Монголын үндэсний  худалдаа аж үйлдвэрийн танхимыг /МҮХАҮТ/ илүү судалгаа, шинжилгээ, бодлогын тинк танк байгууллага болгож улс орны эдийн засгийн зүг мөрийг гаргах институт болгоно. Танхим эдийн засгийн хувьд, төрөөс хараат бусаар бизнес, эдийн засгийн стратегийг тодорхойлох боломжтой цорын ганц байгууллага. Тиймээс танхимын ор­ло­гын дийлэнхийг бодло­гын шинж чанартай үйл ажил­лагаанд зар­цуулж реформ хийнэ хэ­мээн хоёр жилийн өмнө тус байгууллагын ерөн­хийлөгчөөр сонгог­дохдоо амалж  байсан хүн бол одоогийн ерөнхийлөгч. “Зууны мэдээ” сонины  энэ удаагийн “Нэгдүгээр хүн” булангийн зочноор МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинг урьж ярилцлаа.
 
-Танхим 2019 онд Мон­гол Улсын эдийн засгийг эрчимжүүлж тийрэлт буюу үсрэнгүй хөгжилд хүргэх  загварыг саяхан УИХ-ын даргад танилцуулсан. Энэ загварынхаа ач холбогдол, ирээдүйд үзүүлэх үр өгөөжийн талаар  тайлбарлана уу?
 
-Улс орны ирээдүйн хөгжлийг урьдчилан  төлөвлөж, төлөвлөсөндөө хүрч ажиллахаас эхлэнэ. Монголын төр өнгөрсөн 30 жилд олон янзын хөгжлийн загвар гаргаж байсан. Харамсалтай нь түүнийгээ барьж тууштай ажилласан түүх ховор. Хамгийн ойрхон санагдаж байгаа нь  Монгол Улсыг хөгжүүлэх 2020,2030 зорилтуудыг хүн бүхэн мэднэ. Түүнчлэн хамгийн сүүлийнх нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ахлан боловсруулсан “Алсын хараа 2050” хөтөлбөр. Урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй байх  шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөд энэ нь тусгалаа олсон байх. Гэтэл чөлөөт эдийн засагтай оронд төлөвлөгөө байх ёсгүй гэсэн ойлголт зарим хүмүүст бий. Социлизмын үед тав, таван жилээр төлөвлөж хөгжиж байсан. Бизнес, эдийн засгийн ухаан ирээдүйг төлөвлөхгүйгээр цааш явах боломжгүй. 100 хувь хувийн хэвшилд тулгуурлах эсвэл төр нь 100 хувь удирдах эсвэл огт төрийн  оролцоогүй гэсэн хоёр туйл байж болохгүй болсон. Танхимын ажлыг авснаас хойш гурван сарын дараагаар манай эдийн засаг цаашид энэ хэвээр байвал яах юм. Үүнд хувийн хэвшил, төрийн оролцоо ямар байх юм гээд анализ хийж үзэхэд өөрчлөлтгүй, бүрхэг дүр зураг харагдсан. Сүүлийн үед эдийн засгийн онолд хоёр туйл байж болохгүй гэсэн хандлага давамгайлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, зөв төрийн зохицуулалттай хувийн хэвшилд үр ашигтай хослолыг ярих ёстой гэх болсон. Эдийн засгийн эргэлтэд төрийн өмчит компаниудын оролцоо чухал боллоо. Эдийн засгийн дийлэнх нь зөвхөн уул уурхайгаас  хамааралтай энэ үед бодит циклийн өсөлт тийм ч сайн биш. Гэхдээ зургаан хувийн өсөлт муу үзүүлэлт биш боловч савалгаатай, ганц худалдан авагчтай гэх зэрэг эрсдэлээ дагаад  нийгмийн олон асуудалд ялангуяа  тэтгэвэр, утаа, халамж, эрүүл мэнд бүгд хамааралтай болж эдгээрт сайн нөлөө үзүүлэхгүй байна. Нөгөөтэйгүүр орон нутаг аймгуудад нөхцөл байдал ямар байгааг судалсан. Тухайлбал, хамгийн хөгжил муу Дундговь аймагт хил дамнасан ямар нэг худалдаа үйлчилгээ, боловсруулах үйлдвэр хөгжөөгүй. Өнөөдрийн төсвийн бодлого, жил бүрийн баталсан төсвөөр  энэ аймгийг хөгжүүлэх ямар ч боломжгүй  ажлын байр ч нэмэгдэхгүй. Харин тус аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтэд юу хамгийн хүчтэй нөлөө үзүүлэх вэ гэвэл  Салхитын орд. Салхитын эдийн засгийн тооцооллоор  Дундговь аймгийн нийгэм, эдийн засаг маш хурдацтай богино хугацаанд өөрчлөгдөх боломжтойг  судалгааны явцад хийсэн загвараар харуулсан. Жишээлбэл, тус аймгийн ДНБ гурав дахин өсөхөөр байгаа. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэж, ажилчдын цалин нэмэгдэнэ. Түүнчлэн бүтээгдэхүүн үйлчилгээний чиглэлээр туслан гүйцэтгэгч аж ахуй  нэмэгдэнэ. Энэ загвараар ил тод хувийн хэвшлийн манлайлалд суурилсан төрийн өмчийг үр ашигтай байх менежмент хийе гэсэн санаа юм. Төр 100 хувь өмчөө удирдаж болно. Гэхдээ үүнд алдаа гарсаар ирсэнг бүгд мэднэ. Шийдвэр удаан,үр ашиггүй, ашиг сонирхол авлига хээл хахуулийн асуудлаас болж төсөл гацаж эсвэл хугацаанаасаа хэтэрдэг.Хүссэн үр дүнд хүрэхгүй гээд олон бэрхшээл бий. 100 хувь хамтарсан үйлдвэр байгуулна гэвэл ашгаа их, бага байлгах гэсэн өртөг, зардлын  асуудал үүсдэг. Тэгэхээр төр өөрөө авах ёстой татвар, роялтигаа хамгийн өндрөөр аваад үлдэж байгаа орон зайд үр ашигтай менежментийг хувийн хэвшилд санал болгох замаар  хамтрах боломж бий. Энэ загвар дэлхийн бусад оронд  үр ашигтай хэрэгжиж буй. Үүнийг бид хамгийн зөв хувилбар гэж харсан. Хувийн хэвшил зөв зохион байгуулалтад орж ажиллах нь чухал. Энэ жишээг том зургаар харах юм бол Монголын хөгжлийн жишээ. Энэ загваруудаар ДНБ-ийг өсгөх боломж, хандлага байна.
 
 
 
-ҮАБЗ 30 жилийн хугацаанд байнга санал нэгдмэл биш гэдэг нь анзаарагдаж ирсэн. Харин энэ цаг үед харьцангүй том шийдвэрт санал нэгдсэн нь улсаараа нэг зорилго руу чиглэж хөдлөх боломж бүрдлээ. Нэгдмэл байгаа түүхэн цаг үед л дорвитой шийдвэр гарна.
 
 
 
-Уул уурхайн томоохон  4-5 ордыг Дундговь аймгийн жишээгээр эдийн засгийн эргэлтэд оруулж  тийрэлтэд эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн загвараар улсаа богино хугацаанд хөгжүүлнэ гэж ойлгож болох нээ?
 
-Өнгөрснөө эргээд харахаар 30 жилийн хугацаанд 15 сонгууль болж 18 засгийн газрын нүүрийг үзэж төдий хэмжээгээр төр тогтворгүй байжээ. Төрийг тогтвортой байлгахад эдийн засгийн суурь үзүүлэлтийг тэтгэх хувийн хэвшлийг дэмжих нь  чухал гэдгийг энэ загвараар нотолсон. Орон нутгаар нь салбараар нь мөн томоохон төслийг дагаж бүс нутгаар гэсэн гурван хэмжээст байдлаар эрчимжүүлэн хөгжүүлнэ. Үүнийгээ Монголын эдийн засгийн жишээн дээр тохируулж  тийрэлтэд эдийн засгийн загвар гэдгээр томъёолсон. Хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Өнөөдрийн Монголын нийгэм эдийн засаг, төсөв мөнгөний бодлого иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Долларын өсөлт, худалдан авах чадварын бууралт, төр засгийн  тогтворгүй байдал, буруу шийдвэрүүдийн сөрөг нөлөө зэргийг хэлж болно. Хамгийн их бухимдуулж байгаа зүйл бол иргэд өөрсдийнхөө боломжоор ажиллаж хөдөлмөрлөөд байгаа хэрнээ амьдралын чанар нь өдрөөс өдөрт уруудаад байгаа нь. Энэ юу хэлээд байна вэ гэвэл эдийн засгийн саваа томруулах хэрэгтэйг хэлээд байна. Өөрөөр хэлбэл, 10 тэрбум ам.долларт эргэлдэх эдийн засгаа 30 тэрбум ам.долларт хүргэж ДНБ-д эзлэх хувь 10 мянган ам доллар давах үед эдгээр олон нийгмийн тулгамдсан асуудал аяндаа арилна. Өнөөдөр гэр хороололд амьдарч байгаа иргэн хэдий чинээ утаа гаргахгүй байгаа боловч  цахилгаанаар халааж төлбөрөө шийдвэрлэж дийлэхгүй. Иргэнээ ая, тухтай амьдруулах эрхийг төр хангах үүрэгтэй. 270-300 мянган төгрөгийн тэтгэвэр  өнөөдрийн амьдралын өртөгт хүрэхгүй. Тэтгэвэр авагч 360 мянган хүний 80 гаруй хувь нь зээлтэй. Энэ нь нийгэмд бодит асуудал үүсгэж ҮАБЗ-ийн анхааралд өртсөн. Үүнийг төрийн сангийн шинэчлэл хуулийн өөрчлөлтөөр засахаас гадна  эдийн засгийн том тэтэлтээ дагаж шийдвэрлэгдэнэ. Эдийн засаг 30 тэрбум ам.долларт хүрч тэлэх чинээгээр компаниудын орлого нэмэгдэж үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэнэ. Нэгж цагийн үнэлгээ өснө. Худалдааны эргэлт сайжирч хүмүүсийн ахуй амьдрал дээрдэнэ.
 
-Төр энэ бүх асуудлыг мэдээд байгаа хэрнээ яагаад зоригтой шийдвэрлэж чадахгүй байна вэ?
 
-Засгийн газарт эдгээр асуудлыг  шууд шийдвэрлэх эрх хэмжээ, боломж бололцоо нь хүрэхгүй зүйл их байна. Төсвийн бодлогоор дамжуулж эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх боломжгүй. Тэгэхээр богино хугацаанд хэрэгжүүлэх  мөнгөний бодлого чухал. Тухайлбал, Монголбанк экспортод бүтээгдэхүүнээ шууд гаргах  үйлдвэрлэлийг  дэмжиж мөнгөжүүлэх бодлогыг  шийдэмгий  гаргаж ажиллах хэрэгтэй. Засгийн газар нь төсвийн бодлогоор бий болж буй мөнгөн хуримтлалаар илүү үр өгөөжтэй зарцуулалт хийх зэргээр зөв менежмент хийж бие биеэ дэмжиж хамтарч ажиллах гарцаагүй шаардлагатай болсон. Эдийн засгийг тэлэх хоёр л гарц байна.  Нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах. Гэвч  сүүлийн жилүүдэд  энэ тал дээр дорвитой ажиллаж чадаагүйгээс  олон улсад нэр хүнд уналаа. Тиймээс хөрөнгө оруулагчдын  итгэлийг сэргээе гэвэл том үйлдвэрлэлийг бодитойгоор дэмжих, хамгаалах шийдэмгий алхмыг зоригтой хийх ёстой. Хоёрдугаарт, экспортыг нэмэгдүүлэх.Түүнчлэн уул уурхайн суурь нөөцдөө тулгуурлан тээвэр, эрчим хүч, мал мах, арьс шир, ноос, ноолуур, аялал жуулчлал гэсэн салбараа тэтгэж хөгжүүлэх нь чухал.
Үүний дараа алт, зэс хайлуулах үйлдвэрээ барих хэрэгтэй. Ингэснээр түүхий баяжмал гадагшаа гарах нь зогсож нэмүү өртөг шингэсэн  эцсийн бүтээгдэхүүн гаргаж эхлэнэ. Үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэх бусад дэд бүтэц бий болно. Өнөөдөр уул уурхайн бүсэд эрчим хүчээ импортоор авч байна. Гэтэл манайд нүүрс хамгийн хямд. Тиймээс нүүрсний уурхайгаа түшиглэж нэг м/ватт хүртэл хүчин чадалтай 2-3 цахилгаан станц барих цаг нь болсон. Ашиглалтад орсноор шууд импортыг орлож жилд гадагшаа урсдаг 300-500 сая ам.долларыг хэмнэнэ. Үүний дараа ноос, ноолуур, арьс ширны паркуудыг нээх хэрэгтэй. Бусад томоохон алт мөнгөний ордуудаа ашиглах гээд нөөц бололцоо их. Мөн нүүрсээ эцсийн бүтээгдэхүүн болгож баяжуулах үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Энэ бүх төслийг эхлүүлснээр том дүнгээрээ эдийн засаг таван жилийн дараа гэхэд 30 тэрбум ам.долларт хүрэх боломжтой. Эдгээрээс  дагаж үржигдэх бусад салбарууд хөл дээрээ босно.
 
 
 
-Төсвийн бодлогоор дамжуулж эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх боломжгүй. Тэгэхээр богино хугацаанд хэрэгжүүлэх мөнгөний бодлого чухал. Тухайлбал, Монголбанк экспортод бүтээгдэхүүнээ шууд гаргах үйлдвэрлэлийг дэмжиж мөнгөжүүлэх бодлогыг шийдэмгий гаргаж ажиллах хэрэгтэй.
 
 
 
-Нэг төсөлд хэдий хэ­рийн хөрөнгө оруулалт шаард­ла­гатай бол. Мэдээж гадны хөрөнгө оруу­лал­таар хэрэгжүүлэх байх. Тэгэ­хээр манай талаас шалт­гаа­лах зүйл нь юу байх вэ?
 
– Нэг төсөлд дунджаар нэг тэрбум ам.доллар шаардлагатай. Аливаа хөрөнгө оруулалт үр ашигтай байвал эхний хөрөнгө оруулалт 3-4 дахин үржигддэг. Эцсийн бүтээгдэхүүн бий болохоор дахин үржигдэнэ. Энэ бүхэн худалдаа, үйлчилгээ, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлнэ. Банк санхүү, даатгал, хууль эрх зүй гэх мэт олон салбарыг араасаа чирнэ. Төслийг гадны байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх учраас  эцсийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах эхлэлтийн үйл ажиллагаанд  Монголбанкыг татан оролцуулах шаардлага үүснэ. Шууд экспортын бүтээгдэхүүн учраас гэрээгээр барьцаалах, урьдчилж худалдан авах зэрэг олон ажиллагаа явагдана. Жишээлбэл, алт, цэвэр зэс, мөнгө зэрэг үнэт металлаар валютын нөөц бүрдүүлнэ гэдгээр Монголбанк ямар нэгэн байдлаар хамтрах шаардлагатай болно.  Түүнчлэн Хөгжлийн банк эдгээр гол таван төслийг санхүүжүүлэхэд үндсэн үүрэг нь чиглэх ёстой. Тиймээс тус банкыг зорилгынх нь дагуу яаралтай ажиллуулах шаардлагатай. Нөгөөтэйгүүр манай улсын ҮАБЗ 30 жилийн хугацаанд байнга санал нэгдмэл биш гэдэг нь анзаарагдаж ирсэн. Харин энэ цаг үед харьцангүй том шийдвэрт санал нэгдсэн нь улсаараа нэг зорилго руу чиглэж хөдлөх боломж бүрдлээ. Нэгдмэл байгаа түүхэн цаг үед л дорвитой шийдвэр гарна. Иймээс хугацаа алдалгүй том төслүүдийг эхлүүлэхгүй бол дахиад л сонгууль болж буцаад л өмнөх асуудал давтагдвал хөгжлийн тухай ярихад хэцүү. Энэ тухайгаа УИХ-ын даргад танилцуулсан.
 
-Үсрэнгүй хөгжлийн загвараар хэдэн орон хөгжөөд байна. Хувийн хэвшлийн манлайллыг төрд бий болгоно гэж ярьдагч үр өгөөж муу байсаар байна. Үр дүнтэй байлгахад энэ загвар түлхэц болох уу?
 
-Өнөөдөр үсрэнгүй хөгжлийн загварыг нэвтрүүлж хөгжсөн 40 улс байна.Тийрэлтэд үсрэнгүй хөгжлийн загварыг нэвтрүүлэхэд төрийн шийдвэр  тогтвортой байхын зэрэгцээ хувийн хэвшлийн бий болгосон хуримтлал түүнчлэн  төр, хувийн хэвшил хамтарч ажиллаж чадсан орны хөгжил хурдацтай байгааг  Макензигээс гаргасан судалгаа харуулсан. Бид бий болгосон зүйлээ улс төрийн нөхцлөөс болж үгүй хийдэг.
 
 
Нөгөөтэйгүүр хувийн хэвшил манлай­лахын тулд ил тод хариуцлагатай байхын зэрэгцээ хүсч байгаа зүйлээ зөв тодорхойлох хэрэгтэй. Өмнө нь ийм үсрэнгүй хөгжлийн загварыг танилцуулж байгаагүй. Бид энэ удаад  хамгийн үр ашигтай байх саналыг бодит /модель/ загварын хамт бий  болгож санхүүжилт менежментийн схемийг УИХ-ын дарга болон олон нийтэд танилцуулаад байна.
 
 
 
-“Алсын хараа 2050” хөтөлбөрөөс эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх үсрэнгүй хөгжлийн загварт ялгарах зүйл нэлээд байх шиг байна. Ялангуяа эдийн засаг талаас нь харьцуулж ялгааг нь тайлбарлаач? 
 
-“Алсын хараа 2050” Монгол Улсын хүн ам зүй, нийгэм, эдийн засаг зэрэг олон үзүүлэлтийг зөв системтэй хөгжүүлэхэд төвлөрсөн урт хугацаанд тогтвортой хөгжих, суурь асуудлыг тусгасан хөтөлбөр. Гэхдээ эдийн засгийн төлөвлөлтийг  урт хугацаанд хийхэд бодит байдалд удаан хүлээлт үүсгэнэ. Харин эдийн засгаа богино хугацаанд эрчимтэй өсгөвөл алсын хараа нь зорилго бодитой хэрэгжиж, магадгүй хугацаа нь наашлах боломжийг бий болгох магадалтай. Ер нь эдийн засгийг богино хугацаанд өсгөх загвар бусад улсад байдаг л жишээ. Гэхдээ танхимаас боловсруулсан төсөл Монгол Улсын одоо байгаа нөөц боломж дээр түшиглэсэн биелэгдэх боломжтой таван том төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хамгийн тодорхой  загвар. Тиймээс  бодитой хэрэгжинэ. Удахгүй төмөр зам, авто зам ашиглалтад орно. Гурван улсын эдийн засгийн коридорт манайх оролцоогоо зөв хангаснаар хоёр улсын худалдаа өргөжиж  аялал жуулчлалын салбар хөг­жинө. Ерөнхийдөө хувийн хэвшлийг дэмжиж богино хугацаанд эдийн засгийг тэлэхэд гол анхаарлаа хан­дуулж байгаа юм. Эрүүл мэнд болон боловсролын тогтолцоогоо хэрхэн сайж­руулах нь урт хугацаанд барих төрийн бодлого. Төс­вийн хөрөнгөөр бий бол­сон хуримтлалаар бусад салбараа дэмжих нь илүү өргөн асуудал. Магадгүй алсын хараатай хөгжих бод­логын нэг хэсэг нь танхимын барьж  буй энэ бодлого.
 
 
 
-Энэ янзаараа байвал 2025 он гэхэд ДНБ хоёр тэрбум ам.доллараар нэмэгдэх төлөвтэй. Энэ бол чамлалтай тоо. Монгол шиг жижиг 10 гаруй тэрбум ам. долларын эргэлттэй эдийн засгийг тэлэх нь өнөө цагт хамгийн боломжтой.
 
 
 
-Эдийн засгийн нөөц боломж, үйлдлээ хоёр хувааж хөдлөх тухай эдийн засгийн загварчлалаа танил­цуулах үеэр та дурьдаж байсан?
 
-Технологийн тэсрэлт, шийдэлтэй холбогдож ирээдүйн төлөвлөлт хурдтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр байгаа зүйл маргааш хувиран өөрчлөгдөх нь биднээс хурдтай байхыг шаардаж байна. Харин  өөрчлөлт, хөдөлгөөн бага байгаа салбар бол  дэд бүтэц болоод хүнсний салбар. Ийм байгаа нөхцөлд удаан хугацаагаар төлөвлөх боломжгүй. Хамгийн богинодоо гурав, уртдаа таван жилээр ярих нь оновчтой. Тэгэхээр бид өөрсдөө эхэлж хөдлөхгүйгээр гадны хөрөнгө оруулалтад найдаж хүлээх хэрэггүй. Бид тэдний итгэлийг алдсан. Тиймээс өөрсдөө түрүүлж  санаачлага гарган хөдөлж итгэлийг нь сэргээх олон алхмыг хийх ёстой. Дотоодын компаниудын нөөц бололцоогоор  хөрөнгө оруулалтыг босгох боломжтой.  Жишээлбэл, Оюутолгой компанийн  нүүрсний цахилгаан станц шиг станцыг  дотоодын 20 орчим компаниуд хөрөнгөө нийлүүлж консорциум байгуулж баръя гэдгээ ерөнхий сайдад илэрхийлсэн. Хөрөнгө оруулалтын 60 орчим хувийг өөрсдөө болон худалдан авагч талтай хамтран босгож үлдсэн 40 хувийг урьдчилж бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монголбанкнаас  төгрөг авч буцаагаад доллар өгөх хэлбэрээр хамтрах боломжтой.Төвбанк ялгаагүй нөөцөө нэмэгдүүлэх тухайд анхаарах ёстой. Одоо байгаа нөөцөө эрсдэлгүй байлгана гээд байгаад байвал нөөц нэмэгдэхгүй. Ямар нэг өөрчлөлт гарахгүй. Тэгэхээр эдийн засгаа мөнгөний  бодлогоор дэмжихгүй бол бид урагшлах циклиэс гарч чадахгүй. Үүнийг инфляци хөөрөгдөнө гэж харах хэрэггүй. Энэ нь иргэдэд бэлэн мөнгө тарааж хэрэглээг дэмжиж буй асуудал биш. Гадагшаа валют урсгахын оронд төгрөгөөр солих эсвэл Монголын баялаг алтыг мөнгөжүүлж буй хэлбэр. Өөрөөр хэлбэл, ирээдүйд олох орлогыг өнөөдөр нь төлөөд авч байгаа гэдгээр харвал маш том дэмжлэг. Ийм хэмжээнд менежмент хийх орон зай Монголбанкинд бий. Төсөвтэй ямар ч хамааралгүй тусдаа ойлголт. Үүнийг зөв, хурдтай эхлүүлэх хэрэгтэй. Цахилгаан станцыг богино хугацаанд хурдан барих боломжтой. Ингэснээр дээр хэлсэнчлэн цахилгаан импортолж гадагш урсгаж буй 300 сая ам.долларыг дотоодоос бий болгох тухай юм.
 
 
Нүүрс нь ажлын хөлсөө төгрөгөөр үнэлж байгаа нөхцөлд валют болгож эдийн засгаа зөв болгох хөшүүрэг.Түүнчлэн зэсээ хайлуулж баяжмалаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолвол  нэмүү өртөг нэг дахин нэмэгдэнэ.Эцсийн бүтээгдэхүүн гадагш гарлаа, хоёр дахин үржигдэж ам.доллар орж ирнэ. Монголд байгаа бүх  түүхий эд төгрөгөөр үнэлэгдэнэ. Үүнийг ам.доллар болгож хувиргах бүх зүйлийг Төв­банк дэмжвэл хамгийн зөв гарц. Мөн төсөл бодиттой хэрэгжсэнээр хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх боломж нээгдэнэ. Улмаар шинээр эрдэс баялгийн бирж бий бол­гох нөхцөл бүрдэнэ. Гадны том биржүүдтэй хамт­рах биржид сонир­хол­той хүмүүсийг сурталчлах, нө­лөө­лөх, татах ажлыг хийнэ.
 
 
 
– Ард түмэнд өгөөжтэй тодорхой төслүүд хэрэг­жихийн өмнө төрд очоод гацдаг. Энэ төслөө цааш явуулахын тулд төртэйгөө зохицох шаардлага үүсэх нь дээ?
 
-Монгол Улс бүхэлдээ санхүүгийн менежмент хийх шаардлагатай. Өнөөгийн түвшинд энэ асуудал өмнөх үндсэн хуулиар бие биеэсээ харилцан хамааралтай шийдвэр гарахгүй зогсчихдог нөхцөл байдалд байсан. Нэг албан хаагчийн үзэмжээр шийдвэрлэсэн дүгнэлтээс болж аливаа асуудал гацдаг. УИХ-аас шийдвэр нь гарсан атал цааш ахиц гардаггүй тогтолцоо. Харин шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн эрх мэдэлд ахиц гарлаа. Мөн өмнө нь хувийн хэвшлийн оролцоо, санаачлага  дутмаг байсан байна. Хувийн хэвшил  асуудлыг том зургаар харж нэгдмэл зорилго санаачлагатай манлайлан оролцох нь чухал юм байна.  Ер нь олон төрлийн бичиг баримтад боомлигдож ажил явахгүй байж. Үүнийг арилгах өөр төвшинд ажиллах шаардлага тулгарсан. Цаашид Засгийн газарт эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Шадар сайдын хэмжээний эрх мэдэл бүхий бүтцийг бий болгох юм бол хөгжлийг хурдасгах магадлалтай. Танхимын зүгээс эдийн засгийн хөгжлийг хурдасгах тусгай нэгж байгуулах саналаа дэвшүүлсэн.Эрх баригчид ойлголцож асуудлыг урагшлуулна гэдэгт найдаж байна.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин