sonin.mn
Замын даргын намрын үзлэгийн комисс Хангай зөрлөгийн ажил, байдалтай танилцах үеэр Замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж тус зөрлөгийн холбооны механикч С.Лхагвасүрэнтэй ажлын өрөөнд нь хэзээний танилын ёсоор уулзаж ажил төрөл амьдрал ахуйг нь лавлаж байгаа харагдсан. Тэрээр, Лхагваагаас (механикчийг хамт ажиллагсад, удирдлагууд нь ийн дуудахын билээ) хэзээ тэтгэвэртээ суухыг нь асуугаад "Өнөө маргааш ч хамаагүй суучихмаар л байна" гэсэн хариулт сонсон, түүн рүү инээмсэглэн харснаа "Лхагваагүйгээр Хангай зөрлөг яах билээ" хэмээн хөгжилтэйгээр хариу барьж дуулдсан.
 
Хажууд нь зогсож байсан үзлэгийн комиссын бид хэд ч нэгэн зэрэг инээд алдацгааж билээ. Тэр хоёрын илэн далангүй түс, тас яриа хөөрөө, энгийн дотносог байдал ингэхэд хүргэсэн хэрэг. Санжаагийн Лхагвасүрэн гэх хижээл насны , шавилхан биетэй энэ эр тус зөрлөгт хэдийнээ 22 дахь жилдээ ажиллаж, амьдарч байгаа аж. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын манаанд ганцхан цэг дээр тасралтгүй 22 жил ажиллана гэдэг амаргүй.
 
Тэр тусмаа уртаашаа гурав дөрөвхөн байшин, 10 гаруй өрхийн, 30 орчим хүн амтай буйдхан зөрлөгт. Тэрээр, өмнө нь 1984 онд Агуйт зөрлөгийг ЭЦ-д шилжүүлэх ажилд гар бие оролцон улмаар механикчаар нь үлдэж гурван жил гаруй ажилласан аж. Тэгэхээр үндсэндээ зөрлөгт 25 жил ажилласан гэсэн үг. Миний мэдэхээр Замын хэд хэдэн удаагийн хөдөлмөрийн аварга, ахмад холбоочин Эмээлтийн М.Чойжилжав, Шатангийн Н.Нямсүрэн гээд ганцхан зөрлөгт амьдралынхаа ихэнх үеийг өнгөрөөсөн холбоочид бий. С.Лхагвасүрэнгийн зөрлөгт ажилласан хугацаа тэднийхэд дөхөж очих бололтой юм.
 
Түүний зөрлөг дагасан амьдрал бүр эртнээс улбаатай. Учир нь, аав Санжаа, ээж Долгорсүрэн нар нь алс холын Говь-Алтай аймгаас 1955 онд төмөр замд илгээлтээр ирсэн анхдагчид. Нэг нь, Цогтын, нөгөө нь Бигэрийн хоёр залуу Мандал өртеөнд төвлөрч байсан Замын хоёрдугаар ангид замчнаар ажиллаж, хөдөлмөрийн гараагаа эхлэн гал голомтоо бадраажээ. Тиймээс С.Лхагвасүрэнгийн бага нас Мандал өртөөний замчдын дан байшингууд дунд үеийнхэнтэйгээ тоглож наадан өнгөрсөн гэдэг.
 
Харин Толгойтын 12 дугаар дунд сургуульд элсэн орсон нь бас нэгэн хувь тавилан гэмээр. Учир нь, тэрээр уг сургуульд суралцаж байхдаа Харшийн сүлд модны наадамд оролцох урилгаар хоёр, гурван ч, удаа шагнуулсан онцчуудын нэгэн байв. Аравдугаар ангиа төгсөөд УБИС-ийн хуваарь авсанч, амьдралын гачигдлын улмаас оюутны ширээгээ газар хэмжигчийн эрээн модоор сольсон гэсэн. Геодези, зураг зүйн газрын бага техникч хэмээх албан ажилтай хүн газрын зураг гаргах үед ийм эрээн мод барих үүрэгтэй.
 
Тэрээр энд ажиллаж байхдаа Баян-Өлгий , Завхан, Дундговь, Архангай аймгийн ихэнх сумын нутгаар явж, эх орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцсан минь их хувь заяа хэмээн өгүүлж байна лээ. Магадгүй түүнд төрсөн энэхүү мэдрэмж хөдөөгийн зөрлөгт өнө удаан жил ажиллаж, амьдрах хүсэл сонирхол, тэвчээрийг төрүүлсэн ч байж болох. Жинхэнэ техникч болж, өнөөх эрээн мод баригчаа захирах эрхийг олж, ажил амьдралын дөр суух үедээ хугацаат цэргийн алба хаах зарлан дуудах авсан нь хувь заяаны бас нэгэн эргэлтийг авчирав.
 
Тэр үед цэргийн албанд 18 - тайгаас эхлэн татдаг байсан тул 21 нас хүрсэн залуу эр буурь суурьтайд тооцогдоно. Тэгээд ч том газар хариуцлагатай алба хашиж байсан тул дорхноо л Зүүнбаянгийн дивизийн танкын хорооны салааны орлогчийн албан тушаалд дэвшлээ. Тэрээр, энд өнгөрөөсөн цэргийн гурван жилээ жинхэнэ эр хүн болох сургууль байсан гэж тодорхойлсон. Цэргийн алба хаасан залуусыг ямар ч албан газар ажилд шуудхан л авдаг байсан цаг.
 
Түүний өргөдлийг Дохиолол холбооны II ангийн орлогч дарга П.Ядамсүрэн тун уриалгахан хүлээн авч Толгойтын шугамын хэсэгт ахлах ажилчнаар томилов. Ийнхүү тэрээр, эрдэм номын гараагаа эхэлсэн газраа ажиллах боллоо. Хэсгийн хамт олон түүнийг халуун дотноор угтан авч, Б.Батсайхан гэх туршлагатай механикчид шавь оруулав. Тэр үед уг хэсэгт Д.Батсүмбэ, Ш.Иванов, И.Мөнхбаяр нарын ажил хэрэгтээ эзэн болсон механикчид ажиллаж байсан нь түүний хувьд тун их түшиг тулгуур болох. Төмөр зам даяар хагас автомат хориглол, замнал релейн төвлөрүүлэлт ашиглалтад ороод удаагүй цаг.
 
Ангийн инженер техникийн ажилтнуудын дунд Зөвлөлтийн мэргэжилтнүүд цөөнгүй ажиллаж , эрдэм мэдлэгээ хуваалцан, зааж сургана. Тэрээр,төдөлгүй монтёрийн албан тушаалд дэвшив. С.Лхагвасүрэн энд ажилласан гурван жилээ холбоочин болох дадлагын хугацаа хэмээн нэрлэсэн. Холбооны ахлах ажилчин, монтёрийн гол үүрэг нь механикчийн зааврын дагуу зам сумын байгууламжид үзлэг үйлчилгээ хийх.
 
Угийн нягт нямбай зантай, цэргийн гурван жилээс захирах, захирагдах хэм хэмжээг сайтар ойлгосон мань эр хамт олныхоо итгэл даах гишүүн болон төлөвшлөө. Түүнийг хэсэг хугацаанд хаалттай байсан Агуйт зөрлөгийг цахилгаан тевлөрүүлэлтэд шилжүүлэх их барилгын ажилд томилов. Энд тэрээр мэдлэг туршлагатай нэгэн цагийн "топ" инженер Л.Цэвээндорж, ахлах механикч Ө.Цэрэн-Очир нарын удирдлагын дор тав, зургаан сар ажилласнаа мэргэжлээрээ техникумд дөрвөн жил суралцсантай тэнцэх хугацаа хэмээв. Үүнийг бичигч миний бие С.Лхагвасүрэнг лавтай техникч хэмээн бодож байсан нь эндүүрч.
 
Тэрээр, мэргэжил дээшлүүлэх курсэд хэдэнтэй сурсныг эс тооцвол системтэй сургалтад хамрагдаагүй аж. Магадгүй, оронд нь зөрлөгт ажиллах хүн дутмаг байсантай ч холбоотой биз. Гэхдээ, хэрийн техникчтэй ном хаялцах хэмжээний мэргэжлийн мэдлэг эзэмшсэн нь дээр өгүүлснээр нягт нямбай, ажил хичээнгүй зан чанартай нь холбоотой болов уу. Тэрээр, харин үүнийгээ сайн багш, түшсэн хамт олны минь ач буян хэмээн өгүүлнэ билээ. Ялангуяа, Г.Ган-Очир инженертэй Багахангайн шугамын хэсгийнхэнтэйгээ ах дүүс шиг ижилдэн дотноссноо хэдэнтээ дурссан. Харин Г.Ган-Очир инженер:
 
- Манай Лхагваа ажил хэрэгтээ эзэн болсон шилдэг механикч, технологийн зурмагийн үйлчилгээг цаг хугацаанд нь "яс" хийнэ. Хийсэн ажлаа эргэж заавал шалгана. Энэ бол механикч хүний эрхэм чанар юм даа хэмээн бахархангуй магтана билээ. Хамгийн ойрын шадар дарга болох Г.Ган-Очир инженерийн энэхүү дүгнэлтийг баталж, Хангай зөрлөгийн жижүүр Х.Алтанцэцэг "Лхагваа бид хоёр 1991 оноос эхлэн энд хамт ажиллаж байна.
 
Манай Лхагваа гэмтэл гарсан үед хурдан шуурхай засдаг чадварлаг механикч. Жижүүр бидний хамгийн ойрын туслагч. Бид чинь эргэлзээтэй зүйлээ мань хүнээс л асууна шүү дээ. Угийн хүнд тусархуу, олон таван үггүй хүн болохоор нэг их төвөгшөөлгүй л хэлээд өгнө" хэмээн өгүүлсэн. Харин ойр дотны зарим нэгэн, мань эрийг зөрүүд талдаа хэмээх нь бий. Энэ ажлынхаа арга барилын талаар ярихыг хүсэхэд:
 
- Зөрлөгтөө ганцхан албан тушаал болох холбооны механикчид арга барил гээд байх юу байхсан билээ. Гол нь, үзлэг шалгалтаа үнэн сэтгэлээсээ хийж илэрсэн зөрчил, дутагдлыг цаг алдалгүй арилган , дахин дахин эргэж шалгаж байх нь л чухал даа. Би чинь тэрүүхэндээ бол өөрөө өөртөө дарга бас цэрэг юм шүү дээ хэмээн хошигнонгуй өгүүлсэн. "Танай зөрлөгт гэмтэл, саатал хэр их гардаг вэ?" гэсэн өөр нэг асуултад минь:
 
- Техник юм болохоор гэмтэл гарах үе бий. Холбооны механикч хүн замын мастер, замчидтайгаа сэтгэл нэгдэж ажиллавал гэмтэлгүй ажиллаж болно л доо. Ер нь, зам төмөр хэлхээний гэмтэл голдуу гарах гээд байдаг юм. Үүнээс сэрэмжлэх гол арга нь зөрлөгийн дарга холбооны механикч, замын мастерийн сарын үзлэгийг чанартай хийх явдал гэж ойлгодог Миний аз түшихэд, энэ бүхнийг ойлгодог сайн хүмүүстэй хамт ажиллаж ирлээ.
 
Харин сүүлийн үед алсын удирдлагатай зөрлөг нээгдсэн нь техник технологийн дэвшил талаасаа цоо шинэ зүйлийг авчирч, зөрлөгийн гэх амьдралыг үндсээр нь өөрчлөх боломж олгож байгаад баярлаж сууна. Би чинь хэвийн бус нөхцлөөрөө хэдийнэ тэтгэвэрт суух болчихсон хүн шүү дээ. Даанч орны хүн олдохгүй гэх шалтгаанаар өдийг хүрлээ хэмээсэн.
 
Тэрээр, аль Агуйт зөрлөгт ажиллаж байхдаа л Замын II ангийн их засварын хэсгийн замчин бүсгүйтэй амьдралаа холбон, Лхагвасүрэнгийнх гэх айлын гал голомт бадарчээ. Түүний хань Б.Цэрэннадмид эдүгээ сум цэвэрлэгчийн амаргүй ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ ар гэр, мал ахуйгаа хөдөлгөн найдвартай ар тал болж байдаг нь эрхэлсэн ажлынхаа төлөө хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэх боломжийг олгодог гэсэн.
 
Тэднийх 30 гаруй үхэртэй тул бусад зарим нэгэн шиг сүү, цагаан идээ, өвлийн идэш гэж санаа зовохын хэрэггүй бололтой. Холбооны механикчийн 24 цагийн турш байнгын бэлэн байдалд байдаг хариуцлагатай хөдөлмөрийн зэрэгцээ амьдрал ахуйгаа ингэж авч явна гэдэг түүний хөдөлмөрч хичээнгүй занг илтгэн, аж ахуйч өрхийн тэргүүн болохыг харуулж буй хэрэг. Ингээд бодохоор зөрлөгийн гэх энэ эгэл бор амьдрал зарим нэгэнд нь тун их зохидог ч юм шиг.
 
Түүнээс тэтгэвэрт гараад хот, суурин бараадах уу? гэж сонирхоход "Би эндээс явахгүй " хэмээн шулуухан хариулна билээ. Хангай хэмээх хөдөөгийн энэ бяцхан тосгон түүний ажил амьдралын нэг хэсэг болсны учир тэр биз ээ. Энэ үед, 
 
Ган судасны лугшилт бүрийг зүрхээрээ чагнаж 
Газар хөглөх дугуйн төвөргөөнийг насаараа тоолсон
Ажил үйлс алив бүхэн нь алган дээрх шиг тодхон
Айл хотол хүн бүр нь ах дүүс шиг дотнохон
Зөрлөгийнхэн зөөлхөн амьдарч, нам гүмхэн суух ч
Зөрж өнгөрөх галт тэрэг шигээ чимээтэйхэн ажиллана
Эгэлээс эгэл бүр бяцхан энэ тосгонд
Их амьдралын судас нэгэн хэмээр лугшина...
 
 гэсэн мөрүүд эрхгүй бууж байсан сан. Тэрээр, тэтгэвэртээ гарчихаад "Юу хийх вэ?" гэсэн дараагийн минь асуултад "Шинэ механикчдаа тусална" хэмээн мөн л гүдэсхэн зангаараа товч бөгөөд шулуухан хариулаад
 
- Миний орны хүн бэлтгэгдэж байгаа юм билээ гэж тодотгосон. Үнэндээ ч, ангийн захиргаа энэ жилийн МСҮТ төгсөгчдөөс Хангай зөрлөгт ажиллах хэн нэгнийг бэлтгэж байж болох. Мэдээж, "Залуу хүн ирнэ. Тэгэхээр миний ажил амьдралын туршлага ус агаар шиг хэрэгтэй болно" гэсэн бат итгэл, өөриймсөг сэтгэл түүнд байгаа бололтой.
 
Зөрлөгийн механикчийн энэ эгэл ажил, амьдрал Лхагваагийнх гэх онцлогтой ч төмөр замын өчигдрийг өнөөдөртэй золгуулж маргааш руу хөтлөх нэгэн үеийнхний нийтлэг төрхийг илтгэнэ. Тэр нь, эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, тэтгэвэртээ гарсан ч төмөр замаа гэх тэр л амин чанар юм даа.
 
Л.Сэнгээ
 
Эх сурвалж: “Ганзам” сонин