sonin.mn
Маэстро Ж.Бүрэнбэх эрхэм таныг тоглолтдоо урьж байна. Амьдралынхаа хагас зуун жилийг Монголын соёл урлагийн салбартай холбосон тэрбээр үзэгчдэдээ тайлангаа тавихаар болжээ. Гадаад, дотоодын арвин бүтээлтэй энэ эрхмийн түүвэрлэсэн шидээврийг УДБЭТ-т энэ сарын 30-нд буюу өнөөдөр хүрэлцэн ирж үзэх боломжтой юм.
 
 
-Монгол Улсын Ардын жүжигчин болсноосоо хойш хийж буй таны анхны тоглолт энэ байх. Залуу уран бүтээлчдэдээ боломж олгоё гэж бодов уу. Тайлан тоглолтоо хийхээр болсон шалтгааныг асуумаар байна?
 
 -Тийм ээ. Би Ардын жүжигчин болсноосоо хойш тоглолт хийгээгүй. Бөх эрт зодог тайлдаг учир нь залуучуудад унаж, зүлэг ногоон дэвжээгээ арчихгүйг боддог байх. Харин удирдаач бол цаг хугацаа өнгөрөх тусам туршлагажиж, мэдлэг зузаарч, бүтээх туурвих хүсэл эрмэлзэл нь нэмэгддэг. Тиймээс удирдаачийг “Зодог тайлж байна’’ гэж болохгүй. Японы нэгэн судалгааны байгууллагаас сонирхолтой мэдээ гаргасан байсан. Судалгаанд 90-ээс дээш насныхныг ахмад настан гэж тодорхойлсон байна билээ. Энэ бүгдээс ажиглаад дүгнэхэд надад уран бүтээл хийх хугацаа нэлээд бий гэдгийг ойлгосон. Тайлан тоглолт хийж буйн шалтгаан нь би УДБЭТ-т он удаан жил ажиллалаа. Одоо бага зэрэг амармаар байна. Гэр бүлийнхэн маань гадаадад байдаг учир гадагшаа явна. Тиймээс залуучууддаа дохиураа өгье гэж бодсон хэрэг. Тэд өөрсдөө биеэ дааж авч явах хэрэгтэй. Биднийг байгаа дээр залуу үеийнхэн дасч дадах, сурч боловсрох ёстой. Тоглолтын хувьд 40 жил хийж бүтээсэн ажлаа нэг орой, дөрвөн цагт багтаан тайлагнаж чадахгүй. Тиймээс томоохон бүтээлээсээ түүвэрлэн хүргэнэ. Тоглолтын хөтөлбөр УДБЭТ-т байхдаа ажилласан бүтээлээр хязгаарлагдахгүй. Хувь уран бүтээлээс гадна гадаадын, хамтарсан зэргээр түүвэрлэн оруулах юм.
 
-УДБЭТ-ыг удирдаачгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс та нэлээд эртнээс залгамж халаагаа бэлтгэсэн байх?
 
-УДБЭТ-т ажиллаж байгаа болон гадаадад суралцдаг шавь нар бий. Аливаа зүйл ундарч байх ёстой. Одоо манай театрт гурван удирдаач ажиллаж байна. Миний үед ч ахмад уран бүтээлчдийнхээ ажлыг үргэлжлүүлэн авч байсан. Үүний адил бидний залгамж халаа ажпаа хийх хэрэгтэй гэж боддог. Миний гарын шавь одоо БНСУ-ын Хөгжмийн дээд сургуульд сурч байгаа. Энд байхдаа хөгжимчнөөр 10 орчим жил ажилласан хүн байдаг.
 
-Та Ардын жүжигчин болсныхоо дараа “Дахиад хэдэн жил ажиллана, хийх ажил байгаа”гэсэн. Тэр ажлаа хийж амжсан уу?
 
-Одоо ч гэсэн хийж л байна. Тайлан тоглолтоо хийчихээд Монголоос нэгмөсөн явчихгүй. Монголдоо ирнэ. Энд байх хугацаандаа тоглолтоо хийнэ. Ер нь чөлөөт уран бүтээлч хаана юу ч хийж, явж болно шүү дээ. Хийх, гүйцэтгэх ажил олон бий. Монгол Улсын филармонийнхонтой хамтран уран бүтээл хийх байх. Томоохон нэг бүтээлийг тоглоё гэж эртнээс бэлтгэсэн. Энэ жилийн төсөв дууссан учир ирэх онд хийх талаар театрынхантайгаа ярилцсан. Бид өнгөрсөн хугацаанд их зүйл хийж амжуулсан. Гэхдээ хөгжмийн том байгууллага дуурь, балетаас гадна томоохон хэмжээний дуулаачийн бүтээлийг тоглож байх учиртай.
 
 
Монголын урлагийг олон улсын түвшинд харуулах ёстой сонгодог концертыг хааяа хийж байх ёстой юм. Тийм бүтээлийг би барьж авч бэлтгэсэн. Их өргөн бүрэлдэхүүнтэй тоглодог болохоор хөрөнгө мөнгө шаарддаг. Тиймээс би сайдад төсөв зардлаа хэлж танилцуулсан. Ирэх оны төсөвт суулгаж өгөхөөр болсон. 
 
 
-Таны гэр бүлийнхэн Америкт ажиллаж, амьдардаг. Та нэгэн ярилцлагадаа барууны театр, уран бүтээлийн талаар дурдсан байсан. Магадгүй үүнээс улбаалан тэнд таныг урьсан юм биш байгаа гэсэн бодол төрснөө тодруулмаар байна? 
 
-Одоогоор тийм санал ирээгүй байна. Хэрвээ тийм аз таарвал зөвшөөрнө. Би хаана ч ажилласан “Монгол Улс’’ гэдэг үг надтай үргэлж хамт явна. Бид өнгөрсөн хугацаанд гадаадын орнуудаар олон ч удаа явж тоглолоо. Франц, Солонгос, Хятад, Орос гээд нэрлэвэл олон. Уран бүтээлч хүн хайрцаглагдаж болохгүй. Одоо надад хийх ажил их байна. Дээр нь сайхан бүтээлүүдийг сонсмоор. байна шүү дээ. Юм үзэж нүд тайлж, чихээ онгойлгох их чухал.
 
-Тоглолтын дараа хилийн дээс алхах уу?
 
-Монгол Улсын консерваторид удирдаачийн анги нээсэн. Тэр ангийнхныг төгсгөж байж явахгүй бол болохгүй. Тиймээс ирэх арванхоёрдугаар сард улсын шалгалтыг нь өгүүлчихээд явна. Яг явчихъя гэхээр дуусгаагүй ажил байна. Одоо залуучууд маань үргэлжпүүлэн аваад явах сайхан театр, сайн хөтөлбөртэй болсонд талархаж байна.
 
-Таны хүүхдүүдийг урлагт хүчин зүтгэх болсныг мэднэ. Аав, ээж тань урлагийн авьяастай байв уу?
 
-Манай удамд надаас өмнө урлагийн нэрд гарсан хүн байхгүй. Харин одоо гэр бүлийнхэн маань бүгд урлагтай ажил, амьдралаа холбосон. Би хоёр хүү, хоёр охинтой. Тэдний гурав нь хөгжмийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн. Нэг нь англи хэл судлалаар мэргэшиж байна.
 
-Хүүхдүүдээс тань удирдаач болох хүн бий юү?
 
-Одоогоор харагдахгүй л байна. Бодвол, тэдэнд эзэмшсэн мэргэжил нь таалагддаг байх л даа.
 
-Урлагт зүтгэсэн он жилүүдэд авсан хамгийн том бэлэг юу байв?
 
-Монгол Улсын Ардын жүжигчин болсон минь юм даа. Ард түмэн, мэргэжил нэгт нөхдийн үнэлгээ гэж боддог. Ардын жүжигчин цолыг хүссэн болгон нь авч чаддаггүй.
 
 -Таныг ном бичиж байгаа тухай сонссон. Өмнө нь хэвлүүлсэн бүтээлээс юугаараа онцлог бол?
 
-Би “Удирдаачийн ур зүйн үндэс”, “Хөгжмийн нэр томьёоны толь” гэсэн хоёр ном гаргасан. Энэ удаад Монголын урлагийн байгууллагад хэрхэн ажиллаж байсан тухайгаа бичиж байгаа. Монголын урлагт 55, дуурийн театрт 40 жил ажиллажээ. Миний түүх өөрөө урлагийн түүх болоод байна шүү дээ. Энэ номоос УДБЭТ-ын 40 жилийн түүхийг уншиж болно. Ийм өргөн цар хүрээтэй учир архивт суух шаардлага байна. Учир нь, он тоолол, баримтыг нягталж бичихгүй бол болохгүй юм.
 
-Хүний амьдралын хамгийн том тулгуур багана аав ээж байдаг. Ийм ач буянтай , эрхэм хүмүүстээ та уран бүтээлээр бэлэг барьж байв уу?
 
-Эрдэм ном хөөсөөр байгаад олигтойхон баярлуулчихаж чадаагүй хүн дээ, би. Апдар цолд хүрч, олон бүтээл туурвилаа. Гадаад, дотоодод олон тоглолт хийлээ. Аав ээждээ зориулж дуу бүтээсэн. Үүнийг л тэднийгээ баярлуулсанд тооцдог юм.
 
-Үр хүүхдэдээ үлдээж байгаа таны хамгийн том өв юу вэ?
 
-Мэргэжил, боловсролтой болгосон нь юм даа. Түүнээс би тэдэнд орон сууц, олон машин авч өгөөгүй. Эдгээрийг хүүхдүүд өөрсдөө хөдөлмөрлөж байж бий болгох хэрэгтэй. Эцэг эхийн үүрэг бол боловсрол, мэргэжилтэй болгох. Хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж өгч байгаа нь тэр юм даа. Амьдрахын тулд хүн өөрөө зүтгэх хэрэгтэй. Үлдсэн нь тухайн хүний идэвх чармайлтаас бүрэн шалтгаална. Тиймээс би хүүхдүүддээ хөрөнгө оруулалтыг нь сайн хийсэн гэж боддог. Бүгдийг нь боловсролтой болгосон. Гэхдээ олонхыг нь хөгжмийн хүн болгочихлоо. Ядуухан л амьдрах байх. 
 
-Яагаад ядуу амьдарна гэж?
 
-Хөгжимчид үеийн үед баян чинээлэг явсан түүх байхгүй. Гэхдээ хэзээ ч халаас хоосон явдаггүй. Мөнгөний хойноос хөөцөлддөггүй ч амьдрал болдог л юм.
 
 
Мөнгөгүй хүн шуналгүй байдаг. Хотон дахь хонь мянга хүрэхээрээ алж идэх юм олддоггүй гэсэн хуучны үг бий. Мөнгөтэй хүн шуналтай байдаг. Мөнгөгүй хүн шуналгүй, хэрэгцээгээ хангаж байвал болдог. Би бол мөнгөнд санаа зовдоггүй хүмүүсийн нэг.
 
 
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин