
Оросоогийн Чулуунбилэг (1978-2025)
Бидний дотны нөхөр, хамтран зүтгэгч, эрхэм найз Оросоо овогтой Чулуунбилэг нь 1978 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод мэндэлсэн.
Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр суралцаж түүх судлаачаар төгссөн. Улмаар АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуульд Улс төр судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж Батлан Хамгаалах Их Сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж байсан билээ. О.Чулуунбилэг нь улс орны геополитик, гадаад бодлого, олон улсын харилцаа, сонгуулийн менежмент, батлан хамгаалах салбарын стратеги, үндэсний сөрөн тэсвэрлэх чиг хандлага чиглэлээр мэргэшсэн манай үнэтэй боловсон хүчний нэг байлаа.
Эрхэм хүмүүн О.Чулуунбилэг нь:
2011-2013 онд Ардчилсан намын Олон нийт, гадаад харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга;
2013-2017 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын Зөвлөх;
2024 онд УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намын жагсаалтын 37 дугаарт жагссан;
2024 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Улс төрийн бодлогын Зөвлөх;
2025 оны 5 дугаар сараас эхлэн Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамны “Говийг усжуулах судалгааны нэгж”-ийн захирлаар тус тус ажиллаж байв.
Өөрийн амьдралын хоромхон хугацаанд Ардчиллын үнэт зүйлийг өөрийн биеэр үлгэрлэн дэлгэрүүлж, хүний эрх, эрх чөлөөг нандигнан хамгаалах, шударга ёсны төлөө үзэл бодол, үг хэлээрээ олон нийтийг уриалан дуудсан үзэл бодолдоо үнэнч, зарчимтай нэгэн байв.
Амьдралынхаа сүүлийн хугацаанд Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, говийн бүсийн усны хомсдолын талаар судалж, говьд ус аваачих томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ариун үйлсэд чин сэтгэлээрээ оролцож төслийн нэгжийг удирдан зохион байгуулж байлаа.
Эрхэм таны мэргэжлийн өндөр ур чадвар, мэдрэмж, арвин туршлага нь Монголын нийгэмд өв болон үлдэж, инээмсэглэсэн төрх, хүнлэг зан чанар, олонтой явахын үлгэр дуурайлал, хүний төлөөх чин сэтгэл нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдлээ. Таныхаа зорьж зүтгэсэн, санаж сэтгэсэн, санаачлан бүтээсэн шударга ариун үйл хэрэг бүрийг хань ижил, үр хүүхэд, ах дүү, анд найз, хамт олон, журмын нөхөд нь ашид үргэлжлүүлэх болно.
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
УСНЫ ГАЗАР
ГОВИЙГ УСЖУУЛАХ СУДАЛГААНЫ НЭГЖ
Сэтгэгдэл4
Амьдрал маш богинохон юм даа.
Бурхны оронд морилоорой!
Хайран дүү минь.
Koronagiin omno zugiin vaktsin Mongolchuudiig hyadaj ogch bnaa. Vaktsin bol bio terror allaga.