагдахгүй. Орон нутгаар явж тоглоно. Машиндаа чихцэлдээд хүүхдийн дотуур байранд хоноод явдаг. Хүмүүс их сонирхоно. Харин тоглолтын өмнө “Цирк гэдэг чинь ямар продакшн билээ” гэж асуудаг. Үзснийхээ дараа дахиулахыг хүсдэг. Циркт хөл тавьснаас хойш  40 жил болчихлоо доо. Монголын циркийн жүжигчдийг хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэх гэж зүтгэж л явна. Залуусыг зөв яваасай, циркийн урлагаас битгий хальтирчихаасай. Энэ хүүхэд циркийн урлагаар явбал илүү амжилт гаргах юм байна, алдахгүй юм байна гэж хардаг нүдтэй, мэдрэмжтэй л болчихдог юм байна. Хамтран ажилласан, над дээр ирж циркийн эрдэмд суралцсан 100 гаруй хүүхэдтэй хамтран ажилласан байдаг.
 
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин