sonin.mn

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв. Үргэлжлүүлье.

 

Өнөөдрийн дайнд уг нь Орос буруутай тухай баримт захаас аван олон байна. 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг тараасан гурван удирдагч нь Зөвлөлт Орос, Зөвлөлт Украин, Зөвлөлт Беларусийнх байсан. Тэр гурав одоо байгаа нутаг дэвсгэр дээрээ үндэсний төрт-улсаа тусгаар тогтнуулж, харилцан хүлээн зөвшөөрцгөөсөн.


1991 оны улсын хил нь жинхэнэ зөвшөөрөгдсөн Улсын хил. Оросын хүлээн зөвшөөрсөн Украины хил нь явсаар байгаад 12 жилийн дараа Улсын хилийн тухай тусдаа гэрээгээр баталгаажсан. Орос-Украины Улсын хилийн тухай гэрээг ОХУ одоо улан дороо гишгээд хаячихсан юм билээ л дээ. Путин өөрөө 2003 онд гарын үсэг зурж, 2004 оноос хүчин төгөлдөр мөрдөж байсан гэрээгээ 2014, 2022 онд хоёр удаа хөсөрдүүлсэн баримт дэлгэе.


Хоёр улс 2003 оны гэрээгээр босоо тэнхлэгээр хуурай газар, ус, хөрс, агаарын хилээ хуваасан. Хоёр талаасаа буулт хийж байж тохиролцлоо гэсэн Путины үгс ч байна. Орос, Украин, Беларусь гурван улсын хилийн уулзварыг тогтоосныг эрхбиш Беларусь нь хараахан зөрчөөгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр Киевт уг гэрээнд 2003 оны нэгдүгээр сарын 28-нд хоёр улсын Төрийн тэргүүн гарын үсэг зурж, Гэрээг Украин нь 2004.04.20-нд Дээд Радагаараа, ОХУ нь 2004.04.22-нд Төрийн Думээрээ батламжилжээ.


Батламжилсан тухай Жуух бичгээ хоёр тал 23-ныхаа өдөр солилцож Гэрээг хүчин төгөлдөр мөрдөж эхэлжээ. 2003 оныхоо 12 дугаар сарын 24-нд Азовын тэнгис, Керчийн хоолойг ашиглахад хамтран ажиллах тухай гэрээ байгуулжээ. 2010.07.29-нд Украин-Оросын Улсын хилийн демаркацын тухай хэлэлцээр байгуулснаар Улсын хилийн шугам улам тодорхой зурагдах эрх зүйн үндэс буй болжээ.

 

Гэтэл. Гэтэл яг ингэж тодорхой болгохыг ОХУ удтал саатуулж будлиулж байсан гэх баримт одоо ил болсон. Хилийн багана, тэмдэгт, зурвас буй болгохыг Орос эсэргүүцээд Украин нь ганц талаасаа хийж гүйцэтгэсэн явдал олонтаа. Газар орон дээр Улсын хилээ баганажуулах тэмдэгжүүлэх тухай Украины Сайд нарын Танхимын тогтоол хожуу ч гэсэн 2015.05.14-нд батлагдаж байжээ. Хожуу гэдэг нь 2014 онд ОХУ-аас Украины эсрэг хэрэг дээрээ түрэмгийлж эхэлснийг нь хэлж байна. 2014 оноос Орос нь Орос-Украины Улсын хилийн тухай гэрээг санаатайгаар зөрчиж, хоёр талын олон гэрээ, хэлэлцээрийг улан дороо хийснээс гадна олон улсын хууль–эрх зүйн үндсэн хэм хэмжээ, зарчмуудыг ноцтой зөрчсөөр 2022 оны “Тусгай ажиллагаа” нэртэй дайнд хүргэжээ. Гэрээ зөрчсөн буруутан нь хэн бэ гэдэгт дэлхий нийтээрээ нэгдмэл ойлголт руу хүрнэ, тун удахгүй. 2022.02.24-ний үүр шөнөөр ОХУ Украин руу бүрэн хэмжээний халдлага өдөөсөн. Яалаа? Ямар нэг “хариу арга хэмжээ” байгаагүй. Энэ бол шууд эхлүүлсэн довтолгоон. Украин Орос руу халдаагүй шүү дээ. Украин Оросын хотуудыг бөмбөгдөөгүй. Украин олон улсын хил давуулан цэрэг илгээгээгүй. Үүнийг Орос л хийсэн. Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. ОХУ, Путин энэ дайныг санаатайгаар дэгдээсэн, түүндээ олон жил санаатайгаар бэлтгэсэн тухай баримт сөхөж байна.


Оросын өөрийнх нь хүсэл тааллын эргүүлгээс гараад явчихвал байгуулсан ямар ч гэрээ, хэлэлцээр Кремльд огт хамаагүй, яаж ч нулимаж болно. Украинд Ерөнхийлөгчийн сонгуулиар Европтой хамтран ажиллана гэсэн шинэ нэр дэвшигч ялснаар тэгж нулимах шалтаг бүрдсэн. Нулимахын тулд гүтгэчихнэ.


Гүтгэлэгээ мянган удаа давтдаг Геббельсийн зарчмаар явуулчихна. Хорин нэг дэх жилдээ тэгж гүтгэж байна. Тэгж тархи угаасны дараа түрэмгийлчихнэ. XXI зуунд инээдэм онигоо юм даа. Путинтай Улсын хилийн гэрээнд гарын үсэг зурсан Леонид Кучма нь:–Путин Украиныг устгахыг хүсч байна. Украины дараа Молдова, Казахстан, Гүрж рүү халдана. Оросын түрэмгийллийн газар зүй өргөжсөн тохиолдолд Литва, эсвэл Польш аюулд учрахаасаа илүүтэй НАТО-гийн гадна байгаа постсовет БНУ-ууд аюулд өртөнө. Молдова, Умард Казахстанд мэдрэгдээд эхэллээ. Энэ утгаар Гүржийн нэр ч цухалзлаа. Орос гэдэг чинь өөрөөс нь аль сул дорой руу нь л халддаг юм гээд өнөөдөр анхааруулаад сууж байна.




Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)