Чех улсаас гарч, нийт 25 хоногийн хугацаанд найман мянган км зам туулан Монгол Улсын хил, Алтанбулаг боомт дээр ирсэн Монгол Улсын иргэн Н-ыг хилээр нэвтрүүлэлгүй хоёр хоносон билээ. Монгол Улсын Иргэн Н энэ тухай:  “ Би одоо буцаад Орос руу нэвтрэх боломжгүй. 25 өдрийн турш газраар яваад ирж байхад ингэнэ гэж ёстой бодсонгүй. Хил нэвтрүүлэхгүй байгаа шалтгаан нь намайг УОК-оос, Чехээс зөвшөөрөл аваагүй учраас гэж тайлбарласан. Би Чехээс ирэхдээ асуусан, зөвшөөрөл авах хүсэлт тавьсан.
 
Тэгэхэд Чехэд суугаа Монгол Улсын Элчин сайд “Зөвшөөрөл авах шаардлагагүй. Бичиг баримтаа үзүүлээд л хилээр нэвтэрнэ” гэсэн. Гэтэл эндхийнхэн ажилтнууд буцаад яв, бидэнд чиний асуудал хамаагүй гээд байна” хэмээсэн. Тэгвэл  ОХУ, Монгол Улсын хоёр улсын хил дээр гацсан иргэнийг өнөөдөр өглөө 9.00 цагийн үед  /2020.07.30/ Монгол Улсын хилээр оруулахаар ажиллаж, ямартай ч Монгол улсын хилийн бүсэд нэвтрүүлсэн байна.
 
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Алтанбулаг боомт дээр гацсан Монгол Улсын иргэн Н-ыг хорио цээрийн дэглэмийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч, нэн даруй хил нэвтрүүлж, эх оронд нь оруулах чиглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох байгууллагуудад өгсөн бололтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар Монгол Улсын иргэн Н-тэй өчигдөр орой холбогдож, нөхцөл байдлынх нь тухай бодитой мэдээллийг авсан аж.
 
Э.Мягмар