sonin.mn
Монгол гэр бол өвөг дээдсээс уламж­лагдан ирсэн соёлын үнэт өв юм. Энэ талаар Монгол гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн нэгд­сэн холбооны тэргүүн Д.Отгонпүрэвтэй ярилцлаа.
 
-Малчны гэрт төрж, өсөж хүмүүжсэн нь таныг монгол гэрийн бизнес хийх сэдлийг өгсөн болов уу. Бизнесийнхээ гарааг хэрхэн эхлүүлж байв. Энэ талаар яриагаа эхэлье?
 
 -Миний бие Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн. Барилгын технологич инженер мэргэжилтэй. Манай эцэг өвгөд, ах дүүс гарын уртай хүмүүс байсан. Монгол гэрийн бизнесийг өмнө нь миний ойрын хүрээллийнхэн эрхэлдэг байсныг уламжлан үргэлжлүүлж хийж эхэлсэн юм. Миний хувьд сургуулиа төгсөөд ажилд нь туслах байдлаар анх оролцдог байлаа. Улмаар наймдугаар анги төгсөөд модон гар урлал хийцийн мужааны сургалтад хамрагдсан. Монгол гэрт өсөж, төрсөн учраас энэ төрлийн бизнес надад хамгийн ойр байсан байх л даа. Бага байхад гэр дээр гарч цас шүүрдэх, бүрээс татах, гэрээ нүүлгэж суулгахад тусална. Эдэлгээ нь муудаад ирэхээр өөрийнхөө хэмжээнд засаж, сайжруулах ажлыг гардаж хийдэг байсан. Ингэж явсаар 1990 он гарч зах зээлийн шинэ үе эхэлж, өрх бүр үйдвэрлэгч болж хувирсан. Бусдын адилаар чадах мэдэх бүхнээр зах зээлд хөл тавин модон эдлэл үйлдвэрлэж улмаар өргөжүүлснээр 2005 онд компани байгуулсан. Эхлээд гэрийн тавилга хийж зардаг байснаа сүүлд иж бүрэн гэр хийдэг болсон.
 
 -Жил ирэх тусам гэрийн хэлбэр, хийц, өнгө үзэмж сайжирч байна. Таны хувьд тав тухтай орчин бүрдүүлэх талаас нь хэрхэн анхаардаг вэ?
 
 -Гэр урлахад мэдээж худалдан авагчийн хүсэлд нийцүүлж мэргэжлийн талаас анхаарах нь чухал. Уламжлалт монгол гэр гэж байна. Энэ нь үеийн үед хэлбэр, хийц, загвараа хадгалаад өнөө цагт малчдын хэрэглээг хангасаар л байгаа. Өв соёл талаас нь уламжлалт хэлбэр хийцийг нь хамаагүй өөрчилж болохгүй гэж боддог. Арилжааны үүднээс үзвэл хүмүүсийн ая тухыг хангахын тулд цонх, ариун цэврийн өрөө зэргийг давхар шийднэ. Гэр барихад ажиллагаа их ордог учраас олон дахин буулгах биш түүнд тохирсон оновчтой шийдэл хэрэгтэй. Шинэ загварын бүтээл гаргаж олон нийтэд таниулан арилжаалахаар бусад улс оронд дуурайгаад хийчих асуудал тулгардаг. Тиймээс патенттай болгох нь зөв гэж үзэж зохиогчийн эрхтэй болж байгаа. Оюуны өмчийн газраас шинэ бүтээлийн патентыг дотоод болон гадаадад хамгаалж байх нь чухал. Гэр архитектурын олон шийдэл, шинжийг агуулдаг учраас одоо хийж байгаа гэрүүдийг хэрэгцээнд тулгуурлан илүү тав тухтай болгох боломжтой. Гурван давхар орон сууцтай тэнцэх хэмжээний өндөртэй, 28м диаметртэй гэр хийж болно.
 
-Монгол гэр бол бидэнд уламжлагдан ирсэн өв соёл гэж дээр онцолсон. Сүүлийн үед иргэдийн  дийлэнх нь цаг үеэ дагаад орон сууцанд амьдрах хүсэлтэй болчихож. Өв соёл, ахуйгаасаа аажим аажмаар холдоод байх шиг санагддаг. Энэ төрлийн бизнес эрхэлдэг хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
 
 -Аливаа зүйлийг олон талаас нь харах хэрэгтэй. Бахархах зүйлдээ анхаарлаа бага хандуулж байгаагаас өвлөн уламжлах,  хадгалан хамгаалах нь бүдгэрч байна. Монгол угсаа, өв соёл, зан заншлаа бид судалж мэдэх үүрэгтэй. Харин мэдүүлэх ажлыг төр, засаг шат шатандаа бүрэн хангаж, тууштай хийж өгөхгүй байна. Энэ талаар хичээл сургалтын агуулгад ч бага оруулдаг байх. Дээр нь гэр урлаач нарын дунд шилдэг хийц, загвартай гэрийг жил бүр шалгаруулж улсаас санхүүжүүлдэг баймаар. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд монгол гэрийн талаар хэн сайн мэдэх, хэн хурдан барих вэ гэдэг ахуй руу чиглэсэн хөтөлбөрийн агуулга байвал зүгээр санагддаг. Гэр гээд ярихаар гэр хорооллын тухай ойлголт л өгөөд байна. Гэтэл өв уламжлал талаас нь ерөөсөө ярьдаггүй.  Орчноо өөрчлөх байдлаар монгол гэртээ сайхан амьдарч болно шүү дээ. 2008 онд Засгийн газрын тогтоол гаргуулан малчдын орон сууцыг сайжруулах “Монгол гэр” хөтөлбөрийг боловсруулж байсан. Тухайн үеийн салбарын сайдад энэ талаар өргөн мэдүүлсэн ч бодитой ажил хэрэг болж, өнөөг хүртэл шийдэгдээгүй. 
 
 
 
Ер нь XXI зуунд манай малчид шиг усанд орох газаргүй, модон жорлонтой, халаалтгүй, шуурганд тэсвэр муу гэрт амьдардаг улс цөөн байх. Тиймээс ядаж ахуй орчныг нь сайжруулахад улсаас дэмжлэг хэрэгтэй. Мөн мэргэжлийн холбоодын хийсэн хөтөлбөрийг үндэслээд тэдний хийж буй 10 гаруй нэр төрөл, зориулалтын гэрийг судлан авч үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, тоглоомон гэрээс  эхлээд тохилог хүлээн авалтын том гэрийн загварыг батлан мөрийн хөтөлбөртөө оруулж, орон даяар нэвтрүүлэх хэрэгтэй гэж боддог. 
 
 
 
Монгол брэнд бий болгоно гэж яриад байдаг. Тэгвэл бэлэн болчихсон брэндүүдийг дэмжиж байж үндэсний үйлдвэрлэл хөгжинө.
 
-Уг нь манай улс монгол гэрээ цаашид өвлөн уламжлуулна гээд ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Гэвч сурталчлан таниулах тал дээр анхаардаггүй юм шиг санагддаг?
 
-Тийм. 2013 оны арван­хоёрдугаар сарын 5-нд ЮНЕСКО–д бүрт­гүүлсэн. Даанч хамгаалж чадахгүй байна. Дэлхийн 70 шахам орны иргэд гэрт амьдардаг юм байна. Тиймээс ганцхан Монголынх гэж бүртгэж болохгүй учраас биет бус соёлын өвд нь бүртгэсэн. Ингэхдээ тоонот, ханат, эсгийт гэж гэрийн үндсэн тулгуур бүтцээр нь Монгол Улс бүртгүүлсэн. Үүнд монгол гэрийг хийх уламжлалт гар урлал, зан заншил нь Монголынх гэж бүртгэж авсан. Монгол гэрээ өвлөн уламжилж, хадгалан хамгаалахаар Монголын гэр үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Соёлын өвийн үндэсний төв хамтран ЮНЕСКО-ийн өмнө хариуцан ажиллаж байна. Зургаан жил тутамд ЮНЕСКО-д тайлан гаргаж өгдөг. Түүнд монгол гэрийн талаар төр болон олон нийтийн оролцоо, хадгалж хамгаалах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байгаа эерэг,  сөрөг тал, цаашид оршин тогтнох баталгааны талаар асуусан олон асуулт ирдэг. Эдгээрийг мэргэжлийн холбоог төлөөлөн бичиж өгсөн. Нэгэнт биет бус соёлын өвд бүртгэсэн учраас анхаармаар  байгаа юм. Жишээлбэл, бидний хийсэн бүтээлүүдийг интернэтээс авч хуулбарлаад европ,  америк стандартын гэр гээд нийтэд танилцуулан зарж, ашиг олоод байдаг. Ядаж энэ асуудлыг хориглож, зогсоодоггүй юм гэхэд биднээс эх загварын зургийг нь авдаг болгох хэрэгтэй. Монгол гэрээс санаа авсан бүтээл гэж олон улсад зарлах ёстой. Гэрийн гарал үүсэл, барааны тэмдэгт гэх мэт олон талаас нь авч үзэх цаг хэдийнэ болсон санагддаг. Манай улс Соёлын яамтай болсон. Цаашид  энэ асуудлыг анхааралдаа авч ажиллах байх гэж найдаж байна. Бидний зүгээс ч энэ талаар санал гаргана. Алсдаа үр дүнд хүрэх боломжтой.
 
-Монгол гэрийг бүтээхэд маш олон шат дамжлага дамждаг. Энэ талаар товч ярина уу?
 
-Монгол гэрт түүх, өв соёл,зан заншил, уламжлалт бүхэн цогцоороо багтаж байдаг учраас олон зуун жилийн турш өртөөлөн шалгарч ирсэн сууц юм. Энэ утгаар бэлгэдэл талаас нь харж  үзэх хэрэгтэй. Нүүдэлчин ард түмэн гэдгээ гэрээрээ тодотгон харуулж байх ёстой. Монгол гэр нь ерөөл магтаал, дуу шүлгэнд мөнхөрч, өөдлөн дэвжих орон гэр болох учир чанартай бэлгэдэл бүхнийг шингээж хийх учиртай. Тиймээс монгол брэнд гэдэг талаас нь өнгө үзэмжтэй бат бөх хийж, монгол урчуудын чадамжийг харуулсан гэр урлахыг хичээж байна. Монгол гэр, гар урлалыг сонирхох гадны хүмүүс манай зарим урлаачид өндөр үнэ хөлс амлаад сайхан бүтээл хийлгэж байгаа нь сайн, муу хоёр талтай. Даяаршлын эрин үед Монгол Улсын бусад улсаас  ялгарч үлдэх  өв соёлын нэг бол яах аргагүй монгол гэр юм.
 
-Танай холбоо хэзээ байгуулагдсан бэ?
 
-Монгол гэрийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс 2008 онд нэгдэж, дүрэм журмаа батлан холбоогоо 2009 онд байгуулсан. Энэ холбоог тэргүүлээд 12 жил ажиллаж байна. Бид хамтарч нэг баг болж ажилласнаар монгол гэрийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Бизнес бол итгэлцэл, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байдал дээр оршин тогтнодог. Тиймээс бид салбараа сайн мэднэ. Гаднын импортын бараатай өрсөлдөх чанартай бүтээгдэхүүн санал болгож,  олон улсад экспорт хийх санхүүгийн чадамжтай үндэсний том үйлдвэрлэгчид болоход нэгдсэн зохион байгуулалттай  ажиллах ёстой. Холбоо нь монгол гэр, гэрийн иж бүрдлийн стандартууд батлахад оролцсон. 2008 онд малчдын орон сууц сайжруулах “Монгол гэр” дэд хөтөлбөр боловсруулан Засгийн газраас тогтоол гаргуулсан. Олон улсын байгууллагуудтай хамтран томоохон төсөлд оролцож, 2011 онд Монгол Улсын шилдэг татвар төлөгч топ 150 аж ахуйн нэгжийн нэг болж чадсан. 2013 онд монгол гэрийг дэлхийн өв соёлд бүртгүүлснийг тохиолдуулан Монгол туургатны их наадмыг хамтран зохион байгуулж ажилалаа. Монгол өв соёлоо харуулсан гадаад дотоодын үзэсгэлэнд цөөнгүй оролцлоо. Томоохон ёслол хүндэтгэлийн өргөөг хамтран бүтээн байгуулсан нь шинэ санаа, шилдэг бүтээлүүдийн нэг болсон.
 
-Хүүхдүүдэд зориулсан жижиг гэр анхаарал татаж байна.  Энэ нь монгол өв соёл, уламжлалаа үр хүүхдүүддээ зааж, сурган өвүүлэн үлдээх ач холбогдолтой. Хүүхдүүд дотор нь орж танилцах, тоглох боломжтой юм билээ?
 
 -Монгол гэр, ахуйтайгаа ойр өссөн хүүхдүүд хөдөө аялал зугаалгаар явахдаа аяны гэр авч явах сонирхолтой байдаг. Мөн олон нийтэд танин мэдүүлэх үүднээс бага насны хүүхдүүдэд зориулсан дурсгалын тоглоомон гэр хийж байна. Ингэснээр хүүхдүүд гэрийн бүтцийг ажиглахаас гадна нэрлэж сурах давуу талтай.
 
-Монгол гэрт АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулсан. Түүгээр зогсохгүй хуримаа  зоогийн газарт гэхээсээ илүү гэрт хийх хүмүүс олширч байна уу даа?
 
-Монгол гэрт АСЕМ зохион байгуулагдлаа. Тухайн үед Монгол Улсын бэлгэ тэмдэг юу байх талаар янз янзын лого гаргасан. Эцсийн дүнд монгол гэрийнхээ логог авсан. Энэ нь гэр түүхэн ямар их том цар хүрээг хамарч оршин тогтож байгаагийн илрэл юм. Улс эх орондоо гал голомтоо бадрааж байгаа шинэ хосууд бидний урласан гэрийн тулганд галаа түлж туурга тусгаарлаж байна. Хоёрдугаарт, хэдий том ресторан, үйлчилгээний газар хурим ёслолынхоо найрыг хийлээ ч гэсэн цагаан эсгийн дээгүүр алхдаг. Энэ нь гэрт хуримлах ёсыг бэлгэдэн харуулж байгаа юм. Ер нь уугуул ёс заншлаараа монгол гэртээ хурим найраа хийгээд явж байгаа хосууд ч олон байна. Монгол гэрийн дотор зай дөрвөн талд хуваагдаж, тал бүрийн хаана юу байрлах нь тогтсон ёс уламжлалтайгаас гадна дугуй гэрт муу энерги тогтохгүй гэж үздэг. Ингэж бодохоор бүх зүйл бэлгэдэлтэй байдаг.
 
C.Ичинхорлоо
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин