Монгол үндэстний их өв соёл, баяр цэнгэл наадмаар баярладаггүй хүн байдаг болов уу? Наадам болгоны дараа хүмүүс баяр наадмаа цаашид улам сайжруулах талаар сэтгэгдлээ бичдэг, хэлэлцүүлдэг. Тэгсэний ч хүчинд жил ирэх тусам баяр наадамд морь дутуу эргэх, хуйвалдаж худлаа барилдах гэх мэт шудрага бус нь цөөрч илүү шудрага сайхан өрсөлдөөнтэй болсоор байна.
 
Гэхдээ баяр наадмын зарим байдал нүдэнд нэг л биш харагдаад, дотроос нэг юм хатгаад болдоггүй ээ. Эргээд хартал бид чинь төр улс үүсээд 2222 жил, эзэнт гүрний 807 жил, үндэсний тусгаар тогтнолын хувьсгалаа хийгээд 100 гаруй жил, коммунист хувьсгал хийгээд 90 гаруй жил, хүний эрхийг тунхагласан ардчилсан хувьсгал хийгээд 20 гаруй жил болчихжээ.
 
Үндсэндээ их л олон арван жил хөгжиж. Монгол орны аймаг сум, нийслэл хот бүгд наадам хийж бужигналдана. Гэтэл үндэсний ганц баяр наадам маань хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, хүний эрхийг хөсөрдүүлсэн, хүмүүст тэгш бус хандсан орчин болсон байна.
 
Яагаад ингэж харагдаад байгаа юм бол, магадгүй би өөр хараад байж болох юм. Гэвч та бас бодож үзнэ үү. Хүний эрхийг тэгш хангана гэдэг чухамхүү баяр наадам мэтийн олон нийтийн үйл ажиллагаан дээр хамгийн тод харагдаж байх ёстой баймаар.
 
Олон түмнийхээ эрх ашгийг хамгаална хэмээн сайрхах дуртай улс төрчдийн хүний эрхийг тэгш хангаж, олон түмнийг тэгш баярлуулан жинхэнэ "мундаг дарга"-аа харуулах талбар бол баяр наадам юм. Энэ зун нэлээд хэдэн наадмыг биеэр үзлээ. ТВ-үүдээр бишгүй олон наадам болж харагдана.
 
Гэтэл дарга нар нь сүүдрэвчтэй сэрүүн асарт тухалдаг, жирийн олон хүмүүс нь тоос шороотой хамт халуун наранд шаруулдаг зарим нь бүр суух ч суудалгүй хөл дээрээ зогсдог ийм л дүр зураг бүх л аймаг, сум, нийслэл хотын наадамд дэндүү түгээмэл. Бид ямар 18, 19-р зуунд амьдарч байгаа юу даа.
 
Бүр 20-р зуун ч биш хурдтай хөгжиж буйгаа гайхдаг 21-р зуун биш билүү? Хүний эрхийг дээдэлдэг газарт наадам хийхээсээ өмнө боддог, шийддэг юм нь наадмын талбайгаа ядаж наадам үзэх хүнийхээ тоогоор суудалтай, суудлынхаа тоогоор сүүдрэвчтэй байлгах явдал юм.
 
Ингээд хэлэхээр төсөв хөрөнгө хүрэлцэхгүй талбай стадион барьж чадахгүй байна гэх байх. Энэ бол одоо цагт туйлын бүдүүлэг тайлбарт тооцогдоно. 100 шахам жил хөгжсөнөө гайхаж ойнуудаа хийж буй сум, аймгууд, нийслэл хотод ч дээрээ сүүдрэвчгүй хөсрий даасан өргөстэй банзан дээр хүмүүсийг суулгаад, дарга нар нь олны өмнө хээв нэг олон түмний хандивын үнэгүй айраг уугаад амбан ноён шиг сүүдэрт тухлаад наадаж байна гэдэг ичмээр.
 
Үнэнийг хэлэхэд төсөв хөрөнгө чухал биш хүний эрх нь илүү чухал зүйл юм. Стадионыг хувь хүн нь барина уу, төр нь барина уу хамаагүй, гагцхүү хүмүүст зориулагдсан тав тухтай байх нь хүний эрхийн стандарт.
 
Хүмүүсээ тэгш эрхтэй байлгая гэж бодож байгаа бол наадмаасаа эхлэх ёстой юм байна, яагаад гэвэл хүмүүс олноороо цугласан үедээ л тэгш эрхтэй байгаа эсэхээ мэдрэнэ.
 
Сум, аймаг, нийслэл хот хаана ч тэр наадам хийх л гэж байгаа бол хамгийн түрүүнд наадам үзэх хүнийхээ тоогоор суудалтай, суудлынхаа дээр нарнаас халхлах сүүдрэвчтэй юм барих хэрэгтэй, тэхгүй бол наадам хийгээд яана.
 
Манж амбан, коммунист дарга нарт зориулдаг байсан асар сүүдрэвчээс улбаатай нэг загварын наадмын талбай гэдэг юмыг янзлах цаг болж. Ард түмэн минь сайхан наадаарай гэж тавлах нь жорлон бариагүй байж хүмүүсээ соёлтой боловсон тав тухтай биеэ засацгаа гэж хэлэхээс ялгаа юун. Эсвэл их багагүй бүгдээрээ хээр талд гараад зүлгэн дээрээ завилж суугаад наадацгааж болно.
 
Б.Ганхуяг
 
Эх сурвалж: “Хэнтийн мэдээ” сонин