Дэлхийн зах зээлээс манай шинэ төр, засгийн нэн баяр хөөртөйгөөр амжилттай босгон олж ирсэн 1.5 тэрбум "ногоон"-ы бондын зарцуулалтын "галт тэрэг" нэг хэсэг алаагүй баавгайн арьсыг хуваана гэдэг шиг ийш тийш оруулна гэж маргаж байснаа бодвол нэгэнтээ хөдөлжээ.

 

Уг нь эзэн хаанаар овоглосон энэ их мөнгөний бондыг улс оронд богино хугацаанд хэрэгжиж, ашгаа өгөх зүйлд оруулж зарцуулаасай гэсэн бодол саналтай хүн бишгүй байв. Байв гэдэг нь бондыг юунд оруулж зарцуулах Засгийн газрын шийдвэр нэгэнтээ гарчихсныг хэлж байгаа ухаантай юм.

 

Гэхдээ бас боломж, хугацаа байна аа. Зарим хүний яриад байгаа тэр богино хугацаанд ашгаа өгөх зүйл гэдэг нь ЖДҮ-г хэлээд байгаа юм. Бүр задалж хэлбэл төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг томоохон дэд бүтцэд бондын хөрөнгийг оруулахаас гадна бас жинхэнэ үр өгөөжөө өгөх үйлдвэрлэлд бас зарцуулвал улс орны эдийн засагт нэмэртэй байх байсан юм гэсэн санаа...

 

Энэ талаар дээр дооргүй олон хүн хэлж ярьж байна. Тэдний нэг МУИС-ийн ЭЗС-ийн тэнхмийн эрхлэгч, эдийн засагч Б. Энх-Амгалангийн санааг энэ удаа товчлон хүргэж байна.


Манай улс олон улсын зах зээл дээрээс бонд босгосон нь саашаалтай хэдий ч хоёроос гурван зүйл дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Одоо ашиглаж байгаа дулааны 3, 4 дүгээр цахилгаан станц ачааллаа даахгүй байгаагаас манай улсад эрчим хүчний хомсдол үүсээд байгаа билээ.

 

Цаашдаа дулааны хүрэлцээгүй байдал тулгарвал эдийн засагт хүндээр туcax нь ойлгомжтой. Тиймээс нэгэнт босгоод ирсэн хөрөнгийг цахилгаан станц барихад ашиглах нь зөв. Мөн Тавантолгойн нүүрсийг экспортлох төмөр зам зайлшгүй хэрэгтэй салбар мөн.

 

Ингэхдээ дотоодын компаниудад хөрөнгө оруулалт хийж, сайн төлөвлөж чадвал эдийн засгийн үр ашигтай болно. Алсын хараагаа бодвол энэ мэтээр дэд бүтцэд зарцуулах нь зөв хэдий ч богино хугацаанд эргэн төлөгдөх шаардлагатай бондын хувьд өөр салбар хэрэгтэй байсан.

 

Ядаж л өрийн хүүний дарамтаас чөлөөлөгдөх юм. Манай улсын хувьд гадаад, дотоодын өрийн хүү нэлээн өндөр түвшинд байгаа. Өөрөөр хэлбэл дотоодын аж ахуй нэгжүүдээс бонд гаргахаар зээлээд авсан өр, гадаад өртэй нийлээд манай улсын жилийн ДНБ-ний хэмжээг давсан. Тиймээс "Чингис" бонд дээр юуг анхаарах ёстой гэвэл:


-Бонд гаргахын өмнө сайтар төлөвлөгөө гаргах байсан. Нарийн сайн судлаж, төлөвлөөгүй ажил бол цаашдаа өрийн дарамт болж хувирна. Дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө гаргаж хөрөнгөө ийм эх үүсвэрээс бүрдүүлнэ гэдгийг сайн тооцоолох шаардлагатай байсан.


-Өвөл яаран бонд гаргасан нь сул хүү төлөх эрсдэлийг бий болгож байна. Өдөрт л гэхэд бондын хүү 275 сая ам.доллар төлж байгаа. Манай улсад их бүтээн байгуулалтын ажил хаврын өдрүүдэд л эхэлдэг. Нөгөө талаар манай улс анх удаагаа олон улсын хэмжээнд бонд гаргаж байгаа учир эргэн төлөлтөнд анхаарч ашигтай ажиллах хэрэгтэй.

 

Тэгэхээр энд бид юуг анхаарах бэ? Энэ бол төлөвлөгөөгөөр зохицуулагдах байлаа. Зээлийн хүүгийн алдагдлыг нөхөх зорилгоор бондын тодорхой хувийг дотоодын аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалт болгон зээлүүлж, хүүгээр нь бондынхоо хүүг төлөх үлдсэн хөрөнгөөрөө урт хугацааны бүтээн байгуулалтандаа ашиглах боломжтой.

 

Засгийн газраас дэвшүүлсэн төмөр зам, ДЦС зэрэг төслүүдийг хэрэв санал болгоогүй байсан бол өөр ямар салбарыг санал болгох байсан вэ гэж хүмүүс асуудаг. Энд хамгийн түрүүнд аж үйлдвэрийн болон боловсролын салбарыг анхаараасай гэж хүсэх байсан.

 

Учир нь эдийн засгийн томоохон алсын бодлого бол хүний нөөцөө сургах дэлхийн түвшинд хүрсэн мэргэжилтэнтэй болох явдал юм. Мөн түүхий эдийг экспортлох биш, үйлдвэр байгуулах талаар дорвитой ажил хийгдээсээ гэж хүлээж байгаа.

 

Сайншандын Аж үйлдвэрийн парк, Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүс, аж үйлдвэрийн зон зэрэгт зоригтойгоор хөрөнгө оруулалт хийгээд өгөх юм бол боломжтой харагдаж байгаа. Аж үйлдвэр хөгжинө гэдэг технологийн дэвшил үүснэ гэсэн үг.

 

Эдийн засгийн хөгжлийг тэтгэх гол хүчин зүйл бол технолгийн дэвшил. Дараагийн 3.5 тэрбумын хөрөнгийг энэ салбарт түлхүү зарцуулаасай гэж бодож байна. Зарим эдийн засагч эрт бонд гаргасан нь бага хүүтэй хөрөнгө босгож чадсанаараа ашигтай гэж үзэж байгаа. Гадаадын олон улс бондоос их хэмжээний хөрөнгө босгодог.

 

Өндөр хөгжилтэй Америк, Япон гээд бүгд л бонд босгож бүтээн байгуулалтандаа хөрөнгө оруулдаг. Манай улсын хувьд бонд гаргасан нь сайн хэдий ч хугацааны хувьд гурван сарын өмнө гэдэг алдагдалтай. Дэлхийн эдийн засагт хэдхэн сарын зөрүү онцын ялгаагүй байдаг.


Б.Билгүүн

Эх сурвалж: Бизнес таймс"