Беларусийн эсрэг Америкийн хоригийг зөөлрүүлсний хариуд Беларусийн удирдагч Александр Лукашенко 250 улс төрийн хоригдлыг шоронгоос сулласан тухай Вильнюс дахь АНУ-ын ЭСЯ өчигдөр мэдээллээ. Суллагдсан хүмүүсийн 235 нь Беларусьт үлдэж, бусад нь Литва улс руу явжээ.
Лукашенко болон АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Жон Коул нар Минск хотноо хэлэлцээ хийсний дараа хоригдлуудыг суллахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь 2025 оны 12 дугаар сард Америкийн албаны хүмүүс Лукашенкотой уулзаж, Америкийн хоригийг зөөлрүүлнэ гэж мэдэгдсэний дараа Беларусийн тал 123 улс төрийн хоригдлыг суллаж, Украин, Литва руу илгээсэн билээ. Беларусийн хүний эрхийг хамгаалах “Вясна” байгууллагын мэдээллээр, өчигдөр хоригдлуудыг суллахаас өмнө Беларусьт улс төрийн хэргээр нийт 1100 гаруй хүн хоригдож байжээ. Суллагдсан хүмүүсийн дотор “Вясна” гэдэг сайн дурынхны сүлжээний зохицуулагч Марфа Рабкова байв. Түүнийг 2020 оны есдүгээр сард баривчилж, “хэт даврах үзлийг сурталчилсан” гэх зүйл ангиар 14 жил 9 сарын хорих ялаар шийтгэжээ.
Олон тооны хоригдлыг сулласны хариуд Америкийн тал Белинвестбанк, Беларусийн Сангийн яам, Хөгжлийн банкинд тавьсан хоригуудыг сулруулахыг зөвшөөрсөн байна. Мөн "Беларуськалий", "Агророзквит" компаниудын эсрэг авсан хоригийг бүрэн цуцалжээ.
Ж.Коулын ярьснаар, Лукашенко ойрын үед АНУ-д айлчилж магадгүй байна. Энэ нь олон жилийн турш үргэлжилсэн тусгаарлагдмал байдлаас гарч, Барууны улсуудтай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж буй Лукашенкогийн хувьд чухал алхам болно.
Б.Адъяахүү
Баасан - 03 сарын 20,
2026
Сэтгэгдэл3
Бас нэг Дарангуйлагч. Путлер өнгөрвөл энэ маргааш нь өнхөрч ойчно
Халзан Баавгай Путлерээсээ урваад Трамп ийг түшивээ хөөрхий, нэг л явцгүй нь мэдрэг дэж дээ !
Халзан Баавгай Путлерээсээ урваад Трамп ийг түшивээ хөөрхий, нэг л явцгүй нь мэдрэг дэж дээ !