sonin.mn

Ока Городовиков 1879 оны 9-р сарын 30-нд Платовская тосгоны Нойтон эльмут гэдэг газар Хар дааганых хочтой ядуу халимаг айлын хүү болж төржээ. Эцэг эх нь хүүгээ бүртгүүлэхээр тосгоны захиргаанд очиход Орос бүртгэгч Халимаг нэрээр нь бүртгэлгүй Ока Иванович Городовиков гэж бүртгэсэн байна.

Тэр үед Халимаг хүүхдүүдэд Орос нэрийг хүчээр өгдөг байв. Найман наснаасаа эхлээд Ока хүү айлын адуу мал хариулж, сүмийн манаач, уурхайд ажилчин байв.

Ингээд цэрэгт татагдах насанд хүрч тэр үеийн дүрэм журам ёсоор шинэ цэрэг болгон өөрийн эмээл хазаартай морь, сэлэм, дотуур гадуур хувцас, дүрэмт хувцастайгаа ирэх ёстой байсан боловч мөнгөгүйн улмаас өөрийн эзэмшил газраа 6 жилийн хугацаанд барьцаалж бэлтгэлээ хангасан гэдэг.

Ока Городовиков дэлхийн 1-р дайнд оролцож ирээд С.Будённый, К.Ворошилов нартай хамтран ажиллаж байсан бөгөөд тэдний ачаар Сталины хэлмэгдүүлэлтэнд өртөөгүй үлдсэн ажээ. Иргэний дайнд Ока Иванович морьт хороо, бригад, нэгдүгээр морьт армийн дивизийг тус тус командлан оролцжээ.

1937-1946 онд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байв.



1940 онд хурандаа генерал цол хүртэж, дэлхийн 2-р дайнд морьт хороо, дивиз командлагч, морьт армийн командлагчийн туслахаар ажиллаж байсан. 1960 оны 11 -р сарын 26-нд Ока Городовиков Москвад таалал төгсөж, "Новодевичье"-ийн оршуулгын газарт хүндэтгэн хөдөөлүүлсэн байна.

Энэ хүний гавъяаг Зөвлөлт улс үнэлж Лениний одонгоор гурван удаа, улаан тугийн одонгоор 6 удаа, Монгол улсын байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан байна. Түүний төрсөн Башант сууриныг Городовиковск хот болгосон.

Липецкт, Дон дахь Ростов, Волгогрод, Украйны Хмельницк, Мариуполь, Кривой Рог, Харьков хотуудад Городовиковын нэрэмжит гудамж байдаг. Халимагийн нийслэл Элстэй хотод уран барималч А.Санжиевын урласан морьт хөшөө нь сүндэрлэж байдаг билээ.

Г.Урам

Эх сурвалж: “Хөх толбо” сонин