sonin.mn

Олон өгүүлбэр, текст бичихээ азнаад дахиад л зургаар тайлбарлая. Энэхүү М.Туул гэдэг бүсгүй жиргээнд өдөр бүр байнга бодит зөв мэдээлэл тавьдагт нь талархдаг. Маш оновчтой ганц өгүүлбэрээр бичдэг, хөрвүүлдэг. Сураглаад үзтэл яг тэр дайны голомтонд, Украины Харьков хотод аж төрдөг монгол бүсгүй юм билээ. Бид хоёр эчнээ танил. Тэрээр яг одоо галын халуун шугам болсон хэсгийн хоёр зургийг оруулжээ. Хатагтай М.Туул оройд нь бяцхан тайлбар хийсэн байна, би зураг бүрийн дор нэмээд өөр нэг тайлбар хийчлээ. 

 

Тайлбар № 1. Оросын цэргийн тусгай ажиллагааны бүтэлгүйтэл бүхэнд ил болсон. Бүтэн 4 жил Украинд ясаа тавьцгааж байна. Товчоор тодорхойлоход. “Дэлхийн 2-р арми” гэдэг “цол”-оо аль эрт 2022 онд хураалгасан даа, Путины арми. Одоо энэ “цол” онигоо болсон. Орос эх орноо шившиг болгож дууссан. Сониноос баруунд, лав миний амьдардаг энэ Англид “Оросын арми” гэж хэлж, бичихээ больчихжээ. Орос эх орныг нь гутаахгүй гэсэндээ ердөө “Путины арми” гэдэг болж. Анзаараад байвал ганц түүнд армийг нь харьяалуулчихаж.


Тайлбар № 2. Иймхэн газрыг эзлэх гэж бараг 4 жил ухнатаж, мянга мянган Оросын залуус өдөр бүр амь насаа алдаж байна! Харамсалтай! 2014 онд Донбасст эхлүүлсэн нутаг дэвсгэрээ тэлэх дайн шүү дээ. 2022 онд ганц амьсгаагаар Киевийг гурав хоногт, бүх Украиныг 7 хоногт гэж довтолж ороод байж байгаа нь энэ л дээ. Бүтэн жил байлдаад ганцхан хувь ахина гэж байдаг юм уу, орчин үеийн дайнд. Харваас Оросын цэргийн номлол, стратеги тактик, командлалын босоо тогтолцоо XXI зуунд илт хоцорсон нь илт байна. Дайнаа зогсоох нүүргүй болсон Путин Трампыг одоо гуйж байна. Бас дахин шившиг!


Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)                          

2025.12.16. London