sonin.mn
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулган Нью-Йорк хотноо өнгөрсөн сард боллоо. Тус чуулганы ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
"Өнөөгийн дэлхий ертөнц ээдрээ түвэгтэй, зарим талаар эмх замбараагүй, өрнөл нь тодорхой бус, таамаглахад бэрх болсон гэлтэй. Даамжирсан зөрчил мөргөлдөөн, ужгирсан ядуурал, өлсгөлөн, терроризм ба хэт туйлшрал, уур амьсгалын хурдацтай өөрчлөлт зэрэг өсөн нэмэгдэж буй олон сорилттой бид тулгарч байна. Ардчилал урьд өмнөхөөсөө илүүтэйгээр түгэн дэлгэрч байгаа ч түүний бат бөхийг сорьсон сорилтууд гүнзгийрсээр байна. Тэгш бус байдал улам бүр газар авч, дэлхийн улс орнуудын батлан хамгаалахын зардал, зэвсэглэлээр өрсөлдөх явдал нэмэгдэж, олон улсын тогтсон хэм хэмжээ, институцийг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх байдал суларсаар байна. Олон талт үзэл санаа улам бүр сорилт бэрхшээлтэй тулгарах боллоо. Товчхондоо энэ бүхэн заримдаа 1990-ээд оноос өмнөх дэлхий ертөнцийг санагдуулж байна. 
 
Гэтэл, хүйтэн дайны эрин үе аль хэдийн ард хоцорсон билээ. Тэр үед нэг нь нөгөөгөө эгнэгт үгүйсгэдэг, эрс тэс хоёр үзэл суртлын хооронд оршин тогтнохын төлөөх тэмцэл ноёлж байсан. Тэр бол оршин тогтнохын төлөөх тэмцэл байсныг дахин тэмдэглэе. Тэр үетэй харьцуулахад өнөө цагт терроризм, уур амьсгалын гамшгаас  өөр бидний оршин тогтнолд заналхийлсэн дайсан байхгүй гэхэд болно. Дэлхийн улс орнуудын дийлэнх нь гадаад бодлогын баримт бичиг болон үндсэн хууль, бусад хууль тогтоомждоо дайн, хүчирхийллийг хориглосон байдаг. Улс орнууд улс үндэстнийхээ хөгжил дэвшил, өсөлт цэцэглэлтийг үндсэндээ өөрсдийн хууль тогтоомжийн хүрээнд, олон улсын хамтын ажиллагаанд түшиглэн хангахыг зорьж  байна.
 
Энэхүү түгээмэл нөхцөл байдлын зэрэгцээ олон нийт урьд өмнө нь байгаагүй өндөр мэдлэг боловсролтой болж, асар их мэдээллийн урсгалд автаж, шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил зэргээс үүдэн хүмүүний оюун санаа, ухамсар нь хийсвэр хоосон шалтаг, сэдэлд автахааргүй бядтай болон төлөвшсөн гэсэн итгэлийг төрүүлж байна.  
 
Мэдээллийн технологийн эрин үеийн нийгмийн өөрчлөлтүүдийг бид бүрэн дүүрэн ойлгож амжаагүй л явна
 
Тийм ч учраас орчин цагт бид олон улсын аливаа хэлэлцүүлгийн үеэр өдөөн хатгасан, сөргөлдөөн дагуулсан байдалтай учрахдаа тэр нь хүчирхийлэлд хүргэсэн үйлдэл болтлоо хурцдахгүй биз ээ гэсэн найдлага тээж байх шиг санагддаг. Харин энэ нь бидний оюун санаа, хүмүүнлэг чанар, ухамсартаа хэт итгэсэн эндүүрэл байж ч мэдэх юм.
Хүмүүн бол уг чанартаа нийгмийн амьтан гэдгийг бид мартах учиргүй. Түрэмгийлэл, уур хилэн нь ямагт хариу түрэмгийлэл, уур хилэнг дагуулдаг. Түүнчлэн нийгмийн сүлжээгээр өөр хоорондоо нягт холбогдсон нийгэмд хэсэг бүлэг этгээдийн уур бухимдал нь хоромхноо олныг хамарсан бухимдал, тэмцэл болон өргөжиж болох эрсдэл нэмэгдэж байна. Энэхүү шинэ тутам бөгөөд өвөрмөц нөхцөл байдлыг ямагт санаж байхад илүүдэхгүй. Мэдээллийн, технологийн эрин үеийн нийгмийн өөрчлөлтүүдийг бид бүрэн дүүрэн ойлгож амжаагүй л явна. 
Дээрх бүрэн танигдаж судлагдаагүй бодит байдлын зэрэгцээ бидний үзэл бодлын ялгааг амьдралын сайн сайхан зүйлсийн хамт нэг мөр, бүрмөсөн үгүй хийж чадах цөмийн зэвсгийн асар их нөөц  байгааг мартаж болохгүй. Тийм байдлаар бид өөрсдийн  үзэл бодлын ялгааг арилгах нь зөв зам огтхон ч биш. Бид өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд цөмийн зэвсгийн бодит аюул дагуулсан дайсангүй амьдарч ирсэн тул дэлхийд энх тайван тогтов хэмээн сэтгэл амирлаж, улмаар энэхүү эндүүрэлдээ хөтлөгдөн сөрөг үр дагаврыг нь эс тооцон хүссэн бүхнээ хэлж ярьдаг болсон байна. Гэтэл өнөөгийн орчин нөхцөлд хүмүүс бид оюун ухааныхаа хүч бядыг хэтрүүлэн үнэлж, амьтны араншиндаа хөтлөгдөх эрсдэлийг дутуу үнэлж болохгүй.    
 
Бидний амьдарч буй өнөөгийн ертөнц бүх зүйл болж бүтэж буй мэт харагдан төөрөгдүүлдэгээ больж, хатуу хөтүү мөн чанараа хайр найргүй дэлгэн таниулж эхэлсэн. Энэ нь хүмүүст бодож тунгаах, эрсдэл, аюулаа бодитоор дахин үнэлэх хэрэгцээ шаардлага байгааг сануулж буй хэрэг юм. 
Хүйтэн дайны эрин үетэй харьцуулахад өнөөдөр дэлхийн улс үндэстнүүд ахан дүүсийн холбоотой байгааг бид хүлээн зөвшөөрөх учиртай. Тиймээс эн түрүүнд бие биедээ хүндэтгэлтэй хандан, ойлголцож чадвал бидэнд шийдвэрлэх боломжгүй зөрчил, маргаан гэж байх ёсгүй билээ. 
 
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын хямралыг даван туулахын төлөө хамтын хүч чармайлтаа эрчимжүүлэхээр олон улсын хамтын нийгэмлэг өнгөрсөн долоо хоногийн өндөр түвшний уулзалтуудаар шийдвэрлэлээ. Нийгмийн хамгийн эмзэг, тусламж дэмжлэг эс хүртэж буй хэсэгт юуны түрүүнд хүрч ажиллах замаар ирэх арван жилд амлалтаа ажил хэрэг болгохыг Монгол Улс тууштай дэмжиж байна. 
 
Уур амьсгалын хямралыг даван туулахын төлөө хамтын хүч чармайлтаа эрчимжүүлэхээр олон улсын хамтын нийгэмлэг шийдвэрлэлээ
 
Энэ ялдамд Уур амьсгалын үйл ажиллагааны дээд түвшний уулзалтыг энэ долоо хоногийн эхээр манлайлан зохион байгуулсан Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррест баяр хүргэе. 
 
 
 
Энэхүү уулзалтын дүнд 2050 он гэхэд 77 улс, 100 гаруй хот нүүрсхүчлийн хийн ялгаралтыг тэглэж, 2020 он гэхэд 70 улс Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь хандиваа ахиулахын зэрэгцээ хэдэн арван засгийн газар Уур амьсгалын ногоон санд оруулж буй хувь нэмрээ хоёр дахин нэмэгдүүлэхээ зарласан нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдвэртэй тэмцэж эхлэхэд түрлэг болж чадлаа. 
Шинжлэх ухааны судалгаагаар Цельсийн 1.5-аас дээш агаарын хэм өсөх нь хүний амьдарлыг тэтгэгч экосистемийг сүйрүүлж, нөхөж болшгүй хохирол учруулахыг нотолсон. 
 
Хөгжиж буй бусад олон орны нэгэн адил Монгол Улс дэлхийн дулааралд хамгийн бага нөлөөлдөг. Гэтэл сүүлийн 80 жилийн хугацаанд манай улсын цаг уурын жилийн дундаж нь Цельсийн 2.26 хэмээр нэмэгдсэн байна. Үүний уршгаар газар нутгийн 77 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн. Мөн сүүлийн 40 жилийн хугацаанд мөнх цэвдгийн хэмжээ  хоёр дахин багасаж, 800 гаруй нуур ширгэжээ. 
 
Манай орны хөдөөгийн хүн амын 80 гаруй хувийн ахуй амьдрал байгаль орчин, цаг агаараас шууд хамааралтай байдаг учраас уур амьсгалын өөрчлөлт нь манай ард иргэд, тэдний ахуй амьдрал, улс орны эдийн засагт хэдийн мэдэгдэхүйц хор хөнөөл учруулах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгаралтыг 14 хувиар бууруулах амлалтаа зохих ёсоор биелүүлж байгаа. Цаашид ч эл амлалтаа нэмэгдүүлэх зорилт тавьж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого, хууль тогтоомжоо боловсронгуй болгож байна.
Монгол Улс нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30  хувь болгон нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газар сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг салхи, нар, усан цахилгаан станцад нэвтрүүлсэн ба холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд ажиллаж байна. 
Түүнчлэн, нар, салхины эрчим хүчний нөөц бололцоогоо ашиглан Зүүн Хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, ажлын байр бий болгох, нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулах зорилгоор Эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг уялдуулах үүрэг бүхий олон талт институцийг бий болгохоор ажиллаж байна. 
Монгол Улс Зүүн Хойд Азид эрчим хүчний аюулгүй байдал төдийгүй энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Бүс нутгийн аюулгүй байдлын яриа хэлэлцээний механизм бий болгох саналыг Монгол Улс анх 1980-аад оны эхээр дэвшүүлж байсан. 
 
Хожим нь 2000 онд АСЕАН-ы бүсийн чуулганы Сайд нарын уулзалтын хүрээнд Зүүн хойд Aзийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтыг зохион байгуулж, маргаан багатай асуудлаас хэлэлцэж эхлэхийг санал болгож байв. Тухайн үед зарим нэг улс ийм яриа хэлэлцээнд оролцоход бэлэн бус байсан. Харин одоо ийм мэт боломжийг ашиглах илүү таатай цаг үе ирсэн байж мэднэ. Тиймээс миний бие энэ оны 8 дугаар сарын 2-ны өдөр Бангкок хотноо болсон АСЕАН-ы Бүсийн чуулганы Сайд нарын уулзалтын үеэр энэхүү саналыг дахин дэвшүүлээд байна.
 
Монгол Улс нь бүс нутаг төдийгүй дэлхийн аль ч улстай газар нутаг болоод улс төрийн хувьд ямар нэгэн маргаангүй Зүүн хойд Ази дахь цорын ганц улс юм. Бид ажил хэрэгч, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэх, бүх талын оролцоог хангасан зохистой талбар бий болгохыг зорьж байна. 
2014 оноос хойш жил бүр бидний зохион байгуулж ирсэн Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал нь яриа хэлэлцээг урагшлуулах, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, шаардлагатай тохиолдолд харилцан буулт хийх арга замыг эрэлхийлсэн нээлттэй тавцан болон төлөвшиж чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Эл хурлаар хэлэлцдэг асуудлын хүрээ нь уламжлалт аюулгүй байдлын асуудлаас гадна эрчим хүч, дэд бүтэц, ногоон хөгжил, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэргийг хамрах болж өргөжсөн юм. 
 
Зүүн Хойд Азийн аюулгүй байдал түвэгтэй хэвээр байна
 
Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсгээс ангид статустай улсын хувьд бид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө тууштай зогсдог бөгөөд гол оролцогч улсуудын хооронд болсон дээд түвшний уулзалтуудыг сайшаан дэмжиж байна.
 
Яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, АНУ, БНАСАУ-ын хамтарсан мэдэгдэл болон НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг хэрэгжүүлэхийн чухлыг бусдын адил онцлон тэмдэглэмээр байна. Мөн Солонгосын Хойгийн цэрэггүй бүсийг олон улсын энх тайвны бүс болгох тухай Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний есдүгээр сарын 24-ний өдөр дэвшүүлсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлье.
Хүн төрөлхтөн, эх дэлхийн тогтвортой хөгжлийг хангах нь амар хялбар ажил биш боловч бид бүгдийн цаашдын хувь заяа түүний үр дүнгээс хамаарах болоод байна.  Хүн төрөлхтний илүү мэдрэгдэх болсон харилцан хамаарал нь биднээс ирээдүйнхээ төлөө улам бүр үр дүнтэй глобал түншлэл хөгжүүлэхийг шаардаж байна. 
 
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд түүнийг Тогтвортой хөгжлийн зорилтууд болон хөгжлийн санхүүжилтийн тухай Аддис Абэба-гийн үйл ажиллагааны хөтөлбөртэй нягт уялдуулах шаардлагатай байна. Ирэх 12 дугаар сард болох Венийн хөтөлбөрийн эхний 5 жилийн хэрэгжилтийг хянан хэлэлцэх хурлаас холбогдох зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн замын зураг батлан гаргана гэдэгт итгэж байна.    
Газарзүйн онцлогоосоо улбаалан далайд гарцгүй хөгжиж буй орнууд чамгүй сорилт бэрхшээлтэй тулгарч буйгаас гадна дэлхийн худалдаанд зохих хэмжээнд оролцох боломжгүй хэвээр байна. Дэлхийн экспортод эзлэх эдгээр орны нийт хувь 2014 онд 1.2 хувь байсан бол 2018 онд 0.98 хувь болж буурсан бөгөөд экспортын дийлэнх хэсгийг түүхий эд эзэлж байна. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг бүтээх, дэд бүтцийг хөгжүүлэх, институцийн болон боловсруулах чадавхийг нэмэгдүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг өргөтгөх зэрэг чиглэлээр олон улсын дэмжлэг туслалцаа нэн чухал байна.       
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг урагшлуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж, 2006 онд олон улсын судалгааны төв байгуулахыг санаачилсан зэргээр бид Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж буйг тэмдэглэхэд таатай байна. Улаанбаатар хотноо төвтэй энэхүү олон улсын судалгааны төв нь нотолгоонд суурилсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх, бүс нутаг, олон улсын хурал семинар зохион байгуулах зэргээр далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгамдсан хөгжлийн асуудлаарх олон улсын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байна.    
Энэхүү мэдлэг, оюуны төвийн үйл ажиллагааг дэмжихийг бүх гишүүн улс болон хөгжлийн түншүүддээ уриалж байна. Монгол Улсын Засгийн газрын хувьд сүүлийн хэдэн жилийн хугацаанд 100,000 ам.долларыг жил бүр уг байгууллагад хандивлаж ирсэн.   
 
Өнөөдрийн ээдрээт цаг үед ардчилал дэлхийн олон өнцөгт сорилттой тулгарч байна. Зарим улс сорилтын өмнө сөхөрч байгаа бол бусад нь түүнийг даван туулж, улмаар ард иргэдийнхээ эрх мэдлийг баталгаажуулж байна.
1990 онд буюу одоогоос бараг 30 жилийн өмнө Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийг баримжаалах түүхэн сонголтоо хийсэн. Олон намын тогтолцоо, парламентын ардчилал, чөлөөт сонгууль, нээлттэй зах зээл, хүний эрх болон хуулийн засаглалд хүрэх зам дардан байгаагүй ч бид ардчиллыг хөгжүүлж чадсандаа, түүний ололт амжилтаар бахархдаг. Өнөөдөр манай иргэд хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлж, хувийн өмчтэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хаана ч чөлөөтэй зорчиж байна.     
 
Ардчилал хувь хүний заяагдмал нөөц бололцоо, чадамжийг нээн өгдөг бөгөөд эдүгээ манай дотоодын нийт бүтээгдэхүүний 80-аас илүү хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна. Мэдээлэл олж авах эрх болон эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хэрэгжүүлснээр ил тод байдал, онлайн ба оффлайн нийгмийн харилцаа, үг хэлэх эрх чөлөөг баталгаажуулж  байна.    
Түүнчлэн, Монгол Улс чадахуйн зарчимд суурилсан төрийн албыг бэхжүүлэх, төрийн албаны хүнд сурталыг багасгах, хууль дээдлэх ёсыг хангах, авлигатай тууштай тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 
Олон улсын хэмжээнд Монгол Улс Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын бага хурал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Онлайн эрх чөлөө эвсэл зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллага, механизмыг манлайлж, ардчиллын сургамжаасаа бусад улстай хуваалцаж ирсэн.      
Ардчиллыг бэхжүүлэхийн тулд түүнийг байнга тордон сайжруулж байх нь дамжиггүй. Тэр ч утгаар манай Улсын Их Хурлаас 1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд хяналт-тэнцэлийг сайжруулах, шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулах, хот болон орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зэрэг засаглалын шинэчлэлийн асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байна.    
Энэхүү үйл явцад ард иргэдийн идэвхтэй оролцоо амин чухал болохыг харгалзан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахаар хэлэлцэж байна. Манай улсын ардчилсан шилжилтийн 30 жилийн ойг тохиолдуулан Олон улсын ардчиллын өдрөөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд хандан ирүүлсэн илгээлтдээ “иргэдийн идэвхтэй, бодит, утга төгөлдөр оролцоог хангахыг бүх Засгийн газарт уриалсан”-тай бид санал нэг байна.
 
Дэлхийн нийтийн асуудлыг шийдвэрлэхэд залуу үеийн бүтээлч оролцоо нэн чухал
 
Манай гарагийн залуучуудын тоо 1.8 тэрбум болсон нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт юм. 
Залуу үе бол шинэ санаа, бүтээлч хандлага, эрч хүчний эх ундарга юм. Дэлхийн нийтийн асуудлыг шийдвэрлэхэд залуу үеийн бүтээлч оролцоо нэн чухал. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг шаардаж, шударга ёс ба хариуцлага нэхсэн сая сая залуусын жагсаал үүнийг нотлон харууллаа. Тэдний шийдвэртэй алхам Уур амьсгалын асуудлаарх дээд түвшний уулзалтыг үр дүнтэй болгоход чухал нөлөө үзүүллээ.     
Залуучуудын дунд энхийн соёл, хүчирхийллээс татгалзах, хүлцэн тэвчих соёлыг түгээн дэмжихэд нийгмийн сүлжээний мэдээллийн хэрэгслийг түлхүү ашиглах зорилгоор өнгөрсөн дөрөвдүгээр сард манай яам Facebook компанитай хамтран “Энхтайвны ном чуулга уулзалт” (Peacebook Forum) хэмээх өвөрмөц арга хэмжээг зохион байгуулсан.     
 
Түүнчлэн Гадаад харилцааны  яамнаас НҮБ-тай хамтран Залуучууд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх Зүүн Хойд Азийн чуулга уулзалтыг 2019 оны 6 дугаар сард анх удаа зохион байгуулсан. Мөн үеэр “Олон улсын харилцааны Энхтайвны ном” (Peacebook Journal of International Relations) цахим сэтгүүлийг бий болгох тухай манай санаачилгыг оролцогчид талархан хүлээж авсан.
 
Олон улсын тулгамдаж буй асуудлаар дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэн судлаач болон энхийг тогтоогч нарын туурвисан судалгааны ажлыг энэхүү сэтгүүлд хэвлэн нийтлэх юм. Ийм сэтгүүл бий болгохын ач холбогдол нь энхийн соёл, хүлцэн тэвчих дадлыг төлөвшүүлэх, соёл болон шашин хоорондын яриа хэлэлцээг хөхиүлэн дэмжих, зөрчил мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг шийдвэрлэх зэрэг шийдвэр гаргах ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд оршино.
Цаашлаад дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх залуучуудын шүүмж бүхий аналитик, академик сэтгэлгээг урамшуулах, судалгаа шинжилгээний бүтээлч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор “Энх тайван-Дэвшил-Хөгжил Цэцэглэлт-Амлалт” (the Peace, Progress, Prosperity, Promise Award) хэмээх шагнал бий болгох саналыг дэвшүүлээд байна.   
Эдгээр санаачилгыг ажил хэрэг болгохын төлөө бид сонирхсон бүх түнш, түүний дотор Залуучуудын асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай элчтэй хамтран ажиллах болно.  
 
Нэгдсэн Үндэстний Байгууллагын 75 жилийн ой хаяанд ирсэн энэ цаг үед олон талт дипломат ажиллагааны дэлхийн төв болсон уг байгууллагын үйл ажиллагааг Монгол Улс тууштай дэмжин ажиллахаа үүгээр дахин нотолж байна.   
 
НҮБ-ыг өнөө үеийн олон сорилт бэрхшээлийг даван туулах бүрэн чадавхитай болгох зорилгоор энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн тогтолцоо, менежментийг боловсронгуй болгох, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр Ерөнхий нарийн бичгийн даргаас авч хэрэгжүүлж буй зоримог шинэчлэл, санаачилгыг манай төлөөлөгчид сайшаан дэмжиж байна.      
Хэн нэгнийг, аль нэг улс орныг ардаа орхилгүйгээр энх тайван, аюулгүй байдлыг хангах, хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон талт дипломат ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хамтын хүч чармайлтаа бид улам бүр нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэв.