sonin.mn

Ардчилсан хувьсгалыг тайван замаар, цус урсгахгүйгээр өрнүүлэх чиг шугамыг тууштай баримталсаар 1990 оны 2-р сарын 18-наас 5-р сарын 6-ныг дуустал нэг ч хүний духыг шалбалуулахгүйгээр энэхүү хувьсгалаа зогсоолгосон тухай "Хөх толбо" сонины түрүүчийн дугаарт бид сонордуулав. Ийм хувьсгалыг ямар ч нөхцөлд цус урсгахгүйгээр хийх эрхэм зорилтыг МоАХ-ны Ерөнхий Зохицуулах зөвлөл баримталж байлаа.

1990 оны 2-р сарын 18-наас эхэлсэн Ардчилсан хувьсгал ялангуяа Моломжамц-Содномын бүлэглэлийг айхавтар сандралд нэрвэгдүүлж энэхүү хувьсгалд хэрхэн яаж хандах асуудлаар Зөвлөлтийн КГБ-ийн тусгай бүлэг хүмүүсийг ирүүлж зөвлөлдсөн бөгөөд Монгол улсад өрнөж эхэлсэн Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй дарах нууц төлөвлөгөөг боловсруулжээ гэсэн мэдээг миний бие олж авсан.

Ардчилсан хувьсгалыг бид цус үл урсгах хувьсгал руу хандуулсаныг дээрхи нууц төлөвлөгөө зохиогчид анхаарч Ардчилсан хувьсгалыг чухамдаа цус урсгалгүй дарах хувилбарыг гаргаж тавьлаа. Ардчилсан хувьсгалыг цус урсгахгүйгээр хэрэгжүүлэх явдал ямар ч хөрөнгө мөнгөний санхүүжилтгүйгээр ернөхдөө эл хувьсгалд зориглон оролцсон олон түмний санаачилга, идэвхи, зүтгэл, эв нэгдэлд анхнаасаа тулгуурлаж байв. Харин Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүйгээр дарах нууц төлөвлөгөө нь МАХН-ын дээд удирдлагынхны нууцлаг хорлонт үйлдлээр, хөрөнгө мөнгөний айхавтар санхүүжилтээр хэрэгжих боломж нэгэнт хангагдчихсан байлаа.

1990 оны 3-р сарын улс төрийн өлсөлт, МАХН-ын төв хорооны онц бүгд хурал, өөрчлөн байгуулалтыг гардан удирдсан Намсрайн бүлэглэлийн эсрэг хийсэн далд дайралтууд, МоАХ-ны дээд удирдлагад үүсгэсэн нууцлаг хагарал, Г.Бошигтын эсрэг бүлэг хүмүүсийн явуулсан өдөөн хатгалаг, МоАН-ын дээд удирдлагыг гартаа оруулж авах гэсэн БОЗ-ын бүлэглэлийн хорлонт үйлдэл, МоАХ-ны зөвлөх доктор П.Нэргүйн нэр төрийг гутаах далд явуулгууд, 1990 оны 4-р сарын 27-ны өдрийн халз мөргөлдөөн гэгч том хуйвалдаан, Улсын бага хурлыг зөвшөөрч Ард түмний онц зөвлөлийг фашист засаглал хэмээн цоллож доромжилсон ажиллагаа зэрэг нь чухамдаа Монголын Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй дараах нууц төлөвлөгөөний илрэлүүд болж өгсөн аж.

Хожим Моломжамц-Содномын бүлэглэлийнхэн Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй дарах нууц төлөвлөгөөгөө улам нууцлахын тулд бас нэгэн башир аргыг хэрэглэв. Ардчилсан хувьсгал бол Ард түмний онц зөвлөл хэмээгч фашист засаглалын тугийн дор МАХН-ын хууччуулыг, Улс төрийн товчооны гишүүдийг толгой дараалан хороож устгах аймшигт хувьсгал мөн гэсэн хорлонт цуу яриаг МоАХ-ны гишүүдийн дунд, дээд удирдлагын дунд, бас нийт монголчуудын дунд түгээн тараасан байлаа.

Моломжамц-Содномын бүлэглэл 1990 оны Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй дарах нууц төлөвлөгөөг үлэмжийн санхүүжилтээр, их хүч чармайлтаар биелүүлээд зогссонгүй бас уул төлөвлөгөөний үргэлжлэл болсон өөр нэг далд хөтөлбөр хэрэгжсэнийг ч бид "Хөх толбо" сонины түрүүчийн дугаарт дурьдсан.

Ийм нууцлаг хөтөлбөрийн гол чиглэл нь юу байсан бэ гэвэл засгийн дээд эрхийг хоёр жилээс хэтрүүлэлгүйгээр БОЗ-ын бүлэглэлд шилжүүлж, 1991 оноос өндөр хурдацтайгаар өрнүүлэх эдийн засгийн нууц дайнаар Монголын үндэсний үйлдвэрлэлийг элгээр нь мөлхүүлж их уналтанд оруулснаар БОЗ-ын бүлэглэлийг Улсын бага хурлынх нь хамт улс төрийн засаглалын дээд төвшингөөс тонилгох лут явуулгыг чухамдаа 1992 оны Үндсэн хуулийг батлуулсны дараа, 1992 оны УИХ-ын сонгуультай давхцуулж хэрэгжүүлэх явдал байв.

Моломжамц-Содномын бүлэглэл засгийн дээд эрхийг атган залуурдаж Оросын шовинистуудын заавар зөвөлгөөнийг ягштал даган хэрэгжүүлдэг эсэргүү үйл ажиллагаа 1984 оны 8-р сард Ю.Цэдэнбалыг бүх албан тушаалаас нь буулгаж хохироосон хуйвалдааны үеэр ч, өөрчлөн байгуулалтыг гардан зохион байгуулсан Намсрайн бүлэглэлийг улс төрөөс тонилгосон нууцлаг ажиллагааны үеэр ч, Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй дарах КГБ-ийн нууц төлөвлөгөөний лут биелэлтийн үеэр ч, бас стратегийн дөрвөн том ордыг хаалгаж эдгээр ордыг ард түмний өмчинд буцааж өгөх шаардлагыг дэвшүүлсэн Ардчилсан хувьсгалд дахин сэм цохилтуудыг өгч оросуудын мэдэлд эдгээр ордыг өгч чөлөөтэй эзэгнүүлэх их боломж олгосон тэр цаг мөчид ч тод томруун харагдсаар байв.

Моломжамц-Содномын бүлэглэл 1984 оны улс төрийн хямралыг өөрсдийнхөө нууцлаг үйл ажиллагаагаар эхлүүлжээ. Энэ нь ил хэлмэгдүүлэлтийн аргаар бус чухамдаа далд хэлмэгдүүлэлтээр өрнөлөө. Эл бүлэглэл нууцлаг үйлдлүүдийг хийх талаар тодорхой туршлага дадлага олж авсан. Улс төрийн хэлмэгдлүүлэлтэд хэд хэдэн эрдэмтэн болон төрийн томцуулыг өртүүллээ. Тухайлбал, доктор П.Нэргүйг Хятадын тагнуулчаар, нам төрийн бодлогод харш этгээдээр өргөмжилж Намын хянан шалгах хороогоор, Улсын прокуророор шалгуулж балиартсан том даргууд бол чухамдаа П.Жасрай, Д.Содном хоёр байсан гэлтэй.

Энд бас нэг зүйлийг дурьдах нь зүйтэй байх. 1979 онд намайг МУИС-ийн Улс ардын аж ахуйн төлөвлөлтийн кафедрийн эрхлэгчээр батлав. 1980 оны эхээр миний бие МУИС-д очих гэтэл Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Д.Содном, Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга, Төрийн сайд П.Жасрай намын төв хорооны боловсон хүчний хэлтсийн эрхлэгчтэй, бас дээд боловсролын хорооны даргатай хуйвалдаж МУИС-ын Улс ардын аж ахуйн төлөвлөлтийн кафедрийг татан буулгасан Содном-Жасрай өөрсдийнхөө атаархал болон хонзогнолдоо хөтлөгдөж Улс ардын аж ахуйн төлөвлөлтийн тэнхимийг татан буулгаж чадсан өчүүхэн удирдагчид байснаа тэр үед харуулсан даа.

Улс ардын аж ахуйн төлөвлөлтийн кафедр Монгол улсад ганцхан л байсан юм шүү. Тэд Улс ардын аж ахуйн төлөвлөлтийн залуу боловсон хүчнийг бэлтгэх ажлыг хэзээ ч тэргүүн зэрэгт тавьж байгаагүй бөгөөд харин Шинжлэх ухааны доктор болсон над мэтийнхнийг хохироож зайлуулах хорлонт үйлдлээ тэргүүн зэргийн үйлдэл болгон өргөмжилдөг нь ийнхүү илчлэгдсэн билээ.

