Бүгд түүнийг Аким гүүш гэж авгайлдаг байлаа. Гүүш хэмээх энэ үг бол “Улсын багш” гэсэн утгатай дорно дахины их номт мэргэний алдар цол агаад тэртээх 1260-аад оны үед Хубилай хаан Түвдийн шашны тэргүүн Пагва лам Лодойжалцанг хааны багш, улсын багш болгосон тэр цагаас монгол хэлний үгийн санд орж өнөөг хүртэл зуун зууныг улираан дуурьссаар байгаа “утгын таяг тулсан үгийн өвгөн” үг болой. Чингэхдээ монголчууд их соён гэгээрүүлэгч, бичгийн мэргэн, нэрт дуун хөрвүүлэгчдийг хүндлэн өргөмжилж ийн нэрлэсээр иржээ. Оросын их зохиолч А.С.Пушкин орчуулагч хүнийг “Гэгээрлийн улааны морь” гэж нэрлэсэн бол манай их эрдэмтэн академич Б.Ринчен “Соёлын жинчин” гэж үнэлсэн байдаг.
Энэ цагийн монголчуудын тийм эрхэм хүмүүсийн нэг нь Готовын Аким гүүш болой. Аким гүүш тугаархан хүмүүн биеийг орхиж, хувилгаан ертөнцөд одож, Монголын оюуны тэнгэрт нэгэн гэрэлт одон болон дэвшлээ.
Тэртээ 1993 онд би Тайваньд сурч байхдаа Аким гуайд захидал бичиж өөрийнх нь үүсгэн байгуулсан “Ил товчоо” сонинд орчуулга, нийтлэлээ явуулж эхэлсэн юм. Надтай хамт сурч байсан залуу Аким гуайг таньдаг байж, тэгээд л би захидал бичихээр зориглосон нь тэр. Шинэхэн гарах болсон “Ил товчоо” сонин монголчуудын унших дуртай сонин болж, нэгэн үеийн Монголын оюуны ертөнцийн түүчээ нь болон, ялангуяа соён гэгээрүүлэх үйлсэд чиглэгдсэн Монголын түүх, соёл, хөгжил дэвшил, улс төр, төр засгийн буруу хазгайг зоригтой хөндөн бичиж байснаараа борооны дараах мөөг шиг олширсон элдэв шар сонингуудаас тэс өөр байж, аргагүй л “сэхээтнүүдийн индэр” нэртэй болоод байсан билээ. Редакцидаа зохиолч, генерал Д.Пүрэвдорж, Монголын хүүрнэл зохиолд үзэгдэл болж “цахиур хагласан” Гүр.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, нэрт орчуулагч, зохиолч Ж.Нэргүй гээд тухайн үеийн Монголын оюуны ертөнц, бичиг соёлын сор болсон хүмүүсийг цуглуулаад Монголын сэтгүүл зүйн оройд нь цахилж байсан цаг. Бараг дугаар өнжөөд л миний өгүүлэл, орчуулгыг гаргана, тэр үед цахим холбоос төдийлөн хөгжөөгүй байсан тул бичсэнээ цаасаар хүргэж өгнө, өрөөнд нь орж үзэг нэгт нөхөдтэйгөө хуучлан, ярилцан суудаг байлаа. Тэр үед сонин хэвлэлд юм нийтлүүлнэ гэдэг залуу хүний хувьд маш том нэр хүндийн хэрэг тул их л баярлаж, найз нөхдөдөө, ойр дотныхондоо дуулган, илүү дугаар авч үзүүлдэг байж билээ.
Нэг удаа “Ил товчоо” сонины “Хөөрөг зөрүүлэх мөч” буланд хэдэн шүлэг минь гарч бөөн баяр явж байтал, эхнэр ажлаасаа утасдан “Чи юун Энгэр зөрүүлэх мөч энэ тэрд орчихсон юм бэ? гэж билээ. Тэгсэн чинь ажлын газрынх нь хүүхнүүд олж үзээд эхнэрийг маань цаашлуулж байсан нь тэр байж билээ. Тэр цагаас хойш бид бараа бараандаа олон жил явсан даа.
Намайг төрийн томилолтоор Бээжин, Хөххот, Тайбэй, Манжуурт ажиллаж байхад хүрээд л ирнэ. 2000-гаад оны эхээр Улсын Төв номын сангийн захирлаар ажиллаж, дараа нь орчуулгаа дагнаж, бас судалгаа, шинжилгээний ажил руу эрчтэйхэн орсон. 2016 онд Дэлхийн яруу найрагчдын Их хуралд олон нөхдийн хамт Тайваньд очиж оролцон, хэд хоног бид хамтдаа арлаар тойрон аялан явж билээ. Тайбэйд буцаж ирээд, Монгол руу буцахын урьд шөнө нь алга болчихов оо. Зохиолчдын хорооны дарга асан, яруу найрагч Г.Мөнхцэцэг, өөр хэн хэн ч билээ, бид буудлын ойр хавиар баахан хайлаа. Байдаггүй ээ. Өглөө нь өөрөө хүрээд ирсэн. Яав гэсэн чинь, буудлаа олноо гэсээр байгаад холгүйхэн гарсан, тэгсэн чинь харанхуйд төөрчихсөн гэнэ.
Тэгээд цагдаагийн газарт очиж хоног төөрүүлсэн байж билээ. Ядаж байхад, миний өгсөн нэрийн хуудсыг авч гараагүй байж... XX зууны хүн төрөлхтний оюуны сор болсон Г.Маркесийн “Зуун жилийн ганцаардал”, Ч.Айтматовын “Цаазын тавцан”, А.Франсын “Ундаассан бурхад” романууд, араб, перс дахиныг номхотгон захиран суусан Монголын Ил хаант улсын төрийн сайд Рашид-ад-Дин тэртээх 1310-аад онд бичсэн Монголын, бас дэлхийн анхны түүх болох “Шасдирын чуулган”, Л.Гумилевын “Хар домог”, Ж.Чемберсийн “Чингис хаан” гээд тоочхын эцэсгүй олон бүтээл туурвилыг гайхамшигтай сайхнаар дуун хөрвүүлж, Монгол орны энгээр нэг тархсан эртний хүмүүсийн уран бүтээл хадны зураг, бичээсүүдийг бэдрэн явж судлан, насныхаа сүүлээр “Монголын нууц товчоон”-д дурдагдсан түүхэн газар усны судалгааг хийж хил дамнан явж зураг авч, тэрлэн бичиж нэгэн номын хавтаснаа баринтаглан боож амжсан нь араас нь мөр даран явж бичиг номын ертөнцөд умбаж байдаг мань мэтэст бол ахадмаар ч, бахадмаар ч, ёстой л чөмөг дундалсан, халгамаар их үйл билээ.
Их сургуульд ажиллаж байхад ч тэр, харьд байхад ч тэр, тийнхүү уулзаж учраад л явдаг байсан бол, харин төрийн албанд шилжсэн хойно минь “оршихуйн орон” өөрчлөгдөөд тэр бүр уулзалдаж чадахгүй болсон нь амьдралын зам мөрийн учир буй заа.
Харин би Аким гуайд хэдэн удаа захидал бичиж илгээсэн минь өнөө ч надад хувь нь хадгалагдаж байдгийм аа. Захидал харилцаа гэдэг бол хүмүүний эртний сайхан ёс агаад хожим хойно нь бичиг соёлын баларшгүй гэрч, дурсамж дурдатгалын арилшгүй өв эрдэнэ болдог анам. Сүүлд намайг Манжуурт ажиллаж байсан он жилүүдэд 2023, 2024 оны хоёр зун очиж, хамтдаа “Монголын нууц товчоон” бичигдсэн байгалийн хуудас болсон Хамаг Монголын түүхт газруудаар, тухайлбал, Өэлүн эхийн Олхонууд аймаг, Бөртэ хатны Хонгирад аймгийн нутаг болох Буйр нуур, Хөлөн нуур, өнөө ч тэр хоёрыг холбон урсах Оршуун гол, Халх, Нөмрөгийн гол, Энэхэн гүйлэст, Үхэрт Хүйтэн,... гээд олон газраар явж, зураг авсаан. Тэгээд 2025 оны намар “Монголын нууц товчооны нууцлагдсан газар усны товчоон” нэртэй сүүлчийн томоохон бүтээлээ хэвлүүлж, Төв Номын санд хийсэн номын хуримд нь оролцсон минь гэгээн дүрийг нь харсан бидний сүүлчийн учрал байжээ.
Энэ ном “Монголын нууц товчоон” судлалд алгасч болшгүй чухал хэрэглэгдэхүүн болж, эзнээ мөнхлөх нь дамжиггүй ээ. Тэрээр хойргохон хүний нэгэн насанд байтугай хийж барахгүй ихийг хийж, бичиг соёлын их өв үлдээсэн нь бахархалтай.
Тэр бүхнийг нь харахад аргагүй л онцгой одонд төрсөн цолгорсон их бичгийн хүмүн байсан нь ойлгогдоно. Аким гуай Монгол орчуулгын онол хийгээд бодит үйлсийн оройд нь хүрсэн, энэ цаг үеийн яах аргагүй нэгэн “Их гүүш” байжээ. Түүний “Зуун жилийн ганцаардал” орчин үеийн сонгодог роман, “Шасдирын чуулган” дэлхийн анхны их хөлгөн түүхийн орчуулга тэргүүт олон олон боть бүтээл туурвил нь Монголын их утга зохиол, Монгол судлалын ертөнцөд дэлхийн сонгодгуудыг өлгийдөн авчирсан гавьяат үйлс болон мөнхөрч, үеийн үед дуурьсагдах болно оо.
Зохиолч, орчуулагч Я.Ганбаатар,
2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр.
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл1
Ил товчоо сонины Аким гэж л мэднэ ! Хөх толбо сонины Эрдэнэбаатар гэж бас байлаа одоо амьд уу үгүй юу !Бодлын солбицол сонины уруул Ганболд ! Дал сонины Түдэв ! Өдрийн сонины Мөнхнасан гээд л !