sonin.mn
ШУА-ийн Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгээс эрхлэн “Монголчуудын үйсэн ном" хэмээх сонирхолтой бүтээлийг хэвлэн гаргасан байна. Уг бүтээлийн зохиогч тус хүрээлэнгийн Олон улсын төслийн зохицуулагч доктор, профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн А.ОЧИРТОЙ ярилцлаа.
 
-Таны Японы эрдэмтэн О.Иноүэ, залуу эрдэмтэн Л.Алтанзаяа нартай хамтран бэлтгэж хэвлүүлсэн “Монголчуудын үйсэн ном” бүтээл тун сонирхолтой санагдлаа. Энэ бүтээлийнхээ талаар манай уншигчдад танилцуулна уу?
 
-Монголчуудын үйсэн дээр бичсэн номыг анх миний багш “хөдөөгийн” Пэрэнлэй 1970-аад оны эхээр Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Хар бухын балгас гэдэг газраас олсон байгаа юм. Багш тэнгэрт халихын өмнө надтай уулзахдаа “Чи чадвал Хар бухын балгасыг дахин судалж үзээрэй” гэж захисан. Энэ дагуу бид тэр газарт таван удаа сорилын жижиг малтлага хийсэн юм. Тухайн газарт үлдэж хоцорсон гурван байшинд дээрх малтлагыг хийхэд бүтэн, тал 180 ширхэг үйсэн хуудас олдлоо. Тэдгээрийг судалж үзэхэд бичээсийн агуулга нь өөр өөр байсан ч “Морины шинж” гэсэн нэртэй бүтэн судар байсан. Анх монгол морины шинж байдлын тухай Хөх нуурын эрдэмтэн Ишбалжир XVIII зууны үед ном бичсэн гэж үздэг байлаа. Гэтэл энэ судар XVII зууны үеийн бүтээл болохыг судалж тогтоосон. Үүгээрээ монголчуудын хүлэг морио шинжилж судлах ухаан, боловсрол эртний улбаатайг нотолсон хэрэг юм.
 
Уг судрын дотор “Хүлгийн харгам сайн болбоос хурдны шинж болой” гэж бичсэн байна. Гэтэл “Монголын нууц товчоо”-нд харгам сайт хүлгийн тухай бичсэн байдаг. Үүнээс үзвэл, монголчууд бүр эрт XIII зууны үед морь уналгаа шинжиж байжээ гэж ойлгогдоно. 
 
-Уучлаарай, харгам гэдэг нь морины аль хэсгийг хэлж байна вэ?
 
-Зарим газар бөгтрөг гэж ярьдаг, нурууны төгсгөл, хоёр сүүжтэй уулзаж буй олон ясны уулзвар хэсэг юм даа. Тэр хэсэг нь өндөр морь хурд сайтай, бяр тэнхээтэй байдаг гэдгийг аль эрт сонжиж мэдсэн байжээ.
 
-Ийм нарийн мэдлэг ухааныг яагаад үйсэн дээр бичиж үлдээсэн юм бол. Манайд цаас нэвтрээгүй байсан гэвэл худлаа л байх даа?
 
-Яг ийм саналыг Японы эрдэмтэд хэлж байсан. Гэтэл хусны үйсэн дээр яагаад ном бичдэг байсныг тайлбарласан судар бидэнд олдсон. Учир нь, хус бол бөөгийн шүтээн мод гэж үздэг бөгөөд түүний үйс нь газар тэнгэрийг холбодог хэрэгсэл гэж шүтдэг байжээ. Тиймээс хусны үйсэн дээр шившлэг бичээд хөлдөө зүүвэл муу зүйлд үл гүйцэгдэнэ гэж бэлгэшээдэг байж.
 
Хүзүүндээ зүүвэл аливаа хорлол, муу үйл, хар хэл амнаас хамгаална гэдэг ч юм уу. Эдгээр олон тайлбараас үзвэл монголчууд цаасгүйдээ бус хус мод, түүний үйсээр дамжуулан тэнгэр, газартай холбогдож, ойр байдаг гэсэн шүтлэгийн зан үйлтэй холбоотой. Тийм ч учраас “Хусны үйсэн дээр бичсэн бүхэн илүү увидастай” гэж бичиж үлдээсэн байгаа юм.
 
-Хусны үйсийг номын хуудас мэт болгож боловсруулдаг тун нарийн технологитой байж дээ?
 
-Хусны үйсийг зүсч авахдаа тодорхой хугацаа тогтоож, дараа нь халуун уураар жигнэх, зөөлөн галаар халаах зэрэг уран аргаар боловсруулдаг байжээ. Хар бухын балгаснаас олдсон 180-аад хуудсыг эмхэтгээд үзэхээр 40 орчим ном болж байгаа юм. Түүний дээр эдгээр нь 20 гаруй хүний гараар бүтсэн болохыг гарын тэг (одоогийнхоор бичгийн хэвээр нь ялгах тодорхойлсон. Эндээс дүгнэхэд эртний энэ балгасны орчимд XVII зууны үед Монголчуудын үйсэн номын үйлдвэрлэл (хэвлэх үйлдвэр) явагдаж байжээ гэж хэлж болс байна. Тэдгээр бичгийн бүтээл дотор тах судар, морины шим судар, цагаан хутагт хувилгаадын магтаал, дуулал гээд янзын агуулгатай ном байх жишээтэй.
 
-Үүнээс гадна барын номыг Монголчууд анх хэвлэж байсан гэж сонссон. Энэ тухай ямар мэдээлэл байна вэ?
 
-Яриангүй үнэн. Дэлхийд  Гутенбергийн гэх нэртэй металл барыг Германд анх хийсэн гэж үздэг байсан юм. Гэтэл Өмнөд Солонгосын эрдэмтэн Сун Пу Ги өөрийн нутгаас ганцхан хуудас металл барыг малтлага хийж байхдаа олсон байдаг. Улмаар судлаад үзтэл XIII зууны үед Монголын Буха гэдэг ноён солонгос дархнаар түүнийг хийлгэснийг олж тогтоожээ. Энэ агуу олдвор, судалгааных нь төлөө Германаас Гутенбергийн шагналыг эрдэмтэн Сун Пу Ги-д олгосон байна. Сүүлийн үед зарим судлаач Монголчууд металл барыг Европт тарааж түгээсэн гэдэгтэй санал нийлдэг болж байгаа юм.
 
-Хэдэн зууны тэртээ байсан ч төмөр бар хадгалагдаад үлдсэн байх магадлалтай. Харин үйсэн ном, түүний хуудас яаж өнөө үед хүртэл хадгалагдаж байсан нь сонин байна. Авдар саванд байв уу, хад чулууны завсар үлдэв үү?
 
-Дээр хэлсэн Хар бухын балгаст байгаа чулуун гурван байшингийн шалан дээр унаад нуранги шороон дунд хуйларсан байдалтай л хадгалагдаж байсан. Үүнийг бид олж гаргаад Японы судалгаа шинжилгээний лабораторид илгээж, тэд цэвэрлэж сэргээгээд бэхжүүлсэн байгаа юм. Үйсэн номыг маш нарийн технологиор сэргээн засварладаг хоёрхон лаборатори Япон, Германд л байдаг. Бид япончуудтай хамтарч байгаагийн хувьд төслийн санхүүжилтээр энэ бүхнийг хийлгэсэн.
 
-Таны дурдаж буй Хар бухын балгаснаас өөр газраас үйсэн ном олдсон тохиолдол бий юү?
 
-Бий. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дахь Тавагчийн улаан гэж газраас олдсон үйсэн ном одоо Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа. Хар бухын балгаснаас олсон номууд Улсын түүхийн архивын сан хөмрөгт орсон. “Хөдөөгийн” Пэрэнлэй багшийн олж судалсан нь Үндэсний номын санд байдаг, Тэдгээрийг одоо музейн үзмэр болгож, олон нийтэд үзүүлж харуулах, зургийг нь татаж судалгаа шинжилгээний хэрэглэгдэхүүн болгох зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулж болох юм. Япончууд эдгээр үйсэн номыг сэргээгээд зогсохгүй зандан модоор хайрцаг хийж өгсөн. Энэ нь уг үйсэн номыг хорхой шавжнаас хамгаалж буй шилмэл арга юм байна.
 
-Таны дээр дурдсан 40 ном дотор яг бүтэн болсон нь бий юү?
 
-Эхнээсээ авахуулаад эцсийн хуудас хүртэл бүрдсэн нь одоохондоо байхгүй. Янз бүрийн номын хуудсыг эвлүүлж нийлүүлээд үдэхийг нь үдэж, судар мэт давхарласан нь ч бий. Уг нь судар, номоо хадгалж хамгаалахын тулд урлаж хийсэн модон болон ширэн хавтас цөөнгүй олдсон нь монголчууд номын асар арвин соёл, уламжлалтай байсныг нотолж байгаа юм. Үүнийг сонирхож судалъя гэсэн гадаадын эрдэмтэн цөөнгүй бий.
 
Юуны өмнө монголчууд бид дээрх үйсэн номыг судалж шинжлээд бүтээлээ хэвлүүлэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр бид “Монголчуудын үйсэн ном”-ыг гаргасандаа баяртай байна. Өмнө нь Пэрэнлэй багш маань үйсэн номын судалгаагаар Германд нэг бүтээлээ тайлбар зүүлттэй хэвлүүлсэн байдаг юм.
 
-Бид “хөдөөгийн” Пэрлээ гэж эрдэмтний тухай мэдэх юм. Гэтэл та яагаад Пэрэнлэй гэж яриад байгаа юм бэ?
 
-Өөрийнх нь унаган нэр Пэрэнлэй боловч нутгийнхан нь Пэрлээ гэж дууддаг байсан юм билээ. Тэгээд багш 60 орчим наснаасаа Пэрлээ гэдгээрээ нэршсэн гэж ярьдаг байсан. Уг нь Дамдины Пэрэнлэй гэдэг хүн шүү дээ. “Хөдөөгийн” гэдгийн тухайд бол Багшийн сургууль төгсөөд Хэнтий, Архангайд ажиллаж байхдаа төвийн хэвлэлүүдэд мэдээ, шүлэг илгээдэг байж. Түүнийг нь сониныхон редакторлахдаа “Нөгөө хөдөөгийн Пэрлээ бичжээ" гэж ярилцдаг байсан гэнэ. Таамаглахад, танай “Үнэн” сониныхны л өгсөн нэр байхаа даа.
 
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин