Сүүлийн хэдхэн жилийн дотор ОХУ болон БНХАУ хоёр талын худалдааны төлбөр тооцоонд долларыг ашиглахаа эрс багасгажээ. 2020 оны эхний улиралд хоёр улсын нийт худалдааны бараа эргэлтэд доллароор хийсэн арилжааны хэлцлүүдийн эзлэх дүн  анх удаагаа 50 хувиас доошилсныг Оросын Төв банк ба Холбооны гаалийн албаны дүн мэдээ харуулж байна. Доллароос татгалзахад чиглэсэн Орос-Хятадын хамтын чармайлт нь одоо “эргэлтийн цэг”-тээ ойртож байгаа бөгөөд ингэснээр хоёр улсын хооронд “санхүүгийн альянс” үүсч магадгүй гэж англи хэлээр хэвлэгдэн гардаг Японы “Nikkei Asian Review” сэтгүүлд дүгнэн бичсэнийг орчуулан хүргэе.     
Тодруулбал, оны эхний улиралд хоёр улсын худалдааны нийт төлбөр тооцооны 46 хувийг нь доллароор хийжээ. Үүний сацуу еврогоор 30 хувийг нь, юань ба рублиэр 24 хувийг нь тус тус хийсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүд юм.
Гэтэл саяхан 2015 онд гэхэд, төлбөр тооцооны 90 орчим хувийг доллароор хийдэг байв. Харин АНУ-Хятадын худалдааны дайн дэгдсэнээс хойш Москва, Бээжин хоёр доллароос татгалзах хүчин чармайлтаа нэгтгэх болсноор дээрх үзүүлэлт 2019 онд 51 хувь болж огцом буурсан байна. 
 
 
Хоёр талын төлбөр тооцоонд долларын эзлэх хувь 
 
Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирал А.Маслов Nikkei Asian Review сонинд ярилцлага өгөхдөө “Доллароос татгалзах Орос-Хятадын нэгдсэн бодлого нь “эргэлтийн үе”-дээ ороод байгаа бөгөөд ингэснээр тус хоёр улс санхүүгийн альянс /холбоо/-ыг байгуулж магадгүй” гэлээ.  
Хоёр улс цэргийн эсвэл худалдааны эвсэл холбоо байгуулна гэж олон хүн таамаглаж байсан бол одоо бүх зүйл банк-санхүүгийн альянс /холбоо/ байгуулагдах тал руу хэлбийлээ.
 
 
 
Крымын үйл явдлын дараа Орос улс Барууны орнуудаас зайгаа барьж эхлэх үед буюу 2014 оноос хойш Орос, Хятад хоёр улс эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхдээ доллароос татгалзах бодлогыг гол чиглэл болгосон юм. Оросын эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд төлбөр тооцоонд доллароос өөр валют ашиглах нь чухал болоод байлаа.
 
 
 
“Америк доллароор хийсэн ямар ч гүйлгээ хэзээ нэгэн цагт Америкийн аль нэг банкаар дамждаг. Өөрөөр хэлбэл, АНУ-ын засгийн газар зарим гүйлгээг царцаах тушаалыг тухайн банкинд өгөх магадлалтай гэсэн үг” хэмээн ING Wholesale Banking Russia банкны ерөнхий эдийн засагч Дмитрий Долгин тайлбарлаж байна.
Д.Трампын засаг захиргааны зүгээс Хятадын хэдэн зуун тэрбум долларын бараанд татвар ногдуулсны дараа доллароос татгалзах үйл явц эрс эрчимжсэн юм. Одоо тэгэхээр зөвхөн Москва төдийгүй Бээжин ч гэсэн долларын хамаарлаас ангижрахаар шийджээ.
“Манай орос нөхөд хоригт өртсөн төдийгүй SWIFT системээс гарч магадгүй болоод байгаа. Үүнтэй  адил нөхцөл байдалд орж магадгүй гэдгээ Хятадын төр болон томоохон бизнесийн байгууллагууд мэдэрч эхэлсэн” хэмээн Дорнод Хятадын боловсролын их сургуулийн Орос судлалын төвийн ажилтан Жан Син ярьж байна.
2014 онд Орос, Хятад хоёр 150 тэрбум юанийн /24,5 тэрбум доллар/своп хэлцлийг 3 жилийн хугацаатай байгуулж, улмаар 2017 онд дахин 3 жилээр сунгажээ.
Өөр нэгэн онцлог үйл явдал бол 2019 оны 6 дугаар сард Хятадын удирдагч Ши Жиньпиний Орост хийсэн айлчлал юм. Айлчлалын явцад худалдааны төлбөр тооцоог хоёр улсын үндэсний валютуудаар хийх тухай хэлэлцээрийг байгуулсан байна. Түүнээс гадна, худалдааг рубль, юаниар хийхийн тулд АНУ-д өргөн ашиглагддаг SWIFT сүлжээг орлож чадахуйц төлбөрийн механизмыг бий болгох асуудлыг хэлэлцээрт тусгажээ. 
 
 
2019 оны 6 дугаар сар 
 
 
 
 
Үндэсний валютаараа худалдаа хийхийн сацуу Орос улс юанийн нөөцөө нэмэгдүүлэн долларын нөөцөө багасгаж байна. Тухайлбал, долларын активаа 101 тэрбумаар буюу 50 гаруй хувиар багасгасан тухайгаа 2019 оны эхээр Оросын Төв банк мэдэгдэж байв. Тус банк 44 тэрбум долларыг юань болгон хувиргаснаар валютын нөөц дэх юанийн эзлэх хэмжээ 5-аас 15 хувь хүртэл өсжээ. Ингэснээр Орос улс гадаад орнууд дахь юанийн нөөцийн ¼-ийг хуримтлуулсан байна.
 
 
 
Энэ оны эхээр Кремлийн эрх баригчид юань болон Хятадын засгийн газрын бондуудыг худалдан авахыг Оросын Үндэсний баялгийн сангийн удирдлагад зөвшөөрчээ.  
А.Масловын дүгнэн хэлснээр, юань нөөцлөх гэсэн Оросын эрмэлзэл нь зөвхөн валютынхаа нөөцийг төрөлжүүлэх гэсэн хэрэг биш ээ. Нөгөөтэйгүүр энэ бол Вашингтоны эдийн засгийн давамгайллын эсрэг илүү шийдвэртэй тэмцэл хийхэд Бээжинг түлхэн шавдуулах гэсэн Москвагийн  эрмэлзэл юм.
“Орос улс АНУ-ын талаар Хятадыг бодвол илүү шийдвэртэй байр суурь баримталж байгаа. Тэмцэлд дасан зохицсон Орос улс хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна. Санхүүгийн салбарт дэмжлэг үзүүлж байгаагаа харуулах нь илүү шийдмэг байр суурь баримтлах нь зүйтэй гэдгийг Хятадад ятган ойлгуулахын тулд Оросын хэрэглэж буй аргуудын нэг” хэмээн Маслов үзэж байна.  
Гэхдээ долларыг “түлхэн унагана” гэдэг бол тийм ч амархан зүйл биш ээ.
 
 
 
Харвардын их сургуулийн эдийн засагч Жеффри Франкель долларын гурван гол давуу талыг дурдаж байна. Үүнд: 1.доллар нь инфляци, үнэгүйдэлд маш бага өртдөг, үнэ цэнээ хадгалах чадвартай валют; 2. Америкийн эдийн засгийн цар хэмжээ асар их; 3. АНУ-д санхүүгийн хүчтэй, хөрвөх чадвартай, нээлттэй зах зээл бүрэлдэн тогтсон явдал юм. Ж.Франкелийн дүгнэн хэлснээр, доллартой өрсөлдөж буй валютуудын аль нь ч дээрх гурван үзүүлэлтээр доллароос давуу байж чадахгүй байна.
 
 
 
Үүний сацуу тэрбээр анхааруулан хэлэхдээ “хэдийгээр одоо долларт учрах аюул бага байгаа боловч өсөн нэмэгдсээр буй өрийн хэмжээ, хоригийн хэт хатуу бодлого нь урт хугацаандаа түүний давамгайллыг үгүй хийж магадгүй” гэв.
“Хориг гэдэг бол АНУ-ын хувьд маш хүчтэй арга хэрэгсэл, гэхдээ хэт хүчлэх аваас ийм арга нь бүтэлгүйтэлд хүргэж мэднэ. Долларыг орлуулах боломжгүй, доллар бол үргэлж № 1 валют байх болно гэж найдах нь гэнэн хэрэг” хэмээн Ж.Франкель эцэст нь хэллээ.