sonin.mn
Байлан цаасны тухай ярихаасаа өмнө дэлхийн хоёрдугаар дайны нэгэн цухас үеийг дурдъя. Дайны эхэн үед ихээхэн хэмжээний газар нутгаа алдаж хойш түрэгдсэн зөвлөлтийн цэргүүд аажим аажим давшсаар Сталинградыг эзлэн авчээ. Сталинградыг хожим нь Волгоград гэх болсон. Сталинградад германчууд ихээхэн тухалж авсан байлаа. Цаг зуурын орос эхнэртэй болчихсон германы цэргийн дарга нар ч цөөнгүй байжээ. Орос цэргүүд эзэлж авсан газрынхаа орон байраар явж байгаад нэгэн сонин цаас олжээ. Хуйлаатай тэр нарийн цаасаар тамхи ороох гэтэл болдоггүй. “Таня, би чамд хайртай” гээд захиа бичье гэтэл бас л болдоггүй. Ямар учиртайг нь гайхалзан байтал бусдаас арай ахмад насны, юм юмны зах зухаас дуулсан нэгэн цэрэг хэлж гэнэ.
 
-Бие засч дуусаад бөгсөн биеэ цэвэрлэдэг цаас байдаг юм гэсэн. Тэр нь л байх шиг байна гэжээ. Цэргүүд ч гайхаж. Түрүүчийн зарим нэг нь хэрэглэж үзээ ч биз. Тэгтэл тэндээс нэг нь:
 
-Бид халуун хүйтэнд зовж зүдэрч явдаг. Тэгэхэд энэ фашистууд дулаан байшинд суугаад зөөлөн цаасаар хошногоо арчин ямбалж байдаг. Болж байгаа юм уу? Фашистууд сөнөтүгэй! гэж хашгирснаар цэргүүдийн омог хөдөлж Сталинградын ойролцоох германы цэргийн нэгэн жижиг бүлэглэлийг товроглож орхисон гэдэг. Тэгэхлээр энэхүү дурдан буй цаас ялалтын түүхийн нэгэн хэсэгтэй салшгүй холбогдоод ирэв үү. Сталинградын тулалдаан дайны ялалт хэний талд болохыг шийдсэн эрэлхэг тулаан байжээ.
Бас нэгэн шог үг ярья. Оросынх оо. 1970-аад оны дундуур л сонсож байв. Орос, гүрж, армян гурван эр нийтийн бие засах газарт зэргэлдээх гурван жорлонд хүнд биеэ суллаж байжээ. Гэтэл цагдаа ирээд орос эрээс эхлээд асуужээ. “Бие засч дуусаад бөгсөн биеэ юугаар яаж цэвэрлэх вэ?” гэхэд нь орос эр барьж явсан “Правда” сонингоо өргөн “Сонингоор” гэж хариулжээ. Цагдаа ч баахан үзэл суртал ярьж байгаад торгочихлоо гэнэ. Торгочихоод л гүрж эр дээр очиж мөнөөх асуултаа асуув. Түүний халаасанд “Труд” сонин байгаа боловч үүнийг нэрлэж болохгүй гэдгийг сонссон болохоороо “Хуруугаараа арчина. Тэгээд гараа сайхан угаана, ариутгана” гэжээ. Мөнөөх цагдаа энэ удаад ариун цэвэр, эрүүл ахуй ярьж байгаад бас л торгочихож. Дараагийн армян эр дээр очжээ. Түүний халаасанд “Комсомольякая правда” сонин байгаа л даа. Тэр ч байтугай “Советская женщина” гэдэг сэтгүүл ч бий. Цагдаагийн асуултыг журам ёсоор сонсчихоод бодож цөхсөн ч үгүй “Хаттал нь сууна” гэж хэлээд торгуулиас мултарсан гэдэг.
Энэ үед Зөвлөлтөд ариун цэврийн хэрэгцээний цаас хүрэлцээтэй биш байснаас л энэ яриа гарсан хэрэг. Далаад оны сүүлч, наяад оны эхэн үеийн Улаанбаатарт их дэлгүүрийн урдхан талын 62 дугаар байрын доод давхарт байх сантехникийн дэлгүүрт тийм цаасыг хааяа худалддаг байв. Гэхдээ хүрэлцээтэй биш. Хааяа л ирнэ. Сүүлдээ ч дэлгүүр нь алга болоод хаачсаныг ч бүү мэд. Түүнээс өөр дэлгүүрт тийм цаас байхыг би л лав үзээгүй. Нэг хуйлаастай нь нэг төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгээд л Улаанбаатарынхан “Үнэн” сонингоо, залуучууд нь “Залуучуудын үнэн” сонингоо, үйлдвэрийн ажилчид нь “Хөдөлмөр” сонингоо ахуйн хэрэглээнд зориулдаг байв.
Монголчууд лав л дундад зууны сүүлч үеэр цаас индэж байжээ. Болгомол цаасан дээр ном барлаж баринтаглаад, муутуу цаасанд бийрээр бичин үдэж дэвтэрлэж ирсэн номын соёлтой ард түмэн билээ. Харин ахуйн хэрэглээнд зарцуулж байсангүй. Жорлонгийн цаас гэж анхандаа нэрлэж байснаа одоо нийтээрээ “нойлын цаас” гэж нэрлэх болсон тэр цаасыг 1990-ээд оны эхэн дунд үеэс л нийтээр хэрэглэж хэвшсэн гэхэд болно буй заа. Хэрвээ энэ цаасгүй бол одоогийн охид хөвгүүд бухимдаж, Сталинградын тулалдаан шахуу юм болно байлгүй. “Нойл” гэдэг нь монголчуудын ойлголтоор жорлонг хэлж байгаа юм. Сургууль, албан газруудын өрөө тасалгааг дугаарлахдаа жорлонгийн өрөөг тэрхүү дугаартаа оруулалгүй “О”, “ОО” гээд биччихдэг байснаас шалтгаалж жорлон гэдэг үгийг хэрэглэхээ азнаад “нойл” гэцгээх болжээ. Гадны орны зарим барилгын доторх өрөө тасалгааны дугаарыг харж байхад эхнээс нь дугаарлаж явсаар тэрхүү жорлонд хэд дүгээр нь таарах нь вэ, тэр дүгээрийг тавиад явчихсан байдаг юм билээ. Заримдаа ч дугаар тавиагүй, зөвхөн зориулалтыг нь үсгээр юмуу дүрсээр заачихсан байдаг.
 
Тэрхүү нойлын өрөөнд хэрэглэдэг цаасаа “нойлын цаас” гэдэг болцгоосон. Хэн ч ойлгоно. Ядаж “нойл” гэдэг нь монгол үг ч биш юм. “Нойлын ногоон тэг” гэх зэргээр бидний өдөр тутмын хэрэгцээнээс салшгүй болчихсон, тиймээс бараг монгол үг болж дээ. Харин үүнээс хойш “Байлан цаас” гэж нэрлэж сурцгаая гэж санал болгож байна.
 
Дөч тавиад оны үеэс албан бичиг үйлдэгчид “тайлан цаас” гэж хэрэглэдэг байлаа. Энэ нь бичгийн цаас гэдэгтэй дүйнэ. Хэмжээний хувьд одоогийн А4 цааснаас арай том байсан. Яг тогтсон хэмжээ байсан эсэхийг мэдэхгүй. Харин байлан цаас гэдгийг “Монгол хэлний тайлбар толь”-д байгаагаар нь тайлбарлая. Юуны өмнө энэ үгийг хуучирсан үг гэдгийг цохон тэмдэглэжээ. Хуучирч хэрэггүй болсон цаасыг дахин дэвтээж тунгаан хийсэн борог бүдүүн цаас; туурга дээвэр, мод хулдахад хэрэглэнэ . Бүдүүн байлан цаас – хулс модыг хэмхчиж булдан дэвтээж тунгаан хийсэн сиймхий цаас гэсэн тайлбар тааралдаж байна. Тайлбараас үзвэл муутуу цааснаас арай бүдүүн цаас байх бололтой. Хуучин цагт шашны зориулалтын наамал шуумал хийхэд хэрэглэдэг ч байсан байж мэднэ.
Одоогийн бидний хэрэглээд байгаа “нойлын цаас” хэмээх жорлонгийн цаасыг “Байлан цаас” гэж нэрлэчихэж болмоор санагдана. Хуучин үгийг сэргээж хэрэглэдэг ёсон буй. Ариун цэврийн хэрэгцээний ийм цаасыг манайхан өөрсдөө үйлдвэрлэж байна. Мөн өөр бусад улсад захиалан монгол нэр хаягтайгаар үйлдүүлж байна. Тэдгээрийнхээ хаяг шошгод “Байлан цаас” гэдэг үгээ хэрэглэж хэвшүүлье. Үгийн сангаа нэг үгээр ч гэсэн баяжуулъя. Монголчууд хулс модыг “баа” гэдэг байсан хийгээд хулсны баавгай панда хэмээгчийг “баа мазаалай” гэдэг байсан гээд цааш хадуурахаа больё. Байлан цаас гэдэг шинэ үгтэй боллоо шүү.
 
 
Я.Баатар