Зөвхөн намайг хэлмэгдүүлээд зогсоогүй миний хоёр эрэгтэй дүүг, миний нэг эмэгтэй дүүг албан тушаалаас нь буулгаж цалингий нь багасгаж хэлмэгдүүлсэн. Тэгээд ч зогсохгүй миний ээжийг улс төрийн далд хэлмэгдүүлэлтээр амь насыг нь хохироосон эмгэнэлт явдал 1981 оны 5-р сард гарчээ. Үүнээс гадна улс төрийн далд хэлмэгдүүлэлт 1985 оноос эхэлсэнийг гэрчилдэг хэд хэдэн баримтууд байдгийг бид "Хөх толбо" сониноор зон олондоо дуулгасан.

Ийм хэлмэгдүүлэлт 1976-1984 онд Ю. Цэдэнбал даргыг нам төрийн дээд жолоог барьж байх үед гараагүй бөгөөд миний асуудлыг Улсын прокуророор шалгуулах үед Ю.Цэдэнбал гуай Нэргүй докторыг хэлмэгдүүлж болохгүй шүү гэж хэлж байсныг миний бие хожим олж мэдсэн билээ. Маршал Ю.Цэдэнбалыг дээд удирдлагаас зайлуулсны дараа 1985 оны намраас улс төрийн хэлмэгдүүлэлт далдуур явагдаж эхлэв. Ийм хэлмэгдүүлэлтэнд хамгийн түрүүнд доктор Д.Төмөр-Очир өртлөө. Доктор Д.Төмөр-Очир Моломжамц-Содномын бүлэглэлийг, Дэжид-Ламзавын бүлэглэлийг илчилсэн нэгэн лут дүгнэлтийг 1984 оны эцсээр хийсэн.

Энэ дүгнэлт тэр дороо том дарга Моломжамцын болон Дэжидийн чихэнд сонсогдоо биз. Тэр улс төрийн лут дүгнэлтийг бид дахин толилуулъя: "Ж.Батмөнх эрх мэдэл ч үгүй, хөдөлж цөхсөн амьтан, цаадуулынхаа халхавч болсон шатрын хүү л юм. Гол эрх мэдэл Д.Моломжамц, Б.Дэжид нарт төвлөрсөн" гэсэн доктор Д.Төмөр-Очирын дүгнэлт хэнбугайг ч цожроож чадах тийм дүгнэлт болсон аж.

Доктор Д.Төмөр-Очирыг алж устгах хуйвалдааныг айхтар зохион байгуулалттай гүйцэтгэжээ. Энэ бол жинхэнэ улс төрийн аллага байв. Хэрэв доктор Д.Төмөр-Очир дээрхи дүгнэлтийг өгөөгүй байсан бол лав л 15 жил амьд явах байсан шүү. Д.Төмөр-Очирын эмгэнэлт үхлийг улс төрийн аллага байгаагүй юм гэдгийг нотлохын тулд түүний эсрэг "хүүхэн" зэвсэг гэдгийг хэрэглэв. Д.Төмөр-Очирыг алсан хэрэгт Жамбал гэгч хүнийг холбогдуулдаг ч гэсэн тэр хүн доктор Төмөр-Очирыг алаагүй гэдэг нь хоёр зүйлээр нотлогдсон.

Тодруулбал, цусан дээрхи хөлний мөрийн хэмжээ, хундаган дээрхи хурууны хээ хоёр нь Жамбалынх биш, өөр хүнийх байсан ажээ. Ж.Батмөнх, Д.Моломжамц, Б.Дэжидийн талаар өгсөн доктор Д.Төмөр-Очирын том дүгнэлттэй харьцуулбал доктор Ю.Цэдэнбалд доктор Д.Төмөр-Очирын хаягласан лут шүүмж бүр ч аймаар сонсогдох байх. Тухайлбал," Ю.Цэдэнбал бичгийн чадвартай. Мэдлэгийн ерөнхий төвшин тун тааруухан. Хурц дайчин биш. Ойлгоц удаантай. Хүний үгэнд оромтгой. Сэжигч. Хардамтгай. Бүр Хойно суралцаж байхдаа КГБ-ийн гарт орсон Оросын төлөөний эрх хав. Авгай нь ёстой шулам. КГБ-ийн жинхэнэ тагнуулч. Шуналтын тулам" гэжээ.

Доктор Д.Төмөр-Очирын ийм зүрх сэтгэлийг аймшигтай эмзэглүүлсэн үгсийг доктор Ю.Цэдэнбал хамгийн түрүүнд олж сонссон ч гэсэн Д.Төмөр-Очирын амь насаар, түүний үр хүүхдүүдийнх нь хувь заяагаар тоглоогүй гэдгийг энэ дашрамд дурьдах нь зүйтэй гэж үзлээ. Доктор Ю.Цэдэнбал хэр барагийн үгэнд эмзэглэхээ больж, улс төрийн туршлага суусан, аливаа асуудалд лут удирдагчийн байр суурьнаас хандаж чаддаг болсоныг бид дурьдаж хэлэх ёстой. Бид доктор Д.Төмөр-Очирын эмгэнэлт үхлийн асуудлыг хөндөхдөө энэ улс төрийн аллага чухамдаа Д.Содномыг улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байх үед болсон гэдгийг зориуд сануулж байгаа юм.

Монгол улсын нам төрийн жолоог атгаж байсан хоёр дахь хүн Д.Содном доктор Д.Төмөр-Очирын эмгэнэлт үхлийн шалтгааныг сайн мэдэх ёстой хүний нэг гэж хэнбугай ч хэлэх байх. Гэтэл бараг 30 жил болчихоод байхад Д.Төмөр-Очирын үхлийн талаар Д.Содном ганц ч үг унагахгүй гүрийсээр яваад нь бид үнэхээр гайхдаг. Түүнийг өндөр албан тушаалд заларч байх үед манай бас нэг том лийдэр харамсалтайгаар алагдсаныг бид дурьдахгүй өнгөрч болохгүй.

Энэ бол Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Гадаад явдлын яамны сайд асан Аварзэдийн үхэлтэй холбогдсон асуудал. Аварзэд нь Монголд байсан Зөвлөлтийн Элчин сайд Молотовтой зөрөлдөж Давст уулыг Оросуудад өгөхгүй гэж тэмцэлдсэн жинхэнэ эх оронч удирдагч байсан билээ. Бид Давст уул гэж товчоор ярьдаг ч гэсэн энэ бол үлэмжийн эрдэс баялагтай том хэмжээний нутаг байсан юм шүү.

Энэ нутгийг өөрийн болгох гэж Зөвлөлтийн гол удирдагч Н.С.Хрушев улайран зүтгэж байв. 1954 онд Н.С.Хрушев Крымийн хойгийг Украйны бүрэлдэхүүнд оруулсан гэмээ цайруулах гэж зориуд Ю.Цэдэнбалын төрсөн нутагаас үлэмж хэмжээний газар нутгийг эрээ цээргүй булааж авсан нэгэн эмгэнэлт түүх байдгийг бид дурьдахад юу нь буруудахав. Энэ бол 1950-иад оны эцсээр болсон явдал.

Хэрэв Ю.Цэдэнбалын төрсөн нутгаас үлэмж газрыг Н.С.Хрушев ЗХУ-ын бүрэлдэхүүнд сүр далайлган оруулаагүй байсан бол, ийм далимыг ашиглаж Хятадын их дарга Мао Зэ Дун бас Монгол улсын нутгаас Байтаг Богдын хавийн үлэмж газрыг өөрийн болгоогүй байсан бол Монгол улс 1961 оны 10-р сарын 27-ны өдөр НҮБ-ын гишүүн болж чадахгүй хоцрох байв.

Өөрөөр хэлбэл, хоёр том хөрш гүрэн маань Монгол улсыг НҮБ-ийн гишүүн болгож тусгаар тогтносон улсын зэрэглэлд оруулахын тулд үлэмж хэмжээний газар нутгийг нь барьцаалж авдаг хамгийн адгийн шаарсаг арга барилыг хоёр коммунист том намын хоёр аугаа дарга ийнхүү хэрэглэж ирсэн нь хожим бодит баримтаар илчлэгддэг юм байна. Хрушев ч тэр, Мао Зэ Дун ч тэр хоёулаа марксизм-ленинизмийн аугаа сургаалийн нууцыг тайлж чадаагүй тийм л лийдэрүүд байсан гэдгийг, марксизм-ленинизмээр халхавчилж Монгол мэтийн бага буурай улсын хувьд далд колониалист бодлогыг тулгаж хэрэгжүүлдэг тийм л доожоогүй удирдагчид байсныг бид колониализмын асуудлыг судлах явцад олж тодруулсан гэлтэй.

Хамгийн гол нь түүхэн чухал үйл ябдлыг шал эсрэгээр нь эргүүлж хүмүүсийн тархи толгойг эгүүлж төөрөгдүүлдэг явдал яаж гардгийг илрүүлэх явдал чухал гэдгийг тодруулах гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй дарах нууц төлөвлөгөөг илчлүүлэхгүйн тулд, далдын далд авдарт мөнхлөхийн тулд Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй дарах гэсэн улс төрийн томъёоллыг нөгөө тийш нь эргүүлж цус урсгах зорилготой Ардчилсан хувьсгал гэсэн шал эсрэг утга бүхий томъёоллыг олон түмний дунд түгээж Ардчилсан хувьсгалын нэр сүрийг, Ард түмний онц зөвлөлийн түүхэн үүргийг цус урсгах зүг рүү хандуулж улс төрийн том үйл явдлыг жигшүүлэх бохир арга барил 1990 оноос хэрэглэгдсээр өнөөг хүргэснийг Моломжамц-Содномын бүлэглэл, ялангуяа уул бүлэглэлийн гол лийдэр Д.Содном ярьсаар яваад өөрөө өөрийгөө илчлээд байж байна.

Д.Содном нь улс төрийн товчооны гишүүн байхдаа ажилчин ангийн гайхамшигт сургааль болсон марксизм-ленинизмээс урвасан. Дараа нь 1993 онд стратегийн дөрвөн ордыг Ерөнхий сайд асан П.Жасрайтай хамт Оросуудын мэдэлд дахин шижлүүлж Зөвлөлтийн далд колоничлолыг их Оросын далд колоничлол болгож хувиргаж чадсанаар эх орноосоо урвасан том гэмт хэргийг үйлдлээ.

Их мөнгөний шуналд тархи толгойгоо мэдүүлсээр яваад 80 насыг зооглож байгаа ч гэсэн Д.Содном бас нэг том ордыг гадны колоничлогчидод панзалж мөнгөтэй болохын төлөө нойр хоолоо мартан дальдагнан яваа нь түүнийг гурав дахь удаагийн улс төрийн том гэмт хэрэг үйлдэж эх орноосоо гурав дахь удаагаа урвах далд цагирган сүлжээнд оруулчихсан байгааг бид сонордуулж хэлэх нь зүйтэй байх.

Өөрчлөн байгуулалт бүтэлгүйтсэн явдал бидний анхаарлыгч 1990 оны 3-р сараас татдаг боллоо. Ерөнхий сайд асан Содном өөрчлөн байгуулалтын талаар улс төрийн товчооны гишүүн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Намсрайг бодвол тодорхой улс төрийн чиглэмжтэй цэгц ойлголтыг олж авч чадаагүй. Ц.Намсрай эдийн засгийн бодлогын нэг чухал асуудлыг, тухайлбал Монгол-Зөвлөлтийн гадаад худалдаанд шударга биш ёс тогтсоныг олж мэдсэн.

Гэтэл Д.Содном ийм айхавтар асуудлаар ойлголт муутай байсан. Ийм чухал асуудлыг Ц.Намсрай яаж олж мэдсэн бэ гэдэг нь хэнбугайн ч анхаарлыг татах биз. Ц.Намсрай эдийн засгийн бодлогыг бүхэлд нь олж харах гэж явсаар эцэст нь асуудлын зангилаа нь Монгол-Зөвлөлтийн гадаад худалдаанд нуугдаж байсныг олж мэдсэнээр өөрчлөн байгуулалтыг гадаад худалдааны үр ашигтай холбох чиглэл ийнхүү гарч иржээ.

Харин Д.Содном нь эдийн засгийн бодлогыг зөвхөн төсвийн нэгдсэн бодлогоор хэрэгжинэ гэж ойлгоод гадаад валютын орлогоос авах татварыг, гадаад худалдааны алдагдлын санхүүжилтийг товойлгож эдийн засгийн бусад том том асуудлуудыг орхигдуулснаас өөрчлөн байгуулалтыг явцуухан өнцгөөс хардаг байв.  Энэ нь ялангуяа өөрчлөн байгуулалтыг Ардчилсан хөдөлгөөний төвшинд улс төрийн шаардлага болгож томъёолдгоор илэрч байсан.

Ц.Намсрай нь улс төрийн товчоог огцруулах, Сайд нарын зөвлөлийг тараах шаардлагыг зарчмын гол шаардлага болгон тавьсан бол харин Д.Содном улс төрийн товчоог огцруулахыг зевшөөрдөг ч гэсэн Сайд нарын зөвлөлийг тараах шаардлагыг эрс эсэргүүцдэг байв. Энэ хоёр том лийдэрийн зөрчилдөөн ялангуяа, 1990 оны 3-р сарын улс төрийн өлсгөлөнгийн дараа улам хурцадлаа.

Чухам Моломжамц-Содномын бүлэглэл л өөрчлөн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд Намсрайд элдэв саад учруулж байсан. Түүнийг намын дээд удирдлагаас чухамдаа энэ бүлэглэл л зайлуулж Намсрайн бүлэглэлийг тонилголоо. Д.Содном өөрийгөө өргөмжлөн магтаж гадаад валютын үлэмж нөөцийг шинэ удирдлагынханд үлдээсэн гэж ярьж явдгийг бид мэднэ. Тэрбээр 100 сая доллар, 6 тонн алтыг том дарга Гунгаадоржид үлдээсэн гэж өөрийнхөө гавъяаг дурьдсаар байгаа.

Гэтэл энэ талаар огт өөр мэдээлэл "Хөх толбо" сонины 2000 оны 3 дугаарт нийтлэгдснийг бид дахин дурьдъя: "Д.Содном Монголын алт мөнгө, эд баялгийг Орост л өгнө" гэж зүтгэсээр улс төрийн товчоогоо унагасан гол зүтгэлтэн байв. Д.Содномын Монголын өмнө хүлээх ёстой хариуцлагыг оросууд Ц.Намсрайд тохсон" гэжээ.

"Хөх толбо" сонины саяын дурьдсан дугаарт Ц.Намсрайтай, дэслэгч генерал А.Жамсранжавтай нэр холбогдсон хоёр айхавтар мэдээлэл нийтлэгдсэнийг толилуулъя: "Монгол дахь Зөвлөлтийн элчин Ситников Кремлийн банга авсны дараа Зөвлөлтийн тагнуул "Ц.Намсрайг ЭСЯ-д урьж дайлахдаа: "Монголоос Үндэсний үзэл эрнэ гэдэг Харанхуй өрөөнөөс хар муур эрэхтэй адил" гээд байсан чинь хаана байна. Чи л КПСС-ыг хуурлаа хэмээн Ц.Намсрайг загнасан гэнэ. Тэгээд л Ц.Намсрай тэр ондоо өөд болжээ". Одоо бид генерал Жамсранжавтай холбогдсон мэдээллийг сонордуулвал: "Разов элчин сайдаар Монголд ирээд л КГБ-г мэхэлсэн буруутныг олов. "Залуучуудыг гаргаж ирэхдээ Зөвлөлтийн эсрэг үзлийг хөөрөгдүүлж болохгүй шүү гэсэн даалгаврыг А.Жамсранжав биелүүлж чадсангүй. Тэгээд л А.Жамсранжав удаж төдөлгүй таалал төгсчээ".

Ийнхүү оросууд 1992 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ыг, Жасрай-Содномын бүлэглэлийг ялуулж, улмаар тэднээр стратегийн дөрвөн ордыг Их Оросын мэдэлд буцааж өгүүллээ. Бид Монгол улс 20-р зуунд үлэмж хэмжээний газар нутгаа алдсан гэдгийг байнга сонордуулсаар байгаа. Их Монгол улсын газар нутгийг булаалгаж, дээрэмдүүлж, хулгайлуулж алддаг үзэгдэл сүүлийн 500 жил үргэлжилсэн билээ. Ийм заяа муутай хувь тавиланг туулсан улс үндэстэн дэлхий дээр манай улсаас өөр улсад тохиогоогүйг хэлэх хэрэгтэй.

Оросууд Их Монгол улсаас 15 сая кв.км нутаг дээрэмдэж авснаа хожим нь булзайруулж нуухын тулд хүн төрөлхтний түүхэнд Их Монгол улс гэж хэзээ ч байгаагүй, Чингис хаан гэж тийм мундаг хаан хэзээ ч төрөөгүй гэж түүхийг гуйвуулдаг нэгэн чиглэл гарч ирлээ. Гэтэл бас өөр нэг түүхийн урсгал бий болчихоод байгаа. Энэ нь Чингис хаан бол Монгол хүн биш, Чингис хаан бол жинхэнэ Орос хүн байсан гэсэн хэсэг бүлэг эрдэмтдийн судалгаатай холбогдож үүсээд байгаа.

15 сая кв.км нутаг гэдэг бол асар том нутаг мөн бөгөөд уул нутгийн Баруун цэг нь өнөөгийн Крымийн хойг юм. Крымь гэдэг нь Монгол үг бөгөөд Хэрэм гэдгийг орос хэлэнд гуйвуулж хэлдэг. Крымд бас Ялт гэж хот бий. Ялт гэдэг нь Монгол үг. Түүнээс гадна Керчь гэж хот бий. Энэ нь Монголын Хэрч гэсэн үг юм. Азовын-тэнгис гэж байгаа. Энэ нь Азын тэнгис гэсэн Монгол үг. Өнөөгийн дэлхийн хамгийн халуун цэг болж хувираад байгаа Крымь нь Их Монгол улсын түүхтэй салшгүй холбоотой. Бүр үүнээс ч мянган жилийн тэртээд Эвхсийн боомт гэж Крымд байсан.

Үүнийг оросууд бүр хожим нь Понт Эвксийнский гэж Орос хэллэгэнд .гуйвуулж бичиж ярьдаг болжээ. Крымийн хойг бол жинхэндээ Оросын нутагч биш, Украины нутаг ч биш, чухамдаа Их Монгол улсын баруун цэгт газрын дундад тэнгист, хар далайд гарах түшиц газар, стратегийн ач холбогдолтой хойг байсан ажээ. Энэ хойг нь Алтан ордны улсын өмч байсан аж. Хэрэв том түүхэн талаас, Их Монгол улсын геополитикийн өндөрлөгөөс асуудалд хандъя гэвэл Крымийн хойгийг оросууд ч тэр, украинчууд ч тэр булаалдах ёсгүй юм шүү.

Энэ хоёр үндэстэн дээрх асуудлыг өнөөгийн өндөрлөгөөс харж яриад байна аа. Крымийн хойг бол татаруудын жинхэнэ уугуул газар нутаг мөн. Хэрэв Оросын цэргийн флот Крымийн хойгт бүр сүүлд байгуулагдаагүй байсан бол, Севастополь хот сүндэрлээгүй бол, Крымийн хойгоор Оросын хийн хоолой Балканы хойгтой холбогдоогүй байсан бол Крымийн хойг том гүрнүүдийн анхаарлын гадна орхигдох байсан болов уу. Ямарч л байсан Крымийн хойг АНУ-ын хувьд ч, Европын холбооны хувьд ч, ОХУ-ын хувьд ч геополитикийн том сөргөлдөөний талбар болж хувирсан.

Бид Крымийн хойгийн хувь заяаг уул хойгийн жинхэнэ уугуул иргэд болсон татаруудын хувь тавьлантай холбож үздэгээ хэлэх ёстой. Том гүрнүүд зөвхөн өөрийн явцуу эрх ашгийг л дээдэлж бага буурай үндэстэн ястнуудын язгуур эрх ашгийг байнга хохироодог бохир зарчмыг баримталдаг болжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Крымийг ОХУ-д нэгтгэх зарлигт гарын үсэг зурсныг Украины Ерөнхий сайд Арсений Яценюк "Олон улсын хэмжээний дээрэм" гэж нэрлээд Орос Украин хоёрын сөргөлдөөн улс төрийн өнгө аясаас хальж цэргийн шинжтэй сөргөлдөөн болж хувирлаа гээд энэ нь ОХУ-ын xapш буруу үйл ажиллагаатай холбоотой гэж онцлов. Тэгвэл Украины Ерөнхийлөгч А.Турчинов "Путин өнгөрсөн зууны фашистуудыг санагдуулж байна" гэж хэллээ. Крымийн хойгийн асуудалд АНУ болон Европын холбоо оролцсоноос энэ бүс нутгийн байдлыг улам хурцатгаад байна.

Татаруудыг ялангуяа Оросын колоничлогчид сүүлийн 500 жилд бусад үндэстэн ястнуудын адил мөн ч их зовоосон гэдгийг түүх нотолсоор байгаа. Бага үндэстэн ястнуудын тусгаар тогтнолыг хөсөрдүүлж том гүрнүүдийн дээрэнгүй бодлогыг тулгаснаар аливаа хурцадмал асуудал хэзээ ч зөв шийдэгдэж чадахгүй.

Том гүрнүүдийн баримталдаг улс төрийн бодлого орчин үед нийцэхээ бүр больж улам харгис шинжийг олсоор байна. Бид түүхэн баримтуудаас зарим зүйлийг сөхөж үзье. 2002 онд В.Путины хэлсэн үгийг ишлэл болгон толилуулбал: "либо Россия будет великой, либо ее вовсе не будет" гэжээ.

Үүнийг утгачилан буулгавал: "эсвэл Оросыг их гүрэн болгоё, аль эсвэл түүнийг бүр тонилгож үгүй хийе". В.Путины хэлсэн энэ үг оросуудыг түүхэн ямар замналаар явахыг шууд чиглүүлж хэлсэн үг. Орос гүрнийг урьдын адил том колоничлогч гүрний зиндаанд байлгах чиглэл ийнхүү үргэлжилж хэрэгжих боллоо.

Бид одоогоос 190 жилийн тэртээд 1-р Николай хааны хэлсэн үгийг толилуулах нь зүйтэй гэж үзлээ. Энд хэний ч санаанд оромгүй тийм мундаг чиглэл гарч ирснийг уншигч олондоо зориуд толилуулж байгаа юм шүү. Тухайлбал: Николай I, обращаясь к сыну, сказал: "Кажетя, во всей России только ты да я не воруем"" гэжээ.

Утгачилан орчуулбал: "Николай хаан хүүдээ хандаж "бүх орос орон даяар зөвхөн чи бид хоёр л хулгай хийдэггүй болчихоод байна"" гэж хэлэв. Үүнийг тодотговол Орос гүрэн маань үнэндээ их хулгайд живж умбасан гүрэн болжээ гэдгийг л харуулаад байгаа. Бид ахиад хоёр ишлэлийг толилуулъя: "князь А.Меньшиков, любимец Петра I, "крал от четверти до половины госбюджета".

Үүнийг орчуулбал: "I Петр хааны хамгийн дотны хүн ван А.Меньшиков улсын төсвийн 25-50 хувийг хулгайлж халаасладаг" гэжээ. Ийнхүү их Петр хааны үеэс л улсын төсвийнхөө хөрөнгийг хулгайлдаг дэг журам тогтож энэ нь улмаар Их Оросын колоничлогч гүрний содон чимэг болж хувирав. Бид ахиад нэг ишлэлийг дурьдъя: "Во время правления Ельцина чиновники увлеклись личным обогашением, позабыв служебные обязанности и дисциплины".

Ельциний эзэн суусан он жилүүдэд түшмэдүүд нь хөрөнгөжиж баяжихын дон тусахдаа албан үүргээ ч, сахилга батаа ч ор тас мартсан ажээ. Ингэж Оросын дарга ангийн гоц нэгэн шинж ийнхүү товойн гарч ирсэн. Бид "Дээдсийн амьдрал" сонины 2002 оны 20 дугаарт нийтлэгдсэн бас нэгэн жижиг мэдээллийг сонордуулбал: "Өнгөт болор нэн үнэт ховор эрдэнэс билээ. Гэтэл оросууд Хан Хэнтий уулын дархан цаазат газар онгоцоор ирж их хэмжээний өнгөт болор хулгайлж аваад нутаг буцжээ.

Ингэж ховор эрдэнэсээ Монголчууд бид хулгайд алдаж байна" гэжээ. Ийнхүү 20-р зууны эцэс, 21-р зууны эхэнд Их Орос гүрний онцлогдох нэгэн гоц шинж юу байсан бэ гэвэл энэ нь их хулгай, том дээрэм, аугаа луйвар төрийн далд колониалист бодлогын өндөр зиндаанд өргөмжлөгдөж чадсан явдал мөн гэж тодорхойлж болно.

Доктор П.Нэргүй

Эх сурвалж: “Хөх толбо” сонин