sonin.mn

Ойрад монголчуудын дотор Шуну баатарын тухай уртын дуу нилээд өргөн дэлгэрсэн байдаг. Харамсалтай нь эдүгээ уртын дуу дуулах хэрэгцээ шаардлага багассаныг дагалдан олон дуу түүний дотор түүхэн сэдэвт, баатар эрсийн тухай өгүүлсэн тууль дуунууд мартагдаж байгаагийн нэг нь Шунугийн тухай өгүүлсэн дуунууд юм.

XVIII зууны II хагаст Ойрадын түүхэнд нэр нь алдаршсан түүхт эрсийн нэг нь Шуну юм. Ойрадын Зүүн гарын их хаан Галдан бошгот нутгаасаа гарч дайн тулаан хийж яваад нас барсны дараагаар 1697 оны орчим Цэвээнравдан хаан түүний ор суурийг залгажээ.

Улмаар Цэвээнравдан хаан таалал болж түүний хүү Галданцэрэн, Шуну нарын хооронд эрх мэдлийн төлөө тэмцэл тулаан өрнөсөн байдаг. Энэ тэмцэлд Галданцэрэн ялж өөрийн хойт эх Сэтэржав нарыг эцэг Цэвээнравданг хорлон алав хэмээн ял тулгаж хатуу шийтгэсэн түүхтэй.

Энэ явдлаас өмнөхөн Сэтэржаваас гарсан Цэвээнравдан хааны хүү Шуну өвөг эцэг Аюук хааны тусламж эрэхээр Ижил мөрөн рүү зугтан одсон тул эцэг нэгт Галданцэрэнгийн цааз гэсгээлтээс амь мултарсан ажээ. Энэ зам зууртаа тэр алтайн урианхайн Бүргүд гэгчийнд хэсэг хугацаанд амь зууж амьдран суусан тухай сурвалжийн мэдээ бий.

Түүнийг тоймлон өгүүлбэл: “Богд Чингис хааны уг, Дөрвөн Ойрадын уг, Хошуудын угийн түүх бичиг” зэрэг тод үсгийн сурвалжид -Баатар хунтайжийн (Галдан бошигт хааны эцэг) бага хатны их хөвгүүн Цэвээнравдан. Хоёрдугаар хөвгүүн Данжинноров, үүний хөвгүүн Цэрэндонгоров, гурван үе дамжиж Нэмэхжаргалд хүрээд эвдэрч дуусав.

Цэвээнравдан гэгч Зоригт хун тайж, үүний их хатан хошууд жононгийн хүүхнээс хоёр хөвгүүн гарав. Ах нь Г алданцэрэн, цол нь Дээд ноёд гэнэ. Хоёрдугаар нь ноён Камбо, цол нь Лувсанпунсог. Бага хатан Аюуки хааны хүүхэн Сэтэржаваас Шунай ахтай хөвгүүн, хүүхэн долоо гарав.

Тэр цагт Хун тайжийн бага хатан нь биеэс гарсан тайж нараа дагуулж аваад түмэн цэрэгтэй газар сахиж ан авлаж одсон хойно Галданцэрэн хаанд хуурмаг хов үг хүрээд “бага эх чинь эцэгтэй чинь нийлээд түмэн цэргээр чамайг алуулаад биеэсээ гарсан Шунайгаар хаан суулгая гэж байна” гэж хэлсэнд итгээд хээр явсан дүү нараа хороох гэж шамдан шөнө дүл цэрэг цуглуулаад Галданцэрэн хаан ахалж одоод бага эх хөвгүүн дүү нараа цугийг нь алав.

Түүнээс ганц Шунай зулж одсныг эцэг эх хоёр нь сонсоод нагац нартай Аюук хаанд одов гэж байсанд Шунай хурдан зээрд морио унаад зулж гарч одоод Алтайн урианхайд хүрээд Бүргүд гэдэг хүний гэрт бултаж байгаад, Бүргүдийн хүүхэн лүгаа сэтгэл нэгдэж суутал бас даруй биед нь Галданцэрэнд худал чимээ сонсогдоод “Шунай эндээс нагац нартай хүрээд Аюук хаанд мэдүүлж бум цэрэг авч айсна” гэж хэлсэнд Галданцэрэн хаан айгаад дүү Камбог хараал хийж өг гэж дахин дахин хэлж хараал хийж эс өгхүлэ, үхнэ гэж хэлсэнд урианхайд байсан Шунайд хараал хийхүүлэ гэнэт таалал болов.

Шунайн нийлсэн хүүхнээс нэгэн хөвгүүн гарав. Тэр хөвгүүнийг урианхайн Баяр магнай амбан энэ гэдэг хэмээжээ. Энэ түүхэн үйл явдлын улбаа нь Шунайн тухай уртын дуу болно.

Харин дуунд Шунайг өөрийн өвөг эцэг Аюук хаан болон нагац нартай хүрэхээр Ижил мөрний зүг буюу одоогийн Халимаг улсын нутаг руу тэмцсэн тухай өгүүлдэг. Энэ нь ч дээр өгүүлсэн Шунай нагац нартай хүрээд их цэрэг авч айсна гэсэн цуурхал тарж байсан гэх сурвалжийн мэдээг давхар батлаж байна.

Үүнтэй холбоотой Алтайн урианхай ардын дотор Шунай буюу Луузан Шунугийн тухай уртын дуу, аман түүх уламжлагджээ. Бид энэ удаад Алтайн урианхайн нарын дотор дуулагдаж ирсэн “Нарийн говийн зээрд", “Гурвалжин сайртай шархал”, “Хоёр борын тарган” зэрэг дуунуудыг толилуулав.

Найранд эдгээр гурван дууг дараалуулан дуулдаг байв. Харин аль нэгийг нь дуулаад нөгөө хоёрыг нь орхиж болдоггүй уламжлалтай байлаа. Хоёр борын тарган дуунд өгүүлж байгаа Шунхац гэдэг нь Шуну баатрын нэр юм.

Эдгээр дуунуудад түүхэн хэрэг явдал хийгээд Шуну баатрын дүр төрх, зан ааль, гарал угсаа, нас сүүдэр, эдлэл хэрэглэл, унаа хүлгийн тухай тодорхой өгүүлсэн нь түүхийн судалгааны чухал хэрэглэхүүн болно.

Нарийн говийн зээрд
Нарийн говийн зээрд
Найраан хараад цэрвэнэ
Насан багатай Шунай
Нагац нараа тэмцээд урвана

Гунан зээрд морин
Гуяа зурам шанхагтай
Гулжайхан зантай Шунайг
Гурван түмээрээ ядалцана

Дөнөн зээрд морин
Дөрөө цахим шанхагтай
Дүрэмхэй зантай Шунайг
Дөрвөн түмээрээ ядалцана

Талтайхан зээрд морь нь
Ташаа зурам шанхагтай
Танил бичгэн Шунайг
Таван түмээрээ ядалцана

Давж болшгүй давааг
Шунайн зээрд давна
Дарагддаггүй хортой дайсныг
Шунай ганцаар дарна

Гаталж болшгуй гаталгааг
Шунын зээрд гатална
Гашуун хортой дайсныг
Шунай ганцаар дарна

Хэдэрч болшгүй хэдрээг
Шунайн зээрд хэдэрнэ
Хэлж болшгүй дайсаныг
Шунай ганцаар дарна

Шургаж болшгуй шургацыг
Шунайн зээрд шургана
Шувтарч болшгуй дайсныг
Шунай ганцаар шувтарна

Гурвалжин сайртай шархал
Гурвалжин сайртай шархалын
Гуравхан турууг тахална
Гурвалжид суусан Шунай
Гурван сумаар харвана

Дөрвөлжин сайртай шархалын
Дөрөвхөн турууг нь тахална
Дөрвөлжид суусан Шунай
Дөрвөн сумаар харвана

Талд суусан тасыг
Таван сумаар харвана
Тавхан ойтой Шунайг
Таван түмээрээ ядав

Зуухад суусан зурамыг
Зургаахан сумаар харвана
Зургаахан ойтой Шунайг
Зургаахан түмээрээ ядав

Довонд суусан доргыг
Долоохон сумаар харвана
Долоохон ойтой Шунайг
Долоон түмээрээ ядав

Хоёр борын тарган
Хоёр борын тарганд
Ховог сайр холдох ч биш
Хортой бяцхан Шунхацыг
Мэнд ч гээд ядав

Ховош гэдэг нохойд
Хороо ч хаяж ядав
Хортой бяцхан Шунхацыг
Мэнд ч гэж ядав

Хүлбэс гэдэг нохойд
Хүнчилээн ч өгч ядав
Хүний бичгэн Шунхацыг
Мэнд ч гэж ядав

Хоёроор дарсан милттай
Хориод хаах сумтай
Хоёроор дарсан гэзэгтэй
Хортой бяцхан Шунхацыг
Хортоор давахыг үзэв үү
Үзээд хэлсэн хүнийг
Үзмийн хэлхээ шагнана
Үзээд хэлээгүй хүнийг
Үрээ мориор торгоно

Гурван салаа гэзэгтэй
Гурваар дарсан милттай
Гучаад хаах сумтай
Гулжинхан зантай Шунхацыг
Гулзатаар давахыг үзэв үү
Үзээд хэлсэн хүнийг
Үзмийн хэлхээ шагнана
Үзээд хэлээгүй хүнийг
Үрээ мориор торгоно

Дөрвөн салаа гэзэгтэй
Дөрвөөр давсан милттай
Дөчөөд хаах сумтай
Дүрэмгий бяцхан Шунхацыг
Дөртөөр давахыг үзэв үү
Үзээд хэлсэн хүнийг
Үзмийн хэлхээ шагнана
Үзээд хэлээгүй хүнийг
Үрээ мориор торгоно

Таваар дарсан гэзэгтэй
Таваар дарсан милттай
Тавиад хаах сумтай
Талтай бяцхан Шунхацыг
Талхитаар давахыг үзэв үү
Үзээд хэлсэн хүнийг
Үзмийн хэлхээ шагнана
Үзээд хэлээгүй хүнийг
Үрээ мориор торгоно

Зургаан салаа гэзэгтэй
Зургаагаар дарсан милттай
Жараад хаах сумтай
Золбоотой залуу Шунхацыг
Зуухтаар давахыг үзэв үү
Үзээд хэлсэн хүнийг
Үзмийн хэлхээ шагнана
Үзээд хэлээгүй хүнийг
Үрээ мориор торгоно

Долоон салаа гэзэгтэй
Долоогоор дарсан милттай
Далаад хаах сумтай
Долдонхон залуу Шунхацыг
Далтаар давахыг үзэв үү
Үзээд хэлсэн хүнийг
Үзмийн хэлхээ шагнана
Үзээд хэлээгүй хүнийг
Үрээ мориор торгоно

Найман салаа гэзэгтэй
Наймаар дарсан милттай
Наяад хаах сумтай
Найрч залуу Шунхацыг
Нахиутаар давахыг үзэв үү
Үзээд хэлсэн хүнийг
Үзмийн хэлхээ шагнана
Үзээд хэлээгүй хүнийг
Үрээ мориор торгоно

Есөн салаа гэзэгтэй
Есөөр дарсан милттай
Ерээд хаах сумтай
Елдэнхэн зантай Шунхацыг
Евүүгээр давахыг үзэв үү
Үзээд хэлсэн хүнийг
Үзмийн хэлхээ шагнана
Үзээд хэлээгүй хүнийг
Үрээ мориор торгоно

Арван салаа гэзэгтэй
Араваар дарсан милттай
Арвин их сумтай
Алиахан зантай Шунхацыг
Арцатаар давахыг үзэв үү
Үзээд хэлсэн хүнийг
Үзмийн хэлхээ шагнана
Үзээд хэлээгүй хүнийг
Үрээ мориор торгоно.

Оряъс Мөнгөнхүүгийн Гандболд

Эх сурвалж: “Хөх толбо” сонин