sonin.mn
www.kp.ru сайтаас орчуулж бэлтгэв
 
Манай гаригийн хамгийн нэр цуутай нуурыг тойрсон эмх замбараагүй аялал жуулчлал, тонноор хэмжигдэх хог новш, хаягдал бохирдлын тухай өмнөх сурвалжлагууддаа “Комсомолка”-гийн бичиж байсан бүхэн тун өчүүхэн зүйл байжээ. Нуурын эрэг дээр, уснаас ердөө хэдхэн метрийн зайд сая сая тонноороо (!) овоолгоостой хор хэвтэж байна гээд төсөөлөөд үз. Энэ бол муу муухайгаараа алдар цолоо дуудуулсан Байгальскийн целлюлоз – цаасны комбинатын (БЦСК - БЦБК) хог хаягдал. Яаралтай арга хэмжээ авч эхлэхгүй бол Байгал нуурын экологийн сүйрлийн икс цаг 2020 оны зун тохионо хэмээн эрдэмтэд нотолж байна. Энэ бүхэн арай үлгэр биш байгаадаа гэдгийг олж мэдэхээр “Комсомолка”-гийн тусгай сурвалжлагч Дина Карпицкая Байгал нуурын эрэгт очжээ.
 
ТАС ХАР ЦӨӨРМҮҮД
 
 
Байгал нуур.Фото:  ДМИТРИЙ ПОЛУХИН
 
Энэ тухай бичихэд надад аймшигтай байгаа ч гэсэн Байгал нуур мөхөж байгааг нүдээр үзлээ. Нийт жин нь 6.5 сая тонн тас хар шингэнээр амсараараа халих шахсан асар том 14 бетонон цөөрөм (хуримтлуулагч) байна. Квадрокоптераас (дроноор хийсэн бичлэг) энэ бүхэн алган дээр тавьсан шиг харагдана. Энэ бол целлюлоз үйлдвэрлэх явцад усыг цэвэрлэхэд гарсан хаягдал буюу шлам–лигнин юм. Үүн дээр нэмээд 160.000 куб метр хар үнсэн шүлт бүхий аймшигт резервуар. Энэ бүхэн Байкальск хот дахь нэгэн цагт тэргүүнийд тооцогдож байсан целлюлоз–цаасны комбинатын хог хаягдал.
Целлюлоз үйлдвэрлэх заводыг бүр 1970-аад онд барьж байгуулсан. Комбинатын тухай кино бүтээж, бахархаж байсан. Хамгийн нэрд гарсан нь “Нуурын дэргэд” хэмээх кино. “Та ус уух уу. Байгал нуурын ус, энүүхэн эрэг хавиас авсан юм” хэмээн Засгийн газрын комиссын гишүүнээс киноны баатруудын нэг, заводын инженер асууна.
Нөгөөх нь нүүрээ үрчийлгэнэ.
“За тэгвэл би уулаа шүү! Үнэхээр цэв цэвэрхэн ус” гээд инженер аягатай усыг залгилж ууна.
Тэр үед ус цэвэрхэн байсан уу, аль эсвэл энэ бол найруулагч Герасимовын уран санаа байсан уу, юутай ч одоо бол ийм усыг хэн ч залгилж зүрхлэхгүй. Байкальскийн целлюлоз – цаасны комбинат 2013 оны арванхоёрдугаар сарын 25-наас хойш үүдээ барьж оршин тогтнохоо больсон. Үйлдвэрлэл зогсч, цэвэрлэх байгууламж ажиллахаа больж, бүгд зэвэнд идэгдсэн. Харин хуримтлагдаж үлдсэн хор нэвчиж нуур руу зугуухан ордог болжээ. Гэхдээ одоо гол аюул үүнд ч бас биш аж. Цаг уурчдын ажигласнаар, яг энэ газарт ойролцоогоор 50 жилд нэг удаа их хэмжээний хөрсний гулгалт болдог гэнэ. 
 
 
 
Хамгийн сүүлд 1971 онд ийм үйл явдал болжээ. Тэр үед хөрсний гулгалтаар төмөр зам, гүүр гэх зэргээр эрэг дээр байсан бүгдийг хуу хамсан юм байна. Одоо байгалийн энэ үзэгдлийн яг улаан зам дээр эдгээр олон сая тонн хортой хог хаягдал байгаа ажээ...
 
 
 
 
ЖИМСЭЭР ДҮҮРЭН ГОЛ ГОРХИ, ХОРДОЖ БОХИРДСОН НУУРЫН ЭРЭГ
 
Байкальск уг нь аятайхан багавтар хот. Замын уулзвар, гол, нуурын эргээр хаа сайгүй бетоноор хийсэн гүзээлзгэнэ жимсний хэлбэр дүрс бүхий баримал тааралдана. Эндхийн цаг уур онцгой, хүн бүхний дуртай энэхүү зуны амтат жимс энд маш сайн ургадаг.
-Ямар гоё чихэрлэг амттай гэж санана, би хаана ч ийм тансаг амттай жимс идэж байгаагүй. Жимс ургах цагаар бид амин дэм худалдаж авахаар Байкальск явдаг юм. Тэндхийн хүмүүс энэ жимсээрээ л амьдарцгаадаг юм. Айл бүрийн зуслангийн газрууд тэр чигээрээ жимсний тариалан. Өөрсдөө замын хажуугаар эгнэж суугаад жимсээ борлуулна. Одоо харин Байкальскт эрхлэх ажил тун бага болсон хэмээн Эрхүүгийн оршин суугч Олег Борисов өгүүлэв.
Үндсэн үйлдвэрлэл болох Байкальскийн целлюлоз-цаасны комбинат үүдээ барьснаас хойш энэхүү жижиг хотын оршин тогтнол мөн л томоохон асуудал болоод байна. Гүзээлзгэнийн өхөөрдөм жижиг баримлуудын дээгүүр заводын асар том яндангууд ёрдойх нь үнэхээр аймшигтай. Арга мухардаж, амьсгаа хурааж байгаа маягаар өлийн заналхийлж харагдана. Завод өөрөө хог новш, хортой бодисонд дарагдан олон зуун га газар (яг нарийвчилбал 780 га) эзгүйрчээ. Энэ бүгдийг зайлуулж цэвэрлэхээс нааш хотын хөгжлийн тухай яриа ямар ч утгагүй.
Болдогсон бол энэ бүгдийг цэвэрлээд оронд нь гүзээлзгэнэ тариалахсан. Үүнийг би ганцаараа төдийгүй бүхий л төвшний түшмэлүүд энд мод тарьж, амралт, сувиллын газар байгуулж, жимс, ногооны аж ахуй хөгжүүлэхийг бодож мөрөөддөг гэсэн. Харин энэ бүхэн тийм ч амархан санаснаар бүтдэггүй бололтой. Аливаа том мангасын нэг адил Байкальскийн нүсэр том целлюлоз – цаасны комбинат тун удаан, ёозгүйгээр гол нь тасарч, амьсгал хурааж байна.
 
ТЭГЛҮҮЛСЭН ЭЗЭМШИЛ ГАЗАР
 
Заводын эзэмшил газар надад Байкальск хотынхоос ч том санагдав. Энд бүх зүйл нам гүм. Эрхүүгийн найрсаг наран дор хаа сайгүй муу ёрлосон чимээ аниргүй байдал. Тэргүүний сайчуулын гэрэл зураг бүхий самбартай заводын төв хаалга... Саяхан болтол энд амьдрал буцалж бургилж байснаар төсөөлөв.
Заводын ашиг тус ч их байсан байх. Бас олз омог. Гэхдээ Байгал нуурын эрэг дээр хортой үйлдвэр байх ёсгүй гэж үндсэндээ бүр анхнаасаа л хаах тухай яриа өрнөж байсан байх. Харин комбинатыг зогсоож зүрхлэхгүй байсаар өдий хүрсэн. ЗСБНХУ задарсны дараа Байкальскийн целлюлоз–цаасны комбинат хувийнхны гарт орж, нэгээс нөгөөд хэд хэдэн удаа шилжсэн. Ашиг орлогын сүүлчийн шим шүүсийг шахан байх зуураа нийгмийн тэсрэлт, моно хотын мөхлөөс зүрхшээсээр байсан. Арга буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 25-нд комбинатыг сүүлийн ажилтан орхиж явсан. Ингээд л гүйцээ. Харин хог хаягдал...?
 
Хог хаягдал тэр чигтээ үлдсэн.
Энэ бүгдийг зайлуулж цэвэрлэх хэрэгтэй гэсэн яриа өнгөрсөн бүхий л цаг хугацаанд өрнөсөн.
 
Яаралтай! Одоогоор ганц литр ч хор хорогдсонгүй. Харин ч нэмэгдсэн. Хуримтлуулах савнууд задгай тэнгэрийн дор ил байгаа. Бороо, цасны ус эдгээр цөөрөмд орсоор одоо савнаасаа хариугүй халих шахсан. Ядахад энд хэн нэгэн зөвшөөрөлгүй хогийн овоолго бий болгожээ. Хогны машинууд хар ус руу бүгдийг хольж хутгасан. Тэртээ тэргүй хэн ч юуг ч ялгаж чадахгүй. Үнэндээ тэнд бол аймшигтай. Жишээлбэл, хуримтлуулах савны нэгэнд өнөөх гайтай шлам–лигнин дээр нэмээд 270 мянган шоо метр барилгын хог дүүрчээ.
Гэхдээ үүгээр бүх юм бас л дуусаагүй!
 
Байгальскийн целлюлоз – цаасны үйлдвэр .Фото:  ДМИТРИЙ ПОЛУХИН
 
-Бага багаар шүүрч байгаа цөөрмүүдийн зэрэгцээ заводоос өөрөөс нь газар руу хортой бодис нэвчиж байгаа ажээ. Энэхүү хор хөрсний усны цооногт орж улмаар тэндээсээ хөрсний усны сувгаар дамжин Байгал нуурт орж байна хэмээн ОШУА-ийн Сибирийн салбарын Нуур судлалын (Лимнологийн) хүрээлэнгийн биогеохимийн лабораторийн эрхлэгч Александр Николаевич Сутурин өгүүлэв. Комбинат ажиллаж байх үед үйлдвэрлэлийн талбай доорх хөрсний усыг шахуургаар цэвэрлэх байгууламж руу соруулдаг байжээ. Одоо тэнд хор ямар ч цэвэрлэгээгүй хуримтлагдан зузаарсаар байна.
 
 
 
Байкальскийн байгал хамгаалах прокурорын газар энэхүү цооногоос усны дээж авчээ. Гэхдээ энэ бол аль хэдийнэ ус биш тас хар өнгөтэй, эвгүй үнэртэй, булингартсан шингэн болж Байгал нуур руу нэвчсээр байна. Аюултай энэ бодисын концентрац хэдэн арав дахин их болжээ.
 
 
 
Прокурорын газар мужийн засгийн газрыг шүүхэд мэдүүлэх замаар хар үнсэн шүлт, хөрсний усны цооногийг цэвэрлүүлэхээр одоо хичээж байна.
 
УСТГАЛЫН ҮҮХ ТҮҮХ
 
Энэ бүх устгал одоохондоо зөвхөн цаасан дээр л байгаа гэдгийг та бүхэн ойлгоосой гэж хүсч байна. Сүүлийн жилүүдэд тогтоол, үүрэг даалгавар, хөтөлбөр гаргасаар өдий хүрсэн. Тэрбумаар хөрөнгө мөнгө гаргасан. Гэсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй.
Тодруулж авч үзвэл, Байгаль орчны яамны захиалгаар “ВЭБ-инжиниринг” компани хог хаягдлыг зайлуулж устгах төслийг 2013–2016 онд боловсруулсан. Энэ компани өндөр дээд эрх мэдэлтний өрөө тасалгаа бүрээр орж, шинжээч нараар хянуулж, санхүүжилт авч байсан. Зургаан тэрбум рубль авсан. Энэ хөрөнгийг Эрхүү мужид, Байкальскийн целлюлоз-цаасны комбинат руу шилжүүлсэн. Эцэст нь энэ төслийг “Росгеолог” хэмээх улсын корпораци хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан. Тэд 2018 онд объект дээрээ ирээд оросуудын хэлж ярьдгаар ухаан алдсан (обалдели).
Хог хаягдлын хэмжээ төлөвлөснөөс хавьгүй их болсон аж. Төсөлд хортой цөөрөм 10 гэсэн бол бодит байдал дээр 14 байна. 2013 онд байгаль хамгааллын бүхий л хэм хэмжээг зөрчиж, супер хор болох 160.000 шоо метр хар үнсэн шүлтийг (энэ тухай дээр өгүүлсэн) аваарын хуримтлуулагч руу асгаж хаясан байв. Төсөлд энэ тухай огт тусгаагүй. Ашиглахаар төлөвлөсөн заводын цэвэрлэх байгууламж өнгөрсөн он жилүүдэд аль хэдийнэ эвдэрч сүйдэн ашиглах ямар ч боломжгүй болсон. Шлам–лигнинийг бетондохын тулд ийш нь цемент, хайрга зөөвөрлөхөөр бодож төлөвлөсөн төмөр зам ч мөн эвдэрчээ. Дээр нь нэмээд өнөөх химийн хорны үлдэгдэл, бас бус дагалдах байгууламжийн хамт заводын өөрийнх нь барилга байгууламжийг хэрхэх тухай төсөлд огт юу ч дурдаж тусгаагүй байв...
“Байкальскийн целлюлоз–цаасны комбинатын цэвэрлэх байгууламж, төмөр зам ажиллаж, комбинат ч өөрөө ажлын горимд байсан 2013 онд уг төслийг хэрэгжүүлж болох л байсан байх” хэмээн “Росгеолог”-ийн экологийн төслийн газрын захирал Артем Полтавский нэмж хэлэв.
 
За ингээд “бүхнийг дахиад эхнээс нь хийх” л үлдэв.
 
Эрхүү мужийн түшмэлүүд, мөн “ВЭБ. РФ” улсын корпорацитай хамтарч хог хаягдлыг устгах шилдэг технологи сонгохыг ОХУ-ын Засгийн газарт ерөнхийлөгч Путин 2019 оны есдүгээр сард үүрэг болгосон. Энэ бол өмнөх амбан захирагч Владимир Левченкогийн үед болсон явдал. Эрхүү мужийн одоогийн шинэ тэргүүн Игорь Кобзев энэ бүгдийг хийж гүйцэтгэх шаардлагатай болж байна.
-Урьд өмнө нь ийм комбинатыг хааж, хог хаягдлыг нь зайлуулж цэвэрлэх ажил огт хийж байгаагүй л юм байх даа хэмээн би Сутуринаас асуув.
-Мэдээж, байлгүй яах вэ! Сэлэнгийн комбинатын ийм хог хаягдлыг устгах ажилд би өөрийн биеэр оролцож байсан. 1985 онд эхлээд 1990 он гэхэд усны эргэлтийн хаалттай циклийг бүрэн бүрдүүлж, гол руу ямар ч хог хаягдал орохгүй болгон хүлээлгэж өгч байсан. Тэр үед ч энэ технологийг Байкальскийн целлюлоз-цаасны комбинат дээр хэрэглэх тухай ярилцаж байсан. Гэхдээ улс орон задран бутарч, хөрөнгө мөнгөгүй болсон...
Байкальскийн целлюлоз-цаасны комбинатыг цэвэрлэхэд зориулсан өнөөх зургаан тэрбум рубль бүрэн бүтнээрээ дансандаа байгаа гэдгийг Байкальскийн байгал хамгааллын прокурорын газар нотлов.
-Зоримог шийдвэр л дутаж байна. Энэ асуудлыг дахиж сөхөхгүйгээр нэг мөр шийдэхийн тулд өөртөө хариуцлага хүлээхийг хэн ч хүсэхгүй, айж бэргэж байна. Аль эрт эхлэх хэрэгтэй байсан юм хэмээн Байкальскийн бүс дундын прокурорын газрын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хэлтсийн дарга Светлана Ермаченко хэлэв.
Гэхдээ одоохондоо хэлэлцсээр л байна.
-2020 оны нэгдүгээр сард шинэ амбан захирагчийн зөвлөгөөн дээр би байсан хэмээн Сутурин өгүүлэв.
-Тэнд юу ярьж байгааг нь сонсоод л байв. Дараа нь шийдлийн арга зам хэдийг ч эрж хайж болно. Ганцхан хөрсний гулгалтаас хамгаалах ажлыг маш яаралтай хийцгээ. Эс тэгвээс Байгал нуурын хувьд икс цаг “энэ оны зун болчихоод байна” гэсэн.
 
-Та юу ярина вэ?
-Яг тийм. Байкальск бол хөрсний гулгалтын гамшиг, үерийн аман дээр байдаг хот. Хэрэв ийм зүйл болдог юм бол өнөөх бүх хор Байгал нуур руу орж, экологийн асар том сүйрэл учирна. Хэн ч угааж чадахгүй. Нуурыг аймшигтайгаар хорлон устгана.
 
Орос улсын газрын зураг дээрх Байгал нуур.
 
 
ТУЛУН БОЛ ТОМ ГАЙ ТҮЙТГЭРИЙН УГТАЛ БАЙСАН УУ?
 
2019 оны зун Орос орны хамаг анхаарал аймшигт сүйтгэлтэй үер болсон Тулун руу хандаж байсан. Хэдэн арван хүний амь үрэгдэж, хэдэн мянган хүн орох оронгүй болсон. Мөн тэр үеэр шахуу Эрхүү мужийн нөгөө тал болох Байкальск бас л их усанд автсан. Солзан гол эргээсээ халив. Шлам хуримтлуулагчнууд мөн усаар дүүрэв (угаасаа халих шахсан байсан).
“Дина, манай энд айхтар юм болж байна! Өнөөх муухай хор Байгал нуур руу юу юугүй орох гэж байна. Гүүр нурж, зам хаагдан, хот таслагдсан. Бид ч яах вэ, яаж ийгээд амьд гарна, харин шлам лигнин нуур руу цутгавал Байгал маань дуусна. Туслаарай, авраарай! хэмээн нутгийн оршин суугчид 2019 оны зун бичиж байсан.
Тэр үед азаар тэгсгээд өнгөрсөн. Хальтлаа дүүрсэн хуримтлуулагч савны нэгээс техникийн худаг руу юүлсэн боловч тас хар ус нуур руу шууд орсон.
-Бид дээж авч шинжилсэн, ус бохирдсоныг тогтоосон. Азаар голын голдрилыг урьд нь цэвэрлэсэн тулдаа аюул багатай өнгөрсөн. Тэгээгүй бол “хэмээн” Сутурин халаглав.
 
Бурхны авралаар 2019 оны зун хөрсний гулгалт, сүйрэл болсонгүй. Гэхдээ аюул бодитой одоо ч хэвээр байна.
Байкальск аюултай газар гэдгийг аль эртнээс мэднэ. 2014 онд ОШУА-ийн газрын царцдас судлалын хүрээлэн “ойрын үед” Байкальскт хөрсний гулгалт болох эрсдэлтэй хэмээн үнэлгээ хийсэн.Эрдэмтдийн дүгнэлт: Байкальск болон нуур аль аль нь дарьтай торхон дээр байгаатай адил байна. Хөрсний гулгалтын голомт Хамар давааны уулсын бэлээс Байгал нуурын зүг хуримтлагдсан. 50 жилийн харьцангуй зөөлөн давтамжийн хугацаа тун удахгүй болно.
 
ӨТ ХОРХОЙ ХИЙГЭЭД АРМАГЕДОН
 
Сүйрлийн талаар би Эрхүү мужийн олон хүнтэй ярилцлаа. Айж түгшиж байгаа хүн бараг алга. Аюул заналд дасчихсан юм болов уу? Аль эсвэл тийм юм болно гэдэгт зүгээр л итгэхийг хүсэхгүй байгаа юм болов уу?
-Энэ бүх мэдээлэл, мэдээж, аймшигтай байлгүй яах вэ. Сүйрэл болно, сүйрэл болно гэж зөндөө их ярьж байна. Одоогоор болоогүй л байна шүү дээ. Байгал нуур асар том болохоор бүгдийг даваад гарчихна. Харин бид бол нуурын хажууд өчүүхэн өт хорхой л гэсэн үг. Ийм л маягаар хандацгааж байна.
Энэ бол хэзээ мөдгүй ойрхон байгаа экологийн асар том сүйрлийн учрыг сайн мэдэх хүмүүсийн хандлага. Гэхдээ тэд айж түгшиж цөхөрсөн ажээ.
 
 
Д.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин