sonin.mn
Өнгөрсөн долоо хоногт Төв талбайд улс төрийн жагсаал, цуглаан зохион байгуулж, УИХ-ыг өөрөө тарах, Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг зогсоох шаардлага тавьсан Монголын үндэсний фронт гэх хөдөлгөөнийхөн дунд хагарал гарчээ. 
Баасан гаригийн орой жагсаалаа дуусгасан хөдөлгөөний тэргүүн генерал Б.Баярмагнай ням гаригийн (2019.11.10) үд дунд өөрийн цахим хуудастаа “Миний бие ар гэрийн шалтгаанаар Монголын үндэсний фронтын ажлаас удаан хугацаагаар хөндийрч байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн пост тавьж, Монголын үндэсний фронт гэх хөдөлгөөнөөс татгалзаж байгаагаа зарлав.
Жагсаалаас хойш ердөө 36 цагийн дараа гаргасан генералын шийдвэр юуг өгүүлэв! 
Баасан гаригийн жагсаалд зохион байгуулагчид нь өөрсдийн дэмжигчид гэх цөөн тооны хүнээ авчирсныг эс тооцвол энгийн иргэд цуглааныг сонирхоогүй юм. Гэхдээ МҮФ гэгч хөдөлгөөн арга хэмжээгээ олон нийтэд хүргэхийн тулд муугүй ажилласан. Хэд хэдэн сувгаар мөнгө төлж, шууд дамжуулалт хийсэн нь иргэдийн хувьд жагсаалыг хаанаас хэн санаачилж, юунд чиглүүлсэн бэ гэдгийг олж харах томоохон боломжийг нээж өгөх шиг боллоо.   
 
 
Сайтуудын шууд дамжуулалт live бичлэгээр Гал үндэстэн холбооны гишүүн Г.Болдбаатар согтуу байдалтай үг хэлж, олон нийтийг үймээн самуунд уриалж, өдөөн хатгасан нь иргэд энэхүү жагсаал гээчээс жийрхэн, холуур тойрох шалтгаан болж өгсөн гэхэд болно. Орой нь мөн Гал үндэстэн холбооны Тэргүүн Ц.Мөнхбаяр камерын бичлэгт согтуу байдалтай өртөж, хамгаалалтын хашааг даван Төрийн ордон руу дайрна хэмээн хөлчүүрхсэн юм. Энэ бүгдэд иргэд ихээхэн дургүйцэж байлаа.  
 
 
Тэднээс гадна Босоо хөх Монгол ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан, тоймч Ш.Гантулга нарын хүмүүс үймээн дэгдээх санаачилга гарган, иргэдийг тасралтгүй турхирч байжээ. Иргэд МҮФ гэх энэ хөдөлгөөнийг Монголын Төрөөс генерал цол хүртэж явсан Б.Баярмагнай тэргүүлсэнд ихээхэн гайхаж байсан. 
Харин генерал улс төрийн мэдэгдэл шаардлага өрнүүлсэн жагсаал цуглааны дэгийг эвдэн, 7 дугаар сарын 1-ний үйл явдал шиг үймээн самуун дэгдээх санаа агуулсан ТББ-ын тэргүүнүүдийн түрэмгий авир, согтуу хөлчүү төрхтэй эвлэрээгүй байж мэдэх юм.
Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар нар 2013 оны намар Төрийн ордонд галт зэвсэгтэй халдахыг завдан, Эрүүгийн хуулийн дагуу ял эдлээд гарч ирсэн. Тэдний нийгэмд эмх замбараагүй байдал бий болгох гэсэн далд санааг олж харсан генерал Б.Баярмагнай Монголын Үндэсний фронт гэгч байгууллагаас даруухан мэдэгдэл хийгээд, тэдэнтэй салах ёс гүйцэтгэхээр шийдсэн бололтой. 
 
С.Сүх