sonin.mn

“Үнэнч мөнх андууд” гэдэг Төрийн бус байгууллагын гишүүд мэдээлэл хийжээ. Дэлхийн II дайн ид өрнөж байсан 1942 онд Ховд аймгийн Манхан сумаас тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын Бийск хот хүртэл 1200 тэмээ бүхий жингийн цуваа, 108 хүний бүрэлдэхүүнтэйгээр 230 хоног 240 тонн бэлгийн цувааг хүргэж байсан тухай маш сонирхолтой мэдээ олж сонслоо. Өвөг дээдсийн минь нутаг ус нэр дурдагдсан болохооор аминдаа их л бахархав. Ховд аймгийн ард иргэд “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтанд” цуваанд хувь нэмрээ оруулсан гэхлээр цэл залуухан аав, ээж хоёр минь гар бие оролцож байсан байх нь. Тийм бол дэмжих нь зүйтэй юм гэсэн шүү бодоод мэдээллийг цааш уншиж, бусад эх сурвалжуудыг үзвэл зөвхөн “Орост туслах” юм байна гэж ойлголоо. Асуудал эргэлзээтэй болоод явчихлаа шүү. 


1942 онд Зөвлөлт Орос, Зөвлөлт Украин гээд 15 улсаас бүрдсэн Зөвлөлт Холбоот Улс гэж байсан юм. Харамсалтай нь, монголчууд биднээс үл шалтгаалан ах дүүс байсан тэр 15 улсын хоёр нь өнөөдөр байлдаж байна. Гал усны гашуун зовлон, үхэл хагацал. Оросууд ч, украинчууд ч адилхан хүнд хэцүү байдалд байна.


1942 оны тэмээн жингийн тусламж бараа зөвхөн орос хүмүүст очоогүй байх. Украин болон Зөвлөлтийн бусад үндэстнүүд ч хүртсэн биз. Тэгэхлээр энэ хоёрыг ялгалгүй хоёуланд нь тэнцүү хувь хандив өргөвөл түүхээ дээдэлсэн жинхэнэ “Ардын дипломат” үйл ажиллагаа болж дотооддоо олон хүний дэмжлэг авч, гадаад орчиндоо ч ухаалаг улс үндэстэн харагдах байх. Энэ хоёр улстай Төвийг сахисан манай улсын албан ёсны дипломат бодлоготой ч уялдах байх гэж бодох юм. 


Тэгээд энэ алаг үзсэн байдалд жаахан урам хугараад «Үнэнч мөнх андууд» холбооныхон гэж хэн байна гээд сонирхлоо. Тэд энэ төслөө ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд А.Н.Евсиковт танилцуулсан юм байна. Тэр нь баярын цуглаанд нь оролцоод сүйд.


Энэ чинь Оросын Элчин сайдын Яам, тухайлбал Оросын төр засаг манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, бидний үндэстний эв нэгдлийг хагалан бутаргаж байгаа явдал болж байгаа хэрэг биш үү гэж гэнэт сэжиглэв.

 

Хэрэв Украиныг дэмжигчид Украин руу тусламжийн цуваа илгээхээр зэрэгцэн шуугилдаж, тэднийг Украины Элчин сайдын Яам, тухайлбал Украины төр засаг дэмжээд эхэлбэл яах болж байна? Гэхдээ Европын соёлтой украинчууд манай улсыг хүндэтгээд ийм үйл ажиллагаа явуулахгүй байх л даа. Тэгж гэмээ нь Орос-Украины дайн манайд гибрид хэлбэрээрээ жинхэнээсээ ороод ирнэ гэсэн үг биз дээ? 


Хурандаа Л.Амарсайхан гэгч “Орос, монголчууд нэг нэгэндээ тусалдаг сайхан найз байя” гэж уриалж байгаа нь өнгөц харахад гэмгүй сайхан сэтгэлийн илэрхийлэл мэт боловч дайны галд нэрвэгдэж байгаа хоёр улс үндэстний нэгийг нь ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг онцгүй санагдлаа. Тэгвэл нөгөө тал нь “Украин, монголчууд нэг нэгэндээ тусалдаг сайхан найз байя” гэж уриалаад эхэлбэл яах билээ? Үүнээс болж монголчууд бид хоорондоо эв түнжин хагарвал яах вэ? Ерөөсөө ч сошиалд хөвөрч байгаа сэтгэгдлүүдийг уншихад шууд хагараад эхэлж байна. Энэ хоёр тал сошиалд “зодолдоод” өнгөрвөл ч яахав гэхсэн. Гудамжинд гараад зодолдохдоо хүрвэл яах билээ? Тэр нь даамжраад юу ч болоо билээ? Үүнээс болж улс төрийн намууд, эвсэл холбоод, ТББ-уудын хооронд хагарал хуваагдал үүсэж тэр нь УИХ-ын гишүүдэд халдварлан улмаар улс оронд тогтворгүй байдал үүсвэл яахав? Хоорондоо “зодолдох” энэ хоёр талын хэнийг нь манай төр засаг дэмжиж хэнийг нь дарах болж байна? Энэ үймээнд хэн хариуцлага хүлээх вэ? 

 

Иргэдийн “сайн дурын үндсэн дээр” байгуулагдсан “Төрийн бус” халхавчтай хэсэг бүлэг хүмүүсийг төр засгийн бодлогынх нь эсрэг тухирч дотоодын үймээн самууныг өдөөдөг нь Оросын тусгай албадын гадаад орнуудад явуулдаг үй олон үйл ажиллагааных нь нэг салшгүй хэсэг мөн л дөө. Тэд үүнийгээ “Русский Дом”-уудаараа (манайд РЦНК) халхавчлан явуулдаг гэдгийг гэнэн монголчууд биднээс бусад нь бараг мэддэг, жийрхдэг юм билээ. Тиймдээ ч гадаадын олон оронд “Русский Дом”-уудыг нь хаагаад бараг дуусч байгаа. 


Энэ ч бас гайгүй. Харин ЭСЯ нь фэйсбүк дээрээ мэдээлж ил цагаан оролцдог нь бол номхон хүлцэнгүй манай Монгол л байх даа, хөөрхий. Биднийг ёстой нэг үл тооно. Заримдаа би бүр гайхдаг юм. Бидний Монгол Улс чинь НҮБ-ын бүх гишүүд, бараг 200 улс орон “Бүрэн эрхэт тусгаар тогтносон улс” гээд хүлээн зөвшөөрчихсөн олон улсын нэр хүндтэй субъект шүү дээ. Оросын буриад, тува, алтай, якут биш юмсан. 


Оросын өмнөх Элчин сайд Азизов бил үү, нэг товарищ бүр манай улс төрийн нөлөө бүхий АН руу ил цагаан дайрч загнаад байсныг санаж байна уу? “Гадаадын зэвсэгт хүчнийг нутаг дэвсгэр дээгүүрээ нэвтрүүлэхгүй байх” тухай Монгол Улсыг хуулийг зөрчөөд 2020 оны зун Оросын цэргийн маневр хийгээд гарсныг мартсан уу? Франц улстай хамтран “Цөмийн энерги ашиглах” тухай хэлэлцээд эхлэхлээр яаж саармагжуулж байгааг монголчууд бид ажиглаж л байна. АНУ аль тэртээ 2000 оны эхээр манай төмөр замыг цахилгаанжуулж, хоёр урсгалтай болгоод өгье гэхэд тэд яалаа? 


Оросын төмөр замын Якунин бил үү, нэг дарга нь ирж “загнаад” бид айгаад больчихсон. Хэрэв тэр төмөр зам баригдчихсан байвал өдийд...гэж бодохоор монгол хүний хувьд үнэхээр их харамсах юм. Одоо байгаа төмөр замаа харчих даа. Галт тэрэгнийх нь зүтгүүр шатаж байгаа юм шиг бөөн утаа май тавиад уухилж байгаа зураг бичлэг хаа сайгүй явж байсан. ХХ зууны хоцрогдлын сонгодог жишээ нь Оросын төмөр зам өөрөө. Орос “ах” ч биднийгээ мөн ч их дээрэлхэх юм даа. АНУ-аас авчирсан хоёр бил үү, хэдэн зүтгүүрээс болж төмөр зам ах нартаа ёстой алуулан алдсан даа. Хамгийн гайхмаар нь Монголыг маань хорлох энэ бүх сөрөг үйл ажиллагааг өнөөх “Ояа” хоч хүртсэн “монгол” хүмүүс их дэмждэг. Бүр нүдэндээ доголон нулимстай шүү.

  

Иймэрхүү сөрөг сэтгэгдэл төрөөд энэ “тэмээн жинчид”-ийг цааш нь гүнзгий сонирхлоо. Тэд “Найрамдал:Үнэнч мөнх андууд” гэдэг фэйсбүктэй юм байна. Постууд нь тэр чигээрээ Оросыг дэмжиж, Украиныг эсэргүүцсэн (үзэн ядсан) агуулгатай. Тэгэхлээр өнөөх л “Ояа” гээчдийнх байх нь. “Посольство России в Монголии”, “Русский Дом в Улан-Баторе” (Российский Центр Науки и Культуры, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар) гэдэг фэйсбүк хаягнууд байна. Эдгээр мэдээллийн платформууд “тэмээн жинчид”-ийг нэгэн зэрэг дэмжсэн сурталчилгаа зэрэг явуулж эхлээд байгаа нь Орос, Украин хоёр улстай төвийг сахисан Монгол Улсын албан ёсны дипломат бодлоготой зөрчилдөж байгаа нь ямар учиртай юм бол гээд гайхаж бас түгшиж байна,  

Гэхдээ энэ бол миний л цөлх хар ухааны бодол төдий юм шүү. Ойлгоно уу. За, ойлгоогүйдээ ч яахав ээ. Let It Be.  


Тодын Отгонбаяр (Лондон зураач)                                           

2025.12.05