АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвших эрхээ өвөртөлсөн,  “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгион сонгуулийн сурталчилгаагаа “эхлүүлжээ”. Тодруулбал, тэрбээр  “Санхүүгийн хямрал ба холбооны нөөцийн банк” номын зохиогчоор ажилласан бөгөөд  өөрийн зураг бүхий самбарыг хотын төвийн хэд хэдэн газарт байршуулжээ. Хэдийгээр энэ нь   номын танилцуулга мэт харагдавч үнэн хэрэгтээ УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж буй хүний хувьд шууд утгаараа хууль зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулиар  нэр дэвшигчдийн сурталчилгаа  эхлэх болоогүй бөгөөд уг хуулийн  гуравдугаар зүйлд “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно” гэж заасан.  Тэр дундаа уг хуулийн 3.1-д  “Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах”-ыг хориглоно хэмээн нарийвчлан тусгасан. Гэвч сонгуулийн хандив цугуулахаас авахуулаад нэр дэвшигчдийг тодруулах хүртлээ хуулийг уландаа гишгэсэн АН-ынханд хууль, дүрэм хамаагүй бололтой. Э.Долгионы хувьд “Эрдэнэт”-ийн 49-ийн талын  томоохон төлөөлөгчдийн нэг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, түүний удирддаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг  “Ростех” компаниас худалдаж авсан  “Монголын зэс корпораци”  болон Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийнх. 
 
 
 
УИХ-ын энэ удаагийн сонгуульд АН-аас “49-ийн төлөөлөл” гэх цөөнгүй хүнийг бодлогоор дэвшүүлж байгаа бөгөөд тэдний хувьд энэ мэтээр өөр хоорондоо амин хувийн эрх ашгаар холбогдсон байдаг. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн болсон “Эрдэнэт”-ийн  томоохон  наймаатай холбоотой хэргийг хууль, шүүхийнхэн өнөөдөр ч шалгаж буй.
 
 
 
Тийм ч учраас 49-ийн талынхан ийнхүү бөөн бөөнөөрөө АН руу, улмаар УИХ руу зүтгэж байгаагийн цаана гэмт хэргээс мултрах гэсэн далд санаархал байгаа нь ойлгомжтой. Ямартай ч гэмтнүүдийн хоргодох байр болсон  АН-ын нэр дэвшигчид  хандив цуглуулах хуулийн хугацаа болоогүй байхад 100 саяын дэнчин төлөхөөс авахуулаад мордохын хазгай гэгч болсон. Цаашид ч сонгууль дуустал хуулийг үл мөрдөх бололтой.