sonin.mn
“Give me justice”, "Рашаантын 18" зэрэг дуугаараа олонд танигдсан Pacrap буюу Х.Ундрахтай ярилцлаа.
 
Юуны өмнө аав болсонд нь баяр хүргэе. Аав болсон эхний саруудыг завгүй өнгөрөөсөн байх ...
 
-Баярлалаа. Гэр бүлдээ урьдынхаасаа илүү их цаг зарцуулах болсон. Бас аав хүн ямар байх ёстой талаар суралцаад л явж байна даа.
 
“So many tears” дуу нийтэд хүрээд удаагүй. Тус уран бүтээлээрээ дамжуулан ямар нэгэн байдлаар нэгдэж нийгмийг хамтдаа өөрчилцгөөе гэж уриалсан нь бидэнд нэгийг бодогдуулсан шүү ...
 
-Бүхий л уран бүтээлээрээ аливаа нэг эмзэг сэдвийг хөндөхийг хичээдэг. “So many tears” дуугаа бараг дөрвөн сарын өмнө бэлэн болгочихсон байлаа. Анх продюсер маань надад ийм дуу хийе гэж санал тавьсан юм. Дүрсжүүлэх тохиромжтой цагийг хүлээгээд саяхан л ажил хэрэг болголоо. Хүүхдийн эрхийг хамгаалдаг олон байгууллагатай хамтарч ажилласныг энэ клипнээс анзаарсан байх. Тохироо бүрдэнэ гэдэг шиг гар нийлж амжилттай ажилласандаа баяртай байна. Клип хийхэд дэмжлэг үзүүлсэн байгууллагуудтай нийлж тодорхой хэмжээний хандив бүрдүүлээд “Хүүхдийн тусламжийн 108 төв"-д дуудлагын машин авч өгөхөөр ажиллаж байгаа. Цаашид ч олон ажил хийх төлөвлөгөө бий.
 
Ихэнх тохиолдолд үгээ бичиж дуусгаад түүндээ ая хийлгэдэг. Харин өөрийн чинь хувьд эсрэг зарчмаар ажилладаг гэсэн. Энэ нь юугаараа онцлог, давуу талтай байдаг вэ?
 
-Хамгийн түрүүнд санаагаа олох нь чухал. Бид санаагаа ярилцаж дараа нь ая хийдэг. Ингээд би үг бичих ажилдаа орно. Аяны хэмнэлээс санаа, үг урган гарах нь олонтоо. Аль эсхүл мартагдсан, өмнө нь төлөвлөж байсан зүйлс ч сэргэдэг. Гэхдээ дандаа ийм арга барилаар ажилладаггүй. Заримдаа сэдвээ бодож байгаад эхний хэдэн мөртийг нь буулгачихдаг. Тэгээд үгэндээ тохирсон ая олтлоо хүлээнэ.
 
“Give me justice” өөрийг тань олонд илүүтэй таниулж өгсөн уран бүтээл. Харин тэрхүү уран бүтээл төрөн гарахаас өмнөх Pacrap-ийн талаар хүмүүс төдийлөн мэддэггүй ...
 
-Багаасаа “Hip Hop”-д сонирхолтой, үнэнч байсан. Гурван жилийн өмнөөс уран бүтээлээ тууштай хийж эхэлсэн. Ямартаа ч 30 гаруй дуутай. Арваад клип бий.
 
Багагүй тоо сонсогдож байна. Цомог бий юу?
 
-Аудио хэлбэрээр гаргасан нэг цомогтой.
 
Хөвсгөл аймгийн залуусаас бүрдсэн "Eternal" хамтлагаас хойш олон нийтэд танигдаж, тренд болж чадсан уран бүтээлч гэвэл яахын аргагүй өөрийг тань нэрлэх байх ...
 
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг төгссөн. Сонирхуулахад, “Rap Dembee” шиг үйл ажиллагаа Мөрөн хотод ч бас тогтмол зохиогддог байсан. Би ч түүнд нь их идэвхтэй хамрагддаг байлаа. Сурагч байхдаа хэд хэдэн дуугаа бичүүлж, хамтарсан тоглолтоо ч хийгээд амжсан. Багадаа бүр монгол бүжиг бүжиглэдэг байсан гэвэл итгэх хүн цөөн байх. Юм юмыг л оролддог хүүхэд байсан даа. Тэгээд анх 14 настайгаасаа дуулах сонирхолтой болсон гэх үү дээ. Намайг эрчимтэй хэмнэлд оруулсан уран бүтээл гэвэл 2016 онд “Unbox” студид бичүүлсэн “Deadpool” нэртэй дуу.
 
“Give me justice”-ийн үгийг Хөвсгөл далайн эрэг дээр бичсэн гэсэн. Тэнд онгод хөглөгддөг юм уу?
 
-Бүхэлд нь бичээгүй. Зарим нь өмнө нь бичигдсэн байсан юм. Далайн эрэг дээр байхад шүлэг бичих таатай нөхцөл бүрддэг гэж ойлгож болно. Усны чимээ маш сайхан.Анхаарал маш сайн төвлөрдөг. Манайх Хөвсгөл аймгийн Хатгал суманд амралтын газар ажиллуулдаг. Би заримдаа очиж чадахаараа л тусалдаг юм. Ер нь ажил ихтэй өнждөг. Оройдоо зав гарвал далайн эрэг дээр очиж үгээ бичихийг л бодно. Гэхдээ тэр бүр очоод байж чаддаггүй.
 
Манайхан уламжлалт зүйлсийг л их дэмжиж хүлээж авдаг. Харин энэ замыг сонгоход гэр бүлийнхэн тань ямар хандлагатай байсан бэ?
 
-Би элсэлтийн шалгалтдаа их өндөр оноо авсан. Багаасаа математикийн хичээлд сонирхолтой бас дажгүй сурлагатай байсан.Авсан оноогоороо ШУТИС-ийн архитектурын ангид орох боломжтой боллоо. Манай аймагт тийм хуваарь ганц, хоёрхон ирдэг учраас хөөрөөд л орчихсон. Дэндүү яарсан шийдвэр гаргасан гэдгээ хожим ухаарсан даа. Үнэндээ Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид орно гэж боддог байсан юм. Эхэндээ архитектураар сураад байж болмоор санагдсан учраас нэг их санаа зовоогүй. Гэвч цаг хугацаа надад дэмий зүйл байж гэдгийг ойлгуулсан. Хүн ер нь сонирхолгүй зүйлдээ сэтгэл гаргадаггүй. Ялангуяа албадаж шахсан зүйлд. Гэхдээ аав, ээжийнхээ надад үзүүлсэн итгэлийг ингээд ор хоосон зүйл болгочихмооргүй санагддаг байлаа. Их эмээж байсан ч энэ талаар ярилцаад хоёр сонголт байгаа талаар хэлсэн. Эндээ уран бүтээлээ хийнэ эсхүл гадагшаа явмаар байна гэж. Тэгээд л Солонгос улсад очиж нэг жил амьдарсан. Харин ирээд рэпээ эрчимтэй үргэлжлүүлсэн. Энэ үед ч миний гэр бүл намайг дэмжсээр л байсан. Ер нь ч анхнаасаа л тийм байсан шүү.
 
“Give me justice” дуу олны анхааралд өртөж, шуугиан нь намжаагүй байхтай зэрэгцээд “Рашаантын 18” гэх уран бүтээлээ гаргасан. Тус уран бүтээлээр юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
 
-Залуусыг зорьж, хүсэж байгаа зүйлийнхээ төлөө шантралгүй хөдөлмөрлөөсэй гэж хүссэн. Бас өөр хэд хэдэн дэд санааг өгүүлдэг. Жишээлбэл, “Хүн тарган турьхан, өндөр нам байх нь чухал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Зүгээр суухаар, хамгийн гол нь түүний сэтгэл, чамд итгэх итгэл” гэдэг хэсэг. Хүнийг гаднах үзэмжээр нь дүгнэхгүй гэдэг мөртлөө яг цаг нь тулахаар шал худал байдаг. Тийм зүйлтэй олон таарч байсан.
 
“Give me justice” дууг гаргасныхаа дараахан Хууль зүйн дэд сайд асан, хуульч Б.Энхбаярын хамт “Уухай” подкастанд оролцсон байсан нь нэлээд анхаарал татах шиг болсон ...
 
-“Give me justice” дууг сонсоод намайг Б.Энхбаяр ахтай хамт урьсан юм билээ. “Шударга ёс” хэмээх подкаст байсан. Бид шударга ёс, залуусын идэвх, оролцооны талаар ярилцсан. Бас “Give me justice” дууныхаа талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн юм.
 
Өөрийгөө яагаад 2Pac-ын Монгол дахь хамаатан гэж тодорхойлсон бэ? Ямар нэгэн сонирхолтой түүх өгүүлэх байх ...
 
 
 
-2Pac-ыг анх сонсоход их хүчтэй мэдрэмж төрж, чих нээгдэж билээ. Өмнө нь Eminem-ийн дууг их сонсдог байсан. Түүнээс хойш 2Pac-ын үзэл баримтлалыг нь судалж үзээд бүр дуртай болсон. Тууштай, зоригтой зан чанар нь таалагддаг. Тавхан жилийн хугацаанд 500 хол давсан дуу гаргасан байдаг шүү.
 
 
 
Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл, 2Pac 1996 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Лас Вегаст буудуулсан гэдэг. Би яг тэр өдөр нь төрсөн. 2Pac шархаа даалгүй хэд хоногийн нас барсан гэдгийг нь би хожим уншиж мэдсэн л дээ. Өөртөө Pacrap гэдэг нэр өгөхдөө 2Pac-ын Pac-ыг авч Rap гэдэг үгтэй хоршуулсан гэх юм уу даа.
 
 
“Give me justice” дууны клип дээр хамт алхдаг залуу танай дүү гэдгийг мэдлээ. Хүмүүс хажууд нь алхаж байгаа залууг дуулах байх гэж харуулдсаар байгаад дуусгалаа гэж хошигносон байна лээ ...
 
-Дүүтэйгээ ямар нэгэн зүйлийг хамтдаа хийнэ гэсэн санааг л илэрхийлсэн. Анзаарвал дуу эхлэх цагаас дуусах хүртэл хамт байдаг шүү дээ. Дуулах юм байх гэж их хүлээлээ, яасан хийцгүй залуу вэ гэсэн хөгжилтэй сэтгэгдлүүдийг их уншсан. Дүү маань ч уншаад над руу нэг бүлтийж харсан шүү. /Инээв/
 
Сүүлийн үеийн уран бүтээлүүд тань нийгмийн эмзэг сэдвүүдийг хөндөж байгаа. Ингэж ажиллахад унаган зан тань нөлөөлдөг тал бий юу?
 
-Монголчууд бэлэн нулимстай гэж ярьдаг. Би яг тийм биш ч гэлээ их өрөвч, эмзэг. Багын тийм хүүхэд байсныг найз нөхөд, гэр бүлийнхэн маань сайн мэднэ. Гадаа гуйлга гуйгаад сууж буй хөгшид, хүүхэд, сав, лааз, шил түүж амьдралаа залгуулдаг хүмүүсийг хараад их хэцүү санагддаг. Өр өмрөөд байдаг юм. Тэд энэ нийгэмд сайн сайхан амьдарч, бүлээн хөнжилд, бүтэн нойртой унтах ёстой. Тийм эрхтэй.
 
Дууны шүлгийн мөрүүд утга санааны хувьд зохилдлоготой, их оновчтой санагддаг. Яруу найраг сонирхдог уу?
 
 
 
-Р.Чойномын шүлгийг их шимтэн уншдаг. 2Рac болон Р.Чойномын зураг ханан дээр минь өлгөөстэй байдаг.
 
 
Олонд танигдаад уран бүтээлээ тодорхой хэмжээнд үнэлүүлээд ирэхээр хэнээс ч хамаагүй захиалга ороод ирдэг гэсэн. Энэ үнэн үү?
 
-20, 30 саяыг өгье, ийм утга, агуулгатай дуу хийгээд өг гэдэг юм билээ. Би ч яах вэ, дорвитой хариу өгөлгүй өдийг хүрсэн. Их мөнгө амласан байлаа ч надад чухал биш. Үзэл санааны хувьд зөрүүтэй зүйлүүд байсан учраас татгалзсаар ирсэн. Ер нь худалдагдах дургүй. Хэрвээ худалдагдвал улс төрийн сонгуулийн үеэр өөрийн үзэл бодлоосоо урвах болно гэж эмээдэг.
 
Залуусын улс төрийн идэвх, оролцооны талаар ямар бодолтой байдаг вэ?
 
-Хуульч Б.Энхбаяр шиг хүн олон байгаасай гэж боддог. Одоогийн нөхцөл байдалд, залуусын улс төрийн оролцооны талаар ойлгож, хүлээж авахад нэг их ном уншаад, гэгээрээд байх албагүй мэт санагдсан. Бүх зүйл тодорхой. Би залуусын идэвх, оролцоог сулхан л гэж хэлнэ. Ер нь улс төрийн сонгуулийн үеэр л илт ажиглагддаг. Ядаж л очоод ирцээ бүртгүүлчихдэггүй.
 
Цаашид ч дуугаараа ямар нэгэн сэдвийг хөндсөөр байх уу?
 
-Саяхан нэгэн сэтгүүлч залуу насны минь өвчин илаарьших үед би ч бас эндээс явсан байх болно гэж бичсэн байсан. Миний хэлэх гэснийг их оновчтой гаргасан байна лээ. Би нэгэнт эхлүүлсэн, үүнд бас их зүйл золиосолсон болохоор зогсохгүй байх аа.
 
Тамхинаас татгалзана гэж хэлснийг тань залуус их эергээр хүлээж авсан шүү. Гэр бүл төлөвлөж байсан учраас тэгж хэлсэн үү?
 
-Анхандаа миний харагдах, үзэгчдэд хүрэх байдал үргэлж тамхитай хамт дүрслэгддэг байсан. Миний хэв маяг, бусдаас ялгарах байдал гэж бодож байсан л даа. Гэхдээ нийгэмд, бусдад их муу үлгэр дуурайл үзүүлж байгаагаа ойлгосон.
 
Цаашид ямар зүйлийг төлөвлөж байна вэ?
 
-“Үхэл дайрсан” коронавирусийн дэгдэлт намжвал төлөвлөсөн зарим ажлаа хийж эхэлмээр байна. Ямартаа ч анхны тоглолтоо хийнэ гэсэн бодол бий.
 
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин