Өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, МАХН-ын 39 дүгээр мянгатын дарга Э.Магнайбаяр Баянгол дүүргийн МАХН-ын мянгатын дарга Ё.Бямбатогтохын хамт МАН-д элсэж, намын гишүүний батлахаа Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын Хорооны дарга Д.Сумьяабазар, УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар нараас гардан авлаа. 
Уг шийдвэрээ Э.Магнайбаяр : "Баянгол дүүргийнхээ 220 мянган иргэдийн эрх ашгийг бодож МАН -д элсэж байна. Цаг хугацаа бүхнийг шүүнэ! Дэвтэр дүүрэн захиа даалгарыг хэрэгжүүлэх үүрэг даалгавар авсан үүнийгээ ч хэрэгжүүлэх үүрэг ч хүлээсэн хүний хувьд амласнаа хэрэгжүүлэх боломж гэж харж байгаа!" хэмээн тайлбарласан юм.
 
Тэгвэл үнэндээ яг юу болов?
 
Баянгол дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулиар МАН 20, АН 18, ХҮН хоёр, МАХН нэг суудал авсан юм.
Өөрөөр хэлбэл de jure бол Баянгол дүүргийн ИТХ-д МАН олонхи. Гэхдээ 50 хувиас дээш  буюу 21 кноптой байж гэмээн ИТХ-ын аливаа санал хураалтанд МАН de facto олонхи болно.
ХҮН-ын хувьд МАН-тай ч, АН-тай ч хамтрахгүй гэдгээ намын удирдлагынхаа түвшинд албан ёсоор зарласан.
Иймээс Э.Магнайбаярыг МАХН-аас урвуулан авснаар УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар дүүргийн Засаг дарга, дүүргийн ИТХ-ын дарга гээд Баянгол дүүргийн  бүхий л удирдлагыг ямар ч саадгүйгээр нэр дэвшүүлж, томилуулах боломжтой болж байна.
 
Э.Мягмар