1989 оны 6 дугаар сард Москвагийн Ярославский буудлаас хөдөлсөн “Нарлаг Монгол” галт тэргэнд танилцсан оюутан залуугийн ярианы зарим онцлох хэсгээс би тэмдэглэлийн дэвтэртээ таталган үлдээжээ. Ахарлан утгачилбал, “Дэлхий ердөө тавхан л улс болно. Бод л доо, дэлхий таван тивтэй биз дээ. Ерөөсөө хүн төрөлхтөн нэг цул юм. Яах гэж улс оронд хуваагдан хил хязгаар тогтоож, байлдаж, алалцаж байдаг юм бэ. Энэ их хагарал бутрал, дайн, байлдааныг зогсоох арга нь глобалчлал шүү дээ. Та нар хар л даа, Европын холбоо гэж хүчирхэг том улс бий болчихлоо. Нэг л визээр (Зорчих эрхийн зөвшөөрөл) Европын холбооны бүх улсад чөлөөтэй явж болно, амар байгаа биз дээ. Хойт, Өмнөд Америкийн бүх улсууд хамрагдаад том АНУ болно. Өөр нэг нь Африкийн нэгдсэн улс. Бас нэг нь Азийн нэгдсэн улс. Дахиад нэг нь далайн орнууд, арлууд нийлээд Австралийн нэгдсэн улс. Гүйцээ, дэлхий глобалчлагдаж байгаа нь тэр. Энэ үйл явц (процес) улам лавширч манай гараг ердөө дэлхий улс болно. Үүнд үсрээд л хорин жил шаардагдана”.
 
 
Гучин жилийн өмнө ийм яриа сонин, содон сонсогдолгүй яах вэ. Нээрэн тийм ч юм уу гэх итгэл, үнэмшил ч төрж байлаа. Энэ үеэс л глобалчлах гэдэг үг хүчтэй сонсогдож, монгол хэлний хэрэглээний үгийн санд орж, одоо өргөн хэрэглээний үг болжээ. “Местный” буюу суурин, суурьшмал гэсэн утгатай үгс монгол хэлний хэрэглээний үгсийн санд олон бий, тийм суурьшмал (төрөлх, унаган биш) үгийн нэг нь глобалчлал юм.
 
Өнгөрсөн зууны хамгийн сонирхолтой, адал явдалтай он жилүүд 1980-аад оны төгсгөлд тохиосон бөгөөд (Адал явдалтай гэдэг нь 1980, 1984 оны олимпын тоглолт, Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт, сансрын Челенжер хөлгийн сүйрэл гэхчлэн) дэлхий нийтийг түгшээсэн зэвсэглэлээр хөөцөлдөх, хүйтэн дайн, нийгмийн тогтолцооны хоёр өөр системийн ялгааг ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн харилцаа зөөлрүүлж чадсан билээ. Зөөлрүүлэх ч гэж бүр эвдсэн шүү дээ. Ердөө л үзэл суртлын зөрөөнд тэг дундуураа хуваагдан хоёр өөр ертөнц мэт байсны зааг Берлиний хана нурж, хоёр Герман улс нэгдсэн явдал дээрх яриаг баталсан мэт сэтгэгдэл төрж байтал хоёр тив дамнан оршсон хамгийн том газар нутагтай, хамгийн хүчирхэгт тооцогдох ЗХУ задран 16 улс тусгаар тогтнолоо тунхаглан Төрийн далбаагаа мандуулав. Богино хугацаанд үйл явдал цаашид улам сонирхолтой бас адармаатай өрнөж Чехословак улс мөн л дундуураа хуваагдан Чех, Словак гэх хоёр улс болчихлоо. Удсан ч үгүй Югословак улс Хорват, Босни Херцеговин, Косово гэхчлэн дөрөв, тав хуваагддаг юм. Тэгтэл энэ бутрал хуваагдал Африк тив рүү халдварлаж Конго, Судан хуваагдан дөрвөн улс болчихлоо. Бас хэд хэдэн улс тусгаар тогтнолоо зарлалаа. 186 гишүүнтэй байсан НҮБ-д бүртгэлгүй улс нэмэгдсээр дэлхийн улс орны тоо 217-д хүрэв. Том холбоонд нэгдсэнээс эхлээд нэр нь ч төдийлөн сонсогдоогүй бага, буурай орнууд яагаад ингэж тусгаар улс болохоор тэмүүлэв гэсэн чинь газар нутгийн их багаас үл хамааран нэг удирдлагын дор хүчээр нэгдэн дарангуйлалд өртөж, хүний эрх, эрх чөлөөг хөсөрдүүлж байснаас тэр гэнэ. Эхний хариулт ийм байв. Глобалчлал гэдэг үгийг даяаршлал, даяарчлал гэж нэг үсгийн ялгаатайгаар хоёр өөрөөр бичиж, аль нь оносон, аль нь зөв зүйтэй нэршил болох талаар маргаж, тайлбарлаж, үгтэй ноцолдож байх зуурт үйл явдал дэлхийгээр нэг өрнөж, манай улсын хувьд нийгмийн шилжилт, олон намын тогтолцоо, олон ургалч үзэл, картын бараа, өмч хувьчлал, үнэ чөлөөлөлт, зээл, тусламжаар дамжин эдийн засгийн уналт, ажилгүйдэл, ядуурал, татварын болон өрийн дарамт зэрэгт дарагдан өндийх завгүй хориод жилийг үдэж, өнөөх глобалчлалыг яав, ийв гэх сэхээгүй мартагдсан байх юм. Дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралыг санаан зоргоор удирдаж, хянаж байдаг том гүрнүүд (Их долоо, их хорь ч гэгддэг) глобалчлалыг тунхаглан аялдан дагалдагчидтай болсон ч хэрэгжүүлж чадахгүй бүтэлгүйтэн өчнөөн саад бэрхшээлтэй тулгарч, бүр гацаанд орсон байх юм.
 
 
 
Ухаан холч, сэтгэлгээ гүн, эрдэм номд гүнзгий нэвтэрсэн В.Малеева гэх украин эмэгтэй (миний багш) ЗХУ гэж байхад, амаа мэдэж ярихгүй бол ардын дайсан болчихдог үзэл суртлын сүүдэр нөмөрсөн цаг дор “Дэлхийн түүх бол Монголын түүх” гэж олон орны, олон үндэстний оюутнуудын өмнө итгэлтэйгээр, зоригтойгоор хэлж байсан юм.
 
 
 
Энэ үгийг их алсаас нааш татъя. Мянга гаруй жилийн тэртээд глобалчлах (дэлхийшүүлэх) үзэл санааг Монголчууд хэрэгжүүлэхээр хоёр ч удаагийн их аяныг дэлхийн хэмжээнд өрнүүлж сайн ч нэр дуулсан, сайн ч үйл хийсэн. Бас саар нэр ч сонссон, бүтэлгүйтэл ч их амссан, ёстой дэлхийн түүх гэрчилнэ. Хүннү гүрний үед эх газрын улс орнуудыг нэгтгэн нэгэн захиргаанд оруулахыг сэдэж, эрмэлзэж, хэрэгжүүлэхээр өндийсөн нь глобалчлалын үндсэн үзэл санаа байсан билээ. Тухайн цаг үеийн байдал, үл ойлголцлоос Хүннү гүрэн хоёр хуваагдан гол (үндсэн) хэсэг нь дорноддоо үлдэж, нөгөө хэсэг нь европыг байлдан дагуулахаар нүүдэллэж, тэр үеийн өрнөдийн бараг бүх улсыг нэгэн захиргаанд оруулж Итали хүртэл глобалчлан Атиль Хүннү хаан суужээ. Тэгтэл Атиль хаан хорлогдон тэнгэрт халихад глобалчлах гэсэн санаархал гээгдэн гүйцэлдүүлэх эзнээ хүлээн орхигджээ. Чингис хаан улс, орнуудыг нэгтгэн захирах, нэгэн удирдлагын дор оруулах үзэл санаа (глобалчлал)-г хэрэгжүүлэх урт хугацааны, өргөн цар хүрээтэй үйл явдлыг үнэхээр дэлхийн хэмжээнд өрнүүлж, насан туршийнхаа үйл хэрэг болгосон нь түүхэнд тод томруун үлдсэн билээ. Монголчууд 176 улс орныг нэг удирдлагын дор нэгтгэж, дэлхийн хагасыг хамарсан томоохон эзэнт гүрнийг байгуулсан түүхэн үйл явдлыг зэвсгийн хүчээр, түрэмгийлэл, аллага хядлагын аргаар хийсэн мэтээр өрнөдийн эрдэмтэн, судлаач, түүхчид олон оны турш бичсээр ирсэн нь хожим тийм биш нь батлагдаж, нотлогдсон шүү дээ. Тэр үеийн Монголчууд нум, сумнаас өөр зэвсэг гэх юмгүй, сайндаа л сэлэм, хутга, жад мэтээс өөр зэвсэггүй байв. Эзэлсэн улс орныхоо ард иргэдийг аль болох амгалан тайван, найрсаг амьдрахад чиглүүлдэг байж. Харин эсэргүүцэл үзүүлэгсдийг бол намнаж, номхруулах нь гарцаагүй үйлдэл. Ийм нөхцөлд зэр зэвсгээс гадна оюун ухаан, харилцан ойлголцол, зохилдлогын арга ухаан сайтай жанжнууд (удирдагч, түшээ) их үүрэг гүйцэтгэжээ. Чингис хаан, түүний үр хүүхдүүд, удам угсаа, үе залгамжлагчид нь тухайн үеийн олон үндэстний эв нэгдэл бутарч, үл ойлголцох байдал гүнзгийрэх чиглэлтэй болж мэдэхийг ухаарч, олон үндэстний нэгдмэл их гэр бүлийн харилцааны гол хуулийг боловсруулан дэвшүүлсэн нь өнөөгийн их гүрнүүдийн санаархаад байдаг глобалчлал юм. (Энэ үгийг дэлхийших гэсэн нь онолтой мэт)
 
Чингис хаан, түүний үр сад дээрх үзэл санааг “зохилдохуй” гэсэн үгээр илэрхийлж, хамтын илгээлт (өнөөгийн нот бичгийн эхлэл) бичгээр европын оюун санааны төв болж байсан Францын хаадад олон удаа хүргүүлсэн нь Парис Ватиканы архивт өнөө хүртэл хадгалагдсаар байна.Францын хаад (Англи, Итали ороод) Ромын пап ламд Монголын хаад (Ил хаад)-аас арваад удаа илгээлт хүргүүлжээ.
 
Хамгийн анхны илгээлтийг Францын хаан Гуа Филлипед бие төлөөлөгч Манлаг, Түмэн хоёроор өгч явуулсан нь очих эзэндээ хүрчээ. Түүнээс хойших он жилүүдэд Чингис хааны үр сад Монгол нэртэй, Монгол хэлтэй Чингисийн хүү Тулуй, Тулуйн хүү Хүлэг, Хүлэгийн хүү Абага, түүний хүү Ариугуун, Аригууны хүү Хасан (Газан), Хасаны хүү Өлзийт нар илгээлт явуулж байсан бөгөөд гол дэвшүүлсэн санаа нь “Зохилдохуйгаас өөр сайн юм юу сан билээ” гэсэн үгээр илэрдэг. Энэ нь дайтах бус зохицохыг чухалчлахыг өгүүлснээрээ одоогийн хэллэгээр тандем гэж болох юм.
Хаадын нэрийн өмнөөс бүрэн эрхт элч илгээх, элч суурин суулгах зэрэг нь улам төгөлдөржин өнөөгийн гадаад харилцаа, дипломат албыг бий болгосон нь үнэн чанартаа зохилдохуйгаас дэлхийшсэн (глобалчлагдсан) дэвшил юм. Монголын их, Ил хаадын үйл хэрэг, үзэл санаанаас хойш үлэмж олон оны дараа хүчирхэгжсэн Англи улс дэлхийн өнцөг булан бүрд эзэмшил газар, ажиллах хүч /боол/, байгалийн баялагтай болж, дэлхийг эзэмшин захирахаар завдан багагүй амжилт, ашиг олсон ч зохилдохуйг мартаж, зовлон таригч шунахайн сэдлийн араншин авир, дарамтлах, дээрэлхэх, эзэрхэг мөн харгислах нь дэндсэн колоничлолын дэглэм тогтоож амжсан. Колоничлолын дэглэмд зохилдохуйн ямар ч үнэр байгаагүйн балаг, уршгаар удалгүй колоничлолоос чөлөөлөгдөх хөдөлгөөн өрнөж, бүх колони орон, эзэмшлээсээ ангижирсан шүү дээ. Напалеоны Европ, Хойд Африкт эзэмшлээ тогтоох гэсэн дайн, Адольф Гитлерийн үндэстнээр  нь хомроглон устгах харгислал зэрэг нь шинэ, нэн шинэ үеийн түүх, нийтээр мэдэх тул нуршаад яана. Эзэнт гүрний бутрал уналт, мөхөл, их санаатны мухардал, ялагдал нь зохилдохуйн онолтой зөрчилдөж, сөрснөөс л үүдэлтэй буюу. Бидний амьдран буй эрин зуунд шинжлэх ухааны орчин цагийн шинэ ололт, амжилт нь хүн төрөлхтний ахуй амьдралыг хил хязгааргүй болгож, харилцаа холбоо, дэд бүтэц, улс хоорондын төдийгүй тив дамнасан хүчирхэг сүлжээнд нягт холбогдсон, товчхондоо бол дэлхийшсэн (глобалчлагдсан) зуун юм. Өнөөдөр дэлхийн аль  ч улс оронд өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нь ижил түвшинд орон зайгаас үл хамааран хэрэглэгдэж  байна. Утгачлан хэлбэл, улс орнуудын нийгэм, улс төрийн  тогтолцооноос үл хамааран эдийн засаг, зах зээлийн харилцаа, худалдаа наймаа, хэрэглээ бүрэн дэлхийшсэн байна. Үүнд стандарт буюу журамлан тогтоосон нийглэг хэм хэмжээ онцгой үүрэг гүйцэтгэжээ. Хүн төрөлхтний анхдагч  хэрэглэгдэхүүн хүндийн жин, уртын болон шингэний хэмжээ гурвыг нэг стандартад оруулсан нь хэрэглээний глобалчлалын эх суурийг тавьжээ. Нэг улсад үйлдвэрлэсэн чийдэнгийн шил нөгөө улсад үйлдвэрлэсэн хөндийвч (патрон)-д таарахгүй байх гэхчлэн олон зөрүүг нэг хэм хэмжээнд оруулан олон улсын хэмжээнд дагаж мөрдсөн нь хэрэглээний глобалчлалын чухал амжилт байв. 1950- иад оны эхнээс тухайн улсад үйлдвэрлэсэн бараанд оноосон тоон дугаарыг хэрэглэж, улмаар тоог үл давтагдах зураасан (кодлох) дүрслэлд шилжүүлж, 1973 онд АНУ-д “Универсальный товарный код” (UPC) гэх тэмдэглээг хэрэглэж эхэлсэн бол 1977 онд Баруун Европын орнууд “Европейский артикул" (EAN)-ыг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд код нь 10 саяд нэг зөрүү, давхцал гарах магадлалтай гэж үзэж байв. Тив хоорондын ачаа тээвэрлэлт, зорчигчдын урсгал хөдөлгөөн усан, агаарын, төмөр замын, хурдны замын гэхчлэн олон улсын дэс дугаартай, цагийн хуваарьтай глобалчлагдсан үйлчилгээ болоод уджээ. 1949 онд ашиглалтад орсон Наушка-Улаанбаатарын төмөр замыг 1956 онд БНХАУ-ын хойт хилийн Эрээн боомттой холбосон нь манай улс тив хоорондын сүлжээнд нэгдсэн төмөр замын глобалчлалд орсон нь тэр. Улс орнуудын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ ийнхүү нэгдмэл хэм, хэмжээ, тогтолцоонд шилжин дэлхийшиж чадсан нь өнөөгийн зах зээл, тив дамнасан худалдаа, хэрэглээний тэнцвэрт байдлыг  хангасан, найдвартай аргачлал юм.
Дэлхийн улс орнуудын зах зээл, худалдаа, хэрэглээний уялдаа холбоог зохицуулдаг байгууллагууд Дэлхийн худалдааны төв, Олон улсын худалдааны төв, Дэлхийн банк, ОУВС гэхчлэн ажиллаж байна. Харин улс орон, үндэстнүүд дэлхийших боломжгүй хэд хэдэн үндсэн чанар, шалтгаан байна. Эдгээр нь улс, үндэстэн бүр давтагдашгүй өөр өөр мөн чанартай оршин буй учраас улс, үндэстнүүд оршин байх шалтгааныг хадгалдаг.
 
 
 
Улс, үндэстнүүд нэгэн дээвэр дор нэгдэж, нэгэн захиргаанд хамрагдан, нэгэн удирдлагын дор аж төрөх буюу дэлхийшиж чадалгүй өдий хүрсэн нь хүн төрөлхтөн оршин байхын эх сурвалж болсон бус уу. Улс, үндэстэн тусгаар байх язгуур ялгаа нь газар нутаг, эх хэл, бичиг үсэг, өв уламжлал, ёс заншил, аж төрөх хэвшил юм.
 
 
 
Эдгээр нь тухайн улс, үндэстний тусгаар тогтнолын баталгаа болдог. Эх хэл нь устсанаас тусгаар тогтнолоо алдсан хэд хэдэн улс Африкт бий. Бас бичиг үсэг нь үгүй болсноос харийн хэл зээлдэн өөр соёл иргэншилд дагаар орж ирэхдээ бага нь давс мэт ууссан гашуун үнэн ч бий (Хувь хүнээс эхлээд улс, үндэстэнг хоосруулдаг зээл гэдэг үг хийгээд үйлдлийн цаад утгыг дараа өгүүлнэ). Хүний амь нас, оюун сэтгэхүй, эрүүл мэндтэй хүйн холбоотой унаган газар нутаг бол ертөнцийн жамаар тогтоогдсон тусгаар тогтнол билээ. Бусдын газар нутгийг булаан эзэлж, эзэн суусан тохиолдол одоохондоо байхгүй, ертөнцийн жам хуулиараа урсаж байгаа. Түрэмгийлэл бүхэн цаг нь ирэхээр ялагдал хүлээдэг. Нэн шинэ үеийн түүхэнд газар нутаггүй үлдсэн нэг улс Ойрх дорнодод бий, энэ бол өөр түүх. Унасан газар, угаасан ус гэсэн нандин нэр томьёо зөвхөн биднийх биш хүн төрөлхтний үг юм шүү. Амин холбоотой газар нутагтаа аж төрөх хэвшил ч өөр, өөр. Чухам эндээс л өв уламжлал, ёс заншил үүссэн учраас хаана ч давтагдашгүй үндэсний соёлыг улс орнууд бий болгож, түүндээ оюун санаа, тусгаар тогтнолоо шингээжээ. Тухайн үндэстэн, ард түмнээс өөр хэн ч бий болгож чадаагүй өв уламжлал, соёл, үндэстний бахархалт онцлог, илэрхийллүүд нь дангааршил (Бие даасан, тусгаар тогтносон)-ыг оршоож, тодотгож, хадгалж, мөнхөлж байгаа юм. Холбоот, нэгдсэн гэх тодотголтой олон орнууд (ЗХУ, Югославын холбооны улс гэхчлэн) байсан ч зүй тогтлоороо, зохилдохуйгаар биш байснаас зуун жил ч оршин тогтнож чадаагүй. Өнөөгийн хүчирхэг ОХУ-ын хувьд өрнөсөн үйл явдал, цаг хугацаа, нөхцөл байдал огт өөр түүх, огт өөр тайлбартай. АНУ-ын ард түмэн унаган биш суурьшмал юм. Энэ улсын муж, улс бүр газар нутаг, ёс заншил, амьдралын хэв маягтаа тохирсон тус тусын хуультай (Аймаг, сумын хууль гэж байхгүй шүү дээ). ОХУ-д Чечень, Дагестан, Уулын Карабах зэрэг анхаарал татсан газар нутаг, үндэстэн бий ч өв соёл, үндэсний онцлогийг хүлээн зөвшөөрч хадгалах өөртөө засах (Автномит) эрх олгох замаар холбоондоо байлгадаг, энд нэг онцлог нь орос хэл хоёр дахь хэл нь болсон байдаг. БНХАУ-д Өвөрмонгол, Төвд, Шинжаан Уйгур, засаг захиргааны онцгой бүс Хонгконг, Тайванд өөртөө засах тусгай эрх олгож, үндэсний хэл, бичиг үсэг, ёс заншлыг хадгалсаар байгаа билээ. Хоёр мянга илүү жил оршин тогтнож, дэлхийн уугуул, анхдагч үндэстний хувьд Монголчууд бидний бахархал арвин баялаг, асар гүн агуулгатай. Газар нутгийн хувьд л гэхэд Чингис хааны өлгий нутаг, тэнгэр шүтлэгт Дэлүүн болдог, дэлхийн цэнгэг ус хоёр нуурын нэг Хөвсгөл, үлэг гүрвэлийн өлгий нутаг өмнийн цэнхэр говь, эртний хүн амьдарч байсан түүхийн дурсгалт Гурван Цэнхэрийн агуй, буган болон хүн чулуун дурсгалууд.
 
 
 
Дэлхийд анх удаа яруу шүлгийг хаданд сийлсэн Цогтын дуут хад, нэн шинэ үеийг гэхдээ, Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулсан гэрэт хөшөө Монголын тусгаар тогтнол юм, Монголын дангааршил юм Тухайн үндэстний бүтээсэг давтагдашгүй сор бүтээгдэхүүн дангааршлыг илэрхийлнэ. Сүрчи Францын, виски Шотландьн тусгаар тогтнол, дангааршил юм.
 
 
 
Суут ухаантан, урлаг спортын гарамгай авьяастнууд ч дангааршлыг илэрхийлдэг Дуурь Италийн, Пеле Бразилийн Толстой, Гагарин Оросын тусгаар тогтнол, дангааршиг юм. Уртын дуу, хөөмий, эрийн гурван наадам Монголын тусгаар тогтнол юм. Гэсэр, Жангарын туульс, Равжаагийн "Үлэмжийн чанар", Занабазарын "Хорин нэгэн Дарь эх" бол Монголын тусгаар тогтнол, дангааршил юм Эрин зуун маань мэдээллийн зуун мөн дангааршлын зуун билээ.
 
 
Бэлтгэл дэд хурандаа П.БАТНАЙРАМДАЛ